Судрууд
2 Нифай 9


Бүлэг 9

Иудейчүүд амлалтын бүх нутагтаа цуглуулагдах болно хэмээн Иаков тайлбарлав—Цагаатгал хүмүүнийг Уналтаас чөлөөлөх ажгуу—Үхэгсдийн биес булшнаас мөн тэдний сүнснүүд тамаас мөн диваажингаас гарч ирэх болно—Тэд шүүгдэх болно—Цагаатгал нь үхлээс, тамаас, чөтгөрөөс мөн төгсгөлгүй тарчлалаас авардаг—Зөв шударгыг үйлдэгчид Бурханы хаант улсад аврагдах болно—Нүглүүдийн шийтгэлүүд нь танилцуулагдав—Израилын Ариун Нэгэн бол хаалганы сахиул мөн. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нар бүх Израилын угсаатай Их Эзэн гэрээлсэн түүний гэрээнүүдийн талаар мэдэж болохын тулд би эдгээр зүйлийг уншлаа—

2 Тэрээр иудейчүүдэд, өөрийн ариун бошиглогчдын амаар бүр эхлэлээс хойш, үеэс үед, тэд Бурханы үнэн сүмд мөн сүрэгт сэргээгдэх тэр цаг ирэх хүртэл ярьсан гэрээнүүдийн талаар буюу; тэр цагт тэд өөрсдийн өвийн нутгууд болох гэртээ цуглуулагдах болно, мөн бүх амлалтын нутгууддаа суурьшигдах болой.

3 Болгоогтун, хайрт ах дүү нар минь, Их Эзэн Бурханы хүүхдүүд дээр тань цутгах адислалуудын улмаас тэргүүнээ ямагт дээр өргөж мөн та нар баясаж болохын тулд би та нарт эдгээр зүйлийг ярьж байна.

4 Та нарын олон тань ирэх зүйлсийн талаар мэдэхийн тулд, ихийг судалсныг би мэднэ; иймийн тул маханбод маань гандаж мөн үхэх ёстойг та нар мэддэгийг би мэднэ; гэсэн хэдий ч, өөрсдийнхөө биед Бурханыг бид харах болно.

5 Тийм ээ, бидний тэндээс ирсэн Иерусалим дахь тэдэнд тэрээр өөрийгөө биеэр үзүүлэхийг та нар мэднэ гэдгийг би мэднэ; учир нь, энэ нь тэдний дунд тохиох нь зайлшгүй болой; өөрөөр хэлбэл, бүх хүмүүн түүний харьяалалд байж болохын тулд, агуу их Бүтээгч өөрийгөө маханбодод хүмүүсийн харьяалалд байлгахаа, бүх хүний төлөө үхэхээ хүлцэх шаардлагатай билээ.

6 Өөрөөр хэлбэл, үхэл бүх хүмүүний дээр улиран ирдэг учир, агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд амилуулалтын хүч байхаас зайлшгүй, мөн амилуулалт нь хүмүүнд уналтын улмаас ирэх ёстой нь зайлшгүй болой; мөн уналт нь зөрчлийн улмаас ирсэн буюу; мөн хүмүүн уналтад орсон учир тэд Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдсан билээ.

7 Иймийн тул, хязгааргүй цагаатгал байх нь зайлшгүй—хязгааргүй цагаатгал байхаас бусдаар бол энэ ялзрал нь ялзаршгүй байдлыг өмсөж чадахгүй. Иймийн тул, хүмүүний дээр ирсэн эхний шүүлт төгсгөлгүйгээр үлдэх ёстой нь зайлшгүй байсан бөлгөө. Мөн хэрэв тийм аваас, энэ маханбод дахин хэзээ ч босохгүйгээр эх газартаа ялзран мөн үйрэхээр тавигдах ёстой байсан буюу.

8 Ай Бурханы мэргэн ухаан, түүний нигүүлсэл мөн ач ивээл! Учир нь болгоогтун, хэрэв маханбод дахин хэзээ ч босохгүй аваас, Мөнхийн Бурханы оршихуйгаас дахин хэзээ ч босохгүйгээр унаж тэгээд чөтгөр болсон тэрхүү тэнгэр элчийн харьяалалд бидний сүнс орох ёстой болой.

