Ирээд, Намайг дага
5-р сарын 25–31. Мозая 29–Алма 4: “Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв”


“5-р сарын 25–31. Moзая 29–Aлма 4: ‘Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 25–31. Moзая 29–Aлма 4,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Залуу Алма номлож байгаа нь

Залуу Алма номлож байгаа нь, Гари Л. Капп

5-р сарын 25–31

Мозая 29–Алма 4

“Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв”

Таны заадаг хүүхдүүд ангидаа маш их зүйлийг сурч чадах хэдий ч хэрэв тэд гэртээ судраас суралцах дадлыг хэвшүүлж чадвал илүү ихийг сурах болно. Гэр орондоо сайн мэдээнээс суралцахыг хэрхэн дэмжиж, урамшуулах талаар бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг шалан дээр тойрон суухыг уриад, тэдний нэг рүү бөмбөг өнхрүүл. Саяхан гэртээ юм уу Хүүхдийн хэсэгт сайн мэдээний талаар ойлгож мэдсэн ямар нэгэн зүйлээ хуваалцахыг тэр хүүхдээс хүс. Тэгээд уг хүүхдийг бөмбөгөө өөр нэг хүүхэд рүү өнхрүүлэхэд урь. Хүүхэд бүрд хуваалцах боломж олдох хүртэл үүнийг давтаж хий.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Алма 1:2–9, 26–30

Сүмийн гишүүний хувьд би бусдыг хайрлаж, бусдад үйлчлэх ёстой.

Та хүүхдүүдэд Нихорын заасан зүйлсийн талаар тийм ч их зүйл ярихгүй байхаар сонгож болох юм. Гэхдээ бид баян, нэр хүндтэй болохын төлөө биш, харин бусдад хайртай учраас Сүмд үйлчилдэг гэдгийг мэдэх нь тэдэнд тустай байж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй Алма, Нихор хоёрын түүхийг энгийн үгээр хуваалц (Aлма 1; “20-р бүлэг: Алма, Нихор хоёр,” Мормоны Номын түүхүүд, 54–55 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Хэдийгээр Нихорыг дагагчид Сүмийн гишүүдэд муу хандаж байсан ч Сүмийн гишүүдийн олон нь найрсаг байж, хайраа үзүүлж байсан гэдгийг онцол.

  • Хүүхдүүдэд Aлма 1:30-ийг уншиж өгөөд, Сүмийн хүмүүс өөрсдөдөө байгаа зүйлийг хэрэгцээтэй байсан хүмүүстэй хуваалцсан гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал. Хүүхдүүдэд хуваалцаж болох зүйлсийг бодон, тэдгээрийг хэнтэй хуваалцах талаар бодоход нь тусал. Хүүхдүүдийг өөрсдийн төлөвлөгөөний зургийг зурахад урамшуул.

  • Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) зэрэг хайр, үйлчлэлийн тухай дууг хамтдаа дуулж, уг дуунд тохирох хөдөлгөөн бодож олоход хүүхдүүдэд тусал.

Aлма 2:28–30

Бурхан миний залбирлуудад хариулах болно.

Алма болон нифайчууд “үлэмж айсан” (Aлма 2:23) үедээ тусламж хүсэн залбирч мөн хүчирхэгжсэн юм. Хүүхдүүдэд тэдний жишээнээс суралцахад нь тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ирээд, Намайг Дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав номын энэ долоо хоногийн тойм дахь юм уу “21-р бүлэг: Амлисайчууд” (Мормоны Номын түүхүүд, 56–57 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг) дахь зургуудыг ашиглан, амлисайчуудыг дийлэх хүчийг нифайчууд хэрхэн олж авсан тухай хүүхдүүдэд ярьж өг. Хүүхдүүдийн хувьд айдас хүргэдэг, хэцүү байж болох зүйлсийн талаар асууж, тэд эдгээр зүйл дээр тусламж авахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно гэдгийг гэрчил.

  • Таныг Бурханд хандан залбирсны дараа Тэр танд тусалсан тухай туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдийг залбиралтай холбоотой олж авсан туршлагаасаа хуваалцахад урь.

Алма 4:19

Миний гэрчлэл бусдыг хүчирхэгжүүлж чадна.

Хүүхдийн “шударга гэрчлэл” (Алма 4:19) бусдад хүчтэй нөлөө үзүүлэх нь олонтоо. Та гэрчлэлээ хуваалцах арга замыг олоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Судраас Aлма 4:19-ийг нээн, Алма хүмүүсийн ёсон бус байгааг хараад, тэдэнд туслах хамгийн сайн арга зам нь “шударга гэрчлэлээ” хуваалцах явдал хэмээн шийдсэн гэдгийг тайлбарла. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, гэрчлэл гэж юу болох мөн үүнд юу багтдаг болохыг хүүхдүүдэд заа. Тэднийг гэрчлэлээ хуваалцахад урамшуул.

  • Шилэн саванд цэвэр ус хийгээд, бид усыг бусадтай хуваалцаж болох учраас энэ нь бидний гэрчлэлтэй адил гэдгийг тайлбарла. Устай савнаасаа хүүхэд бүрд жижигхэн аягануудад хийж өгөөд, бид гэрчлэлээ хуваалцах үедээ бусдын гэрчлэлийг хүчтэй болоход тусалдаг гэдгийг хэлж өг.

  • Хэрвээ хүүхдүүдийг хүсвэл гэрчлэлээ хуваалцах дадлага хийх боломжийг тэдэнд олго. Сайн мэдээ үнэн гэдгийг мэддэгээ үйлдлээрээ харуулах гэх мэт хэд хэдэн арга замыг санал болго.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 1:2–9

Би худал сургаалыг ялган таньж чадна.

