2010–2019
Таны хамтрагч Ариун Сүнс
Аравдугаар сар 2015


Таны хамтрагч Ариун Сүнс

Хэрэв бид зохистой амьдрах аваас Сүнсний адислалыг зөвхөн хааяа нэг биш, харин үргэлж авч чадна.

Хайрт ах эгч нар аа, Би Их Эзэний ерөнхий чуулган болж буй энэ Хүндэтгэлийн өдөр та нартай хамт байгаадаа талархаж байна. Би хэлсэн үгсийг болон дууллуудыг сонсож суухдаа, тэдгээр нь үнэн гэж Сүнс, Ариун Сүнс гэрчлэхийг та нарын адил мэдэрсэн.

Миний өнөөдрийн зорилго бол бид баптисм хүртсэнийхээ дараа хүн нэг бүрд амлагдсан тэрхүү бэлгийг авах хүсэл, эрс шийдэмгий байдлаа нэмэгдүүлэх явдал юм. Бид гишүүний баталгаагаа хүлээн авч байхдаа “Ариун Сүнсийг хүлээн авна уу”1 гэх үгсийг сонсдог. Тэр мөчөөс эхлэн бидний амьдрал мөнхөд өөрчлөгдсөн.

Хэрэв бид зохистой амьдрах аваас Сүнстэй байх адислалыг зөвхөн өнөөдрийнх шиг ийм гайхалтай үйл явдлуудаар хааяа нэг биш, харин үргэлж авч чадна. Та нар энэхүү амлалт хэрхэн биелэгддэгийг ариун ёслолын залбирлын “Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, үүнээс хүртэх тэд бүгдийн бодгалийн тул; тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд таны Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, тэд үүнийг идэж, Ай Бурхан, Мөнхийн Эцэг минь, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч, мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүнийг зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд, энэ талхыг адисалж мөн ариулахыг таны Хүү, Есүс Христийн нэрээр бид танаас гуйж байна” хэмээх үгсээс мэдэж авдаг:

Дараа нь: “тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд” гэсэн гайхамшигтай амлалт өгдөг (С ба Г 20:77; тодотгол нэмэгдсэн).

Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах гэдэг нь өдөр тутмын амьдралдаа Ариун Сүнсний удирдамж, зааврыг авч байна гэсэн үг юм. Жишээ нь, Сүнс бидэнд хилэнцийг үйлдүүлэх уруу таталтыг эсэргүүцэхийг сэрэмжлүүлж болно.

Тиймээс, Их Эзэний үйлчлэгчид ариун ёслолын цуглаанд Бурханыг шүтэн бишрэх бидний хүслийг өсгөн нэмэгдүүлэхийг хичээдэг шалтгааныг харахад хялбар байдаг. Хэрэв бид ариун ёслолоос итгэлтэйгээр хүртвэл Ариун Сүнс биднийг болон бидний хайртай хүмүүсийг улам хүчтэй, нэмэгдэн ирж буй уруу таталтуудаас хамгаалах болно.

Ариун Сүнсний нөхөрлөл нь сайн сайхан зүйлсийг илүү сэтгэл татам болгон, уруу таталтын хүчийг сулруулдаг. Зөвхөн энэ нь бидэнд Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахаар зохистой байх шийдвэрийг гаргахад хангалттай үндэслэл болох юм.

Ариун Сүнс биднийг нүгэл хилэнцийн эсрэг хүчирхэгжүүлдгийн адил, бидэнд үнэн, худлыг ялгах хүчийг мөн өгдөг. Хамгийн чухал үнэнийг зөвхөн Бурханаас ирэх илчлэлтээр бататгах боломжтой. Үүнд хүмүүн бидний ямар ч тайлбар эсвэл биеийн мэдрэхүйг ашиглах нь хангалтгүй. Бид хамгийн мэргэн ухаантай нь ч гэсэн ухаалгаар далдлан нууцалсан худал хуурмагаас үнэнийг ялгахад бэрх болсон цаг үед амьдарч байна.

Их Эзэн, Аврагчийн сорвинд хүрч, Түүний амилалт бодит гэдгийг нотлохыг хүссэн Өөрийн төлөөлөгч Томаст “Есүс түүнд, чи намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ!” (Иохан 20:29) хэмээн айлдан, илчлэлт бол илүү найдвартай нотолгоо гэдгийг заасан байдаг.

