Ирээд, Намайг дага
8-р сарын 3–9. Aлма 43–52: “Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс”


“8-р сарын 3–9. Алма 43–52: ‘Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 3–9. Алма 43–52,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Моронай ба эрх чөлөөний туг

Эрх чөлөөний адислалуудын төлөө, Скотт М.Снөү

8-р сарын 3–9

Алма 43–52

“Христэд итгэх итгэлдээ гуйвшгүй зогс”

Алма 43–52-т цэдэглэсэн үйл явдлууд танд тийм ч их хамааралтай биш мэт санагдаж магадгүй. Гэхдээ бүх сударт байдагчлан Их Эзэний танд зориулсан захиас энд бий. Тэр захиасыг залбирч эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бид Алма 43-ын эхэнд буй “Мөн эдүгээ би леменчүүд мөн нифайчуудын хооронд болсон дайнуудын шастирт эргэн оръё” гэсэн үгсийг уншихад ялтаснууд дээр бичих зай багатай байсан ч яагаад Мормон эдгээр дайны түүхийг бичсэнд гайхаж болох юм (Мормоны үгс 1:5-ыг үзнэ үү). Бидний хожмын өдрүүдэд олон дайн дажин болсон нь үнэн боловч түүний үгсээс дайны бодлого болон эмгэнэлээс илүү үнэ цэнтэй зүйлийг олж болно. Түүний үгс хилэнцэт хүчний эсрэг өдөр бүр “тулалдахаар дуудагдсан” (Hymns, no. 250) дайнд биднийг бэлтгэдэг. Энэ дайн үнэхээр бодит бөгөөд үр дүн нь бидний мөнх амьдралд нөлөөлдөг. Нифайчуудын нэгэн адил бид “Бурханы минь, бидний шашин шүтлэгийн, мөн эрх чөлөөний, мөн бидний энх амгалангийн, бидний [гэр бүлийн]” тухай “зөв шалтгааны улмаас зоригжуулагддаг.” Моронай үүнийг бидний өнөөдрийн тулалдаж байгаа шалтгаантай адилаар “Христийнхний хөдөлгөөн” гэж нэрлэсэн (Алма 43:45; 46:12, 16).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 43–52

Мормоны Номон дахь тулаанууд нь хилэнцтийн эсрэг миний тулаануудын талаар надад заадаг.

Та нифайчууд, леменчүүдийн хоорондох дайнуудын талаар уншиж байхдаа өөрийн сүнслэг тулаантай адилтган үзвэл илүү ач холбогдолтой байж магадгүй юм. Та Алма 43–52-ыг уншиж байхдаа юу нифайчуудыг амжилттай (эсвэл амжилтгүй) болгосныг анзаар. Тэгээд сүнслэг тулаанууддаа ялахын тулд ойлгож мэдсэн зүйлсээ хэрхэн ашиглах тухай тунгаан бод. Та дараах шүлгүүдийг судалж байхдаа, нифайчуудын жишээг хэрхэн дагах тухай санаа бодлоо бич.

Мөн лемен болон нифай үндэстэн тэрслэгчид хэрхэн нифайчуудыг ялан дийлэхийг оролдсонд анхаарлаа хандуул. Эдгээр нь дайснууд хэрхэн тань руу дайрч болохыг танд сэрэмжлүүлэх болно. Та суралцаж байхдаа, Сатан дараахтай адил аргуудаар тан руу хэрхэн дайрч довтолж болох тухай бич. Үүнд:

  • Aлмa 43:8. Зерахемна хүмүүсийн дээр хүчийг олж болохын тулд тэднийг уурлуулахыг эрэлхийлэв. (Би бусдад уурласнаар Сатанд намайг ялан дийлэх хүчийг өгдөг.)

  • Aлмa 43:29. Леменчүүд нифайчуудыг боолчлолд оруулахыг хүссэн.

  • Aлмa 46:10.

  • Алма 47:10–19.

Зураг
Нифайчууд леменчүүдтэй тулалдсан нь

Нифайчуудын хотын хамгаалалт, Минэрва Тэйчэрт

Алма 46:11–28; 48:7–17

Би Моронай шиг итгэлтэй байхыг хичээснээр Аврагчтай илүү адилхан болно.

Та Аврагчтай илүү адилхан болж, өөрийн амьдрал дахь дайсны хүчийг сулруулахыг хүсэж байна уу? Алма 48:17 дээрх зөвлөгөөг дагах нэг арга зам бол “Моронайн адил” болох явдал юм. Алма 43–52-т, ялангуяа 46:11–28 болон 48:7–17 дээрх Моронайн зан чанар, үйлдлүүдэд анхаарлаа хандуул. Энэ “чадалтай хүний” юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Түүнийхтэй адил зан чанар, үйлдлүүд таны амьдрал дахь чөтгөрийн хүчийг хэрхэн сулруулж болох вэ? Та Моронайн жишээг дагаж, Аврагчтай илүү адилхан болохын тулд хийхээр сүнсээр өдөөгдсөн зүйлээ тунгаан бод.