9 Мөн бидний сүнснүүд түүнтэй адил болж, мөн бид чөтгөрүүд, чөтгөрийн элч нар болж, Бурханыхаа оршихуйгаас таслагдаж, мөн худал бүхний эцэгтэй хамт, түүнтэй адилаар зовлонд үлдэх байсан; тийм ээ, бидний анхны эцэг эхийг мэхэлсэн тэр, өөрийгөө гэрлийн тэнгэр элч мэт болгон хувиргаж мөн аллагын нууц хуйвалдаанд болон харанхуйн бүх төрлийн нууц ажилд хүмүүсийн үрсийг өдөөн хатгадаг түүний адилаар болой.

10 Энэхүү аймшигт мангасын атганаас зугтах бидний замыг бэлтгэх, ай Бурханы маань сайн сайхан хэчнээн агуу билээ; тийм ээ, үхэл болон там гэгдэх тэр мангасаас, биеийн үхэл мөн түүнчлэн сүнсний үхэл гэж миний нэрлэх түүнээс буюу.

11 Мөн бидний Бурхан, Израилын Ариун Нэгэний чөлөөлөх замын улмаас, миний ярьсан, зуурдын биеийнх болох энэ үхэл нь үүнд буй үхэгсдийгээ чөлөөлөх болно; мөнхүү үхэл нь булш болой.

12 Мөн миний ярьсан, сүнсний үхэл болох энэхүү үхэл үхэгсдээ чөлөөлөх болно; мөнхүү сүнсний үхэл нь там болой; иймийн тул, үхэл болон там нь үхэгсдээ чөлөөлөх ёстой, мөн там нь олзлогдсон сүнснүүдээ чөлөөлөх ёстой, мөн булш нь олзлогдсон биесээ чөлөөлөх ёстой, мөн хүмүүсийн биес болон сүнснүүд нэг нэгэндээ дахин нэгдэх болно; мөн энэ нь Израилын Ариун Нэгэний амилуулалтын хүчээр байх буюу.

13 Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ! Учир нь нөгөө талаас, Бурханы диваажин зөв шударгыг үйлдэгчдийн сүнснүүдийг чөлөөлж, мөн булш зөв шударгыг үйлдэгчдийн биеийг чөлөөлөх ёстой; мөн сүнс болон бие нь өөр хоорондоо дахин нэгдэнэ, мөн бүх хүн ялзаршгүй, мөн үхэшгүй болж, мөн тэд амьд бодгаль байж, маханбодод байгаа бидний адил төгс мэдлэгтэй байна, харин тэр үед бидний мэдлэг төгс байх буюу.

14 Иймийн тул, бид өөрсдийн бүх гэмийн, өөрсдийн бохирын, мөн өөрсдийн нүцгэн байдлын төгс мэдлэгтэй байх болно; мөн зөв шударгыг үйлдэгчид өөрсдийн жаргал, мөн өөрсдийн зөв шударга байдлын төгс мэдлэгтэй байх болно, мөн цэвэр байдлаар хувцасласан байх болно, тийм ээ, бүр зөв шударгын орхимжоор болой.

15 Мөнхүү улиран тохиох дор бүх хүн энэ эхний үхлээсээ амьдралд шилжсэн байх үед, тэд үхэшгүй болсон байх учраас, тэд Израилын Ариун Нэгэний шүүлтийн суудлын өмнө очих ёстой; мөн тэгээд шүүлт нь тохионо, мөн тэр үед тэд Бурханы ариун шүүлтийн дагуу шүүгдэх ёстой.

16 Мөн зөв шударга тэд зөв шударгаараа байх болно, харин бузар тэд бузраараа үлдэх болно; иймийн тул, бузар булай тэд чөтгөр мөн түүний элч нар болой; мөн тэд өөрсдөд нь зориулан бэлтгэгдсэн үүрдийн галд орох болно; мөн тэдний зовлон, дөл нь үүрд мөн мөнхөд, төгсгөлгүйгээр дүрэлзэх галт болон хүхэрт нуур адил болой; мөн энэ нь гарцаагүй Их Эзэн амьдын адил, өөрөөр хэлбэл Их Эзэн Бурхан үүнийг ярьсан, мөн энэ нь хүчингүй болох нь үгүй түүний мөнхийн үг болой.

17 Ай Бурханы маань сүр хүчин мөн шударга ёс! Учир нь тэрээр өөрийн бүх үгийг гүйцэлдүүлнэ, мөн тэдгээр нь түүний амнаас гарсан юм, мөн түүний хууль биелэгдэх ёстой.

18 Гэвч, болгоогтун, зөв шударгыг үйлдэгчид, Израилын Ариун Нэгэний гэгээнтнүүд, Израилын Ариун Нэгэнд итгэсэн тэд, дэлхийн загалмайнуудыг тэвчиж мөн үүний доромжлолыг үл тоосон тэд дэлхийн үүслээс тэдэнд бэлтгэгдсэн тэрхүү Бурханы хаант улсыг өвлөх ажгуу, мөн тэдний баяр үүрд бялхаж байх болно.

