Ирээд, Намайг дага
7-р сарын 27-оос 8-р сарын 2. Aлмa 39–42: “Аз жаргалын агуу төлөвлөгөө”


“7-р сарын 27-оос 8-р сарын 2. Алма 39–42: ‘Аз жаргалын агуу төлөвлөгөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 27-оос 8-р сарын 2. Алма 39–42,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Есүс, Мариа хоёр

Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Марк Р.Пью

7-р сарын 27-оос 8-р сарын 2

Алма 39–42

“Аз жаргалын агуу төлөвлөгөө”

Таныг Алма 39–42-ыг судалж байхад Ариун Сүнс амьдралд тань тохиолдож буй зүйлсийн талаарх ойлголтыг танд өгөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хайртай хүн маань ноцтой алдаа гаргахад хэрхэн хариу үйлдэл хийхээ мэдэхэд хэцүү байдаг. Алма 39–42-ыг маш их үнэ цэнтэй болгодог нэг зүйл бол өмнө нь наманчлах нүгэлтэй байсан Христийн шавь Алма тухайн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэснээ илчилсэн явдал юм. Алмагийн хүү Кориантон бэлгийн харьцааны нүгэл үйлдсэн ба үнэн сургаалын хүч наманчлалд урамшуулна гэдэгт Алма итгэж байв (Алма 4:19; 31:5-ыг үзнэ үү). Эдгээр бүлэгт бид Алма нүглийг буруушаахдаа хэрхэн зоригтой, харин Кориантоныг өрөвдөж, хайрлахдаа хэрхэн зөөлөн байсныг харж болно. Эцэст нь Аврагч “дэлхийн нүглүүдийг зайлуулан авахаар, [мөн наманчлагч хүмүүст] авралын баярт мэдээг тунхаглахаар ирнэ” (Алма 39:15) гэдэгт Алма итгэж байсныг харж болно. Кориантон тохинууллын ажилдаа удалгүй эргэн орсон нь (Алма 49:30-ийг үзнэ үү) өөрсдийн эсвэл хайртай хэн нэгнийхээ нүглээс болж “зовлон[д]” (Алма 42:29) унасан үедээ өршөөлд болон гэтэлгэлд найдах найдварыг бидэнд өгдөг.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 39

Бэлгийн харьцааны нүгэл нь Их Эзэний мэлмийд жигшүүрт хэрэг юм.

Алма өөрийн хүү Кориантонд бэлгийн замын нүгэл хэрхэн ноцтой болохыг ойлгуулахын тулд “Их Эзэний мэлмийд эдгээр зүйл жигшүүрт хэрэг” (Алма 39:5) гэж заасан. Яагаад ариун явдал таны хувьд чухал вэ? Их Эзэнд энэ нь яагаад чухал вэ? Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах тайлбар тусалж болох юм.

“Мөнх бус байдлын талаарх Түүний хамгийн агуу асуудлуудын дунд хүн энэ дэлхийд хэрхэн ирж мөн дэлхийг хэрхэн орхин явдаг нь тодорхой юм. Тэрбээр эдгээр асуудал дээр хатуу хязгаарлалтуудыг тогтоосон.

…Хүмүүний дотно харилцаа нь нэгдэн нийлэх ба Бурханаар тодорхойлогдож, томилогдсон нэгдмэл байдлын үндсэн бэлгэдэл учраас гэрлэсэн хосуудад зориулан хадгалагдсан байдаг. … Гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүрэн дүүрэн нэгдлийн илэрхийлэл болсон. Энэ нь бүрэн нэгдмэл байдлын холбоо учраас бид мөнхийн амлалтыг нь харуулахын тулд лацдан холболт гэх үгийг ашиглан илэрхийлдэг” (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76).

Алма 39:8–15-д Алмагийн Кориантонд өгсөн зөвлөгөөг бодож үз. Энэ нь ариун явдлын хуулийн ач холбогдлын талаар мөн уруу таталтыг хэрхэн ялан дийлэх талаар илүү сайн ойлгоход тань хэрхэн тусалдаг вэ? Мөн Алмагийн сургаалууд хэрэв биднийг наманчилбал Их Эзэн уучлахад ямагт бэлэн байдаг ба бид бүхэнд найдвар бий гэдгийг харуулдаг. Та энэ долоо хоногт Алма 39–42-ыг уншихдаа, Бурханы нигүүлсийн нотолгоог олж мэд. Бурханы нигүүлсэл таныг хэрхэн адисалсан бэ?

Түүнчлэн “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 35–37-г үзнэ үү.

Алма 40–41

Би амилж, Бурханы өмнө шүүгдэхээр зогсох болно.

