2010–2019
Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг
Аравдугаар сар 2015


Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс адислагдаж, аз жаргалтай байдаг

Их Эзэний тогтоосон хаалт хоригууд биднийг хилэнцэт болон хорт нөлөөллөөс хамгаалах аюулгүй боомт болж өгдөг.

Хэсэг хугацааны өмнө би Австралид айлчилж байхдаа, серфингээрээ (далайн давлагаан дээр гулгах) нэгэн алдартай, морины тах хэлбэртэй далайн тохой руу аялж билээ. Би далайн эргээр алхаж явахдаа далайн тохойн цаадах, нөмрөн ирэх том хүчит давлагааг болон далайн эрэг рүү хуйлран ирэх жижиг давлагаануудын гайхамшигтай сайхныг бахдан харж явав.

Би цаашлан алхаж явахдаа, хэсэг америк серферүүдтэй дайралдав. Тэд ямар нэгэн зүйлд унтууцсан байдалтай далай руу занган, чанга чанга ярьж байв. Би тэднээс юу болсныг асуухад, тэд далайн тохойн цаахна бууж байгаа том давлагаануудын зүг заалаа.

Тэдний нэг нь “Тийшээ хар даа, чи тэнд байгаа хаалтыг харж байна уу?” гэж ууртай гэгч хэлэв. Би илүү анхаарч ажиглаад, сэтгэл татам том давлагаанууд эргэлдэн бууж байгаа яг тэр хэсэгт, далайн тохойд хөндөлдүүлэн тавьсан хаалтыг харав. Уг хаалт нь хүнд төмөр тороор хийгдсэн байсан ба усан дээрх хөвөгчөөр татагдаж байлаа. Серферүүдийн хэлснээр, тэр тор нь бүр далайн ёроолд хүрсэн байжээ.

Америк серфер цааш үргэлжлүүлэн, “Бид энэ том давлагаанууд дээр гулгах гэж амьдралд ганц тохиолдох аяллаар ирээд байдаг. Бид далайн тохойн дотор хуйлран орж ирж байгаа жижиг давлагаанууд дээр гулгаж болно л доо, гэхдээ тэр хаалтаас болоод том давлагаанууд дээр гулгаж чадахгүй нь. Тэр хаалтыг яагаад барьсныг огт мэдэхгүй юм. Энэ нь бидний аяллыг бүтэлгүй болгосныг л би мэдэж байна” гэж хэлж билээ.

Америк серферүүд улам их гомдоллож эхлэх үед, ойрхон байсан, нутгийн, ахимаг насны нэг серфер анхаарлыг минь татав. Тэр тавигдсан хаалтын талаар гомдоллосон яриа нэмэгдэхийг сонсох тусам тэвчээр нь алдагдаж буй мэт харагдаж байв.

Эцэст нь тэрээр босоод, уг бүлэг хүмүүс рүү дөхөн ирсэн юм. Тэр юу ч хэлэлгүй, үүргэвчнээсээ дуран гаргаж ирээд, серферүүдийн нэгэнд өгөн, далайд тавигдсан хаалтын зүг заав. Серфер бүр дурангаар ээлжлэн харлаа. Тэгээд миний ээлж ирж, би томруулах дурангийн тусламжтайгаар, өмнө нь харж чадахгүй байсан нэгэн зүйлийг харсан юм. Хаалтын нөгөө талд, усан доторх хадны ойролцоо хооллож буй аварга загаснуудын нурууны сэрвээг олж харав.

Тэд тэр даруй таг чимээгүй болов. Уг настай серфер дурангаа буцааж аваад, биднээс холдон одохдоо хэлсэн үгийг нь би хэзээ ч мартахгүй. Тэр “Хаалт хориг тавьсанд битгий шүүмжлэлтэй ханд. Энэ нь та нарыг аварга загасанд идүүлэхээс хамгаалж байгаа цорын ганц зүйл нь юм шүү” гэж хэлж билээ.

Бид тэр үзэсгэлэнт далайн эрэг дээр зогсох үед бидний бодол гэнэт өөрчлөгдсөн байв. Том давлагаанууд дээр гулгах баяр хөөр, таашаалыг үгүй болгосон уг хориг нь хязгаарлалт, саад мэт санагдаж байсан бол одоо огт өөр санагдаж байв. Усны мандлын доохно нүүрлэсэн аюулыг ойлгосон болохоор уг хориг одоо аюулгүй байдал, хамгаалалт, амар амгаланг өгч байгаа мэт санагдаж байлаа.