19 Ай Израилын Ариун Нэгэн, Бурханы маань нигүүлслийн сүр хүчин! Учир нь тэрээр өөрийн гэгээнтнүүдийг аймшигт мангас болох чөтгөр мөн үхэл, мөн там, мөн төгсгөлгүй зовлон болох тэр галт болон хүхэрт нуураас чөлөөлөх бөлгөө.

20 Ай Бурханы маань ариун байдал хэчнээн агуу их билээ! Учир нь тэрээр бүх зүйлийг мэддэг, мөн түүний мэдэхгүй нэгээхэн ч зүйл үгүй буюу.

21 Мөн хэрэв тэд өөрийнх нь дуу хоолойг анхааран сонсвоос бүх хүнийг аварч болохын тулд тэрээр дэлхийд ирнэ; учир нь болгоогтун, тэрээр бүх хүний өвдөлтийг тэвчинэ, тийм ээ, амьд бүтээл болгоны өвдөлтийг, Адамын гэр бүлд багтах эрэгтэй, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүдийн аль алиныхыг нь болой.

22 Бүх хүмүүний дээр амилуулалт тохиож болохын тулд мөн агуу их болон шүүлтийн өдөр бүгд түүний өмнө зогсож болохын тулд, тэрээр үүнийг тэвчих бөлгөө.

23 Мөн тэд наманчилж, мөн түүний нэрээр баптисм хүртэн, Израилын Ариун Нэгэнд төгс итгэлтэй байх ёстойг тэрээр бүх хүнд зарлигласан билээ, эс бөгөөс тэд Бурханы хаант улсад аврагдаж чадахгүй.

24 Мөн хэрэв тэд наманчлахгүй мөн түүний нэрэнд итгэхгүй, мөн түүний нэрээр баптисм хүртэхгүй, мөн эцсээ хүртэл тэвчихгүй аваас, тэд яллагдах ёстой; учир нь Их Эзэн Бурхан, Израилын Ариун Нэгэн үүнийг ярьсан бөлгөө.

25 Иймийн тул, тэрээр хууль өгсөн буюу; мөн хууль өгөгдөөгүй нөхцөлд шийтгэл үгүй байна; мөн шийтгэл үгүй нөхцөлд буруутгал үгүй бөлгөө; мөн буруутгал үгүй нөхцөлд Израилын Ариун Нэгэний нигүүлслүүд нь цагаатгалын учир тэдний дээр эрхтэй байх ажгуу; учир нь тэд түүний хүчээр чөлөөлөгдсөн бөлгөө.

26 Өөрөөр хэлбэл хууль өгөгдөөгүй тэдэнд, бүгдийнх нь дээр түүний шударга ёсны шаардлагыг цагаатгал хангах учир, тэд аймшигт мангас, үхэл мөн там, мөн чөтгөр, мөн төгсгөлгүй зовлон болох тэрхүү галт болон хүхэрт нуураас чөлөөлөгдөх болой; мөн тэдэнд амьсгал өгсөн, Израилын Ариун Нэгэн болох тэрхүү Бурханд тэд сэргээгдэх болно.

27 Гэвч бидэнд байгаагийн адил хууль, тийм ээ, Бурханы бүх зарлиг өгөгдсөн, мөн тэдгээрийг зөрчдөг, мөн сорилтын өдрүүдээ дэмий үрдэг түүнд халаг, учир нь түүний байдал аймшигтай болой!

28 Ай тэр хилэнцэт нэгний зальт төлөвлөгөө! Ай хүмүүний ихэмсэглэл, мөн сул байдал, мөн мунхаглал! Тэд мэдлэгтэй болоод өөрсдийгөө ухаантай хэмээн боддог, мөн тэд Бурханы зөвлөмжийг эс анхаардаг, учир нь тэд үүнийг үл ойшоож, тэд өөрсдөө мэднэ гэж боддог, иймийн тул, тэдний мэргэн ухаан нь тэнэглэл байж мөн энэ нь тэдэнд ашгийг эс өгнө. Мөн тэд мөхөх болно.

29 Гэвч хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас мэдлэгтэй байх нь сайн хэрэг.

