Ирээд, Намайг дага
11-р сарын 16–22. Ифер 6–11: “Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд”


“11-р сарын 16–22. Ифер 6–11: ‘Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 16–22. Ифер 6–11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Жаредчуудын усан онгоц тэнгист

Жонатан Артур Кларк, Би та нарыг далайн гүнээс дахин гаргаж ирэх болно

11-р сарын 16–22

Ифер 6–11

“Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд”

Энэхүү тоймд орсон санаанууд дагах ёстой удирдамж биш юм. Эдгээр нь таны бүтээлч сэтгэлгээг өдөөж, сүнсний өдөөлтийг урин авчрах зориулалттай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Жаредчууд далайг хэрхэн гаталсан талаар ойлгож мэдсэн зүйлээ эргэн санахад нь хүүхдүүдэд туслахын тул та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургуудыг үзүүл. Тэдэнд мэддэг зүйлээ ээлжлэн хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Ифер 6:2–12

Намайг айх үед Тэнгэрлэг Эцэг тайтгаруулж чадна.

Жаредчуудад “салхины өмнө далайн давалгаанд шидэгдэн ява[х]” (Ифер 6:5) аймшигтай байсан нь гарцаагүй. Гэхдээ Их Эзэн тэднийг хамгаалж, тэдэнд тусалсан. Та айсан үедээ Их Эзэнд хандахад хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ифер 6:2–12 дахь үг, хэллэгийг ашиглан, жаредчууд далайг хэрхэн гаталсан болохыг дүрслэн ярьж өг. Хүүхдүүдийг усан онгоц руу авирч ороход усан онгоц нь хөдөлж, далайн давалгаанд автаж байна гэж төсөөлөн бодоход урь. Ширүүн давалгаатай усанд жинхэнэ усан онгоцоор явбал ямар санагдах вэ? Бид айсан үедээ юу хийж болох вэ? 7 болон 9-р шүлгийг хамтдаа уншаад, жаредчууд айсан үедээ юу хийж байсныг олж мэд.

  • Айсан үед тань Тэнгэрлэг Эцэг тайтгаруулж байсан үеийн тухай ярь. “Их Эзэнд [тусалсанд нь] талархан мөн магта[хад]” (Ифер 6:9) туслах дуулал эсвэл дууг хүүхдүүдтэй хуваалц. Хүүхдийн хэсгийн дуртай дуугаа дуулж, заримыг нь хамтдаа дуулах боломжийг хүүхдүүдэд олго.

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, цаасан усан онгоц хийхэд хүүхдүүдэд тусал. Жаредчууд усаар хүрээлэгдсэн байсан ч усан онгоц тэднийг хамгаалж байсан гэдгийг тайлбарла (Ифер 6:7, 10-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг Өөр рүү нь буцаж очихоор аялах үед биднийг хамгаалахын тулд бидэнд юу өгсөн бэ?

Ифер 6:9, 12, 30; 7:27; 10:2

Би талархалтай байж чадна.

Амлагдсан нутагт аюулгүй ирснийхээ дараа жаредчууд баярласандаа “баяр хөөрийн нулимс дуслуулсан” (Ифер 6:12). Та заадаг хүүхдүүддээ талархлын сүнсийг хэрхэн бадрааж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Жаредчууд амлагдсан нутагт ирэхэд нь тусалсан Их Эзэнд талархлаа хэрхэн харуулсан талаар заахын тулд Ифер 6:9 болон 12 дээрх зарим хэсгийг хүүхдүүдэд уншиж өгнө үү. Талархаж буй зарим зүйлээ нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Жаредчуудын адил талархаж, “Хайрт Эцэг минь Тандаа талархъя” (Хүүхдийн дууны ном, 9) гэх мэт талархаж байгаагаа илэрхийлсэн дууг хүүхдүүдтэй хамт дуул.

  • Жаредчууд олон жил өнгөрсний дараа ч гэсэн Их Эзэн тэдний өвөг дээдэст далайг гатлахад нь хэрхэн тусалсныг санаж байсан гэдгийг харуулахын тулд Ифер 10:2-ыг хүүхдүүдэд уншиж өгнө үү. Их Эзэн тэднийг адисалж байсан арга замуудын талаар бодоход хүүхдүүдэд тусал. Дараа нь өөрсдөдөө тэдгээр адислалыг сануулахын тулд зураг зурах боломж олго (эсвэл Сүмийн сэтгүүлээс авсан зургуудаас сонгоход нь тэдэнд тусал).

Ифер 7:24–27

Би бошиглогчийг дагах үедээ адислагдана.

Жаредчууд бошиглогчдыг дагаснаар адислагдаж, харин бошиглогчдоос татгалзах үед амьдрал нь хүнд хэцүү болж байсныг Иферийн номд тодорхой харуулсан байдаг. Бидний хувьд ч гэсэн адил гэдгийг олж харахад нь хүүхдүүдэд туслах арга замыг бод.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, түүний тухай юу мэдэхийг хүүхдүүдээс асуу. Бошиглогч юу хийдэг вэ? Жаредчууд бас бошиглогчтой байсан ба бошиглогчийг дагах болгондоо адислагдаж, аз жаргалтай байсан гэдгийг тайлбарла (Ифер 7:24–27-г үзнэ үү). Бид бошиглогчийг хэрхэн дагаж чадах вэ?

