Судрууд
2 Нифай 2


Бүлэг 2

Гэтэлгэл Ариун Мессиагаар ирдэг—Сонгох эрх чөлөө нь оршин тогтнолд болон дэвшил хөгжилд зайлшгүй—Хүмүүс нь байж болохын тулд Адам унасан—Хүмүүс эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй. Ойролцоогоор МЭӨ 588–570 он.

1 Мөн эдүгээ, Иаков, би чамд ярья: Чи бол аглаг буйд дахь миний зовлонт өдрүүдэд төрсөн ууган хүү минь билээ. Мөн болгоогтун, чи хүүхэд ахуй үедээ ах нарынхаа балмадын учир их зүдгүүр мөн шаналлыг туулсан билээ.

2 Гэсэн хэдий ч, Иаков, аглаг буйдад төрсөн ууган хүү минь, чи Бурханы агуу ихийг мэддэг бөлгөө; мөн тэрээр зүдгүүрүүдийг чинь чиний ашиг тусын тул ариулан адислах болно.

3 Иймийн тул, бодгаль чинь адислагдах болой, мөн чи ах Нифайнхаа хамт аюулгүй орших болно; мөн чиний өдрүүд өөрийн Бурханд үйлчлэхэд зориулагдсан байх болно. Иймийн тул, Гэтэлгэгчийнхээ зөв шударгын улмаас чи гэтэлгэгдсэнийг би мэднэ; учир нь хүн төрөлхтөнд авралыг авчрахаар тэрээр цаг хугацааны бүрэн байдалд ирэхийг нь чи ойлгосон билээ.

4 Мөн түүний сүр жавхланг залуу насандаа чи болгоосон билээ; иймийн тул, тэрээр бүр өөрийн маханбодод тохинуулах тэдний нэгэн адил адислагдсан болой, чи; учир нь Сүнс өчигдөр, өнөөдөр бас үүрд нэгэн адил бөлгөө. Мөн хүмүүний уналтаас эхлэн зам нь бэлтгэгдсэн, бас аврал бол үнэгүй бөлгөө.

5 Мөн хүмүүс нь сайныг муугаас ялгаж мэдэхээр хангалттай зааварлагдсан буюу. Мөн хууль нь хүмүүнд өгөгдсөн болой. Мөн хуулийн дагуу зөвтгөгдөх маханбод гэж үгүй; өөрөөр хэлбэл, хуулиар хүмүүс тусгаарлагдсан байна. Тийм ээ, зуурдын хуулиар тэд тусгаарлагдсан; мөн түүнчлэн, сүнслэг хуулиар тэд сайнаас хагацаж эрсдэн, мөн үүрд гаслант болох бөлгөө.

6 Иймийн тул, гэтэлгэл нь Ариун Мессиагийн улмаас мөн Түүгээр дамжуулагдан ирэх болой; учир нь тэрээр ач ивээл болон үнэнээр дүүрэн буюу.

7 Болгоогтун, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй бүгдийн төлөө хуулийн шаардлагуудыг хангахаар, тэрээр нүглийн оронд өөрийгөө тахил болгон өргөх ажгуу; мөн өөр хэн ч хуулийн шаардлагуудыг хангаж чадахгүй билээ.

8 Иймийн тул, хамгийн эхэнд тэрээр амилсан учраас, нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолдуулж болохын тулд, өөрийн амийг маханбодын дагуу өгч, Сүнсний хүчээр үүнийгээ дахин авах тэрхүү Ариун Мессиагийн гавьяат үйлс мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр биш болбоос нэг ч маханбод Бурханы оршихуйд амьдарч чадахгүйг тэд мэдэж болохын тулд, эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх нь хэчнээн их чухал билээ.

9 Иймийн тул, тэрээр Бурханд эхний жимс билээ, иймийн учир тэрээр бүх хүний үрсийн төлөө өмгөөллийг үйлдэх болой; мөн түүнд итгэх тэд аврагдах болно.

