Ирээд, Намайг дага
12-р сарын 23–29: “Тэрбээр Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно.” Христийн мэндэлсний баяр


“12-р сарын 23–29: ‘Тэрбээр Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно.’ Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“12-р сарын 23–29. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Зураг
Иосеф, Мариа, нялх Есүс гурав малын хашаанд

Бурханы Хургыг харагтун, Волтэр Рэйн

12-р сарын 23–29: “Тэрбээр Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийд ирэх болно”

Христийн мэндэлсний баяр

Нифайгаас эхлэн Моронай хүртэлх Мормоны Номын бошиглогч бүр уг номын нүүр хуудсанд хураангуйлан бичсэн “Есүс бол Христ гэдгийг [бүх хүмүүст] итгүүлэх” ариун зорилгыг биелүүлэх үүрэг хүлээдэг байсан. Нэг бошиглогч Түүнийг мөнх бус амьдралын өмнөх оршихуйд сүнс байхыг нь харсан бол нөгөө нь Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллыг үзэгдлээр харжээ. Нэг нь Түүний төрөлт, нас баралтын тэмдгүүдийг тунхаглахаар хэрмэн дээр зогссон бол нөгөөх нь Түүний амилсан бие махбодын өмнө сөхрөн сууж, гар, хөл, хавирган дахь сорвинд нь хүрсэн. Тэд бүгдээрээ “хүмүүн аврагдаж чадах өөр бусад зам ч, бас арга ч үгүй, зөвхөн … [энэ дэлхийг гэтэлгэхээр ирэх] Есүс Христийн цагаатгагч цусаар дамжин” (Хиламан 5:9) аврагдана гэсэн чухал үнэнийг мэдэж байсан.

Тиймээс дэлхий даяарх итгэгчид Хүүгээ илгээсэн Бурханы сайн сайхан болон хайрыг алдаршуулдаг Христийн мэндэлсний энэ баяраар Мормоны Ном Христэд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлснийг тунгаан бод. Та Түүний төрөлтийн тухай бодохдоо, яагаад ирснийг нь болон Түүний ирсэн нь таны амьдралыг хэрхэн өөрчилснийг бод. Тэгвэл та Есүс Христийн танд өгсөн бэлэг болох Христийн мэндэлсний баярын жинхэнэ баяр баясгаланг мэдэрч чадна.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Есүс Христ миний Аврагч болохоор төрсөн.

Христийн мэндэлсний баяраар та Шинэ Гэрээн дэх Аврагчийн төрөлтийн түүхийг уншдаг уламжлалтай болсон ч энэхүү ариун нандин үйл явдлын тухай сэтгэл хөдөлгөм бошиглолуудыг Мормоны Номоос бас олж мэдэх боломжтой. Жишээлбэл: Аврагчийн төрөлт, тохинууллын бошиглолуудын тухай 1 Нифай 11:13–36; Мозая 3:5–10; Хиламан 14:1–13-т өгүүлдэг. Эдгээр шүлгийг уншиж, Түүний төрөлтийн тэмдгүүдийн бэлгэдлийн утгыг эргэцүүлэн бодоход танд Есүс Христийн талаар ямар сэтгэгдэл төрж байна вэ? Эдгээр бошиглогчийн гэрчлэл Христийн тухай болон Түүний зорилгын талаарх гэрчлэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Христийн мэндэлсний баяраар Есүс Христ дээр төвлөрөхөд туслах хэдэн саналыг энд оруулав.

  • Та өмнөх Христийн мэндэлсний баярын Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалтын захиаснуудыг Gospel Library-аас үзэж болно гэдгийг мэдэх үү? Тэдгээрийг “Christmas Videos” цуглуулгаас хайгаарай. Та Христийн мэндэлсний баярын баяр хөөрийг түгээхийн тулд эдгээр захиас, дуу хөгжмийг хуваалцах талаар бодож үз.

  • Танд болон танай гэр бүлийнхэнд Gospel Library доторх “Christmas Music” хөгжмийн цуглуулгаас сонсох нь сайхан санагдаж болох юм.

