Ирээд, Намайг дага
12-р сарын 16–22: “Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн.” Моронай 10


“12-р сарын 16–22: ‘Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн.’ Моронай 10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“12-р сарын 16–22. Моронай 10,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Та нар мэдэж болохын тулд, Гари Л.Капп

12-р сарын 16–22: “Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн”

Моронай 10

Мормоны Ном Нифайн “Гэвч болгоогтун, итгэлийнх нь учир бүр тэднийг аюулаас ангижрах чадалтай болтол нь хүчтэй болгохоор сонгосон бүгдийн дээр Их Эзэний нигүүлсэл байдгийг би, Нифай та нарт үзүүлэх болно” (1 Нифай 1:20) хэмээх амлалтаар эхэлжээ. Уг ном нь Моронайн “Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг санагтун” (Моронай 10:2–3) хэмээх төстэй урилгаар төгсдөг. Та Их Эзэний нигүүлслийн ямар ямар үлгэр жишээг Мормоны Номоос харж байсан бэ? Бурхан Лихайн гэр бүлийг аглаг буйдаар аялж, их усыг гатлан явах үед хэрхэн нигүүлсэнгүй хандаж, удирдан залсан, Иносын бодгаль өршөөл эрэлхийлэн өлсөхөд хэрхэн түүнд өршөөл үзүүлсэн эсвэл Сүмийн хамгийн заналт дайсан байсан ч сүүлд зоригтой өмгөөлөгч болсон Алмаг хэрхэн өршөөсөн зэрэг арга замуудын талаар та тунгаан бодож болно. Эсвэл та амилсан Аврагч өвдсөн хүмүүсийг эдгээж, тэдний бяцхан хүүхдүүдийг адисалснаар хүмүүст үзүүлсэн өршөөлийг санаж магадгүй. Хамгийн чухал нь энэ бүхэн танд “Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг” сануулж болно. Учир нь Моронай салах ёс гүйцэтгэн хэлсэн үгэндээ “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” (Моронай 10:32) хэмээн энгийнээр илэрхийлснээр бидний хүн нэг бүрийг Бурханы өршөөлийг хүлээн авахад урих зорилгоор Мормоны Ном бичигдсэн.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Моронай 10:3–7

Зураг
Семинар шигтгээ зураг
Би Ариун Сүнсний хүчээр бүх зүйлийн үнэнийг мэдэж чадна.

Моронай 10:3–7 дээрх амлалт дэлхий дээрх сая сая хүний амьдралыг өөрчилсөн. Энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? Та Моронай 10:3–7-г уншихдаа, өмнө уншиж байснаасаа ч илүү анхааралтай уншаарай. Өөртөө дараах асуултуудыг тавьж, үг хэллэг бүрийг нарийвчлан авч үзнэ үү. Үүнд: Энэ нь юу гэсэн утгатай вэ? Би үүнийг хэрхэн илүү сайн хийж болох вэ? Надад үүнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?

Сүнслэг үнэнийг судлах арга барилаа тунгаан бодох нь танд хүмүүс үнэнийг Ариун Сүнсний хүчээр хэрхэн олж авдгийг мэдэж авахад тустай байж болох юм. Ахлагч Матиас Хэлд Сүмийн шинэ гишүүн байсан туршлагаа хуваалцжээ (“Мэдлэгийг Сүнсээр эрэлхийлэх нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36-г үзнэ үү). Ахлагч Дэвид Ф.Эванс Сүмд өссөн ч эргэлзээтэй хэвээр байсан туршлагаа ярьсан (“Бүх зүйлийн үнэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64). Эдгээр үгээс аль нэгийг юм уу хоёуланг уншаад, тэдний үнэнийг судлах арга барилаас өөрт тус болох сурсан зүйлээ бичихийг бод.

