Институт ба семинар
11-р хичээл: Есүс Христ сайныг үйлдэж явсан


11-р хичээл

Есүс Христ сайныг үйлдэж явсан

Оршил

“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” нь “[Есүсийг] ‘явж сайныг үйлдсэн’-ийнх нь (Үйлс 10:38) төлөө үзэн ядаж байсан” гэж заадаг (Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Есүс Христийн шавь нарын хувьд бид хавчигдан гадуурхагдаж болох ч, сайныг үйлдэх Түүний үлгэр жишээг дагах ёстой. Энэ хичээлээр бидний сүсэг бишрэлээс болж бидэнтэй бүдүүлэг харьцдаг хүмүүстэй бид яагаад Есүс Өөрийг нь хавчин гадуурхагчдад үзүүлсэнтэй адил хайр, хүндэтгэлээр харьцах ёстой талаар суралцагчид авч үзэх болно. Бид Аврагчийн үлгэр жишээг дагаснаараа өөрийн итгэлийн дагуу амьдарч, түүнийгээ хамгаалах эр зоригоор адислагдаж, мөн бусдад Их Эзэнд илүү ойртоход нь туслах боломжтой юм.

Нөхцөл байдлын тухай унших материал

Заах зөвлөмж

Матай 5:43-47; 9:9-13; 12:22-30; Марк 3:1-6; 11:15-19; Иохан 11:43-53

Есүс Христ сайныг үйлдсэнийхээ төлөө хавчигдсан

Хичээлээ дараах асуултаар эхэл:

  • Та нар Аврагчийн үлгэр жишээ бүхий амьдралын тухай бодоход, Түүний мөнх бус амьдралдаа үйлдсэн бүх сайн зүйлээс ямар зүйл сэтгэлд тань тод үлдсэн бэ?

Суралцагчид хариулсны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хоёр эмэгтэй номлогчийн тухай өгүүлсэн дараах түүхийг унш (эсвэл өөрийнхөө үгээр хуваалц):

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Би энэхүү хожмын өдрүүдэд гуйвшгүй бат бөх зогссон хэвээр үлдэх тэр бүх хүнд, тэр тусмаа Сүмийн өсвөр үеийнхэнд хандан, өмнө нь та нарт тохиолдож байгаагүй байж болох ч, гагцхүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас та нарт өөрсдийн итгэлийг хамгаалахаар дуудагдах, магадгүй бүр хувь хүний хувьд гутаан доромжлуулах өдөр ирэх болно гэдгийг хэлье. Энэ үед та зоригтой, бас найрсаг байх хэрэгтэй.

“Жишээлбэл, саяхан нэгэн номлогч эгч надад бичихдээ: Хамтрагч бид хоёр хотын төв гудамжны сандал дээр нэгэн эрэгтэй үдийн хоолоо идэж байхыг харсан юм. Биднийг дөхөж очих үед тэрээр дээш харан, бидний номлогчийн энгэрийн тэмдгийг олж харав. Тэр бидэн рүү муухай харж, үсэрч босоод, гар далайн, намайг цохих гэв. Би амжиж зайлсхийсэн боловч тэр өөрийнхөө идэж байсан хоолыг над руу нулимж, биднийг маш муухай үгээр харааж эхэллээ. Бид юу ч хэлэлгүй түүнээс холдов. Би нүүрэн дээрх хоолны үлдэгдлээ арчин цэвэрлэж байтал ар дагзанд маань овоорсон төмсний нухаш онохыг мэдэрч билээ. Зарим үед номлогч байх үнэхээр хэцүү, яагаад гэвэл яг тэр үед би тэр жижиг биетэй эрэгтэй дээр очин, заамдаж аваад, УУЧЛААРАЙ гэж хэлүүлэхийг маш их хүсэж байсан. Гэвч би тэгээгүй” гэжээ (“Шавь байхын адислал ба төлөөс”, Ensign эсвэл Лиахона, 2014 оны 5-р сар, 6-9).