Бид амьдралынхаа хэзээ нэгэн цаг үед Нихорын адил хүмүүстэй буюу сайхан сонсогдож байгаа ч гэсэн худлаа, аюултай захиасаар биднийг хуурахыг хичээдэг хүмүүстэй тулгардаг. Aлма 1:2–9 дэх түүхийг хуваалцах нь амьдралдаа тиймэрхүү зүйлтэй тулгарахад бэлтгэхэд нь хүүхдүүдэд тусалж болох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хуурамч багш Нихорын заасан зарим зүйлийг авч үзэхээр Aлма 1:2–4-ийг уншихад хүүхдүүдэд тусал. Эдгээр шүлгэн дээрх мэдэгдлийг ашиглан үнэн, худал гэсэн хариултын сонголттой асуултуудыг зохиоход тэдэнд тусал. Яагаад Сатан заримдаа үнэнийг худалтай хольж хутгадаг вэ? Хэд хэдэн жишээ бодож олоход нь хүүхдүүдэд тусал.

  • Aлма 1:2–9-ийг хамтдаа давтсаны дараа, хүүхэд бүрээс дараах судруудын нэгийг уншихыг хүс. Үүнд: Матай 7:21–23; 2 Нифай 26:29–31; Мозая 18:24–26 ба Хиламан 12:23–26. Эдгээр судар Нихорын зааврыг хэрхэн үгүйсгэж байна вэ? Бид сайн мэдээний талаарх гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд судруудыг хэрхэн ашиглаж болох вэ?

Aлма 1:26–30; 4:6–13

Сүмийн гишүүний хувьд би бусдыг хайрлаж, бусдад үйлчлэх ёстой.

Алмагийн өдрүүдэд Сүмийн гишүүд заримдаа өгөөмөр байж, бусадтай хуваалцаж байсан бол бусад үед найрсаг биш, бардам байсан. Заадаг хүүхдүүддээ тэдний туршлагаас суралцахад нь тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Aлма 4:6–13-ыг уншихад туслан, “тохуурхах,” “хавчих,” “гадуурхах” зэрэг үгсийг тодорхойл (шаардлагатай бол толь бичиг ашигла). Хүмүүсийг иймэрхүү байдлаар хандахад бидэнд ямар санагддаг вэ? Тэнгэрлэг Эцэгийн бидний нэг нэгэндээ хэрхэн хандаасай хэмээн хүсдгийг харуулж байгаа үгсийг Aлма 1:26–30-аас олоход хүүхдүүдийг урь.

  • Хүүхдүүдээс Aлма 1:27, 30-ийг уншиж, Сүмийн гишүүд ямархуу маягийн хүмүүст тусалсан талаар жагсаалт гаргахыг хүс. Хөрш зэргэлдээ амьдардаг эсвэл сургууль дээр нь тэдний хайр халамж болон тусламжаар “гачигдаж [байж]” (Aлма 1:30) болох хэн нэгний талаар бодоход хүүхдүүдийг урь. Энэ зарчмыг бататгахын тулд “Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78–79) зэрэг найрсаг байдлын тухай дууг хамтдаа дуул.

Алма 4:8–20

Миний гэрчлэл бусдыг хүчирхэгжүүлж чадна.

Алма гэрчлэлээ хуваалцаж, хүмүүст наманчлахад нь туслахад илүү их цаг зориулахын тулд ерөнхий шүүгчийн албан тушаалаа шилжүүлэн өгсөн. Түүний жишээ хүүхдүүдийг гэрчлэлээ илүү их хуваалцдаг байхад нь урамшуулж болох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Aлма 4:8–12, 15-ыг уншин, эдгээр шүлэгт дүрсэлсэнчлэн Сүмд гарч байсан асуудлуудыг олж тодорхойлохыг тэднээс хүс. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Алмагийн хийж болох зарим зүйлийг санал болгоход хүүхдүүдийг урь. Алмагийн юу хийхээр шийдсэнийг олж мэдэхэд нь тэдэнд туслахын тулд Aлма 4:16–20-ийг ашигла. Гэрчлэл яагаад үнэхээр хүчтэй байдаг вэ?

  • Гэрчлэл гэж юу болох, үүнд юу багтдаг болохыг ойлгоход нь хүүхдүүдэд туслахын тулд “Apostle Testimony Montage” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж; “Testimony” (Hymns, д. 137) гэх зэрэг ийм сэдэвтэй дууг дуулж эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашигла. Эдгээр эх сурвалжаас гэрчлэлийн тухай ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдэд ирэх долоо хоногт гэрчлэлээ хуваалцаж болох хэн нэгний талаар бодоход тусал. Тэднийг зорилгодоо хүрэхэд нь туслах төлөвлөгөө бичихэд урамшуулан дэмж.

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэхэд урьдаг асуултууд тавь. “Суралцагчдад зааж буй зарчмуудын талаарх гэрчлэлээ хуваалцахад урих асуултуудыг тавих нь Сүнсийг урих хүчтэй арга зам байж болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 32). Хүүхдүүдийг гэрчлэлээ хуваалцахад урихын тулд Аврагч юм уу Түүний сайн мэдээний талаар бодуулах, ямар санагддагийг нь хуваалцахад хүргэх асуултуудыг тавь. Та тэднээс залбирал, үйлчлэл, баптисм гэх мэт ёслолууд юм уу Ариун Сүнсний нөлөөг мэдрэх зэрэгтэй холбоотой туршлагуудынх нь талаар асууж болох юм.