2010–2019
Тиймээс та нар эцэст нь төгс бай
2017 оны 10-р сар


Тиймээс та нар эцэст нь төгс бай

Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэд болох болно.

Судрууд биднийг адисалж, урамшуулахын тулд бичигдсэн бөгөөд үүнийгээ ч хийдэг. Бидэнд өгсөн бүлэг, шүлэг бүрийн төлөө бид Бурханд талархдаг. Гэхдээ үе үе судрын аль нэг хэсэг бидний төгс төгөлдөр болоогүй байгааг сануулдгийг та нар анзаарсан уу? Жишээлбэл, Уулан дээрх номлол тайтгаруулагч ерөөлүүдээр эхэлдэг боловч дараагийн хэдэн шүлэгт биднийг хүний амь хөнөөхийг цээрлэхээс гадна хилэгнэж болохгүй гэж хэлсэн байдаг. Бид садар самууныг үйлдэхгүйгээс гадна цэвэр бус бодолтой байж болохгүйг хэлдэг. Цамцыг маань авахыг хүссэн хүмүүст бид дээлээ ч бас өгөх ёстой. Бид дайснуудаа хайрлаж, биднийг зүхэх тэднийг адисалж, биднийг үзэн ядах тэдэнд сайныг үйлдэх ёстой.1

Хэрэв энэ шүлгийг өглөө уншсан бол энэ хүртэл уншаад л бид сайн мэдээний дагуу төгс амьдарч чадахгүй гэдэг нь ерөнхийдөө тодорхой болдог бол “Тиймээс тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай”2 гэсэн сүүлчийн зарлигийг уншаад ямар ч найдваргүй болдог. Сүүлчийн энэ зарлигийг сонсоод, бидэнд бууж өгмөөр, хичээл зүтгэл гаргамааргүй санагддаг. Ийм селестиел зорилго нь хүрэх боломжгүй мэт санагддаг. Гэвч Их Эзэн бидэнд сахих боломжгүй зарлиг хэзээ ч өгөхгүй. Энэ зөрчилдсөн ойлголт биднийг юунд хүргэдэг болохыг цааш нь авч үзье.

Сүм даяар олон хүн “би хангалттай сайн биш,” “Би үнэхээр төгс биш юм даа,” “Би хэзээ ч хангалттай зохистой байж чадахгүй” гэж ярихыг би сонсдог. Би үүнийг өсвөр үеийнхнээс сонсдог. Би үүнийг номлогчдоос сонсдог. Би үүнийг шинэ хөрвөгчдөөс сонсдог. Би үүнийг бүх насаараа гишүүн байгаа хүмүүсээс ч сонсдог. Нэгэн ухаалаг хожмын үеийн гэгээнтэн Дарла Исаксон эгч Сатан ямар нэгэн аргаар гэрээ, зарлигуудыг хараал, ял шийтгэл мэт харагдуулахыг хичээдэг гэдгийг ажиглажээ. Сатан зарим хүнийг сайн мэдээний туйлын зорилго, зарчмаас болж өөрийгөө үзэн ядаж, зовлон гунигт автахад хүргэсэн3

Би ингэж хэлснээрээ ямар нэг байдлаар Бурханы бидэнд өгсөн зарлигуудыг үгүйсгэж эсвэл ач холбогдлыг нь бууруулах гээгүй юм шүү. Түүнийг төгс төгөлдөр гэдэгт би итгэдэг мөн бид Түүний сүнсэн охид, хөвгүүд учраас Түүнтэй адил болох тэнгэрлэг чадавх бидэнд байдаг гэдгийг би мэднэ. Гэхдээ Бурханы хүүхдүүдийн хувьд бид өөрсдөдөө хатуурхаж, өөрсдийгөө гутаах ёсгүй, учир нь бид мөнх бус байдалд өөрсдийгөө ингэж шийтгэлээ гээд Бурханы хүсэж байгаа шиг хүмүүс болчихгүй гэдгийг би бас мэднэ. Үгүй ээ! Наманчлахад бэлэн мөн зүрх сэтгэлдээ илүү зөв шударга болох хүсэлтэй байсан цагт бид хоолны дуршилгүй болж, ходоодны шархтай бололгүйгээр, сэтгэл гутралд орж эсвэл өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бууруулалгүйгээр хувийн өсөлт хөгжлөө үргэлжлүүлж чадна гэж би найдаж байна. Их Эзэн “Би Есүстэй адилхан байхыг хичээж байна”4 гэж чин сэтгэлээсээ дуулдаг Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийг эсвэл өөр хэнийг ч ийм байдалд оруулахыг хүсдэггүй.

Энэ асуудлыг илүү сайн ойлгуулахын тулд, бид унасан дэлхийд амьдардаг бөгөөд одоохондоо унасан хүмүүс гэдгийг сануулмаар байна. Бид c биш т үсгээр эхэлдэг телестиел хаант улсад амьдардаг. Мөнх бус амьдралд төгс төгөлдөр болох үйл явц “арай л гүйцэлдэхгүй” гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан.5

Тиймээс Есүс энэ сэдвээрх номлолоо бидний алдаа дутагдлыг зэмлэх хатуу үг болгох гээгүй гэдэгт би итгэдэг. Үгүй ээ, Түүнийг Бурхан Мөнхийн Эцэг гэж хэн болохыг мөн мөнх амьдралд бидний гүйцэлдүүлж чадах зүйлийг онцлох зорилготой байсан гэдэгт би итгэдэг. Ямартай ч төгс бус гэдгээсээ үл хамааран би Бурхан төгс гэдэгт, жишээ нь Тэр ядаж л дайснуудаа хайрлах чадвартайд талархдаг. Учир нь бидний дотор “эгэл хүн”6 байдаг бөгөөд та бид заримдаа тэрхүү дайсан нь байдаг. Бурхан Өөрийг нь хүнлэг бусаар ашигладаг хүмүүсийг адисалж чаддагт би хэчнээн их талардаг гээч. Учир нь бид бүгд заримдаа хүсээгүй ч гэсэн эсвэл санаандгүй Түүнийг хүнлэг бусаар ашигладаг. Бурхан нигүүлсэнгүй бөгөөд амар тайвныг тогтоодогт би талархдаг. Яагаад гэвэл надад нигүүлсэл, дэлхийд амар амгалан хэрэгтэй. Мэдээж, бидний ярьж буй Эцэгт байдаг бүх чанар нь амьдрал, үхлээрээ дамжуулан төгс төгөлдөр болсон Түүний Төрсөн Ганц Хүүд ч байдаг.

Өөрсдийнхөө алдаа дутагдал дээр бус, харин Эцэгийн болон Хүүгийн чанар дээр төвлөрөх нь сахилга батгүй амьдрах эсвэл жишгүүдээ бууруулах ямар ч шалтгааныг бидэнд өгдөггүй гэдгийг би яаран хэлмээр байна. Харин сайн мэдээ нь эхлэлээс эхлээд “ариун хүмүүсийг, … төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл”7 байсаар ирсэн. Би зарим үед судрын хэсэг, аль нэг зарлигийн нэг зорилго нь бидэнд “Христийн бүрэн байдлын чанарын хэмжээ”8 нь хэчнээн гайхамшигт болохыг сануулж, Түүнийг гэх илүү их хайр, хүндлэл бишрэл болон Түүнтэй адил болох илүү их хүсэл төрүүлдэг гэдгийг л хэлэх гэсэн юм.

Моронай “Тиймээ Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” хэмээн гуйсан. “Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл … түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно.”9 Үнэн төгс байдалд хүрэх бидний цор ганц найдвар тэнгэрээс бэлэг хэмээн хүлээн авахад оршдог бөгөөд бид үүнийг өөрсдөө “олж авч” чадахгүй. Тиймээс, Христийн дутууг маань нөхөхөөр өгдөг ач ивээл нь биднийг харуусал, нүгэл, үхлээс авраад зогсохгүй байнга өөрийгөө шүүмжлэх явдлаас авардаг.

Үүнийг арай өөрөөр хэлэхийн тулд би Аврагчийн нэгэн сургаалт зүйрлэлийг ашиглая. Нэгэн боол эзэндээ 10 000 талантын өртэй байжээ. Боол нь тэвчээртэй байж, нигүүлсэж хайрлаач хэмээн гуйхыг сонсоод “тэрхүү боолын эзэн нь түүнийг ихэд өрөвдөөд суллаж, өрийг нь хэлтрүүлжээ.” Гэсэн хэдий ч өнөөх боол өөрт нь 100 денарын өртэй өөр нэгэн боолыг өршөөж чадаагүй. Үүнийг дуулаад эзэн хэлтрүүлсэн уг боолдоо хандан “Би чамайг өршөөсний адил чи бас анд нөхөр чинь болох тэр боолыг өршөөх ёстой байсан бус уу?”10 хэмээн халагласан байдаг.