10 Мөн бүгдэд зориулагдсан өмгөөллийн учир, бүх хүн Бурханд ирнэ; иймийн тул, түүнд байх үнэн болон ариун байдлын дагуу түүгээр шүүгдэхийн тулд тэд түүний оршихуйд зогсох болно. Иймийн тул, тогтоогдсон шийтгэлийг оногдуулснаар Ариун Нэгэний өгсөн хуулийн шаардлагуудыг гүйцэлдүүлдэг билээ, харин уг шийтгэлийн сөрөг талд орших аз жаргалыг эдлүүлснээр цагаатгалын зорилгыг биелүүлдэг билээ—

11 Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй. Хэрэв тийм бус аваас, аглаг буйдад төрсөн ууган хүү минь, зөв шударга нь бас ёс бус ч, ариун нандин болон зовлон шаналал ч, сайн бас муу ч улиран тохиохгүй болой. Иймийн тул, бүх зүйл нэгэнд нийлэн байх нь зайлшгүй; иймийн тул, хэрэв энэ нь нэгдмэл байдалд оршвоос энэ нь үхмэл байдалд үлдэх нь зайлшгүй, үхэл үгүй бас амьдрал ч үгүй, ялзрал үгүй бас муудашгүй байдал ч үгүй, жаргал үгүй бас зовлон ч үгүй, мөн мэдрэмжтэй бас мэдрэмжгүй гэж байх нь үгүй буюу.

12 Иймийн тул, энэ нь хэрэггүй зүйл болж бүтээгдэх нь зайлшгүй болох байсан; иймийн тул, үүний бүтээлт нь зорилго ч үгүй, зорилт ч үгүй байх байсан. Иймийн тул, энэ зүйл нь Бурханы мэргэн ухаан мөн түүний мөнхийн зорилгууд, мөн түүнчлэн Бурханы хүч, мөн нигүүлсэл, мөн шударга ёсыг зайлшгүй устгах бөлгөө.

13 Мөн хэрэв та нар хууль үгүй хэмээвээс, та нар түүнчлэн нүгэл гэж үгүй гэх болно. Хэрэв та нар нүгэл үгүй хэмээн хэлэх аваас, та нар түүнчлэн зөв шударга гэж үгүй гэх болно. Мөн хэрэв зөв шударга гэж үгүй аваас аз жаргал үгүй байх буюу. Мөн хэрэв зөв шударга бас аз жаргал үгүй бол шийтгэл бас зовлон үгүй бөлгөө. Мөн хэрэв эдгээр зүйл байхгүй аваас Бурхан гэж үгүй. Мөн хэрэв Бурхан үгүй бөгөөс бид ч, мөн дэлхий ч үгүй байх байсан; учир нь юмсын бүтээл байхгүй, үйлдэх нь ч, үйлдүүлэх нь ч бас үгүй бөлгөө; иймийн тул, бүх зүйл алга болох ёстой буюу.

14 Мөн эдүгээ, хөвгүүд минь, би та нарт хандан та нарын тус болон мэдлэгийн тулд эдгээр зүйлийг ярилаа; учир нь Бурхан буй, мөн тэрээр бүх зүйлийг, тэнгэр мөн дэлхийг аль алиныг нь, мөн тэнд орших бүх зүйлийг, үйлдэх зүйлс болон үйлдүүлэх зүйлсийг, аль алиныг нь бүтээсэн болой.

15 Мөн өөрийн мөнхийн зорилгуудыг хүмүүний зорилтонд гүйцэлдүүлэхээр, тэрээр бидний анхны эх эцгийг мөн газарт араатан амьтад бас агаарт жигүүртнийг, мөн дүгнэж хэлэхэд, бүтээгдсэн тэдгээр бүх зүйлийг бүтээсний дараа сөрөг талууд нь зайлшгүй байх ёстой болжээ; бүр хориглогдсон жимс нь амьдралын модны эсрэг зүйл юм; нэг нь амттай мөн нөгөө нь гашуун бөлгөө.

16 Иймийн тул, хүмүүнд өөрийн төлөө үйлдэх чадварыг Их Эзэн Бурхан өгсөн болой. Иймийн тул, тэрээр нэгд эсвэл нөгөөд татагдсан байхаас бусдаар хүн өөрийн төлөө үйлдэж чадахгүй байх байв.

17 Мөн Лихай би, уншсан зүйлсийнхээ дагуу, Бурханы нэгэн тэнгэр элч, бичигдсэний дагуу тэнгэрээс унасан хэмээн төсөөлөхөөс өөр аргагүй; иймийн тул, тэрээр Бурханы өмнө хилэнцтийг эрэлхийлсний учир чөтгөр болсон бөлгөө.

18 Мөн тэрээр тэнгэрээс унасны, мөн үүрд гаслант болсны учир, тэрээр түүнчлэн бүх хүн төрөлхтний зовлонг эрэлхийлдэг болсон болой. Иймийн тул, тэрээр, тийм ээ, чөтгөр болох, худал бүгдийн эцэг болох тэр, бүр хөгшин могой, иймийн тул тэрээр Евад хэлж: Хориглогдсон жимснээс хүрт, мөн та нар үхэхгүй, харин та нар Бурханы адил сайн болон мууг мэдэх болно хэмээв.