30 Харин энэ дэлхийн зүйлсээр баян болох тэрхүү баянд халаг. Учир нь, тэд баян учраас ядууг ад үздэг, мөн тэд номхон даруу хүмүүсийг хавчиж, мөн тэдний зүрх сэтгэл баялаг дээрээ байдаг; иймийн тул, тэдний баялаг нь тэдний бурхан болой. Мөн болгоогтун, тэдний баялаг нь тэдэнтэй хамт түүнчлэн мөхөх болно.

31 Мөн сонсохыг үл хүсэх дүлийд халаг; учир нь тэд мөхөх болно.

32 Харахыг үл хүсэх сохорт халаг; учир нь тэд түүнчлэн мөхөх болно.

33 Зүрх сэтгэл нь хөндөгдөөгүй тэдэнд халаг, учир нь тэдний алдсуудын мэдлэг тэднийг эцсийн өдөр цохих болно.

34 Худалчид халаг, учир нь тэрээр доош тамд хаягдах болно.

35 Санаатайгаар егүүтгэх алуурчинд халаг, учир нь тэрээр үхэх болно.

36 Садар самууныг үйлдэгч тэдэнд халаг, учир нь тэд доош тамд хаягдах болно.

37 Тийм ээ, хиймэл шүтээнийг бишрэгч тэдэнд халаг, учир нь бүх чөтгөрүүдийн чөтгөр тэдэнд баясах бөлгөө.

38 Мөн, дүгнэж хэлэхэд, нүглүүддээ үхэх тэд бүгдэд халаг; учир нь тэд Бурханд эргэж очин, мөн түүний царайг болгоож, мөн нүглүүддээ үлдэх болно.

39 Ай, хайрт ах дүү нар минь, Ариун Бурханы эсрэг зөрчилдөх нь аймшигтайг, мөн түүнчлэн зальт түүний уруу таталтуудад бууж өгөх нь аймшигтайг сана. Дэлхийн зүйлсэд төвлөрөх нь үхэл, мөн сүнслэг зүйлсэд төвлөрөх нь мөнх амьдрал гэдгийг сана.

40 Ай, хайрт ах дүү нар минь, миний үгсэд чих тавьцгаа. Израилын Ариун Нэгэний сүр жавхланг сана. Би та нарын эсрэг хатуу зүйлсийг ярьсан гэж битгий хэл; учир нь хэрэв та нар тэгвэл үнэнийг эсэргүүцэн доромжилсон болно; учир нь би та нарыг Бий Болгогчийн үгсийг ярьсан болой. Бүхий л цэвэр бусын эсрэг үнэн үгс хатуу байдгийг би мэднэ; харин зөв шударгыг үйлдэгчид тэдгээрээс эмээхгүй, учир нь тэд үнэнд дуртай мөн дагжих нь үгүй.

41 Ай тэгээд, хайрт ах дүү нар минь, Ариун Нэгэн, Их Эзэнд ирцгээ. Түүний замууд зөв шударгыг сана. Болгоогтун, хүмүүнд зориулагдсан харгуй нарийн, гэвч энэ нь түүний өмнө шулуунаар зурайна, мөн хаалганы сахиул нь Израилын Ариун Нэгэн болой; мөн тэрээр нэг ч зарцыг тэнд үл ажиллуулдаг; мөн уг хаалганаас өөр орох арга үгүй; учир нь тэрээр мэхлэгдэх боломжгүй, учир нь түүний нэр Их Эзэн Бурхан билээ.

42 Мөн хэн тогшнов, түүнд тэрээр нээх болно; мөн өөрсдийн мэдлэг, цэцэн ухаан, мөн баялгийнхаа учир ихэрхдэг тэрхүү ухаантай, мөн мэдлэгтэй, бас баян тэд—тийм ээ, тэд бол түүний ад үзэх тэд болой; тэд эдгээр зүйлээ хаяж, мөн Бурханы өмнө өөрсдийгөө мунхаг хэмээн бодож, мөн даруу байдлын гүнд доошлон ирэхээс бусдаар бол, тэрээр тэдэнд нээхгүй байх болно.

43 Харин ухаантай мөн сэрэмжтэй хүний зүйлс тэднээс үүрд далдлагдах болно—тийм ээ, гэгээнтнүүдэд бэлтгэгдсэн тэр аз жаргал болой.