Энд дурдсан мөнгөний талаар эрдэмтдийн дунд өөр өөр ойлголт байдаг ч үүнийг хялбарчлан авч үзье. Америкийн мөнгөн дэвсгэртийн харьцааг болгооно уу. Хэрэв 100 денарын өрийг одоогийн ханшаар 100 ам.доллар гэж үзвэл 10000 талант нь 1 тэрбум доллар эсвэл үүнээс их болж байгаа юм.

Нэг л хүний өр гэж бодохоор энэ бол бидний санаанд багтамгүй их тоо юм. (Хэн ч ийм их мөнгөөр дэлгүүр хэсэж чадахгүй.) Энэ сургаалт зүйрлэлд ашигласан хэмжүүр санаанд багтамгүй, ойлголтоос маань давсан байхаар төлөвлөгдсөн бөгөөд бидний төлж чадахгүй тийм их хэмжээний тоог ашиглах ёстой байсан. Яагаад гэвэл энэ бол хоёр боолын маргаж байгаа тухай Шинэ Гэрээн дэх түүх биш юм. Энэ бол өртэй мөнх бус хүмүүс, гэмтэн, хоригдол болох унасан хүмүүний гэр бүл ба бидний тухай түүх юм. Бидний хүн нэг бүр өртэй. Бидний хүн нэг бүр шоронд хоригдох ялтай. Биднийг хайрлаж, “биднийг өрөвдөх сэтгэлээр хөдөлдөг”11 учраас биднийг сулласан Хааны маань ач ивээл байгаагүй бол бид бүгд тэнд үлдэх байсан.

Есүсийн Цагаатгал хязгааргүй өртгөөр ирсэн санаанд багтамгүй бэлэг учраас Тэрээр энд санаанд багтамгүй хэмжүүр ашигласан. Энэ нь Есүсийн төгс байх зарлигийн цаад утга учрын нэгээхэн хэсэг гэж би бодож байна. Бид Эцэг, Хүүгийнхтэй адил буюу 10 000 талантын түвшинд төгс төгөлдөр байж чадахгүй байж болох ч Тэдний хувьд биднээс жижиг зүйлс дээр бага зэрэг илүү бурханлаг байхыг мөн бидний хүрч чадах төгс төгөлдөр байдал буюу 100 денарын түвшинд ярьж, үйлдэн, хайрлаж, уучлан, наманчилж, сайжрахыг хүсэх нь тийм ч их зүйл биш юм

Ах эгч нар аа, Есүсийг эс тооцвол бидний аялж буй энэ газар дэлхийн аянд алдаа мадаг өө сэвгүй гүйцэтгэл байхгүй учраас бид энэ мөнх бус байдалд зан авир судлаачдын “төгс байх хор уршигтай үзэл”12 гэж нэрлэдэг зүйлийн араас хөөцөлдөх биш харин мөнх бус дэлхий дээр тасралтгүй сайжрахыг хичээцгээе. Бид өөрсдийгөө төдийгүй бусад хүнийг, дээрээс нь Сүмд үйлчлэхээр дуудагдсан хүн бүрийг төгс байх ёстой гэсэн хэтрүүлсэн бодол тээхээс зайлсхийх ёстой. Бид бүгд хаа нэгтээ үйлчлэхээр дуудагддаг учраас дуудлагатай хүмүүс гэдэг нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бүх хүн гэсэн үг юм.

Энэ талаар Лев Толстой сүмд ирдэг хүмүүсийн нэг нь санваартныг хангалттай зөв шударга амьдрахгүй байна хэмээн шүүмжилсэн тухай бичсэн байдаг. Уг шүүмжлэгч алдаа дутагдалтай санваартны заасан сайн мэдээ мөн л алдаа мадагтай учраас үүнд итгэх ёсгүй гэж үзсэн байдаг.

Энэ шүүмжлэлд хариу болгон санваартан “Миний одоогийн амьдралыг хараад, үүнийг хуучин амьдралтай минь харьцуул. Намайг номлодог үнэнийхээ дагуу амьдрахыг хичээж байгааг та харах болно” хэмээн бичжээ. Гэвч санваартан өөрийнхөө заасан туйлын зорилго, тэмүүлэлд хараахан хүрч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэрээр

“[Хүсвэл] над руу дайрч давшилж болно, үүнийг би өөрөө ч хийдэг. Харин миний замнаж байгаа зам руу [бүү] дайрч давшлаарай. … Би гэртээ хүрэх замаа мэдэж байгаа хэдий ч үүгээр хөлчүүхэн алхаж мөн замын хоёр хажуу руу гуйвж дайвж гарлаа гээд энэ нь зөв зам биш болно гэж үү?