Бид амьдралын замаар явж, хүсэл мөрөөдлөө хөөх зуур Бурханы зарлиг, жишгүүд нь уг хоригийн адил заримдаа ойлгоход хэцүү байж болно. Тэдгээр нь бусад олон хүний дагаж байгаа хөгжилтэй, сэтгэл баясгам замыг хаасан, хүнд, хөдөлшгүй саад мэт санагдаж магадгүй. Ахлагч Паулын өгүүлснээр, “Бид толинд бүдэг бадаг хардаг”1  гэсэн шиг үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад бид гадаргуугийн доохно байгаа их аюулуудыг харж чадахгүй байх нь олонтоо тохиолддог.

Гэвч “Бүх зүйлсийг ойлго[дог]”2 Тэрээр тэдгээр аюул яг хаана байгааг мэддэг. Тэр бидэнд зарлигуудаар болон хайраар өгсөн удирдамжаараа дамжуулан тэнгэрлэг заавар өгдөг бөгөөд тэгснээр бид тэдгээр аюулаас зайлсхийж, биднийг ангалаас болон сүнслэг байдлын араатнуудаас хамгаалагдсан замыг амьдралдаа бий болгож болох юм.3

Бид Бурханы бидэнд зориулан тавьсан замыг өдөр бүр дагаж, Түүний бидэнд өгсөн зарлигуудыг бүхий л чадлынхаа хэрээр сахиснаар Түүнийг хайрлах хайр, Түүнд итгэх итгэлээ харуулдаг. Ялангуяа бид Бурханы зарлигуудыг яагаад дагах ёстойгоо ойлгоогүй эсвэл биднээр хийлгэхийг хүссэн тодорхой нэг зүйлийг нь бүрэн ухаараагүй үедээ итгэл ба хайраа илүү үзүүлдэг. Хаалт хоригийн цаана хурц шүдтэй махчин загас эргэлдэж байгааг мэдэж байгаа тохиолдолд хаалтын наана үлдэхэд амархан. Харин нөгөө талд зөвхөн сэтгэл хөдөлгөм, том давлагаанууд л харагдаж байгаа үед хаалтны наана үлдэнэ гэдэг бол хэцүү юм. Гэхдээ яг тийм цаг мөчүүдэд бид итгэлээрээ үйлдэхийг сонгож, Бурханд найдлага тавин, Түүнийг хайрладгаа харуулснаар илүү их өсөж хөгждөг.

Шинэ Гэрээн дэх Ананиа, Христэд итгэгчдийг шоронд хорих эрхтэй тэрхүү Саулыг эрж хайн, адисал хэмээх Их Эзэний зарлигийг ухаараагүй. Гэсэн ч Ананиа Бурханы зарлигийг дагасан учраас төлөөлөгч Паулын сүнслэг төрөлтийн гол түлхүүр нь болсон юм.4

Бид Их Эзэнд найдаж, итгэлээ хөгжүүлж, Түүний зарлигуудыг дуулгавартай даган, бидэнд зориулан гаргасан замыг нь дагах явцдаа Их Эзэний хүссэн хүн болдог. Энэхүү “болох явц” буюу зүрх сэтгэлийн хөрвүүлэг нь хамгийн чухал юм. Ахлагч Даллин Х.Өүкс бидэнд: “Хэний ч хувьд зүгээр урсгалаар явж байгаа мэт амьдрах нь хангалттай биш. Зарлиг, ёслол, гэрээнүүд нь тэнгэр дэх дансанд оруулах шаардлагатай орлогын жагсаалт биш билээ. Есүс Христийн сайн мэдээ нь бид хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүссэн хүмүүс болохыг бидэнд харуулдаг төлөвлөгөө юм”5 гэж хэлжээ.