Aлма 47

Сатан биднийг бага багаар уруу татаж, хууран мэхэлдэг.

Бидний ихэнх нь ноцтой нүгэл үйлдэх эсвэл томоохон худал зүйлсэд итгэхгүй гэдгийг Сатан мэддэг. Тиймээс нарийн овжин аргаар худал хуурмаг, уруу таталтыг ашиглан, биднийг олон, шалихгүй мэт, байж болно гэж хүлээн зөвшөөрөх гэм нүгэл рүү хөтөлдөг. Тэр биднийг зөв шударга амьдралын аюулгүйн хамгаалалтаас холдох хүртэл ийнхүү үйлдсээр байдаг.

Та энэ загварын талаар Алма 47 дээр Амаликая Лихонтийг хэрхэн хууран мэхэлсэн түүхээс олж харж болно. Та судалж байхдаа ахлагч Робэрт Д.Хэйлсийн дүрсэлснээр Сатан таныг хэрхэн хуурахаар оролдож байгааг тунгаан бод.

“Амаликая Лихонтийг ‘доош буугаад ир’ уулын бэлд уулзъя гэдэг. Гэвч Лихонти өндөр газрыг орхин үхэх хүртлээ ‘бага багаар’ хордож, түүний их цэрэг Амаликаягийн гарт ордог (Алма 47-г үзнэ үү). Сөргөлдөн, тэмцэлдсэнээр зарим хүн бидэнд өндөр газрыг орхиулах өгөөш тавихыг хичээдэг. Өндөр газар гэдэг нь гэрэл байгаа газар юм. … Энэ бол аюулгүй газар” (“Христэд итгэгчийн зориг: Шавь нь байхын үнэ цэнэ,” Ensign, Nov. 2008, 74 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).

Түүнчлэн 2 Нифай 26:22; 28:21–22-ыг үзнэ үү.

Алма 50–51

Эв нэгдэл аюулгүй байдлыг авчирдаг.

Алма 50-ийн эхэнд цэдэглэсэн нөхцөл байдлаас харахад леменчүүд нифайчуудыг ялан дийлэх ямар ч боломж байгаагүй. Нифайчуудын хуяг дуулга, бэхлэлт, нэгдмэл хичээл зүтгэл зэрэг нь тэднийг дийлдэшгүй болгосон мэт санагдаж байлаа (Aлма 49:28–30; 50:17-20-ийг үзнэ үү). Гэвч тун удалгүй леменчүүд тэдний олон хотыг, тэр дундаа Моронайн бэхэлж хамгаалсан хотуудыг эзэлсэн (Алма 51:26–27-г үзнэ үү). Ийм зүйл яагаад тохиолдсон бэ? Та эдгээр бүлгийг уншиж байхдаа хариултуудыг олж мэд (ялангуяа Алма 51:1–12-ыг үзнэ үү). Энэ түүхийн танд болон таны гэр бүлд өгч буй сэрэмжлүүлгийг тунгаан бод.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 45:2–8

Эдгээр шүлгийг хамтдаа унших нь Алмагийн Хиламантай хийсний адил сайн мэдээний ганцаарчилсан ярилцлагыг гэр бүлийн гишүүдтэйгээ хийхэд танай гэр бүлийг сүнслэгээр өдөөж болох юм.

Алма 46:12–22

Эрх чөлөөний туг нифайчуудыг Бурханы зарлигуудыг сахиж, итгэлээ хамгаалахад сүнсээр өдөөсөн. Биднийг үүнтэй адил зүйлийг хийхэд юу сүнсээр өдөөдөг вэ? Гэр бүлийнхэн тань Бурханы зарлигуудыг өдөр бүр сахихыг сануулсан үгс юм уу зураг дүрс бүхий өөрсдийн эрх чөлөөний туг эсвэл далбаа дарцгийг хийж болно.

Алма 48:7–9; 49:1–9; 50:1–6

Гэр бүлээрээ нифайчуудын бэхлэлтийн талаар уншиж байхдаа, дайсны эсрэг гэр орноо хэрхэн бэхэлж байгаагаа ярилцаж болно. Хүүхдүүд сандал, хөнжил зэрэг зүйлсээр хэрэм босгох эсвэл нифайчуудын бэхлэлт ямар байсныг өөрийн төсөөлснөөр зурах дуртай байж магадгүй.

Алма 51:1–12

Энэ шүлгүүд зөрчилдөөнтэй байхад гэр бүлд маань юу тохиолдож болзошгүй гэж зааж байна вэ? Бид нэгдмэл байдлаа хэрхэн сайжруулж чадах вэ?

Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Суралцаж байхдаа асуулт тавь. Та судраас судлахдаа уншсан зүйлийнхээ дагуу хэрхэн сайн амьдарч байгаагаа тунгаан бодоход туслах асуултыг өөрөөсөө асуугаарай.

Зураг
Эрх чөлөөний туг барьсан Моронай

Эрх чөлөөний туг, Ларри Конрад Винборг