Бурхан руу, гэртээ буцаж очих замыг тэмдэглэдэг үнэнүүдийг Ариун Сүнс баталж өгдөг. Бид ойн цоорхой руу очин, Эцэг, Хүү хоёр залуу Иосеф Смиттэй ярьж байгааг харах боломжгүй. Түүнчлэн, амласны дагуу Елиа ирэн, өнөө үед амьд бошиглогч Томас С.Монсон эрхийг нь атган, ашиглаж байгаа санваарын түлхүүрүүдийг өгсөн болохыг батлах ямар ч бодит нотолгоо, логик тайлбар байхгүй.

Ариун Сүнсийг хүлээн авах эрхтэй Бурханы охинд эсвэл хүүд үнэний баталгаа ирдэг. Бид ямар ч үед худал юм уу хуурмаг зүйлтэй тулгарч болох учраас эргэлзээ төрүүлэхгүйн тулд Үнэний Сүнсний нөлөөг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгах хэрэгтэй юм.

Жорж К.Каннон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байхдаа Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг үргэлж эрэлхийлж байхыг биднээс хүссэн. Тэрээр, хэрэв бид энэ зөвлөгөөг дагах аваас үнэний талаарх “мэдлэгээр хэзээ ч дутагдахгүй”, “харанхуйд эсвээс эргэлзэлд хэзээ ч орохгүй”, мөн бидний “итгэл хүчтэй, [бидний] баяр хөөр ... дүүрэн”2 байх болно гэж амласан бөгөөд би ч ийнхүү амлаж байна.

Бидэнд Ариун Сүнсний нөхөрлөлийн тусламж байнга хэрэг болдог өөр нэг шалтгаан бий. Хайртай хэн нэгэн маань санаандгүй нас барж болно. Хайртай нэгнээ алдах үед биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн ба амилсан Аврагчийн бодит байдлын талаар ирэх Ариун Сүнсний гэрч бидэнд найдвар, тайвшрал өгдөг юм. Үхэл тохиолдох үед энэ талаарх шинэ соргог гэрчлэл бидэнд байх ёстой.

Тиймээс, олон шалтгаанаар бидэнд Ариун Сүнсний байнгын нөхөрлөл хэрэгтэй. Бид энэ нөхөрлөлийг хүсдэг ч үүнийг хадгалан үлдэх нь хэцүү гэдгийг өөрсдийн туршлагаас мэднэ. Бидний хүн нэг бүр өдөр бүр Сүнсийг гомдоох зүйлсийг бодож, хэлж мөн хийдэг. Их Эзэн, бидний зүрх сэтгэл энэрлээр дүүрч, бодол санааг ариун журам зогсолтгүй чимэн гоёсон үед Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байх болно гэж заасан (С ба Г 121:45 -ыг үзнэ үү).

Сүнсний нөхөрлөлийн бэлгийг авах шаардлагыг хангах өндөр жишигт хүрч чадахгүй байгаа хүмүүст би энэ урмын үгийг уламжилъя. Та нарт Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байсан үе бий. Магадгүй өнөөдөр ч та нар мэдэрсэн байж болно.

Та нар ийм сүнсээр удирдагдсан мөчүүддээ Алмагийн дүрслэн хэлсэн итгэлийн үртэй адил ханд (Алма 32:28 -ыг үзнэ үү). Тэдгээрийг нэг бүрчлэн тарь. Та нар мэдэрсэн сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдсэнээр үүнийг хийж чадна. Хамгийн үнэ цэнэтэй Сүнслэг өдөөлт бол та бүхний хувьд Бурхан та нараар юу хийлгэх байсан бол гэдгийг мэдэх явдал юм. Хэрэв энэ нь аравны нэгээ төл эсвэл гашуудаж буй найз дээрээ оч гэсэн мэдрэмж төрсөн бол та үүнийг хийх хэрэгтэй. Ямар ч мэдрэмж төрсөн байсан түүнийгээ даган хий. Та нар дуулгавартай байхад бэлэн байгаагаа харуулах юм бол Ариун Сүнс та нарт Түүний хийлгэхийг хүссэн зүйлсийн талаар илүү олон сүнслэг өдөөлтийг илгээх болно.

Та нар дагах аваас Сүнснээс ирэх өдөөлт улам бүр ойр ойрхон ирж, байнгын нөхөрлөлд илүү ойртохоос гадна зөвийг сонгох хүч тань нэмэгдэх болно.

