Ирээд, Намайг дага
8-р сарын 10–16. Алма 53–63: “Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн”


“8-р сарын 10–16. Aлма 53–63: ‘Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 10–16. Aлма 53–63,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Хоёр мянган залуу дайчин

Арнольд Фрайбэрг, Хоёр мянган залуу дайчин

8-р сарын 10–16

Алма 53–63

“Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн”

Та Алма 53–63-ыг уншиж байхдаа, эдгээр бүлэг дэх түүхүүдийг хүүхдүүдэд зориулан хэрхэн амилуулах мөн түүхүүдийн заадаг сайн мэдээний зарчмуудыг ойлгож мэдэхэд нь хэрхэн тусалж болох талаар бод.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг Алма 53–63-аас суралцахад бэлдэхийн тулд Антай-Нифай-Лихайчуудын талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад урь (Алма 23–24-ийг үзнэ үү). Тухайн түүхийг заахдаа ашигласан зургаа үзүүлэх эсвэл ангид хийсэн үйл ажиллагааг нь сануулах зэргээр тэдэнд тусал.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Алма 53:20–21; 56:27, 47–48

Би залуу дайчдын адил Бурханд итгэлтэй байж чадна.

Хиламаны залуу дайчид ангийн тань хүүхдүүдэд сайн үлгэр жишээ болж чадна. Хүүхдүүдийг тэдэнтэй адилхан болохоор хичээхэд урамшуулан дэмж.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хиламаны залуу дайчдын тухай түүхийг товч хураангуйлан ярихдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг авч барихад нэг хүүхдийг урь. Та мөн “34-р бүлэг: Хиламан ба хоёр мянган залуу дайчин” (Мормоны Номын түүхүүд, 93–94 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. Хоёр мянган залуу дайчны түүхийн талаар мэддэг болон дуртай зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.

  • Охин, хүү хоёрыг залуу дайчдын эцэг, эхийг төлөөлөхөд урь. Алма 56:27 болон 47–48-ыг уншиж байхдаа, эцгүүдийнх нь илгээсэн “хүнсний нөөцийг” төлөөлсөн хоол ундтай уут мөн эхчүүдийнх нь заасан зүйлсийг төлөөлсөн судрууд гэх мэт эцэг эх нь хэрхэн дайчдад тусалсныг төлөөлсөн эд зүйлсийг уг хүүхдүүдэд бариул. Эцэг эхийнх нь тэдэнд өгсөн эсвэл заасан зүйлийн талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

  • Aлма 53:20–21-ийг уншаад, зориг, хүч чадал, эрч хүч болон үнэнч гэсэн үгс ямар утгатай болохыг ойлгоход хүүхдүүдэд тусал. Залуу дайчид эдгээр зан чанарыг хэрхэн харуулсныг дүрсэл. Хүүхдүүдэд зориулан “Би байхдаа, залуу дайчидтай адилхан байдаг!” гэж бичсэн энгийн нэрийн тэмдэг хий. Алма 53:20–21-ээс сонгосон зан чанараа хоосон зайд бичиж бөглөхөд хүүхдүүдэд тусал.

  • Хүүхдүүдийг энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж дуусгахад урь. Хиламаны цэргүүдтэй адилхан байх арга замуудыг бодоход тэдэнд тусал. “Бид Түүний үнэнийг дэлхийд авчирна” (Хүүхдийн дууны ном, 92–93) дууг хамтдаа дуул.

Алма 58:32–41

Би санаа зовсон үедээ Бурханд итгэж чадна.

Хиламан өөрөө төдийгүй өөрийнхөө дайчдыг хүнд байдалтай тулгарах үед Их Эзэнд итгэж найдсан. Таны заадаг хүүхдүүд түүний үлгэр жишээнээс юу мэдэж авч болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт урвайж байгаа царай зураад, цэргүүдэд нь тулалдахад хэрэгтэй хоол хүнс, хангалттай хүн хүч байхгүй байсанд Хиламан санаа зовж байсан талаар ярь (Алма 58:32–41-ийг үзнэ үү). Санаа зовж байсан үеийнхээ тухай хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Алма 58:37-г уншаад (эсвэл хүүхдэд уншихад нь тусал), Бурханд итгэж байсан тул Хиламанд ямар мэдрэмж төрж байсныг харуулахаар самбар дахь царайг инээмсэглэж байгаа царайгаар солиход нь хүүхдүүдэд тусал. Бид санаа зовж байгаа үедээ юу хийж болох вэ? “Инээмсэглээрэй” дууг хамтдаа дуул (Хүүхдийн дууны ном, 128).

  • Хүүхдийн санааг зовоож байж болох хэдэн зүйлийг цаасан дээр бич. Та өөрийн унших цаасыг хүүхдүүдээр сонгуулаад, санааг зовоодог эдгээр зүйл тутамд Бурхан хэрхэн тусалж болох талаар хуваалцахад тэднийг урь. Бурхан санааг тань зовоож байсан асуудалд тусалж байсан туршлагаасаа хуваалц.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 56:45–48; 57:21, 25–27; 58:39–40

Би залуу дайчдын адил Бурханд итгэлтэй байж чадна.

Хиламаны залуу дайчдын түүхийн ямар үнэн хүүхдүүдэд тулгарч буй асуудалд тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Залуу дайчдын талаар мэддэг зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Та мөн “34-р бүлэг: Хиламан ба хоёр мянган залуу дайчин” (Мормоны Номын түүхүүд, 93–94 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. Залуу дайчдын талаар бахархдаг зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.