Та бас Судруудын удирдамж дээрх “Үнэн” гэсний зарим хэсгийг уншсанаар Бурхан үнэний тухай юу гэж заасныг мэдэж авч болно. Аль судар нь танд илүү гүн ойлголт төрүүлэм санагдсан бэ? Та магадгүй аль нэгийг нь сонгон, үнэнийг Сүнсээр эрэлхийлж буй хэн нэгэнтэй хуваалцаж болно.

Мөн Хэнри Б.Айрингийн “Асуух, үйлдэх итгэл” захиасыг 2021 оны 10-р сарын Лиахонагаас; “Ариун Сүнс биднийг хөтлөг” дууллыг Дуулал номын д. 75-аас үзнэ үү.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөнө гэдэг нь сайн мэдээг мэдэж авах, дагаж амьдрахын аль алиныг хэлнэ. Хэрэв та сурч байгаа зүйлээ бичдэг бол илүү их хэрэгжүүлэх магадлалтай болдог. Хэрэв та зааж байгаа бол заадаг хүмүүсээ сүнслэг мэдрэмжүүдээ бичихэд урь.

Моронай 10:8–25

Бурхан надад сүнслэг бэлгүүд өгсөн.

Хүн олон арга замаар “Бурханы бэлгүүдийг … үгүйсгэж” (Моронай 10:8) болно. Зарим хүн ийм бэлгүүд байдаг гэдгийг үгүйсгэдэг байхад, зарим нь бэлгээ зүгээр л үл хайхрах юм уу хөгжүүлж чадахгүй байснаар үгүйсгэдэг. Та Моронай 10:8–25-ыг уншихдаа, сүнслэг бэлгээ нээн илрүүлж, тэдгээр бэлгээ Бурханы хүүхдүүдийг адислахад ашиглахад туслах үнэнийг олж мэд. Дараах асуултууд тус болж болно. Сүнслэг бэлэг гэж юу вэ? Сүнслэг бэлгийг хэнд өгдөг вэ? Яагаад өгдөг вэ? Бид сүнслэг бэлгийг хэрхэн хүлээн авдаг вэ? Та Моронай 10:9–16 дээрх бэлгүүдийг ашиглан, хүмүүсийн жишээг бодож чадах уу?

Моронай 10:30–33

Би Есүс Христийн ач ивээлээр дамжуулан төгөлдөржиж чадна.

Моронайн “Христэд ирэгтүн” хэмээх зөвлөгөө нь Түүний тухай мэдэж авч, бодохоос илүү зүйлийг багтаадаг. Үнэндээ, энэ нь хамгийн ойлгомжтой байж болох утгаар, Христэд ирэхэд буюу Түүн шиг болоход урьсан урилга юм. Та Моронай 10:30–33-ыг уншихдаа, Христэд ирнэ гэдэг нь юу гэсэн утгатайг болон энэ нь хэрхэн боломжтой болдог, ингэснээр ямар үр дүнд хүрдэг зэргийг ойлгоход туслах үг хэллэгүүдийг олж хараарай.

Энэ жил Мормоны Номоос сурч мэдсэн зүйлээ эргэн хараад, Есүс Христийн талаар юу мэдэрч, юу сурснаа тунгаан бод. Жишээ нь: Мормоны Ном Түүнд ирэхэд тань хэрхэн тусалсан бэ? Энэ нь танд Түүний ач ивээлд илүү бүрэн дүүрэн тулгуурлахад хэрхэн тусалсан бэ? Энэ нь танд Аврагчийн хүчийг “үгүйсгэхгүй байхад” хэрхэн тусалсан бэ? Мормоны Номын захиасны талаар мэдэхгүй байж магадгүй хайртай хүмүүс болон найз нөхөд гэх мэт энэ талаар сонсох хэрэгтэй байгаа хэн нэгэнтэй гэрчлэлээ хуваалцахыг бод.

Нэмж санаа авах бол Лиахона; Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Моронай 10:3–4

Мормоны Ном үнэн гэдгийг би өөрөө мэдэж чадна.