Тиймээс жинхэнэ дуулгавартай байдал гэдэг нь Түүнд өөрсдийгөө бүрэн даатгаж, тогтуун ба ширүүн давлагаатай үеийн аль алинд Түүгээр замаа заалгахыг зөвшөөрнө гэсэн үг юм. Мөн бид өөрсдөө мянга хичээснээс ч илүүтэй, Түүний биднийг сайн хүн болгож чадна гэснийг нь ухаарна гэсэн үг юм.

Бид Түүний хүслийг хүлцэн дагах явцдаа амар амгалан хийгээд аз жаргалыг улам их мэдэрдэг. Бенжамин хаан Бурханы зарлигуудыг сахидаг хүмүүс “бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд” “адислагдсан мөн баярт”6 хүмүүс юм хэмээн заасан. Бурхан биднийг баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг. Тэр биднийг амар амгалан байгаасай гэж хүсдэг. Тэр биднийг амжилттай байлгахыг хүсдэг. Тэр биднийг эргэн тойрон дахь дэлхийн нөлөөллүүдээс хамгаалагдаж, аюулгүй байлгахыг хүсдэг.

Өөр үгээр хэлбэл, Их Эзэний тушаалууд нь бид дараагийн амьдралд өргөмжлөгдөж болохын тулд энэ амьдралдаа сэтгэл дундуур байсан ч тэвчиж сурвал зохих усан доорх зарим хаалт хоригоос бүрддэггүй. Харин ч, Их Эзэний тавьсан хаалт хоригууд нь цөхрөлийн гүн рүү биднийг доош татах хилэнцэт болон хорт нөлөөнөөс хамгаалах аюулгүйн боомтыг бидэнд хангаж өгдөг. Их Эзэний зарлигууд нь хайр, халамж тавих үүднээс өгөгдсөн бөгөөд дараагийн амьдралд бидэнд баяр хөөр, өргөмжлөлийг авчрахад зориулагдсан шиг энэ амьдралд ч бидэнд баяр хөөр авчрах зориулалттай юм.7 Тэдгээр нь бидний хийх ёстой зүйлсийг, мөн хамгийн чухал нь бидний хэн болох ёстойг харуулдаг билээ.

Сайн ба үнэн бүх зүйлийн хувьд, Есүс Христ хамгийн сайн үлгэр жишээ болдог. Хүү нь Эцэгийн хүслийг хүлцэх үед дуулгавартай байдлын хамгийн агуу үйл тохиосон юм. Тэрээр Өөрт нь зориулагдсан байсан замаас өөр замаар аялж болохын тулд, аягыг холдуулахыг даруу байдлын гүнд гуйсан ч, Эцэгийнхээ яваасай хэмээн хүссэн замыг дагахаар хүлцсэн. Энэхүү зам нь Түүнийг төсөөлшгүй өвчин шаналлыг тэвчин Гетсеманиас Голгот хүрэхэд удирдсан ба тэнд Эцэгийнх нь Сүнс холдон явсан учраас Тэрээр цор ганцаар үлдсэн билээ. Гэвч энэ зам нь гурав дахь өдрөө хоосон булшинд, Түүнийг хайрладаг байсан тэдний зүрх сэтгэл болон чихэнд “Тэр амилсан”8 гэх үгс сонсогдоход дахин гэрэлтсэн юм. Энэ нь мөнхийн мөнхөд Бурханы хүүхдүүдэд зориулсан Түүний Цагаатгалаас үүдэлтэй баяр хөөр, тайвшралыг агуулсан байв. Эцэгийнхээ хүслийг Өөрийн хүслээс дээгүүр тавьж, Эцэгийн зарлигуудыг дагаснаар, Христ бидэнд мөнхийн амар амгалан, үүрдийн баяр баясал, мөнх амьдралын найдварыг өгсөн юм.

Бид хайраар дүүрэн Бурханы хүүхдүүд гэдгийг би гэрчилж байна. Энэхүү зорилгын тул, Тэр бидэнд зориулан Түүн рүү удирдах замыг тогтоож, уг замыг дагуулан биднийг хамгаалах хаалт хоригуудыг тавьсан юм. Бид уг замыг дагахын тулд чадах бүхнээ хийснээр, үнэн аюулгүй байдал, аз жаргал, амар амгаланг олно. Мөн Түүний хүсэлд захирагдах үедээ бид Түүний хүссэн хүмүүс болдог. Есүс Христийн нэрээр, амен.