  • Алма 56:45–48; 57:21, 25–27 болон 58:39–40-ийг хамтдаа унш. Эдгээр шүлгээс залуу дайчдыг дүрсэлсэн үг, хэллэгийг олоход хүүхдүүдийг урь. Эдгээр үг, хэллэг ямар утгатай вэ? Бид хэрхэн залуу дайчидтай адил байж чадах вэ?

  • Aлма 56: 46–48-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, залуу дайчдын эхчүүд хүүхдүүддээ итгэлийн талаар юу гэж заасныг олж сонсоход тэднийг урь. Өнөө үед эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэлтэй байхад нь хэрхэн тусалдаг вэ? Яагаад хүүхдүүдийн хувьд эцэг эх, Сүмийн удирдагчдынхаа зөв шударга зааврыг “яг таг гүйцэтгэх” нь чухал вэ? (Aлма 57:21).

Зураг
Эх хүн хүүдээ зааж байгаа нь

Жэй Ворд, Итгэлийн үр

Алма 53:10–17; 56:27

Би гэрээгээ сахиж чадна.

Залуу дайчид болон тэдний эцэг эх бүрэн итгэлтэйгээр дагах гэрээг байгуулсан. Та энэ түүхийг гэрээний ач холбогдлын талаар хүүхдүүдэд заахад ашиглаж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг гурван бүлэг болгон хуваарил. Эхний бүлгээр Хиламаныг, хоёр дахь бүлгээр Аммоны хүмүүсийг, харин гурав дахиар нь Аммоны хүмүүсийн хөвгүүдийг төлөөлүүл. Aлма 53:10–17-г хамтдаа уншаад, өөрсдийнх нь төлөөлж буй хүмүүс хэрхэн гэрээ байгуулж, сахисан талаар хуваалцах боломж олго. Тэнгэрлэг Эцэг биднийг гэрээгээ сахихад адисалдаг тухай гэрчлэлээ хуваалц.

  • Мозая 18:8–10 эсвэл Сургаал ба Гэрээ 20:37-оос баптисм хүртэхдээ гэрээлдэг зүйлсийг дүрсэлсэн хэдэн үгсийг самбарт бичнэ үү. Мөн гэрээнүүдтэй холбоогүй хэдэн үгс бич. Бидний хийнэ хэмээн гэрээлсэн зүйлсийг дугуйлахыг хүүхдүүдээс хүс (хэрэгтэй бол тэдэнд судар ашиглах боломж олго). Бид гэрээгээ сахиснаар хэрхэн адислагддаг вэ? Юу хийнэ хэмээн Бурхантай гэрээ байгуулснаа бичээд, уг жагсаалтаа ил харагдах газар тавихад хүүхдүүдийг урамшуул.

  • Нэг хүүхдийг Алма 56:27-г уншихад урь. Тэдний эцгүүд тулалдахгүй гэсэн амлалтаа зөрчилгүйгээр хэрхэн хөвгүүддээ тусалсан бэ? Хэн бидэнд гэрээгээ сахихад дэмжиж тусалдаг вэ?

Алма 61:3–14

Би уурлахгүй байх сонголтыг хийж чадна.

Моронай Пахораныг буруутгасан ч Пахоран уурлахын оронд “Би … харин сэтгэлийн чинь агуу ихэд баясна” (Алма 61:9) хэмээн хэлсэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хийгээгүй ямар нэгэн зүйлийг хийсэн гэж буруутгагдаж байсан үеийнхээ талаар бодоход хүүхдүүдийг урь. Ийм зүйл Пахоранд хэрхэн тулгарсан болохыг тэдэнд ярьж өг (Алма 60–61-ийг үзнэ үү). Та “35-р бүлэг: Ахмад Моронай ба Пахоран” (Мормоны Номын түүхүүд, 95–97 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ыг ашиглаж болно. Пахоран хэрхэн хариулсныг олж мэдэхийн тулд Алма 61:3–14-ийг ээлжлэн унш. Моронай Пахораныг буруутгахад тэр юу хийсэн бэ? Бид Пахораны жишээнээс уучилж өршөөх талаар юу суралцаж болох вэ? Бид хэрхэн түүнтэй адил байж чадах вэ?

  • Самбарт “Хэн нэгэн надад уурлах юм бол би юу хийвэл зохих вэ?” гэж бич. Хүүхдүүдийг зарим хариултаа ээлжлэн самбарт бичихэд урь. Пахоран энэ асуултад хэрхэн хариулах байсан бэ? Хэн нэгнийг тэдэнд уурлах үед унших зорилгоор тэдгээр хариултыг өөртөө хандаж бичих захиандаа бичихийг хүүхдүүдээс хүс.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Залуу дайчидтай адилхан болохыг хүсэж байгаа нэг арга замаа гэрийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урамшуулан дэмж. Тэд мөн залуу дайчдын эхчүүдийн адил зааж сургасанд нь эцэг, эхдээ талархаж болно.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг сайн мэдээний талаарх ярианд татан оролцуул. Ангийн орчинг өөрчлөх нь заримдаа сайн мэдээний талаарх ярианд илүү сайн оролцоход тусалдаг. Жишээлбэл, зарим тохиолдолд та хүүхдүүдийг сандал дээр биш, харин шалан дээр тойрч суухад урьж болно.