Институт ба семинар
8-р хичээл: Есүс Христ бүх зөвт байдлыг гүйцэлдүүлсэн


8-р хичээл

Есүс Христ бүх зөвт байдлыг гүйцэлдүүлсэн

Оршил

Есүс Христ бүх зүйлийг Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захируулж, төгс амьдарсан. Орчин үеийн бошиглогчид: “Нүгэлгүй ч [Есүс Христ] бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн тулд баптисм хүртсэн” гэж гэрчилдэг (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2). Аврагчийн адил бид үүрдийн сайн мэдээний ёслол, гэрээнүүдэд захирагдах үед зөвт байдлыг гүйцэлдүүлдэг. Энэ хичээл нь Аврагч хэрхэн үүрдийн сайн мэдээнд захирагдсан, мөн бид Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар судална.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Робэрт Д.Хэйлс, “Баптисмын гэрээ: Хаант улсад, хаант улсынх байх нь,” Ensign, 2000 оны 11-р сар, 6–9

Заах зөвлөмж

Матай 3:13-17; 2 Матай 3:15

Есүс Христийн баптисм

Дараах нөхцөл байдлыг эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс:

Найзтайгаа шашны тухай ярилцаж байхад баптисмын сэдэв сөхөгдөв. Бид яагаад баптисм хүртдэг талаар тайлбарласны дараа найз минь “Бид нүглээсээ цэвэршигдэх гэж баптисм хүртдэг гэдгийг би ойлгож байна. Гэхдээ Есүс төгс төгөлдөр байсан; Түүнд ямар ч нүгэл байгаагүй шүү дээ. Тэгвэл Тэр яагаад баптисм хүртсэн юм бэ?” гэж асуув.

Суралцагчдад энэ асуултын талаар бодох хугацаа өгч, дараа нь тэднийг хариулахад урь.

Хэсэг ярилцсаны дараа нэг суралцагчийг Матай 3:13-17-г чанга уншихад урьж, эсвэл Есүс Христийн амьдрал Библийн видео бичлэгүүд-ээс “Есүсийн баптисм”-ийг (2:55) үзүүл. (Хичээлээс өмнө видео бичлэгийг татаж авч, урьдчилан үзнэ үү). Хэрэв та видео бичлэгийг үзүүлж буй бол, суралцагчдыг судраа дагуулан харж уншихыг хүс.

Видео бичлэгийг үзсэний дараа асуу:

  • Есүст баптисм хүртэх ямар шалтгаан байсан бэ? (Дараах сургаалыг самбарт бичиж болно: Есүс Христ бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэхээр баптисм хүртсэн.)

  • Та нарын хувьд Есүс “зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн” тулд баптисм хүртсэн гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Maтай 3:15)

Суралцагчид энэ асуултанд хариулахад туслахын тулд тэдэнд судруудаас эрж хайх хугацаа өг. Та тэдэнд судар дээрээ Матай 3:15-ын хажуу талд 2 Нифай 31:4-9-ийг бичихийг санал болгож болно. Суралцагчдаас 2 Нифай 31:5-6-г чимээгүй уншаад, Нифайн асуултыг тэмдэглэхийг хүс. Хангалттай цаг өнгөрсний дараа Нифай энэ асуултыг 2 Нифай 31:7-9 дээр хариулсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг эдгээр шүлгийг чанга уншихад урь. Мөн ангийнхнаас хамтдаа дагуулан уншиж, Аврагч баптисм хүртсэнээр бүх зөвт байдлыг гүйцэлдүүлсэн арга замуудыг олж тогтоохыг хүс. Та тэдэнд олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдыг олж тогтоосон зүйлсээ хуваалцах үед дараах мэдэгдлийг самбар дээр бич:

Тэр Эцэгийн өмнө өөрийгөө даруусгасан.

Тэр Түүний зарлигуудыг сахина гэдгээ Эцэгт гэрчилсэн.

Тэр хүмүүний үрсэд селестиел хаант улсад орох үүд хаалгыг харуулсан.

Тэр бидэнд үлгэр жишээ үзүүлсэн.

(Тэмдэглэл: Энэ үйл ажиллагаа нь суралцагчдад судар судлалын жагсаалт гаргах чадвар эзэмших дадлага хийж, судрын бичээчийн онцлон тодорхойлохыг хүссэн чухал зүйлсийг олж тогтоох боломжийг олгоно).

Суралцагчдад Нифайн асуултыг сануул (6-р шүлгийг үзнэ үү). Дараа нь асуу:

  • Самбар дээрх зүйлсийг харж, Есүс Христийн баптисм нь хэрхэн зөвт байхын үлгэр жишээг үзүүлсэн бэ?

Суралцагчдыг хариулж байхад дараах үзэл санаануудыг тодорхойлж, ярилцсан байх ёстой гэдэгт анхаар (та самбар дээрх зүйлсийг эдгээрээр сольж болно):

Зөвт байдалд Эцэгийн хүслийг даруухнаар хүлээн зөвшөөрөх явдал ордог.