  • Христийн Сүнсийг мэдрэхийн тулд хэн нэгэнд үйлчлэх эсвэл Христийн мэндэлсний баярын дууллыг хамтдаа дуулах зэрэг Христийн мэндэлсний баярын өдөр хүртэл гэр бүлээрээ эсвэл ганцаарчлан хийж болох үйл ажиллагаануудыг төлөвлөхийг бод. LighttheWorld.org-оос санаа авна уу.

Мөн Матай 1:18–25; 2; Лук 2; 3 Нифай 1:4–22-ыг үзнэ үү.

Есүс Христ дэлхийн Гэтэлгэгч мөн.

Бидний Есүс Христийн төрөлтийг тэмдэглэдэг гол шалтгаан бол Түүний цагаатгах золиослол юм. Тэрхүү золиослолын ачаар Тэрээр биднийг нүгэл, үхлээс аварч; зовж зүдэрч байхад маань тайвшруулж; “Түүгээр төгс байхад” (Моронай 10:32) бидэнд тусалж чадна. Таныг гэтэлгэх Аврагчийн хүчний талаар та Мормоны Номоос энэ жил юу ойлгож мэдсэн бэ? Танд аль нэгэн түүх эсвэл сургаал онцгой санагдсан уу? 2 Нифай 2:6; Алма 7:7–13; 11:40; Хиламан 5:9; 14:16–17 дахь дараах хэсгүүд Аврагчийн гэтэлгэх үйл хэргийн талаар танд юу зааж байгааг бодож үзнэ үү. Та Түүнд талархлаа илэрхийлэхийн тулд юу хийхээр сүнсээр өдөөгдөж байна вэ?

Зураг
Семинар шигтгээ зураг
Мормоны Ном Есүс Христийг гэрчилдэг.

“Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэдэг нь Мормоны Номын дэд гарчиг төдийгүй үүний тэнгэрлэг зорилгыг илэрхийлсэн мэдэгдэл юм. Та 1 Нифай 6:4; 19:18; 2 Нифай 25:23, 26; 33:4, 10-аас Христийг гэрчлэх Мормоны Номын зорилгын талаар юу мэдэж авч болохыг тунгаан бодно уу.

Энэ жил Мормоны Номыг судалсан нь таныг Христэд хэрхэн ойртуулсан талаар тэмдэглэлдээ бич. Доорх санаанууд тус болж магадгүй.

  • “Энэ жил Аврагчийн талаар сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйл бол …”

  • “Мормоны Номоос Аврагчийн тухай олж мэдсэнээр миний … арга зам өөрчлөгдсөн.”

  • “Мормоны Номон дахь миний дуртай хүн [эсвэл түүх] надад Аврагч … гэдгийг заасан.”

Мормоны Номын талаар юу гэж бодож явдгийг тань мэдээд, адислагдаж болох хэн нэгэн байж болох юм. Та гэрчлэл болон туршлагаа хэрхэн хуваалцаж болох вэ? Та Христийн мэндэлсний баярын бэлэг болгож Мормоны Ном өгөхөөр сүнсээр өдөөгдөж ч болох юм. The Book of Mormon аппликэйшн хуваалцах явцыг хялбар болгодог.

Бишоп Жэралд Коссэй Мормоны Номоос Есүс Христийн тухай олон үнэнийг жагсаасан байдаг (“Амьд Христийн амьд гэрч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 44). Та түүний жагсаалтыг хараад, эдгээр үнэн тус бүр таны амьдралыг хэрхэн өөрчилсөн эсвэл өөрчилж болохыг тунгаан бодож болно.

 

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Энэ ням гараг нь сарын тав дахь ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн надад өгсөн бэлэг юм.

