Ирээд, Намайг дага
11-р сарын 2–8. Мормон 7–9: “Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна”


“11-р сарын 2–8. Мормон 7–9: ‘Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 2–8. Moзая 7–9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Дэйл Килборн, Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

11-р сарын 2–8

Мормон 7–9

“Та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна”

Та Мормон 7–9-ийг уншиж байхдаа, заадаг хүүхдүүдээ юуг мэдээсэй гэж хамгийн их хүсэж байгаагаа бодож үз. Тэдний амьдралыг адисална гэж үзэж байгаа үнэнийг заахаар төлөвлө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Мормоны Номын хувийг дамжуул. Номыг гартаа барих ээлж нь болоход уг номоос ойлгож мэдсэн нэг зүйлээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэдэнд тусламж хэрэгтэй бол ангидаа сүүлийн үед сурсан зүйлсээс нь сануул.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Мормон 7:8–10

Мормоны Ном, Библи хоёр хоёулаа Есүс Христийг гэрчилдэг.

Мормоны Ном бидэнд Библид итгэхэд туслахын тулд бичигдсэн ба Библид итгэдэг бүхэн Мормоны Номд итгэх болно гэж Мормон заасан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Мормоны Номын нүүр хуудсыг харуулаад, гарчгийг уншиж байхдаа бас нэгэн гэсэн үгийг онцол. Есүсийн талаар бидэнд заадаг өөр судрын номуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Библид Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ гэсэн хоёр ном байдгийг үзүүл. Таныг Библи рүү заахад “Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ” гэж, харин Мормоны Ном руу заахад “Бас нэгэн Гэрээ” гэж хэлэхэд хүүхдүүдэд тусал.

  • Библи, Мормоны Ном хоёроос гадна дэлхийн газрын зургийг эсвэл энэ тоймын үйл ажиллагааны хуудсыг үзүүлнэ үү. Эдгээрийг Библи бол Иерусалимд болон Иерусалимын эргэн тойрны газарт заасан Есүсийн сургаалын цэдэг, харин Мормоны Ном бол Америк тивд заасан Түүний сургаалын цэдэг гэдгийг хүүхдүүдэд заахад ашигла.

  • Есүсийн төрөлт, нас баралт, Амилалт гэх мэт Библи, Мормоны Ном хоёрын аль аль нь гэрчилдэг хэд хэдэн үйл явдал, үнэнийг сонго. Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас эдгээр үйл явдал, үнэнийг харуулсан хэдэн зураг үзүүл. Зурган дээрээс харж байгаа зүйлээ дүрслэн хэлэхийг хүүхдүүдээс хүсээд, Библи, Мормоны Ном хоёр хоёулаа эдгээр зүйлийн талаар заадгийг хэл.

Мормон 8:3

Би ганцаараа байсан ч зөвийг сонгож чадна.

Моронай хамгийн сүүлчийн зөв шударга нифай хүн байсан ч гэрчлэлдээ үнэнч хэвээр үлдсэн. Түүний жишээнээс суралцахад нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормон 8:3-ыг уншаад, Моронай ганцаархнаа байсан ч зарлигуудыг, тэр тусмаа Мормоны Номыг дуусга гэсэн зарлигийг сахиж байсныг онцол. Та ганцаардаж байсан ч үнэнч хэвээр байж чадсан үеийнхээ тухай хуваалцана уу.

  • Моронайн жишээг авч ярилцсаныхаа дараа, хэн ч харахгүй байсан ч зөвийг сонгох эсэхээ шийдэх хэрэгтэй зарим жишээг хүүхдүүдтэй хуваалц. Моронай юу хийх байсан бэ?

  • Хүүхдүүдтэй хамт зөвийг сонгох тухай “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81) гэх мэт дууг дуул. Ганцаараа байх үедээ ч гэсэн зөвийг сонгох нь яагаад чухал вэ?

Мормон 9:7–21

Бурхан бол “гайхамшгийн Бурхан.”

Гайхамшгууд нь Бурханы ажилд чухал бөгөөд хүмүүс нь итгэлтэй байхад Тэрээр гайхамшгийг үйлддэг болохыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Гайхамшиг бол Бурхан Өөрийн хүчийг харуулж, бидний амьдралыг адислахын тулд хийдэг зүйл гэдгийг тайлбарла (Bible Dictionary, “Miracles”-ийг үзнэ үү). Мормон 9:11–13, 17-оос Бурханы зарим гайхамшгийг дүрсэлсэн үг, хэллэгийг уншина уу. Судруудаас олж болох өөр бусад гайхамшгийн талаар бодоход хүүхдүүдэд тусал (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 26, 40, 4183 гэх мэт зургууд тусалж болно). Бурхан эрт дээр үед гайхамшгийг үйлддэг байсан ба өнөө үед ч үйлдсээр байгаа талаар гэрчил.

  • Өнөө үед Сүмд эсвэл өөрийн амьдралд харсан гайхамшгаасаа хуваалц. Та Бурхан бол “гайхамшгийн Бурхан” талаар гэрчлэлээ хуваалц (Мормон 9:11).