Кориантонд Амилалтын талаар асуух зүйл байгааг Алма анзаарч хараад, нас барсны дараа бидэнд юу тохиолддог болохыг түүнд заасан. Кориантонд болон нүгэл үйлдсэн хэнд ч болов ойлгоход тус болж болох ямар үнэнийг Алма 40–41-р бүлэгт заасан бэ? Та сурсан зүйлсээ Алмагийн ярьсан сэдвүүдээр тодорхойлон цэгцэлж (сүнсний дэлхий, амилалт, сэргээлт гэх мэт), сэдэв бүрийн талаар Алма юу заасныг бич. Эдгээр үнэнийг санах нь уруу татагдах эсвэл өршөөл эрэлхийлэх үед танд хэрхэн тусалж болох вэ?

Aлма 40

Би сайн мэдээний асуултынхаа хариуг итгэлээр эрэлхийлнэ.

Бошиглогчид сайн мэдээний асуулт бүрийн хариултыг мэддэг гэж заримдаа бид боддог. Гэхдээ 40-р бүлэгт Алмад үхлийн дараах амьдралын тухай хэд хэдэн хариулт олж авч чадаагүй асуулт байсныг анхаар. Тэр хариулт олж авахын тулд юу хийсэн бэ? Тэр хариултаа авч чадахгүй байхдаа юу хийсэн бэ? Алмагийн жишээ сайн мэдээний талаар танд байгаа асуултуудад хэрхэн тус болохыг бодож үз.

Зураг
Залбирч байгаа эмэгтэй

Залбирал бол сайн мэдээний асуултынхаа хариултыг олж авах нэг арга зам юм.

Алма 42

Есүс Христийн Цагаатгал гэтэлгэлийн төлөвлөгөөг боломжтой болгодог.

Кориантон нүглийн шийтгэл шударга бус гэдэгт итгэдэг байсан (Алма 42:1-ийг үзнэ үү). Харин Алма нүгэл биднийг аваачдаг “зовлонгийн байдлаас” зугтаах арга бол наманчлал ба Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл бөгөөд хоёулаа нигүүлсэнгүй, шударга хэмээн заасан (Алма 42:15-ыг үзнэ үү). Алма 42-ыг уншиж байхдаа, Аврагчийн Цагаатгал хэрхэн танд “шударга ёсыг дээрэмдэх[гүйгээр]” (25-р шүлэг) нигүүлслийг хүлээн авах боломж олгодгийг олж мэд. Та энэ бүлгээс Түүний нигүүлслийг мэдрэхэд туслах ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 39:1–9

Ариун явдлын хуулийн талаар ярилцах нь танай гэр бүлийн гишүүдэд тустай юу? Хэрэв тийм бол, гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулан дараах эх сурвалжуудыг ашиглах талаар бодож үз. Алма 39:1–9; “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 35–37; “Chastity,” topics.ChurchofJesusChrist.org; overcomingpornography.org болон “What Should I Do When I See Pornography?” болон “I Choose to Be Pure” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг. Ариун явдлын хуулийн болон гэрлэлтийн дотно харилцааны адислалыг ойлгоход гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж болохоо тунгаан бод (жишээ нь, ChurchofJesusChrist.org дээрх “How to Talk to Your Kids about Intimacy” видео бичлэгийг үзнэ үү).

Алма 39:9–15

Бид эдгээр шүлгээс нүглээс хэрхэн зайлсхийх талаар юу мэдэж авч болох вэ?

Алма 42:4

Та нар дараах тоглоомыг тоглож болно. Христийн адил зан чанар эсвэл сайн мэдээний зарчим бичсэн цааснуудыг өрөөгөөр тарааж байрлуул. Та гэр бүлийн гишүүд тодорхой цагт багтаан хэдэн ширхэг цаас цуглуулахыг үзээд, дараа нь цаасан дээр бичсэн зүйлс Бурхантай адил болоход бидэнд хэрхэн туслах талаар ярилц. Дэлхий дээр бидэнд “олгогдсон цаг” хэрхэн энэ тоглоомд олгосон цагтай төстэй вэ? Бид Аврагчтай илүү адил болохын тулд дэлхий дээрх “сорилтын цагаа” хэрхэн ашиглаж болох вэ?

Алма 42:12–15, 22–24

Та шударга ёс болон нигүүлслийн хоорондын харилцааг харуулахын тулд энгийн нэг жин зураад, дараахтай адил асуултуудыг тавьж болно. Үүнд: Биднийг нүгэл үйлдэхэд энэ жинд ямар өөрчлөлт гардаг вэ? Энэ жинг тэнцвэртэй болгохын тулд шударга ёсонд юу шаардлагатай вэ? Аврагч хэрхэн шударга ёсны шаардлагыг хангаж, нигүүлслийг боломжтой болгодог вэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Гэр бүлийг тань адислах зарчмууд дээр анхаарлаа төвлөрүүл. Та Бурханы үгийг залбирч судалж байхдаа “Манай гэр бүлд чухал ач холбогдолтой байж болох юуг би эндээс олж болох вэ?” хэмээн өөрөөсөө асуугаарай. Гэр бүлийнхэндээ эдгээр үнэнийг олж мэдэхэд хэрхэн тусалж болох талаар тунгаан бодохдоо Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Зураг
Алма, Кориантон хоёр

Энэ миний хүү, Элспэт Кэйтлин Янг