Ирээд, Намайг дага
2-р сарын 17–23. 2 Нифай 11–25: “Бид Христэд баясдаг”


“2-р сарын 17–23. 2 Нифай 11–25: ‘Бид Христэд баясдаг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“2-р сарын 17–23. 2 Нифай 11–25,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Исаиа хуйлмал цаасан дээр бичиглэж байгаа нь

2-р сарын 17–23

2 Нифай 11–25

“Бид Христэд баясдаг”

Исаиагийн үгс ‘бошиглолын суу билгээр дүүргэгдсэн тэд бүгдэд тодорхой юм’ хэмээн Нифай заасан (2 Нифай 25:4). Уншихдаа өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлдэн, Сүнсийг сонсож, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх замаар бошиглолын сүнсийг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Төмөр ялтсан дээр сийлж бичих амаргүй ба Нифайн бага ялтаснуудад зай хязгаарлагдмал байсан. Ийм байхад яагаад Нифай нөр их хүч хөдөлмөр гарган, Исаиагийн бичсэн зүйлийн нэлээн их хэсгийг өөрийн цэдэгт хуулбарласан юм бол? Тэрээр “эдгээр үгсийг уншсан … тэдний зүрх сэтгэл хөөрч мөн бүх хүмүүний төлөө баясаж болохын тулд” бичсэн (2 Нифай 11:8). Нэг ёсондоо Исаиагийн бичгүүдийг унших урилга нь баясах урилга юм. Та Израилийн цугларалт, Мессиагийн ирэлт болон зөв шударга хүмүүст амласан мянган жилийн амар амгалангийн тухай Исаиагийн бошиглолд Нифайн адил баясах боломжтой. Бүр “бэрхшээл, мөн харанхуй” тохиосон үед ч гэсэн та “агуу гэрлийг хар[ан]” (2 Нифай 18:22; 19:2), баясаж чадна. Та “авралын худгаас баяртайгаар ус тат[ах]” боломжтой байгаадаа баясна (2 Нифай 22:3). Өөрөөр хэлбэл, та “Христэд баясах” болно (2 Нифай 25:26).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

2 Нифай 11–25

Би Исаиагийн заасан зүйлсийг хэрхэн илүү сайн ойлгож болох вэ?

Зарим хүний хувьд “Исаиагийн үгс тодорхой бус” гэдгийг Нифай хүлээн зөвшөөрсөн байдаг (2 Нифай 25:4). Энэ нь эртний иудейчүүдийн соёл, газар зүйг Нифай мэддэг байсны адил сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд үнэн байж болно (2 Нифай 25:6-г үзнэ үү). Гэхдээ:

Нифай бидэнд өөртэйгөө “түүний үгсийг адилтга” (2 Нифай 11:2) хэмээх Исаиагийн бичвэрийн агуулгыг олж мэдэхэд туслах зөвлөгөөг мөн өгсөн.Исаиагийн заасан олон зүйл хэд хэдэн боломжит утга агуулга, хэрэглээтэй байдаг. Жишээлбэл, Израилийн тараагдал, цугларалтын талаарх түүний бичсэн зүйлс таныг Аврагчид эргэж “цугларах” хэрэгцээнийхээ талаар бодоход хүргэж болох юм.

“Бошиглолын суу билгээр дүүргэгд[эхийг]” эрэлхийл (2 Нифай 25:4).Исаиагийн бошиглолыг ойлгох хамгийн сайн арга зам бол Сүнсний удирдамжийг эрэлхийлэх явдал юм. Сүнсний удирдамжийг гуйн залбир. Та бүгдийг нь нэг дор ойлгохгүй байж болох ч Сүнс танд өнөөдөр амьдралдаа мэдвэл зохих зүйлээсээ суралцахад туслах болно.

Түүнчлэн зүүлт тайлбар, бүлгийн оршил, Судруудын удирдамж гэх мэт судрууд дээрх суралцах тусламжуудыг ашиглах нь танд тустай байж болно.

2 Нифай 11:2–8; 25:19–29

“Зөв зам гэдэг нь Христэд итгэх явдал мөн.”

Нифай Исаиагийн үгсийг эш татсан хэсгийнхээ эхэнд, харин төгсгөлд нь Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцсан байдаг (2 Нифай 11:2–8; 25:19–29-ийг үзнэ үү). Түүний гэрчлэлийн аль хэсэг танд гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна вэ? Та энэ долоо хоногт судлахдаа “Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүд[дээ] … ятгах” гэсэн Нифайн хүслийн талаар бодож (2 Нифай 25:23), таныг Есүс Христэд итгэж, Түүнийг дагахад ятгаж байгаа судрын хэсгүүдийг тэмдэглэ.

Мөн Аврагчийн талаар Исаиагийн заасан олон зүйлс бэлгэ тэмдгээр илэрхийлэгдсэн байдгийг санах нь тусалж магад. Жишээлбэл, та Аврагчийг усан үзмийн талбайн эзэн (2 Нифай 15:1–7-г үзнэ үү), хад чулуу (2 Нифай 18:14-ийг үзнэ үү), гэрэл (2 Нифай 19:2-ыг үзнэ үү) зэрэг бэлгэдлээс харж болно. Та эдгээр бүлгээс Есүс Христийн өөр ямар бэлгэдлүүдийг олсон бэ? Эдгээр бэлгэдэл танд Түүний тухай юу зааж байна вэ?