Зөвт байдалд Эцэгтэй Түүний зарлигуудыг сахина гэсэн гэрээг хийх нь ч орно.

Зөвт байдалд авралын ёслолуудыг хүлээн авах явдал ордог.

Зөвт байдалд Есүс Христийн үлгэр жишээг дагах нь ч мөн ордог.

Ангид доорх асуултыг тавь:

  • Бид Есүсийн зөвт байдлын үлгэр жишээг өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Ангийнханд Есүс бидний адил Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний бүх нөхцөл, шаардлагад захирагддаг байсан гэдгийг гэрчил. Түүний төгс амьдрал нь бидний дагахыг эрэлхийлбэл зохих үлгэр жишээ юм.

2 Нифай 31:10–21

Аврагчийн үлгэр жишээг дагах нь

Нэг суралцагчийг 2 Нифай 31:10-12-ыг чанга уншихад урь. Ангид доорх асуултыг тавь:

  • 10-р шүлэгт Аврагч бид бүгдэд ямар урилга өгсөн бэ?

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр, бид Есүсийг дагахын тулд юу хийх ёстой гэж Тэр хэлсэн бэ?

Суралцагчдаас 2 Нифай 31:16-17-г чимээгүй уншихыг хүс. Дараа нь асуу:

  • Бид Аврагчийн үлгэр жишээг дагахын тулд өөр юу хийх ёстой вэ?

  • Эцсээ хүртэл тэвчих болон “амьд Бурханы Хүүгийн жишээг” дагах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (16-р шүлэг). (Та 17-р шүлгээс хийх гэдэг үгийг онцолж болно. Мөн дараах зарчмыг онцол: Бид Есүс Христийн үлгэр жишээг дагаснаараа Түүний адил бүх зөвт байдлыг гүйцэлдүүлж чадна.)

Суралцагчдад тэдний 2 Нифай 31-д уншсан судрууд нь Тэнгэрлэг Эцэгийн дэлхийн бүтээлтээс өмнө тогтоосон үүрдийн сайн мэдээний мөн чанарыг агуулсан байдаг гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Ром 6:3-6-г судалж, Есүс Христийн үлгэр жишээг дагах нь баптисм хүртэхээс илүү их зүйлийг шаарддаг болохыг батлах түлхүүр үгс болон хэллэгийг олоход урь. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн дараах мэдэгдлийн хуулбарыг өгч, тэднээс чимээгүй уншихыг хүс: Суралцагчдыг тэдний баптисм амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаар бодож үзэхэд урь.

Зураг
Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Бид баптисмынхаа гэрээг болон Ариун Сүнсний бэлгийн талаар ойлговол тэр нь бидний амьдралыг өөрчилж, бид Бурханы хаант улсад үнэнч байх болно. Бидэнд уруу таталт ирэх үед, хэрэв бид сонсох юм бол, Ариун Сүнс Аврагчийг дурсан санаж, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагана гэсэн амлалтыг маань сануулна. …

“Есүсийн үлгэр жишээг дагаснаараа бид ч мөн адил наманчилж, Тэнгэр дэх Эцэгийнхээ зарлигуудыг дуулгавартай дагана гэдгээ харуулдаг. Бид өөрсдийн нүглийг таньж, гэм буруудаа өршөөл эрэлхийлбэл харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр өөрийгөө даруусгадаг (3 Нифай 9:20-ийг үзнэ үү). Бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авч, Түүнийг үргэлж дурсан санахад бэлэн байна гэсэн гэрээ хийдэг. …

“ … Түүний хаант улсын гишүүдийн хувьд, бидний баптисм ба гишүүний баталгаа нь Түүний хаант улс руу орох үүд хаалга юм гэдгийг бидний хүн нэг бүр ойлгоно байх гэж би залбирч байна. Бид гэрээнд орсноороо Түүний хаант улсынх байх гэрээ хийдэг!” (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, 2000 оны 11-р сар, 7-8, 9).

Суралцагчдаас дараах зүйлийг асуу:

  • Баптисм хүртсэн нь бүх зөвт байдлыг гүйцэлдүүлэх Есүс Христийн үлгэр жишээг дагахад танд хэрхэн тусалсан бэ?

Аврагчийн баптисмаараа харуулсан зөвт байдлын жишигт тэд хэр сайн нийцэж байгаа талаар эргэцүүлэн бодох хугацааг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байгаагаа харуулахын тулд тэд өөр юу хийж болох талаар тунгаан бодохыг хүс.

Суралцагчийн унших материал

  • Матай 3:13-17; 2 Нифай 31:4-21

  • Робэрт Д.Хэйлс, “Баптисмын гэрээ: Хаант улсад, хаант улсынх байх нь,” Ensign, 2000 оны 11-р сар, 6–9