Суралцагчдыг Матай 5:-43--47-г чимээгүй уншиж, Есүс Уулан дээрх номлолдоо заасан, эдгээр эмэгтэй номлогч өөрийн биеэр хэрэгжүүлсэн зарчмыг олж мэдэхэд урь. (Та суралцагчдыг уншиж байхад, эдгээр шүлгийн захиасыг өөрийн болгоход нь туслах үүднээс тэдэнд судар судлалын нэр орлуулах ур чадварыг ашиглахыг зөвлөж болно. Энэ ур чадварыг ашиглахын тулд суралцагчид та болон та нар гэдэг үгсийг өөрийн нэрээр орлуулах ёстой.)

  • Эдгээр шүлэгт Есүс ямар зарчим заасан бэ? (Суралцагчид өөр өөр үгс хэрэглэж болох ч, тэд дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: Хэрэв бид Есүс Христийн сургаалыг дагах юм бол дайснуудаа хайрлаж, хавчигчдад эелдэг байж сурах ёстой.)

  • Энэ сайн мэдээний зарчмаар амьдрах нь яагаад хэцүү байдаг вэ?

Дараах мэдэгдлийг самбар дээр бич:

“[Есүс] ‘явж сайныг үйлдсэн’-ийх нь (Үйлс 10:38) төлөө үзэн ядаж байсан” (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2–3).

Хэдийгээр Аврагчийг Галил, Иудей дахь олон хүн хүлээн зөвшөөрч, олон хүн Түүний сайн үйлсийг харж, мөн Түүний бурханлаг мөн чанарыг гэрчилсэн ч, зарим нь Түүнийг сайн үйлс хийснийх нь төлөө хяхан хавчиж, доромжилж байсан гэдгийг тайлбарла.

Самбар дээр “Есүс явж сайныг үйлдсэн” гэдгийн доор дараах судрын хэсгүүдийг жагсаа:

Матай 9:9-13

Maтай 12:22-30

Марк 3:1–6

Марк 11:15-19

Иохан 11:43-53

Ангийг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд самбар дээрх судрын хэсгүүдээс нэгийг оноож өг. Суралцагчдаас судрын хэсэг бүрээс Есүсийн хийж гүйцэтгэсэн сайн үйлийг, мөн хүмүүс түүнд нь ямар хариу үйлдэл хийснийг олж тогтоохыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Судрын энэ хэсгүүд нь Их Эзэний амьдралаас бидний сурч болох хэв маягийг харуулдаг гэдгийг онцолж хэл. Дараах асуултыг тавь:

  • Аврагч Өөрт тохиолдсон хавчлагуудад хэрхэн хариулсан талаар та юу олж анзаарсан бэ?

Суралцагчдыг судалсан судрын хэсэг дэх үйл явдлыг дотроо дүрслэн бодоход урамшуулан дэмж. Дараа нь асуу:

  • Хэрэв та Есүсийг тэр үед харж гэрчилсэн бол танд ямар бодол, сэтгэгдэл төрөх байсан бэ?

  • Тэр үед Есүс таныг Түүний үгс болон үйлдлээс юуг сураасай гэж хүсэх байсан гэж та бодож байна вэ? (Суралцагчид дараах нэг зарчмыг олж тогтоож болох юм: Бид сайныг үйлдэх Аврагчийн үлгэр жишээг дагахыг эрэлхийлэхдээ зарим үед хавчлага, дарамтыг тэсвэрлэх хэрэгтэй болдог.)

Матай 5:9–12, 21–24, 38–41; 6:14–15; 7:1–5, 12

Хавчлагад хариулах нь

Есүс Христ Уулан дээрх номлолынхоо үеэр , хавчигдан дарамтлуулах үедээ хэрхэн хариулах талаар шавь нартаа зөвлөсөн гэдгийг суралцагчдад хэл. Дараах хэллэг, судрын эшлэлүүдийг самбар дээр хуулан бичиж, суралцагч бүрээр дор хаяж нэг хэсгийг уншуулахаар оноож өг. Суралцагчдаас уншсан хэсгээсээ бусадтай харьцах харилцаанд нь тус болох Есүсийн заасан нэг зарчмыг олж тогтоохыг хүс.

