Судрууд
2 Нифай 13


Бүлэг 13

Иуда болон Иерусалим дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгэгдэх болно—Их Эзэн Өөрийн хүмүүсийг өмгөөлж мөн шүүх бөлгөө—Сионы охид дэлхийн байдалд дуртайн улмаас зүхэгдэж бас тарчлагдах болно—Исаиа 3-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Учир нь болгоогтун, Их Эзэн, Түмний Их Эзэн, Иерусалимаас мөн Иудагаас авах болой, түших тулгуурыг мөн таягийг, талх болох бүтэн таягийг нь, мөн ус болох бүтэн тулгуурыг нь буюу—

2 Чадалтай хүнийг, мөн дайнч хүнийг, шүүгч, бошиглогч мөн хашир нэгнийг, мөн ахмад нэгнийг;

3 Тавийн ахмад, хүндэт нэгэн, мөн зөвлөх, уран гартан, мөн уран илтгэгчийг буюу.

4 Мөн би хүүхдүүдийг тэдний ханхүү байхаар тэдэнд өгөх болно, мөн нялхас тэдний дээр захирах болно.

5 Мөн ард түмэн нэг нь нөгөөгөөрөө, мөн хүн бүр хөршүүдээрээ дарамтлуулах болно; хүүхэд өөрөө ахмад нэгний эсрэг бардамнах буюу, мөн бүдүүлэг нь хүндэт нэгний эсрэг болой.

6 Хүн эцгийнхээ отгийнх болох ахаа барьж аваад мөн ийн хэлэх болой: Танд хувцас буй, та бидний захирагч бол, мөн та мутрынхаа дор энэхүү устгалыг бүү ирүүл—

7 Тэр өдөр тэрээр тангараглаж, хэлэх нь: би эдгээгч болохгүй; учир нь миний гэрт талх ч, хувцас ч алга; намайг хүмүүсийн захирагч бүү болго.

8 Өөрөөр хэлбэл Иерусалим балгас болсон, мөн Иуда унасан болой, учир нь Их Эзэний сүр жавхлант оршихуйг сөрөн зогсохоор, тэдний хэл ам, хийсэн үйлүүд түүний эсрэг байсан бөлгөө.

9 Тэдний төрх байдал тэдний эсрэг гэрчилж, мөн тэдний нүгэл бүр Содомын адил болохыг тунхагладаг ажгуу, мөн тэд үүнийгээ нууцалж үл чадах болой. Тэдний сүнсэнд халаг, тэд хилэнцийг өөрсдөдөө шагнал болгосны учир болой!

10 Тэдний хувьд сайн байхыг зөв шударгыг үйлдэгчдэд хэл; учир нь тэд үйлүүдийнхээ жимсийг идэх болно.

11 Ёс бусыг үйлдэгчдэд халаг, учир нь тэд мөхөх болно; учир нь тэдний гарын шагнал тэдний дээр ирэх болно!

12 Мөн хүүхдүүд миний хүмүүсийн дарлагчид байж, эмэгтэйчүүд тэднийг захиран удирдах болно. Ай хүмүүс минь, та нарыг удирдаж буй тэд та нарыг алдаанд хүргэж мөн та нарын замнах замыг устгадаг бөлгөө.

13 Их Эзэн өмгөөлөхөөр босож, мөн хүмүүсийг шүүхээр зогсдог болой.

14 Их Эзэн өөрийн хүмүүсийн ахмадууд мөн тэдний хан хөвгүүдийг шүүх болно; учир нь та нар ядуугийн жимсний талбайг мөн тэднээс дээрэмдсэн олзоо өөрсдийнхөө гэрт идэж дуусгасан билээ.

15 Та нар ямар хүсэлтэй билээ? Та нар миний хүмүүсийг дарамталж, мөн ядуугийн нүүрийг няцалдаг хэмээн Түмний Их Эзэн Бурхан хэлэх буюу.

16 Үүнээс гадна, Их Эзэн хэлдэг: Сионы охид ихэмсэг, мөн хүзүү сунган завхай харц чулуудан алхалж, явахдаа сайварлан, мөн хөлний чимэглэлээ жингэнүүлэн алхдаг—

17 Тиймийн тул Их Эзэн Сионы охидын зулайг яр шарханд бариулж мөн Их Эзэн тэдний нууц хэсгүүдийг нь ил харуулах болно.

18 Тэр өдөр Их Эзэн тэдний жингэнэх чимгүүдийн мөн үсний тор, мөн сар адил дугариг гархинуудын тансаг үзэмжийг нь булаан авах болно;

19 Гинжнүүд мөн бугуйвчнууд, мөн хүзүүний ороолтуудын;

20 Бүчит малгайнууд, хөлийн чимгүүд, мөн толгойн туузнууд, мөн үнэртэнт хайрцгууд, мөн ээмэгнүүдийн;

21 Бөгжнүүд, мөн хамрын гоёлуудын;

22 Сольж өмсөх хувцас, нөмрөг, мөн толгойн бүрх, мөн үс ороогчийн;

23 Шил толинууд, нарийн нэхээст эд, мөн юүдэн, мөн гивлүүрүүдийн буюу.

24 Мөнхүү улиран тохиох дор, сайхан үнэрийн оронд эхүүн үнэр ханхална; мөн бүсний оронд даавууны тасархай; мөн сайхан үсний оронд халзрал; мөн цээживчний оронд таар даавуу; гоо сайхны нь оронд тамга байх буюу.

25 Чиний эрс илдэнд мөн чиний хүчтэнүүд дайнд унах болно.

26 Мөн түүний хаалганууд гаслан чахарч; мөн тэр балгас болон эзгүйрч, мөн тэр газар суух болно.