44 Ай, хайрт ах дүү нар минь, миний үгсийг сана. Болгоогтун, би өмсгөлүүдээ тайлж, мөн би тэдгээрийг та нарын өмнө сэгсрэе; би авралын Бурхандаа тэрээр намайг бүхнийг халиах мэлмийгээрээ тольдоосой хэмээн залбиръя; иймийн тул, бүх хүн үйлүүдээрээ шүүгдэх тэр эцсийн өдөр би та нарын алдсуудыг өөрийн бодгалиас сэгсэрснийг, мөн би түүний өмнө цэвэр ариун зогсохыг, мөн та нарын цуснаас ангижирсныг Израилын Бурхан гэрчилснийг та нар мэдэх болно.

45 Ай, хайрт ах дүү нар минь, нүглүүдээсээ салцгаа; та нарыг бөх гэгч нь хүлэх хүсэлтэй түүний гинжийг сэгсрэн хая; авралын тань хад болох тэрхүү Бурханд ирцгээ.

46 Та нар аймшигт айдсаасаа болж нугдайхгүй байж болохын тулд, та нар аймшигт гэмээ төгс санахгүй байж болохын тулд; мөн өөрийн эрхгүй дуу алдаж: Ариун, таны шүүлтүүд ариун юм, ай Их Эзэн Бүхнийг Чадагч Бурхан—гэвч би гэмээ мэднэ; би таны хуулийг зөрчсөн, мөн миний зөрчлүүд бол минийх; мөн чөтгөр намайг эзэмшиж, би түүний аймшигт зовлонгийн олз болжээ хэмээхгүй байж болохын тулд та нар өөрсдийн сүнсийг, шударга ёс зөв шударгыг үйлдэгчдэд хүртээгдэх тэр гайхамшигт өдөрт, бүр шүүлтийн өдөрт бэлтгэцгээ.

47 Гэвч болгоогтун, ах дүү нар минь, эдгээр зүйлийн аймшигт бодит байдалд та нарыг би сэрээх нь шаардлагатай гэж үү? Хэрэв та нарын санаа бодол цэвэр байсан аваас би бодгалиудыг тань тарчилгана гэж үү? Хэрэв та нар нүглээс ангижирсан байсан аваас үнэний шулуун байдлын дагуу би та нарт шулуухнаар ярих байсан гэж үү?

48 Болгоогтун, хэрэв та нар ариун байсан аваас би та нарт ариун чанарын тухай ярихсан; гэвч та нар ариун бус учир, мөн та нар багшаа хэмээн надад хандах учир, би та нарт нүглийн уршгуудыг сургах нь зайлшгүй байх ёстой зохист зүйл ажгуу.

49 Болгоогтун, бодгаль минь нүглийг жигшиж, мөн зүрх сэтгэл минь зөв шударгад баясдаг; мөн би Бурханыхаа ариун нэрийг магтан дуулах болно.

50 Ирцгээ, ах дүү нар минь, цангасан бүхэн, та нар усанд ирцгээ; мөн мөнгөгүй тэр нь, ирээд худалдаж ав мөн ид; тийм ээ, ирээд дарс, сүүг мөнгөгүйгээр мөн үнэгүйгээр худалдаж ав.

51 Иймийн тулд, үнэ цэнэгүй зүйлд мөнгө, бас хэрэгцээг чинь хангаж чадахгүй зүйлд хөдөлмөрөө бүү үр. Намайг хичээнгүйлэн анхаар, мөн миний ярьсан эдгээр үгийг сана; мөн Израилын Ариун Нэгэнд ир, мөн мөхөх нь үгүй түүний дээр, бас ялзрах нь үгүй түүний дээр найрла, мөн бодгаль чинь шимт болгонд баясаг.

52 Болгоогтун, хайрт ах дүү нар минь, Бурханыхаа үгсийг сана; түүнд өдрөөр байнга залбирч бай, мөн шөнөөр түүний ариун нэрэнд талархал илэрхийл. Зүрх сэтгэлээ баяртай байлга.

53 Мөн болгоогтун Их Эзэний гэрээнүүд хэчнээн агуу их, мөн хүмүүсийн үрс дэх түүний буун ирэлтүүд хэчнээн агуу билээ; мөн түүний сүр жавхлан, мөн түүний ач ивээл болон нигүүлслийн учир, бидний үр удам маханбодын дагуу бүрмөсөн устгагдахгүй, харин тэрээр тэднийг хадгалан хамгаалах болно хэмээн бидэнд амласан билээ; мөн ирээдүйн үеийнхэнд тэд Израилын угсаанд нэгэн зөв шударга мөчир байх болно хэмээн болой.

54 Мөн эдүгээ, ах дүү нар минь, би та нарт илүүг ярихсан; гэвч маргааш би та нарт үгсийнхээ үлдсэнийг тунхаглах болно. Амен.