Түүний төлөө үйлд гэсэн эдгээр сүнслэг өдөөлт нь таны хүсэл биш, харин Сүнснээс ирсэн гэдгийг та нар мэдэх боломжтой. Та нарын хүлээн авсан сүнслэг өдөөлт Аврагчийн болон Түүний амьд бошиглогч, төлөөлөгчдийн хэлсэн үгтэй таарч байвал, итгэлтэй дагах сонголтыг хийж болно. Тэр үед Их Эзэн Өөрийн Сүнсийг та нартай байлгахаар илгээнэ.

Жишээлбэл, хэрэв та нар хүндэтгэлийн өдрийг сахих сүнслэг өдөөлтийг хүлээн авах юм бол, ялангуяа дагахад хэцүү гэж санагдсан тэр үед чинь Бурхан Өөрийн Сүнсийг туслуулахаар илгээх юм.

Олон жилийн өмнө аавыг маань ажлаар Австралид очиход түүнд яг ийм тусламж ирсэн билээ. Тэр ням гарагт ганцаархнаа байсан бөгөөд ариун ёслолоос хүртэхийг хүсжээ. Түүнд хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглаануудын талаар ямар ч мэдээлэл олдохгүй байлаа. Тиймээс тэр гараад алхаж эхэлсэн байна. Замын уулзвар дээр ирэх болгондоо тэр хаашаа эргэж явах талаар залбирч байжээ. Тэр бүтэн цагийн турш алхан, нааш цааш эргэж явсаар, дахин залбирахаар зогсжээ. Тэрээр нэг тодорхой гудамж руу эргэ гэж хэлэх сүнслэг өдөөлтийг мэдэрсэн байна. Удалгүй ойрхон нэгэн орон сууцны байрны доод давхраас дуу дуулах чимээ сонсогджээ. Тэр цонхоор нь харахад цагаан бүтээлэг бүтээн, дээр нь ариун ёслолын тавиур тавьсан ширээний ойролцоо суусан цөөн хэдэн хүнийг харсан байна.

Энэ нь та нарт тийм ч чухал гэж санагдахгүй байж болох ч түүний хувьд гайхалтай зүйл байсан. Аав маань, “тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд ... мөн үргэлж түүнийг санаж, мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн” (С ба Г 20: 77) хэмээх ариун ёслолын залбирлын амлалт биелэгдсэнийг мэдсэн юм.

Энэ бол түүний залбираад, дараа нь Бурханы хийгээсэй гэж хүссэн зүйлийг Сүнсний хэлснээр хийсэн жишээнүүдийнх нь нэг юм. Тэр он жилүүдийн туршид ийнхүү үйлддэг байсан ба би ч, та нар ч мөн адил ийнхүү хийх болно. Тэр хэзээ ч өөрийн сүнслэг байдлын тухай ярьж байгаагүй. Тэр зүгээр л хийх хэрэгтэй хэмээн сүнслэг өдөөлт авсан жижиг зүйлсийг Их Эзэний төлөө үргэлжлүүлэн хийсээр байв.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн зарим бүлэг хүмүүс өөрсдөд нь хандан үг хэлэхийг түүнээс хүсэх болгонд тэр үг хэлдэг байсан. Түүнд арван хүн байна уу, тавин хүн байна уу эсвэл тэр өөрөө хэр их ядарсан байх нь хамаагүй байв. Тэрээр Сүнс түүнийг өдөөн гэрчил гэх болгонд Эцэг, Хүү, Ариун Сүнсийг болон бошиглогчдын талаарх гэрчлэлээ хуваалцдаг байлаа.

Түүний Сүм дэх хамгийн том дуудлага бол Ютагийн Боннэвилл гадасны дээд зөвлөлд байсан ба уг дуудлагат ажлаа хийж байхдаа тэр гадасны ферм дээр зэрлэг өвс зулгааж, Ням гаргийн ангид хичээл заадаг байв. Олон жилийн туршид түүнд хэрэгтэй үед нь Ариун Сүнс хамтрагч нь болдог байсан юм.

Би эмнэлгийн өрөөнд аавынхаа хажууд зогсож байлаа. Түүнтэй 41 жил ханилсан ээж минь орон дээр хэвтэж байв. Бид түүний биеийн байдлыг олон цагийн турш ажиглан суусан. Ээжийн маань нүүрнээс өвчин шаналал нь арилан одохыг бид харж байлаа. Алгандаа зангидсан хуруунууд нь тавигдан, гар нь хажуу тал руугаа гулсан унав.