  • Мормоны Ном үнэн эсэхийг Бурханаас асуу гэсэн Моронайн урилгыг хүлээж авахад нь та хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ? Тэдэнд унш, сана, тунгаан бод, асуу гэсэн үгс бичсэн нарийхан цааснууд тарааж өгөхийг бод. Хүүхдүүд Моронай 10:3–4-өөс эдгээр үгийг хайж олж болно. Бид Мормоны Номын тухай гэрчлэлтэй болж эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу уншиж, санаж, тунгаан бодож, асуух ёстой вэ? Хүүхдүүд эдгээр шүлгээс төстэй зүйлсийг хайж мөн Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) дууг дуулж болно.

  • Танай хүүхдүүд алтан ялтаснуудыг булж байгаа Моронайн тухай ярихдаа, энэ тоймын сүүлд байгаа зургийг ашиглаж болно (мөн “54-р бүлэг: Мормоны Номын амлалт”-ыг Мормоны Номын түүхүүд номын х. 156-аас үзнэ үү). Бага насны хүүхдүүд ялтаснууд дээр бичиж, тэдгээрийг нууж буй Моронайн дүрд орж жүжигчлэн тоглохдоо баяртай байж магадгүй. Мормоны Номын гэрчлэлээ бие биетэйгээ хуваалц.

Моронай 10:8–19

Тэнгэрлэг Эцэг надад сүнслэг бэлгүүд өгдөг.

  • Хүүхдүүддээ сүнслэг бэлгүүдийн тухай заахын тулд та 9-ээс 16 хүртэл тоонуудыг тусдаа цаасан дээр бичээд, цаас бүрийг бэлэг маягаар боож болно. Хүүхдүүд ээлж ээлжээр бэлгүүдийг задалж, Моронай 10:9–16-аас тоонуудтай тохирох шүлгүүдийг уншиж, сүнслэг бэлэг бүрийг тодорхойлж болно. Тэнгэрлэг Эцэгийг хүүхдүүдээ адислахдаа эдгээр бэлгийг хэрхэн ашиглаасай гэж хүсдэг тухай та нар ярилцаж болно. Та бас хүүхдүүддээ Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бэлгүүдийг олж анзаарахад нь тусалж болно.

Moронай 10:32–33

Есүс Христ намайг Өөр дээр нь ирээсэй хэмээн хүсдэг.

  • “Христэд ирэх” гэдэг нь ямар утгатай болохыг хүүхдүүд тань мэдэх үү? Магадгүй та Моронай 10:32-ыг уншаад, тэднийг энэ хэллэгийг тантай хамт давтахад урьж болох юм. Тэд дараа нь таныг Есүсийн зургийг өрөөнийхөө хаа нэгтээ байрлуулж байх үед нүдээ аньж байж болно. Дараа нь тэдний нүдийг нээлгээд, зургийг олуул. Мөн тэднийг зургийн дэргэд цуглуулаад, Есүс Христэд ирэх ямар арга замууд байдаг тухай яриулж болно. Христэд ирэх гэдэг нь юу гэсэн үг вэ? гэсэн асуултыг бичих нь тустай байж магадгүй. Боломжтой хариултуудыг олохын тулд тэднийг Моронай 10:32–33-ыг судлахад тусал (мөн Итгэлийн тунхаг 1:3–4-ийг үзнэ үү). Христ биднээр юу хийлгэхийг хүсдэг мөн бидний төлөө юуг хийхээр амласныг хамтдаа жагсааж бич.

  • Танай хүүхдүүдэд “Би Бурханыг өөрийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрладаг” (Моронай 10:32-ыг үзнэ үү) гэсэн үгстэй, зүрхэн хэлбэртэй энгэрийн тэмдэг хийж, чимэглэх нь таалагдаж болно. Тэднийг ийн хийж байх үед, Бурханд хайртайгаа хэрхэн харуулж болох талаар ярилцаарай.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Моронай алтан ялтаснуудыг булж байгаа нь

Моронай Мормоны Номын сүүлчийн бүлэгт “Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санахад” (Моронай 10:3) биднийг урьсан.