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Мормон 7:8–10

Мормоны Ном, Библи хоёр хоёулаа Есүс Христийг гэрчилдэг.

Мормон “[Христийн сайн мэдээ] [бидний] өмнө тавигдах [болно]” гэдгийг Библи, Мормоны Ном хоёрын аль алинд заасан. Та эдгээр ариун ном хоёулаа бидэнд чухал гэдгийг хүүхдүүдэд хэрхэн заахаа бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормон 7:9-ийг самбарт бичихдээ үүнд, түүнд гэсэн үгсийн зайг хоосон орхи. Мөн самбарт үүнд = Мормоны Ном мөн түүнд = Библи гэж бич. Мормон 7:9-ийг чанга уншаад, хоосон орхисон зайг самбар дахь үгээр нөхөж хэлэхэд хүүхдүүдийг урь. Бид энэ шүлгээс Библи, Мормоны Ном хоёрын талаар юу мэдэж авч болох вэ?

  • Мормоны Номыг болон Библийг үзүүл. Ном бүрээс хэдэн түүх хуваалцаж, зургууд байвал үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулгыг үзнэ үү). Уг түүхийг цэдэглэсэн ном руу заахад хүүхдүүдийг урь. Бидэнд яагаад хоёр ном хоёулаа хэрэгтэй вэ?

  • Итгэлийн найм дахь тунхгийн үг бүрийг тус тусад нь цаасан дээр бич. Хүүхэд бүрд нэг эсвэл хоёр үг өгөөд, хүүхдүүдийг хамтдаа ажиллаж, үгсийг зөв дэс дарааллаар байрлуулахад урь. Дараа нь итгэлийн тунхгийг хэд хэд давтаж уншихыг тэднээс хүс. Энэ нь бидэнд юу зааж байна вэ?

    Зураг
    Мормоны Номын өөр өөр хэл дээрх хувиуд

    Мормоны Ном Есүс Христийн тухай гэрчилдэг.

Мормон 8:1–7

Би ганцаараа байсан ч зөвийг сонгож чадна.

Эцэг нь нас барсан ч Моронай “эцгийнхээ зарлигийг биелүүл[эхийг]” хичээж байсан явдал Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахад хүүхдүүдийг өдөөж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Мормон 8:1–7-г хүүхдүүдтэй хамт уншаад, Моронайн оронд байсан бол ямар байх байснаа хуваалцахад тэднийг урина уу. Тэднээс 1, 3 болон 4-р шүлгийг дахин уншаад, Моронайд юуг хий хэмээн зарлигласныг олж мэдэхийг хүс. Моронай хэрхэн “эцгийнхээ зарлигийг биелүүл[сэн]” бэ? Бид Моронайтай хэр адилхан байж чадах вэ?

  • Хэнийг ч хараагүй байхад зөв эсвэл бурууг сонгох хэрэгтэй болдог нэгэн нөхцөл байдлыг бичихэд хүүхэд бүрийг урь. Бичсэн санаануудыг нь саван дотор хийгээд, хүүхдүүдээр ээлжлэн сонгуулж, Моронайтай адил байхын тулд юу хийхийг нь хуваалцуул.

Мормон 8:24–26; 9:7–26

Бурхан бол “гайхамшгийн Бурхан.”

Өнөө үед гайхамшиг болсоор байгаад итгэдэггүй олон хүн бий. Итгэлтэй байвал Бурханы гайхамшиг бидний амьдралд тохиож байгааг харах болно гэдгийг хүүхдүүдэд заахдаа эдгээр шүлэг дэх Моронайн заавруудыг ашигла.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд хоолны жор харуул. Хэрэв бид чухал орцыг нь орхигдуулах юм бол юу болох вэ? Бурханыг гайхамшгийг үйлдэхийн өмнө бидэнд байх шаардлагатай “орцыг” Mормон 8:24 болон 9:20–21-ээс олоход хүүхдүүдийг урь. Сүмд болон амьдралдаа харж байсан том, жижиг гайхамшгуудын жишээнүүдийг хуваалц. Хүүхдүүдийг өөрсдийн туршлагаас хуваалцахад урь.

  • Хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваарил. Бүлэг бүрийг Мормон 8:24; 9:11–13, 16–18, 21–25 дахь зарим эсвэл бүх судар дахь гайхамшгийн жишээг олж мэдэхэд урь. Гайхамшиг тохиохоо больсон гэж боддог хүнд бид юу гэж хэлж болох вэ? (Мормон 9:9, 15–21-ийг үзнэ үү).

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Суралцагчдыг гэр бүлийн гишүүдээсээ гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн гайхамшгаа дүрслэн хэлэхийг хүсэхэд урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд Сүнсний нөлөөг таньж мэддэг. Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний тухай ярьж, дуулах үед мэдрэгддэг амар амгалан, хайр энэрэл, халуун дулаан мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг гэдгийг хүүхдүүдэд заа (Аврагчийн арга барилаар заах нь, 11-ийг үзнэ үү).