Хавчлагад хэрхэн хариулах нь

Матай 5:9-12

Матай 5:21–24 (3 Нифай 12:22-ыг бас үзнэ үү.)

Матай 5:38–41; 7:12

Матай 6:14–15 (С ба Г 64:9–10-ыг бас үзнэ үү)

Матай 7:1-5

Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас олж мэдсэн зарчмаа, мөн тэд бусадтай харьцах харилцаандаа тэрхүү зарчмаа хэрхэн хэрэгжүүлэх талаар тайлбарлахыг хүс. Суралцагчид Матай 5:21–24 дээрээс олж тогтоосон зарчмуудаа хуваалцах үед та 3 Нифай 12:22 болон Иосеф Смитийн орчуулсан Матай 5 дээр “шалтгаангүйгээр” гэдэг үг хасагдсан байдгийг онцолж хэл (Матай 5:22; Иосеф Смитийн орчуулга, Матай 5:24 [Матай 5:22, зүүлт тайлбар б]). (Суралцагчдыг хариулж байхад дараах үнэнийг онцлон хэл: Тэнгэрлэг Эцэг биднийг итгэлээсээ болж хавчигдах үед Есүс Христийн үлгэр жишээг дагана гэдэгт найддаг.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Даллин Х.Өүкс нарын дараах мэдэгдлийг үзүүл:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Найрсаг байж, өрөвдөж хайрласан ч та өөрийн итгэл үнэмшлийг хамгаалаарай” (Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 9).

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Христийн дагалдагчид нь зөв боловсон байдлын үлгэр жишээ байх ёстой. Бид бүх хүнийг хайрлан, сайн сонсогч нь байж, чин сэтгэлээсээ шүтэж байгаа сүсэг бишрэлийг нь үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулах ёстой. Бид санал нийлэхгүй байж болох ч, адайр зөрүүд байж болохгүй. Маргаантай сэдвийн талаарх бидний байр суурь, үг хэл хэрүүл маргаан үүсгэхээр байж болохгүй. Бид өөрсдийн байр суурийг ойлгуулж, тайлбарлахдаа, мөн хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөхдөө ухаалаг хандах ёстой. …

“Нийтэд түгээмэл үзэл бодол, хууль журам нь бидний байр суурь, жишигт таарахгүй байх нь бидэнд тааламжгүй байсан ч үр дагаврыг нэр төртэй хүлээн авч, сөрөг талынхантайгаа зөв боловсон харьцаж байх нь зүйтэй” (Даллин Х.Өүкс, “Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27).

Ахлагч Холланд болон ахлагч Өүкс хоёрын зөвлөгөөг дагахад тулгарах саад бэрхшээл, адислалуудын талаар суралцагчидтай ярилц. Дараа нь нэг суралцагчийг Матай 5:9-12-ыг чанга уншихад урь.

  • Эдгээр шүлгээс үзвэл, биднийг шашны итгэлээс маань болж хавчин гадуурхах үед Христтэй адил арга замаар хариулахад хялбар болгох ямар амлалтуудыг Есүс өгсөн бэ?

Аврагчийн Уулан дээрх номлолоороо заасан сургаалуудын нэг эсвэл түүнээс олныг хэрхэн өөрсдийнхөө одоогийн эсвэл өнгөрсөн харилцаандаа хэрэгжүүлж болох байсан талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж байгаа хэн нэгэн байгаа эсэхийг суралцагчдаас асуу.

