Ирээд, Намайг дага
11-р сарын 9–15. Ифер 1–5: “Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат”


“11-р сарын 9–15. Ифер 1–5: ‘Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 9–15. Ифер 1–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Жаредчууд аглаг буйдаар аялсан нь

Жаредчууд Бабелыг орхин явж байгаа нь, Албин Вэсэлка

11-р сарын 9–15

Ифер 1–5

“Үл итгэх байдлын гивлүүрийг тас тат”

Иферийн ном бол нифайчуудаас олон зууны өмнө амлагдсан нутагт ирсэн жаредчуудын цэдэг юм. Иферийн цэдэг өнөө үед хамаатай тул Бурхан уг цэдгийг Мормоны Номд оруулахад Моронайг сүнсээр өдөөсөн. Энэ нь таны амьдралд ямар хамаатай гэж та бодож байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бурханы зам биднийхээс илүү өндөр түвшинд байхыг шаарддаг бөгөөд бид Түүний таалалд өөрсдийн хүслийг үргэлж нийцүүлэх ёстой нь үнэн ч Тэр мөн биднийг өөрсдөө бодож, үйлдэхэд урамшуулан дэмждэг. Жаред болон түүний ах яг энэ сургамжаас суралцсан. Тухайлбал, “бүх дэлхийд бүгдээс дээгүүр” болох шинэ нутаг руу аялах санаа Жаредэд төрсөн бөгөөд Их Эзэн түүнийг “өрөвдөн хайрлаж,” гуйлтыг нь биелүүлэхээ амлан, “чи надад хандан ийм удаан хугацаагаар залбиран гуйсны учир би чамд тийн үйлдэх буюу” (Ифер 1:38–43-ыг үзнэ үү) хэмээжээ. Мөн тэднийг амлагдсан нутаг руу аваачих хөлгүүд дотроо ямар харанхуй байхыг Жаредын ах ухааран ойлгоход Их Эзэн түүнийг шийдэл гарга хэмээн уриалж, ихэвчлэн бидний Түүнээс асуудаг “Намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” (Ифер 2:23) гэсэн асуултыг тавьсан. Энэ бүгдээс бид Бурханыг бүх зүйл дээр бидэнд зарлиглахыг хүлээх ёсгүй гэсэн сургамжийг авч болох юм. Бид Түүнтэй бодол санаагаа хуваалцаж болох бөгөөд Тэр сонсож, зөвшөөрч байгаагаа мэдэгддэг эсвэл зөвшөөрөхгүй бол бидэнд зөвлөдөг. Заримдаа эрэлхийлж буй адислалаас маань тусгаарладаг цорын ганц зүйл бол бидний “үл итгэх байдлын гивлүүр” байдаг бөгөөд хэрэв бид “тэрхүү гивлүүрийг тас тата[ж]” (Ифер 4:15) хаях юм бол Их Эзэн бидний төлөө юуг ч хийхэд бэлэн байдагт гайхширах болно.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Ифер 1:33–43

Би Их Эзэнд хандан чин сэтгэлээсээ залбирвал Тэр намайг өрөвдөн хайрлана.

Ифер 1:33-43 Жаредын ахын гурван залбирлын талаар өгүүлдэг. Та эдгээр залбирал тус бүрд өгсөн Их Эзэний хариултаас юу мэдэж авсан бэ? Их Эзэнд сэтгэлээ уудлан залбиран, Түүний өрөвч сэтгэлийг мэдэрч байсан тохиолдлоо бод. Та уг туршлагаа бичиж тэмдэглээд, гэрчлэлийг тань сонсох хэрэгтэй байж болох хэн нэгэнтэй хуваалцаж болно.

Ифер 2; 3:1–6; 4:7–15

Би амьдралдаа илчлэлт хүлээн авч чадна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Би та бүхнээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй хэмээн гуйж байна. … Ариун Сүнсний бэлэгтэй байж, Сүнсний дуу хоолойг илүү олон удаа, илүү тодорхой сонсоход шаардагддаг сүнслэг ажлууд хийхийг сонго” хэмээн хэлсэн (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119).

Ифер 2; 3:1–6; 4:7–15-ыг судалж байхдаа, хувийн илчлэлтийг хэрхэн эрэлхийлэхийг ойлгоход туслах ямар үнэнийг та олж мэдсэн бэ? Та Жаредын ахын асуултыг буюу асуудлыг мөн тэр тэдгээрийн талаар юу хийснийг нэг өнгөөр тэмдэглэж, харин Их Эзэн түүнд хэрхэн тусалсан мөн Өөрийн тааллыг хэрхэн мэдүүлснийг өөр өнгөөр тэмдэглэж болно. Жаредын ахын Их Эзэнтэй ярилцсан арга замын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Та өөрийн амьдралд хүлээн авах илчлэлтээ хэрхэн нэмэгдүүлэх талаар юуг үүнээс мэдэж авч болох вэ?

Ифер 2:16–25

Их Эзэн намайг өөрийн “агуу гүнийг” гатлахад бэлтгэнэ.