Хорт хавдраар өвдсөн хэдэн арван жилийн зовлон шаналал нь ийнхүү төгсгөл болж байлаа. Би ээжийнхээ царайн дээрээс амар амгаланг олж харсан юм. Ээж минь хэдхэн богино амьсгал аван, амьсгаа нь тасалдсанаа, чимээгүй болж билээ. Бид хоёр ахиад амьсгал авах болов уу хэмээн горьдон, хүлээж зогссон.

Эцэст нь, аав минь аяархнаар, “Бяцхан охин минь гэр рүүгээ явлаа даа” гэж хэлсэн юм.

Тэр ямар ч нулимс дуслуулсангүй. Учир нь олон жилийн өмнө түүнд Ариун Сүнс ээжийг минь хэн болохыг, мөн түүний хаанаас ирснийг болон түүнийг хэн болсныг, бас хаашаа явж байгаа талаар тод томруун дүр зургийг үзүүлсэн байсан юм. Сүнс аавд минь олон удаа, бидэнд хайртай Тэнгэрлэг Эцэгийн ба үхлийн хүчийг дийлсэн Аврагчийн талаар, мөн аавын маань эхнэртэйгээ болон гэр бүлтэйгээ хуваалцсан ариун сүмийн лацдан холболт нь бодит болохыг гэрчилсэн байв.

Олон жилийн өмнө Сүнс аавд минь ээжийн сайхан сэтгэл, итгэл нь түүнийг тэнгэр дэх гэртээ буцаж очих эрхтэй болгосон гэдгийг, мөн тэнд түүнийг амлалтын гайхамшигтай хүүхдийн хувьд нэр хүндтэй хүлээн авна гэсэн баталгааг өгсөн байв.

Аавын минь хувьд энэ нь найдвараас илүү зүйл байсан юм. Ариун Сүнс түүнд энэ бүхнийг бодит зүйл болгон өгсөн байлаа.

Зарим хүн тэнгэрлэг гэр орны талаарх түүний үгс, оюун ухаанд нь байх дүр зургууд зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, хайртай нэгнээ алдсан нөхөр хүний харалган ухаан гэж хэлж болох юм. Гэвч аав минь мөнхийн үнэнийг олж мэдэх боломжтой цорын ганц арга замаар үүнийг мэдэж авсан байв.

Тэр нас биед хүрсэн бүхэл амьдралынхаа туршид бодит дэлхийн тухай үнэнийг эрэлхийлсэн эрдэмтэн хүн байсан. Тэр шинжлэх ухааны арга хэрэгслүүдийг сайн ашиглаж чаддаг байсан бөгөөд дэлхий даяарх мэргэжил нэгтнүүдийнхээ хүндлэлийг хүлээсэн нэгэн байсан юм. Тэр химийн шинжлэх ухааны салбарт хийсэн ихэнх судалгаагаа, эхлээд молекулуудыг энд тэндгүй хөдөлж байгааг оюун ухааныхаа мэлмийгээр хараад, дараа нь өөрийн үзэгдлийг лабораторид туршиж, баталдаг байв.

Гэвч тэрээр өөрт нь болон бидний хүн нэг бүрд хамгийн чухал үнэнүүдийг олж мэдэхийн тулд өөр арга замыг баримталж байсан. Бид зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан хүмүүсийг төдийгүй үйл явдлыг Бурханы мэлмийгээр харж чаддаг билээ.

Энэ бэлэг нь түүнд эхнэрийг нь нас барсны дараа эмнэлэгт үргэлжлэхийг би харсан юм. Бид ээжийнхээ эд юмсыг цуглуулан, авч явахаар янзлав. Машин руу явах замд аав минь тааралдсан бүх эмч, сувилагчтай саатан уулзаж, талархлаа илэрхийлж билээ. Тэр үед би дотроо цухалдангуй, бид гашуудахдаа ганцаараа байх ёстой гэж бодож байснаа санаж байна.

Гэхдээ одоо би, аав минь зөвхөн Ариун Сүнс л үзүүлж чадах зүйлсийг олж харсан юм байна гэдгийг ойлгосон билээ. Тэрээр эмнэлгийн ажилтнуудыг хайртай хүнийг нь харж халамжлахаар Бурханаас илгээгдсэн тэнгэр элч гэж харж байлаа. Тэд өөрсдийгөө эмнэлгийн мэргэжилтнүүд гэж үзэж байсан ч аав маань Аврагчийн өмнөөс тэдний үйлчлэлд талархлаа илэрхийлж байв.