  • Тэнгэрлэг Эцэг Хүүгээ бидэнд илгээн өгсөн энэ бэлэгт анхаарлаа төвлөрүүлэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд та Есүс Христийн зургийг Христийн мэндэлсний баярын бэлэг болгон боож өгч болно. Та болон танай хүүхдүүд Христийн мэндэлсний баяраар өөрсдийн авсан болон авахыг хүсэж буй бэлгийнхээ тухай ярьж, дараа нь Христийн зургийг задлаад, Тэр бидний хувьд хэрхэн эрхэм нандин бэлэг болохыг ярилцаж болно. “Тэр Хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21) гэх мэт дуу нь энэ ярилцлагыг баяжуулж болох юм. Хүүхдүүдэд Есүсийн төрөлтийн ачаар бидэнд байгаа адислалуудыг дүрсэлсэн дууны үг хэллэгийг олоход тусал.

Есүс Христ миний Аврагч болохоор төрсөн.

  • Хүүхдүүд Есүсийн төрөлтийн тухай мэддэг бүхнээ тантай хуваалцахдаа баяртай байж магадгүй. Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээр уг түүхийг ярихад тэдэнд туслах хэдэн зураг бий (д. 28, 29, 3031-ийг үзнэ үү). Та нар бас Аврагчийн амьдрал, цагаатгах золиослолыг дүрслэн харуулж буй зургуудыг харж болно. Тэнгэрлэг Эцэг яагаад Есүс Христийг илгээсэн бэ?

    Зураг
    тэнгэр элч
  • Танай хүүхдүүдэд Есүсийн төрөлт болон тохинууллыг өөрсдөө зурах нь таалагдаж магадгүй. Тэд 1 Нифай 11:13–23; Мозая 3:5–10; Хиламан 14:1–13; 3 Нифай 1:4–22 дээр дүрслэгдсэн зүйлсийг зурж ч болно. Дараа нь тэд зурсан зураг нь Есүс Христийн тухай юу зааж байгааг хуваалцаж болно.

  • Библи, Мормоны Ном хоёрын аль аль нь Есүсийн төрөлтийн тухай заадаг гэдгийг онцлохын тулд та Лук 2:4–14; Матай 2:1–2; 3 Нифай 1:15, 19–21 дээр дүрслэгдсэн үйл явдлуудыг жагсааж болох юм. Дараа нь хүүхдүүд аль үйл явдал Бетлехемд юм уу Америк тивд эсвэл аль алинд нь болсон эсэхийг тодорхойлохын тулд эдгээр судрыг судалж болно. Яагаад бид Есүсийн төрөлтийн хоёр дахь гэрч болох Мормоны Ном байгаад баярладаг вэ?

Хүүхдүүд түүх сонсох дуртай. Түүхүүд нь үнэнд суралцаж, санахад нь хүүхдүүдэд туслах хамгийн сайн арга замын нэг юм. Есүсийн төрөлтийн талаарх түүхийг хуваалцаж байхдаа Аврагчид итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэхэд тусалсан өөрийн амьдралын түүхийг хуваалцах талаар бодож үзнэ үү.

Мормоны Ном Есүс Христийг гэрчилдэг.

  • Та болон танай хүүхдүүд энэ жил Мормоны Номоос судалсан зүйлсээ дүгнэх нь энэ ариун номоос дуртай түүх эсвэл хэсгүүдээ бие биетэйгээ хуваалцах таатай мөч болж болно. Ирээд, Намайг дага эсвэл Мормоны Номын түүхүүдээс хэдэн зураг харах нь энэ жилийн сурсан зүйлсээ санахад хүүхдүүдэд тусалж чадна. Эдгээр түүх Есүс Христийн талаар бидэнд юу заасныг ойлгоход нь тэдэнд тусал.

  • Та бас хүүхдүүдэд Есүсийн зургийг өгөөд, тэднээр зуруулж болно. Таныг 2 Нифай 25:23, 26-аас уншиж байх явцад Христийн нэрийг сонсох бүрд зургаа дээш өргөхөд тэднийг урь. Мормоны Ном нь бидэнд “Христэд итгэхэд” (2 Нифай 25:23) туслахын тулд бичигдсэн гэдгийг гэрчил.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Тэнгэр элч Нифайд онгон Мариаг үзэгдлээр харуулсан нь

Онгон Мариагийн тухай Нифайн үзэгдэл, Жүдит А.Мэр