Амлагдсан нутагт хүрэхийн тулд жаредчуудад том саад учирсан бөгөөд энэ нь “агуу гүнийг” гатлах явдал байлаа (Ифер 2:25). “Агуу гүн” гэх үг нь заримдаа сорилт бэрхшээл бидэнд ямар санагддагийг оновчтой дүрсэлсэн байдаг. Жаредчуудын хувьд ч сорилт бэрхшээл ийм л байсан бөгөөд бид Бурханы биднийг гэсэн тааллыг гүйцэлдүүлэх цорын ганц зам бол өөрсдийн “агуу гүнийг” гатлах явдал юм. Та Ифер 2:16–25-аас өөрийнхөө амьдралтай төстэй юуг олж харсан бэ? Их Эзэн таныг сорилт бэрхшээлд тань хэрхэн бэлтгэсэн бэ? Тэр ирээдүйд танаар хийлгүүлэх хэрэгтэй зүйлдээ бэлтгэхийн тулд яг одоо танаас юуг хийгээсэй гэж хүсэж байж болох вэ?

Ифер 3

Би Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Шелем уулан дээр Жаредын ах Бурханы талаар мөн өөрийнхөө тухай ихийг олж мэдсэн. Та Ифер 3-аас Бурханы сүнслэг болон бие махбодын мөн чанарын талаар юу ойлгож мэдсэн бэ? Бурханлаг мөн чанар, чадавхаа ойлгоход эдгээр үнэн танд хэрхэн туслах вэ?

Зураг
Нэг эмэгтэй хоёр хүүхдийн хамт далайн эрэг дээр тоглож байгаа нь

Бид бүгд Бурханы хүүхэд.

Ифер 3:6–16

Жаредын ах Их Эзэнийг харсан хамгийн анхны хүн байсан уу?

Бурхан Өөрийгөө Жаредын ахаас өмнө өөр бошиглогчид харуулж байсан (жишээ нь, Мосе 7:4, 59-ийг үзнэ үү) атлаа Их Эзэн яагаад түүнд “хүмүүнд би хэзээ ч өөрийгөө үзүүлж байсан нь үгүй” Ифер 3:15) гэж хэлсэн юм бол? Ахлагч Жэффри Р.Холланд дараах тайлбарыг өгсөн. Тэр: “Христ Жаредын ахад ‘Би хэзээ ч өөрийн биеийг хүмүүнд иймэрхүү маягаар, өөрийн хүслээр бус, зөвхөн ганц гэрчийн итгэлийн учир үзүүлж байгаагүй’ гэж хэлсэн билээ’” (Christ and the New Covenant [1997], 23).

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Ифер 1:34–37

Бид эдгээр шүлгээс бусдын төлөө залбирах талаар юу мэдэж авч болох вэ? Залбирлын талаарх өөр ямар үнэнийг эдгээр шүлэг харуулдаг вэ?

Ифер 2:16–3:6

Жаредын ахын жишээ бидэнд асуудлууд болон асуултууддаа хэрхэн хариулт авах талаар юу заадаг вэ? Гэр бүлийн гишүүд Их Эзэнээс хариулт эрэлхийлж, хүлээн авч байсан туршлагаасаа хуваалцаж болно.

Ифер 4:11–12

Эдгээр шүлгийг уншаад, гэр бүлд нь нөлөөлдөг өдөр тутам хийдэг зарим зүйлээ (кино, дуу хөгжим, тоглоом эсвэл хүмүүс) цаасан дээр бичээд, саванд хийж, ээлжлэн сугалж гарган, энэ нь “[тэднийг] сайныг үйлдэхэд ятгадаг” (Ифер 4:12) эсэх талаар гэр бүлийн гишүүд ярилцаж болох юм. Танай гэр бүл ямар ямар өөрчлөлт хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?

Ифер 5

Та ямар нэг зүйл эсвэл амттанг хайрцагт нууж, гэр бүлийн нэг гишүүнд хайрцаг доторхыг харуулаад, түүнийг тайлбарлах үед бусад гишүүнээр юу болохыг нь таалгахад урь. Та нар Ифер 5-ыг хамт уншиж байхдаа, Их Эзэний хувьд Өөрийн ажилд гэрчийг ашиглах нь яагаад чухал болохыг ярилц. Бид Мормоны Номын тухай гэрчлэлээ бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Ямагт бэлэн бай. “Албан бус байдлаар заах боломж хурдан өнгөрдөг учраас ийм боломж гарч ирсэн тохиолдолд тэр даруй ашиглах нь чухал. … Жишээлбэл, хэцүү сонголт хийх болсон өсвөр насны хүүхэд хувийн илчлэлт хэрхэн хүлээн авах талаар суралцахад бэлэн байж болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 16).

Зураг
Есүс Жаредын ахын өмнө арван зургаан чулуунд хүрсэн нь

Чи үүнээс өөрийг харав уу? Маркус Алан Винсэнт