Бид аав, ээж хоёрынхоо гэрт ирэхэд ч Ариун Сүнсний нөлөө түүнтэй хамт байсан. Бид зочдын өрөөнд хэдэн минут ярилцсаны дараа аав маань уучлалт гуйгаад, ойр байх унтлагынхаа өрөө рүү оров.

Хэдэн минутын дараа тэрээр зочны өрөөнд сайхан гэгч инээмсэглэсээр буцан орж ирж билээ. Тэр бидэн рүү дөхөж ирээд, аяархнаар “Би Милдрэдийг сүнсний дэлхийд ганцаараа очих вий гэж санаа зовж байлаа. Би түүнийг олны дунд төөрөх байх даа гэж бодож байв” гэж хэлсэн юм.

Тэгээд аав ихэд баяртай “Би дөнгөж сая залбираад, Милдрэд дажгүй байгааг олж мэдлээ. Ээж маань түүнийг угтахаар тэнд очсон байна” хэмээн хэлж билээ.

Би түүнийг ингэж хэлэхэд нь, бэрийгээ ирэхэд тэврэн угтахаар богино хөлөөрөө яаравчлан, хурдан хурдан алхалж байгаа эмээгээ төсөөлөн бодож, инээмсэглэснээ санаж байна.

Аав маань хүүхэд байхаасаа л үргэлж итгэлтэй залбирдаг байсан учраас хүссэн тайвшралаа хүлээн авч чадсан юм. Тэр зүрх сэтгэлд нь тайвшрал, удирдамж өгөхөөр ирдэг хариултыг хүлээн авч сурсан байлаа. Тэр залбирах дадал хэвшлээс гадна судрыг болон амьд бошиглогчдын үгсийг мэддэг байв. Тиймээс тэр та нарын өнөөдөр мэдэрсэн байж болох Сүнсний танил шивнээг таньдаг байсан юм.

Сүнсний нөхөрлөл түүнийг тайтгаруулж, удирдаад зогсохгүй Есүс Христийн цагаатгалаар дамжуулан түүнийг өөрчилсөн юм. Биднийг Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгана гэсэн амлалтыг хүлээн авахад Аврагч бидэнд бүх бэлгээс хамгийн агуу нь болох мөнх амьдралд ороход шаардлагатай цэвэршилтийг өгөх болно (С ба Г 14:7 -г үзнэ үү).

Та нар: “Эдүгээ уг зарлиг нь энэ болой: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд та нар бүгд” (3 Нифай 27: 20) гэсэн Аврагчийн үгсийг сана.

Тэдгээр зарлиг нь:

“Мөн эдүгээ, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, сайныг үйлдэхэд---тийм ээ, шударгаар үйлдэхэд, даруухнаар алхахад, зөв шударгаар шүүхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун; мөн энэ нь миний Сүнс бөлгөө.

“Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, оюуныг чинь гэгээрүүлж, сүнсийг чинь баяраар дүүргэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно” (С ба Г 11:12– 3) гэсэн Их Эзэний амлалттай хамт ирдэг.

Би Бурхан Эцэг амьд, амилсан Есүс Христ Өөрийн Сүмийг удирдаж, ерөнхийлөгч Томас С.Монсон санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг мөн Ариун Сүнсээр дамжин ирэх илчлэлт нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг болон түүний даруухан гишүүдийг удирдан, дэмждэг талаарх өөрийн гэрчлэлийг та нартайгаа хуваалцаж байна.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн хувьд Их Эзэн Есүс Христийн гэрч болж, бидэнд хандан үг хэлсэн эдгээр гайхалтай ах Бурханаас дуудагдсан гэдгийг би та нарт гэрчилж байна. Сүнс ерөнхийлөгч Монсоныг тэднийг дуудахад удирдсан гэдгийг би мэднэ. Та нарыг тэднийг болон тэдний гэрчлэлүүдийг сонсох үед Ариун Сүнс миний одоо та нарт хэлж буй зүйлсийг баталсан. Тэд Бурханаар дуудагдсан. Би тэднийг дэмждэг бөгөөд тэдэнд хайртай. Их Эзэн тэдэнд хайртай бөгөөд үйлчлэлд нь тэднийг дэмжинэ гэдгийг би мэднэ. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн нэрээр хэллээ, амен.

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 20.3.10.

  2. Жорж К.Каннон, “Minutes of a Conference,” Millennial Star, 1832 оны 5-р сарын 2, 275–276-г үзнэ үү.