19 Мөн Адам Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэнийхээ дараа Едений цэцэрлэгээс, газар боловсруулахаар зайлуулагдсан билээ.

20 Мөн тэд хүүхдүүдийг; тийм ээ, бүр бүх дэлхийн гэр бүлийг төрүүлэв.

21 Мөн маханбодод байхдаа тэд наманчилж болохын тулд, хүмүүсийн үрсийн өдрүүд Бурханы тааллын дагуу уртасгагджээ; иймийн тул, Их Эзэн Бурханы хүмүүсийн үрсэд өгсөн тэрхүү зарлигуудын дагуу тэдний байдал сорилтын байдал болж, мөн тэдний хугацаа уртасгагдсан бөлгөө. Өөрөөр хэлбэл бүх хүн наманчлах ёстой гэсэн зарлигийг тэрээр өгчээ; учир нь тэрээр бүх хүнд өөрсдийнх нь эцэг эхийн зөрчлийн улмаас тэд алдагдсан байсныг үзүүлсэн юм.

22 Мөн эдүгээ, болгоогтун, хэрэв Адам зөрчил үйлдээгүй аваас тэрээр унахгүй байх байсан, харин тэр Едений цэцэрлэгт үлдэх байсан билээ. Мөн бүтээгдсэн бүх зүйл бүтээгдсэнийхээ дараа байсан тэр байдлаараа хэвээр үлдэх ёстой байсан бөлгөө; мөн тэд үүрд, мөн төгсгөлгүйгээр үлдэх ёстой байсан бөлгөө.

23 Мөн тэд хүүхдүүдгүй байх байсан; иймийн тул тэд зовлонг мэдээгүйн учир, баяр баясал үгүй, гэм зэмгүй гэнэн байдалдаа үлдэх байсан; тэд нүглийг мэдэхгүй учир сайныг эс үйлдэх байсан билээ.

24 Гэвч болгоогтун, бүх зүйл, бүхнийг мэдэгч түүний мэргэн ухаанд хийгдсэн билээ.

25 Адам, хүмүүс оршиж болохын тулд унасан; мөн баяр баясгалантай байж болохын тул хүмүүс орших бөлгөө.

26 Мөн хүмүүсийн үрсийг уналтаас гэтэлгэж болохын тулд Мессиа цаг хугацааны бүрэн байдалд ирэх болно. Мөн тэд уналтаас гэтэлгэгдсэний учир сайныг муугаас ялгаж мэдэн, тэд үүрдийн чөлөөт болсон; өөрсдийн төлөө үйлдэх болж мөн Бурханы өгсөн зарлигуудын дагуу, агуу бөгөөд эцсийн өдөр хуулийн шийтгэл биш аваас өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй болой.

27 Иймийн тул, хүмүүс нь маханбодын хувьд чөлөөт болой; мөн хүнд хэрэгтэй болох бүх зүйл тэдэнд өгөгдсөн билээ. Мөн тэд бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөөг болон мөнх амьдралыг сонгох, эсвэл чөтгөрийн хүч мөн дарангуйллын дагуу, дарангуйлал болон үхлийг сонгох эрхтэй; учир нь тэрээр бүх хүн өөрийнх нь адил гаслант байж болохыг эрэлхийлдэг бөлгөө.

28 Мөн эдүгээ, хөвгүүд минь, та нарыг агуу их Зуучид найдан, мөн түүний агуу зарлигуудыг анхаараасай; мөн түүний үгсэд үнэнч байж, мөн түүний Ариун Сүнсний тааллын дагуу, мөнх амьдралыг сонгоосой хэмээнэ би;

29 Мөн чөтгөр өөрийн хаант улсад та нарын дээр засаглаж болохын тулд, та нарыг доош тамд авчран дарангуйлах хүчийг түүний сүнсэнд өгөх маханбодын тааллын мөн түүнд байх тэр хилэнцийн дагуу мөнхийн үхлийг бүү сонгоосой хэмээнэ.

30 Би эдгээр хэдэн үгийг өөрийн хөвгүүд та бүгдэд хандан, өөрийн сорилтын эцсийн өдрүүдэд ярьсан билээ; мөн би бошиглогчийн үгсийн дагуу сайныг сонгож авсан. Мөн та нарын бодгалиудын үүрдийн сайн сайхнаас өөр эрмэлзэл надад байхгүй болой. Амен.