  • Бошиглогчийг дага” гэх мэт бошиглогчдын тухай дууг дуул (Хүүхдийн дууны ном, 58–59 эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 4–27, 67–87-г үзнэ үү). Бошиглогчдын бидэнд хийхийг заасан зүйлсийн талаар хүүхдүүдтэй ярилцаад (жишээлбэл, судруудаа өдөр бүр унших, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих эсвэл бусдад үйлчлэх), “Бошиглогчийг дага!” гэж таныг хэлэхэд уг зөвлөгөөг дагаж байгаа дүр үзүүлэхэд тэднийг урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Ифер 6:2–12

Тэнгэрлэг Эцэг намайг мөнх амьдрал руу хөтөлнө гэдэгт би найдаж чадна.

Жаредчуудын далайг гаталсан аяллын түүхийг бид өөрсдийн мөнх бус амьдралын аялалтай зүйрлэж болно. Энэ хоёр аяллын аль аль нь зарим үед аюултай бөгөөд Их Эзэн биднийг удирдаж, хамгаална гэдэгт итгэлтэй байхыг шаарддаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ифер 6:2–12-ыг хамт уншаад, хүүхдүүдэд уншиж байгаа зүйлээ зурах боломж олгохын тулд үе үе зогс. Жаредчуудын аялал бидний амьдралтай хэрхэн адилхан бэ? Зургийн ямар ямар хэсэг бидний амьдралын юу юуг төлөөлж болохыг тодорхойлж, нэрлэхэд хүүхдүүдэд тусал. Жишээлбэл, жаредчууд биднийг төлөөлж болно. Усан онгоцнууд гэр орон, Сүм эсвэл сайн мэдээг төлөөлж болно. Салхи, ус, гэрэлтдэг чулуунууд, амлагдсан нутаг юуг төлөөлж болох вэ?

  • Жаредчууд Бурханд хэрхэн найдаж байсныг харуулсан үг, хэллэгийг Ифер 6:2–12-оос олж мэдэхэд хүүхдүүдэд тусал. Бурханд найдах нь амьдралын хүнд хэцүү үед танд хэрхэн тусалж байсан жишээнүүдээс хуваалц. Хүүхдүүдийг өөрсдөдөө тохиолдсон ижил төстэй туршлагаа хуваалцахад урамшуул.

    Зураг
    Жаредчууд амьтадтай аялж байгаа нь

    Минэрва К.Тэйчэрт, Жаредчууд Азийг хөндлөн гулд аялсан нь

Ифер 6:30; 7:27; 10:2

Их Эзэний надад зориулан хийсэн зүйлийг санах нь амар амгаланг авчирдаг.

Жаредчуудын зөв шударга хаадыг ёсон бус хаадаас ялгаж байсан нэг зүйл бол тэд “Их Эзэн[ий] хийсэн агуу зүйлийг сана[даг]” (Ифер 7:27) байсан явдал юм. Та Их Эзэний тэдний төлөө хийсэн зүйлийг санахад нь хүүхдүүдийг хэрхэн урамшуулж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ифер 6:30; 7:27; 10:2-ыг ганцаараа эсвэл жижиг бүлгээрээ уншаад, эдгээр шүлэг өөр хоорондоо юугаараа адилхан байгааг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. Их Эзэн таны төлөө юу хийсэн талаарх мэдрэмжээ хуваалцаад, хүүхдүүдийг мөн адил хуваалцахад урь.

  • Их Эзэн таныг болон таны гэр бүлийг адисалсан арга замуудыг хэрхэн санахыг хичээдгээ хүүхдүүдтэй хуваалц. Их Эзэний өөрсдийнх нь төлөө хийсэн зүйлийг санах арга замуудыг бодож олоход хүүхдүүдэд тусал. Хүүхэд бүрд цаас өгөөд, Түүний тэдний төлөө хамгийн сүүлд хийсэн ямар нэгэн зүйлийн талаар тунгаан бодож, бичихэд урь. Их Эзэнээс хүлээн авсан адислалуудаа олж харан, тогтмол бичих дадал хэвшилтэй болохыг санал болго (“O Remember, Remember” [видео бичлэг, ChurchofJesusChrist.org]-ийг үзнэ үү).

Ифер 9:28–35; 11:5–8

Намайг наманчлах үед Их Эзэн нигүүлсэнгүй ханддаг.

Хэдийгээр жаредчууд бошиглогчдыг олонтоо үгүйсгэж, хилэнцэт болсон ч Их Эзэн тэднийг даруусаж, наманчлах бүрд үргэлж уучилдаг байсан.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Ифер 9:28–35-ыг хамтдаа уншаад, эдгээр шүлэг дээрх үйл явдлыг гурав, дөрвөн богино өгүүлбэрээр товч хураангуйлахад хүүхдүүдэд тусал. Дараа нь, Ифер 11:5–8-ыг уншаад, хоёр түүхийн адилхан хэсгүүдийг тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Бид эдгээр түүхээс юу ойлгож авч болох вэ?

  • Мормоны Ном дахь өөрсдийгөө даруусгаж мөн уучлал хүлээн авсан бусад хүний талаар бодохыг хүүхдүүдээс хүс. Санахад нь тэдэнд туслахын тулд Сайн мэдээний уран зургийн цуглуулга эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх зургуудыг ашигла. Их Эзэн биднийг чин сэтгэлээсээ наманчлах үед өршөөдөг тухай гэрчлэлээ хуваалц.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Тэнгэрлэг Эцэгийн тэдний төлөө хийсэнд талархаж явдаг ямар нэгэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийг бүтээлч байхад тусал. “Хүүхдүүдэд зааж байхдаа тэдэнд барьж босгох, зурах, өнгөөр будах, бичих, бүтээх боломж олго. Эдгээр зүйл зөвхөн зугаатай үйл ажиллагаа байгаад зогсохгүй, суралцах явцад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг” (Аврагчийн арга барилаар заах нь,25).