2 Нифай 12–13

Бардамнагч хийгээд дэлхийнхэн даруусах болно.

Бардамнал хүмүүсийнх нь уналтын шалтгаан байх болно гэдгийг Нифай зөгнөн харсан (1 Нифай 12:19-ийг үзнэ үү). Тиймээс Нифай Исаиагийн бардамналын талаар ахин дахин өгсөн сануулгыг хүмүүстээ хуваалцсанд гайхах хэрэггүй биз.  12 болон13 -р бүлэгт ихэмсэг төрх болон ихэрхэг байдал гэх мэт бардамналыг дүрслэхдээ Исаиагийн ашигласан үгсийг ол. Дараа нь та тэдгээр сэрэмжлүүлгийг өөрөө өөртөө бардамналын талаар сэрэмжлүүлсэн захиас бичиж байгаа мэт өөрийнхөө үгээр илэрхийлэх гэж оролдож болно.

Мөн “Chapter 18: Beware of Pride” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 229–40)-ийг үзнэ үү.

2 Нифай 12:2–5; 21:9–12; 22; 24:1–3

Мянган жилийн үеэр Бурханы хүмүүс амар амгалан амьдрах болно.

Та Нифай болон түүний хүмүүсийн оронд өөрийгөө тавьж, төсөөлөн бодвол тустай байж болно. Та Иерусалим устгагдахын өмнөхөн тэндээс зугтан гарсан ба (2 Нифай 25:10-ыг үзнэ үү), одоо тараагдсан Израилийн нэгэн хэсэг хэмээн өөрийгөө төсөөлөн бод. Израилийн ирээдүйн цугларалт, Мянган жил амар амгалан байх тухай Исаиагийн заасан зүйлсийг унших нь ямар байх бол? Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд, бид Христийн мянган жилийн хаанчлалд бэлтгэн Бурханы хүмүүсийг хожмын үед цуглуулахад туслахаар дуудагдсан. Та эдгээр шүлгийг уншихдаа, тэдний дүрсэлсэн бошиглолыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж байгаагаа тунгаан бодоорой. Та Бурханы хүмүүсийг цуглуулахын тулд юу хийхээр сүнслэгээр нөлөөлөгдсөн бэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

2 Нифай 12:1–3

Хэрэв та “Их Эзэний өргөөний уул” болох ариун сүмд орж байсан бол ариун сүмийн гэрээнүүд хэрхэн танд “[Их Эзэний] харгуйгаар алхахад” тусалдаг талаар гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болно. Хэрэв та ариун сүмд орж байгаагүй бол эдгээр шүлгийг хамтдаа унших нь хэрхэн таныг ариун сүмийн адислалд бэлтгэх талаар ярилцахад өдөөж магадгүй.

2 Нифай 15:18–23

Танай гэр бүлийнхэн эдгээр шүлэгт дурдсан ёс бус санаануудын орчин үеийн жишээг хэлж чадах уу? Бид хэрхэн сайн, муугийн талаарх хуурамч үзэл санаанд мэхлэгдэхээс зайлсхийж болох вэ?

2 Нифай 21

Хэрэв гэр бүлийнхэнд тань энэ бүлгийг (Исаиа 11-тэй холбоотой) ойлгоход тусламж хэрэгтэй бол та Сургаал ба Гэрээ 113:1–6 дээрээс бошиглогч Иосеф Смитийн Исаиа 11-ийн талаарх зарим асуултад өгсөн хариултаас ойлголт авч магадгүй. Бид эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу мэдэж авч болох вэ?

2 Нифай 21:9

Бид дэлхийг “Их Эзэний мэдлэгээр” дүүргэхийн тулд ямар ямар тодорхой зүйлсийг хийж болох вэ?

2 Нифай 25:23–26

Та гэр бүлийнхэндээ “Есүс Христэд баясахад” нь хэрхэн тусалж болох вэ? Та тэднийг өөрсдөд нь баяр баясгалан авчирдаг Аврагчийн тухай зүйлсийн талаар цаасан дээр бичихэд урьж болно. Дараа нь, дараа дараагийн гэр бүлийн үдшээрээ эсвэл гэр бүлээрээ судраас суралцах үеэрээ хэн нэг нь уг цааснуудын нэгийг уншиж болох юм. Гэр бүлийн гишүүд жилийн туршид цаасан дээр бичиж, нэмж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Хэв маягийг олж хар. Бид Их Эзэний хэрхэн ажилладаг болохыг харуулсан загварыг судруудаас олж харж болно. Жишээлбэл, 2 Нифай 11–25-аас та Их Эзэн хэрхэн сэрэмжлүүлж, уучлан өршөөдөг болохыг харуулсан загварыг олж болно.

Зураг
Панам хотын Панам ариун сүм

Панам хотын Панам ариун сүм. “Их Эзэний [өргөө] нь уулсын оргил дээр баригдаж, мөн … бүх үндэстнүүд үүнд цутган ирэх болно” (2 Нифай 12:2).