… ‘Түүнийг хар даа! … Тэр намаг руу мөлхөж байна!’ гэж бүү бахдалтай хашхир. Бах таваа хангахын оронд [Бурханд хүрэх зам дээр алхахад] надад туслаач”13 хэмээн уйлдаг.

Ах эгч нар аа, бидний хүн нэг бүр одоо байгаагаасаа илүү сайнаар Христтэй адил амьдрахаар тэмүүлдэг. Хэрэв бид үүнийгээ шударгаар хүлээн зөвшөөрвөл хоёр нүүртнүүд болохгүй. Бид бол эгэл хүмүүс. Бид өөрсдийнхөө мөнх бус мунхаг алдаанаас мөн эргэн тойрныхоо хамгийн сайн эрэгтэй, эмэгтэй хүмүүст зайлшгүй байдаг дутагдалтай талаас татгалзаад, сайн мэдээний үнэний болон Сүмийн үнэн бодит байдлын эсвэл ирээдүйнхээ төлөөх итгэл найдварын эсвэл жинхэнэ бурханлаг байдлын боломжийн тухайд эргэлзэхгүй байх болтугай. Хэрэв бид цөхрөлтгүй зүтгэвэл Шинэ Гэрээний төгс төгөлдөр гэсэн ойлголт болох бидний төгөлдөржих үйл явц мөнх амьдралын хаа нэгтээ дуусаж, бүрэн гүйцэд болох болно.14

Селестиел хаант алдар суугийн бүрэн байдлыг үхэшгүй байдалдаа хүлээн авах хүртэл “ач ивээлээс ач ивээлд”1516 үргэлжлүүлэн Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон тэр агуу хувь тавилангийн талаар би гэрчилж байна.17 Тэр яг одоо болон үргэлж хадаасны сорвитой гараа дэлгэн, бидэнд тэр л ач ивээлээ өгч, биднийг нэгэн өдөр гэртээ саадгүй очиж, Тэнгэрлэг Эцэг Эхдээ тэврүүлэх хүртэл орхин явахыг зөвшөөрдөггүй гэдгийг би гэрчилж байна. Ийм төгс мөчийн төлөө би болхидуухан ч гэсэн үргэлжлүүлэн хичээн зүтгэдэг. Ийм төгс бэлгийн төлөө би хангалттай бус ч гэсэн үргэлжлүүлэн талархлаа өргөдөг. Хэзээ чболхидуухан, хангалтгүй байгаагүй бөгөөд бид бүгдийг байгаагаар нь хайрладаг Төгс Их Эзэн Есүс Христийн нэрээр би үүнийг хэллээ, амен.

Эшлэлүүд

  1. Матай 5:1–47-г үзнэ үү.

  2. Maтай 5:48.

  3. Darla Isackson, “Satan’s Counterfeit Gospel of Perfectionism,” Meridian Magazine, June 1, 2016, ldsmag.com-ийг үзнэ үү.

  4. “I’m Trying to Be Like Jesus,” Children’s Songbook, 78–79.

  5. Рассэлл M. Нэлсон, “Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 86–88-ыг үзнэ үү.

  6. Мозая 3:19.

  7. Ефес 4:12–13.

  8. Eфес 4:13.

  9. Моронай 10:32; тодотгол нэмэгдсэн.

  10. Матай 18:24–33-ыг үзнэ үү.

  11. Сургаал ба Гэрээ 121:4.

  12. Joanna Benson and Lara Jackson, “Nobody’s Perfect: A Look at Toxic Perfectionism and Depression,” Millennial Star, Mar. 21, 2013, millennialstar.org-ийг үзнэ үү.

  13. “The New Way,” Leo Tolstoy: Spiritual Writings sel. Charles E. Moore(2006), 81–82.

  14. Шинэ Гэрээнд төгс төгөлдөр (“teleios”) гэсэн утгаар орсон грек үгийн утгын сонирхолтой тайлбарыг President Russell M. Nelson’s October 1995 general conference address “Perfection Pending” (Ensign, Nov. 1995, 86-87)-аас үзнэ үү.

  15. Сургаал ба Гэрээ 93:13.

  16. Лук 13:32-ыг үзнэ үү.

  17. Сургаал ба Гэрээ 93:13-ыг үзнэ үү.