Суралцагч бүрд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийн хуулбарыг өг:

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Зарим хүн чимээгүй, номхон даруу, өршөөнгүй байх болон энгийнээр гэрчлэлээ хуваалцах зэрэг хариултууд нь идэвхгүй, сул дорой байдлыг харуулдаг гэж ташаа ойлгодог. Харин [бид] дайснуудаа хайрлах, [биднийг] хараагчдыг адислах, [биднийг] үзэн ядагчдад сайныг үйлдэж, мөн [биднийг] хүнлэг бусаар ашиглаж, [биднийг] хавчин гадуурхах хүмүүсийн төлөө залбирах (Матай 5:44) нь итгэлтэй, хүч чадалтай бөгөөд юуны өмнө Христэд итгэгчийн зүрх зоригтой байхыг шаарддаг. …

“Бид хариу нэхэлгүй, нөгөө хацраа тавьж өгөн, уур хилэнгийн эсрэг тэвчин зогсож байхдаа ч гэсэн Аврагчтай хамт байдаг. Дайсныг намжааж, биднийг гүтгэгчидтэй сөргөлдөхгүйгээр хариулж чадах цорын ганц хүч болох Түүний хайрыг бид үзүүлж чадна. Энэ нь сул дорой байдал биш юм. Энэ нь Христэд итгэгчийн эр зориг юм. …

“Бид бусдад хариу өгөх бүрд нөхцөл байдал өөр өөр байдаг. Аз болоход Их Эзэн биднийг эсэргүүцэгчдийн зүрх сэтгэлийг болон хэрхэн хамгийн үр дүнтэй хариу өгөх вэ гэдгийг мэддэг. Үнэнч шавь нар Сүнсний удирдамжийг хайдаг бөгөөд сөргөлдөөн бүрд тохирох сүнсний удирдамжийг хүлээн авдаг. Ямар ч тохиолдолд үнэнч шавь нар Их Эзэний Сүнсийг урин дуудах замаар хариу үйлддэг. …

Үнэнч шавь нарын хувьд бидний анхаарах зүйл бол өөрсдийгөө зөвтгөх биш, харин бусдын сайн сайхан байх ёстой. Асуулт, шүүмжлэлүүд нь бидэнд бусдад гараа сунгаж, тэд Тэнгэрлэг Эцэгт болон бидэнд чухал гэдгийг харуулах боломжийг олгодог. Бидний зорилго бол өөрсдийн үзэл санааг хамгаалах юм уу, шашин судлалын мэтгэлцээнд оноо авахдаа биш, харин тэдэнд үнэнийг ойлгоход нь туслах явдал юм. Бидний зүрх сэтгэлийн угаас гарах гэрчлэлүүд нь биднийг эсэргүүцэгчдэд өгөх хамгийн хүчтэй хариулт юм” (“Христэд итгэгчдийн эр зориг: Шавийн үнэ цэнэ,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 72, 73–74).

Суралцагчдад ахлагч Хэйлсийн заасан зарчмуудыг уншиж тэмдэглэх цаг гаргаж өг. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Шаардлагатай бол дараах асуултуудын заримыг, эсвэл бүгдийг ярилц:

  • Бусадтай харилцах бидний үйлдэл бусад хүний Бурхантай харилцах харьцаанд хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тогтооход тусал: Биднийг эсэргүүцдэг хүмүүст хайраар, мөн эелдэг найрсгаар хариу үйлдэж, Аврагчийн жишээг дагавал бид өөрсдийн болон тэдний Бурхантай харилцах харилцааг хүчирхэгжүүлж чадна.)

  • Бусадтай энэ маягаар харьцах нь яагаад Тэнгэрлэг Эцэгтэй бидний хийсэн баптисмын гэрээний нэг хэсэг байдаг вэ? (Энэ нь ямар ч цагт мөн бүх зүйлд мөн хаана ч байсан гэсэн Бурханы гэрч болж зогсох нэгэн чухал арга юм [Мозая 18:9-ийг үзнэ үү]).

Суралцагчдаас Аврагчийн үлгэр жишээ, сургаалуудыг дагах нь тэдэнд хэн нэгнийг Их Эзэнд ойртоход туслах боломжийг олгосон талаар ямар нэгэн туршлага байгаа эсэхийг асуу. Цөөн хэдэн суралцагчаас туршлагаасаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг бусадтай харьцах харилцааныхаа талаар эргэцүүлэн бодож, сайжруулах нэг зүйлийг олж тогтоон, өнөөдөр авч хэлэлцсэн зарчмуудыг тэр харилцаандаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар бичихэд урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал