Ирээд, Намайг дага
8-р сарын 10–16. Алма 53–63: “Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн”


“8-р сарын 10–16. Алма 53–63: ‘Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 10–16. Алма 53–63,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Хоёр мянган залуу дайчин

Хоёр мянган залуу дайчин, Арнолд Фрайбэрг

8-р сарын 10–16

Алма 53–63

“Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн”

Aлма 53–63 дахь түүхүүд сайн мэдээний үнэний дагуу амьдрахын эсвэл тэдгээрээс татгалзахын үр дагаврыг олж харахад танд тусална. Та Алма 53–63-ыг уншиж байхдаа, сүнслэг өдөөлтөө тэмдэглэж, ойлгож мэдсэн үнэнийхээ дагуу амьдрах арга замын талаар тунгаан бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Леменчүүдийн армитай харьцуулахад 2000 залуу нифай үндэстэн залуусаас бүрдсэн Хиламаны “багахан цэрэг” (Алма 56:33) ялалт байгуулах боломжгүй байв. Хиламаны цэргүүд тооны хувьд цөөхнөөс гадна “бүгд … маш залуу” бөгөөд “хэзээ ч тулалдаж байсангүй” (Aлма 56:46–47). Зарим талаараа тэдний нөхцөл байдал Сатаны болон дэлхийн хилэнцэт хүчнүүдийн эсрэг хожмын өдрийн тулаанд тоо хэмжээний хувьд цөөдөж, цөхөрдөг бидний хувьд танил санагдаж болох юм.

Гэвч Хиламаны арми леменчүүдээс тоо хэмжээ эсвэл цэргийн ур чадвартай огтхон ч хамаагүй зарим нэг давуу талтай байжээ. Тэд бошиглогч Хиламаныг удирдагчаараа сонгож (Алма 53:19); “хэрэв тэд эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт тэд эхчүүдээрээ сургагдсан” (Алма 56:47) бөгөөд “сургагдсан түүндээ итгэх үлэмж итгэлтэй” байсан. Тиймээс тэд “Бурханы гайхамшигт хүчээр” хамгаалагдсан байв (Алма 57:26). Хэдийгээр тэд тулаанд бүгд шархадсан ч “тэднээс мөхсөн бодгаль нэгээхэн ч байсангүй” (Алма 57:25). Амьдрал бидний хүн нэг бүрийг сүнслэг байдлын хувьд шархлуулахад бид “шударга Бурхан гэж буй, мөн эргэлз[дэггүй] хэн боловч, тэд түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлд[энэ]” (Алма 57:26) гэсэн Хиламаны армийн захиасаас урам зориг олж авч чадна.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 53:10–22; 56:43–48, 55–56; 57:20–27; 58:39–40

Намайг Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэхэд Тэрээр гайхамшигт хүчээрээ адислах болно.

Хиламаны залуу дайчдын ялалт шиг гайхалтай түүхүүдэд итгэхийн аргагүй учраас өөртэйгөө холбож ойлгоход хэцүү байж болох юм. Гэхдээ эдгээр түүх сударт байдгийн нэг шалтгаан бол биднийг итгэлтэй байхад Бурхан бидний амьдралд гайхамшгийг үйлддэг гэдгийг харуулах явдал юм. Та залуу дайчдын талаар Алма 53:10–22; 56:43–48, 55–56; 57:20–27; 58:39–40-өөс уншиж байхдаа, тэд хэрхэн Бурханд итгэх итгэлээ хөгжүүлсэн, юу итгэлийг нь тийм хүчирхэг болгосон мөн гайхамшгууд болох боломжийг юу олгосон тухай мэдээллийг олж мэд. Олсон мэдээллээ бичиж тэмдэглэх нэг аргыг дараах хүснэгтэд харуулав.

Хиламаны дайчдын шинж чанарууд:

Тэдэнд заасан зүйл:

Тэдний хийсэн зүйл:

Тэдний хүлээн авсан адислалууд:

Та эдгээр шүлгийг судалсныхаа дараа итгэлээ хөгжүүлэхийн тулд юу хийх сүнсний өдөөлтийг хүлээн авсан бэ?

Залуу дайчдын итгэлийг хүчирхэгжүүлэхэд гүйцэтгэсэн эхчүүдийн үүргийн талаар Хиламан дурдсан (Aлма 56:47–48; 57:20–27-г үзнэ үү). Итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд тань гэр бүлийн гишүүд болон бусад хүн хэрхэн тусалсан бэ? Та гэр бүлийнхнийхээ болон найз нөхдийнхөө итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

Зураг
Залуу дайчид эхийнхээ хамт

Тэд эргэлзээгүй, Жозэф Брики

Алма 58:1–12, 31–3761

Би бусдын сайн чанарыг бодож, гомдохгүй байх сонголтыг хийж чадна.

Хиламан, Пахоран хоёрын аль алинд гомдох шалтгаан байсан. Хиламаны арми хангалттай дэмжлэг туслалцаа авч чадахгүй байсан ба Моронай Пахораныг дэмжлэг үзүүлэхгүй байна гэж гүтгэсэн (Алма 58:4–9, 31–3260-ыг үзнэ үү). Алма 58:1–12, 31–37 болон Алма 61 дээрх тэдний хариу үйлдлийн юу нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та үүнтэй адил нөхцөл байдалд орвол тэдний жишээг хэрхэн дагах вэ?

Ахлагч Дэвид А.Бэднар “Энэ Сүмд хэн нэгэн нь ямар нэгэн байдлаар, хэзээ нэгэн цагт, хэн нэгнийг гомдоож болох ямар нэгэн зүйлийг хийх юм уу хэлэх болно. Ийм явдал бидний хүн нэг бүрд тохиолдох нь гарцаагүй бөгөөд өөр олон удаа болох нь ч тодорхой. … Та бид бусдын санаа бодол эсвэл зан аашийг хянаж чадахгүй. Харин бид өөрсдийн үйлдлийг тодорхойлж чадна. Та бид ёс суртахууны чөлөөт сонголтоор адислагдсан бие төлөөлөгчид гэдгийг мөн гомдохгүй байх сонголтыг хийж чадна гэдгийг санаарай” гэсэн байдаг (“And Nothing Shall Offend Them,” Ensign or Liahona, Nov. 2006, 91).

Түүнчлэн Сургаалт үгс 16:32; Моронай 7:45; Дэвид А.Бэднар, “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” Ensign, May 2018, 30–33 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 36–40-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 53:10–17

Антай-нифай-лихайчууд цус урсгахгүй хэмээн гэрээлсэн. Бид Бурхантай ямар ямар гэрээ байгуулсан бэ? Бид Алма 53:10–17-оос гэрээндээ илүү итгэлтэй байхыг сүнсээр өдөөх юуг уншиж болох вэ?

Алма 53:20–21

Бид хэрхэн Хиламаны залуу эрстэй илүү адилхан байж болох вэ? Эдгээр шүлэгт байгаа зарим үг хэллэг ямар утгатай болохыг ярилцах нь тус болж магад. Жишээ нь “хүч чадал хийгээд эрч хүчээрээ … баатарлаг” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? “[Бурханы] өмнө зөв шударгаар алхах” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ?

Алма 58:9–11, 33, 37

Тусламж хэрэгтэй үедээ бид нифай үндэстэн цэргүүдийн адил Тэнгэрлэг Эцэгт ханддаг уу? Тэрээр тэдний залбиралд хэрхэн хариулсан бэ? Тэрээр бидний залбиралд хэрхэн хариулдаг вэ?

Алма 61:2, 9, 19

Бид гүтгэгдсэн үедээ хэрхэн хариулах талаар Пахоранаас юу мэдэж авч болох вэ?

Алма 62:39–41

Бид сорилт бэрхшээлийнхээ улмаас “хатуурах” эсвэл “зөөлрөх” эсэхээ сонгож чадна гэдгийг ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслах үзүүлэнт хичээлийг энд оруулав. Буцалж буй усанд түүхий төмс, өндөг хий. Төмс, өндөг хоёр нь биднийг, ус нь бидэнд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг төлөөлнө. Гэр бүлд тань тулгардаг зарим сорилт бэрхшээлийн талаар төмс, өндөг хоёрыг буцалгаж, болгох зуур ярьж болно. Эдгээрийн адил сорилт бэрхшээлд хариу үзүүлэх ямар ямар арга зам байдаг вэ? Алма 62:41-д цэдэглэгдсэнээр, сорилт бэрхшээлд үзүүлэх бидний хариу үйлдэл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Төмс, өндөг хоёрыг бүрэн чанаж болгосны дараа төмсөө зүсэж, өндгийг хагалж хальсалснаар “сорилт бэрхшээл” төмсийг хэрхэн зөөлрүүлж, харин өндгийг хатууруулсан байгааг харуул. Сорилт бэрхшээлүүд маань биднийг даруусгаж, Бурханд илүү ойртуулдаг гэдэгт анхаарахын тулд манай гэр бүл юу хийж болох вэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэх боломж олго. “Та хүүхдүүд[ээ] сайн мэдээний зарчимтай холбоотой ямар нэгэн зүйлийг бүтээхэд урихдаа тэдэнд уг зарчмыг илүү сайн ойлгоход тусалж, сурсан зүйлийнх нь талаар сануулах гарт баригдах биет зүйлийг өгч байгаа хэрэг юм. … Тэдэнд барьж, зурж, будаж, бичиж, бүтээх боломж олго” (Аврагчийн арга барилаар заах нь, 25).

Зураг
Хоёр мянган залуу дайчин

Энэ үнэн, эрхэм ээ, бүгд бэлэн жагссан, Кларк Кэлли Прайс