2010–2019
Өөрсдөдөө байгаа бурханлаг чанарыг олж мэдэх нь
Аравдугаар сар 2015


Өөрсдөдөө байгаа бурханлаг чанарыг олж мэдэх нь

Бид өөрсдөдөө байгаа бурханлаг чанараас үрийг олж мэдэн, арчилж тордохоор энэ дэлхийд ирсэн.

Эгч нар аа, бид та нарт хайртай! Амьдрал бол бэлэг гэдгийг би гэрчилж байна. Бурханд бидний хүн нэг бүрд зориулсан төлөвлөгөө байдаг бөгөөд бидний хувийн зорилго биднийг энэ дэлхийд ирэхээс бүр өмнө эхэлсэн.

Би сүүлийн үед Их Эзэний төлөвлөгөөний нэг хэсэг болох мөнх бус амьдралд хүүхэд төрөх гайхалтай үйл явцыг ойлгох болсон. Бидний хүн нэг бүр биеийг маань тээж хамгаалах эхийнхээ хэвлийд олон сарын туршид өсөж бойждог. Эцэст нь эх, хүүхдийн аль алинд нь чухал зүйл болох төрөлтийн үйл явц биднийг салгадаг.

Зураг
Шинээр төрсөн нярай

Хүүхдийг энэ дэлхийд төрөх үед температурын ба гэрлийн өөрчлөлт, мөн хүүхдийн чээжин дээрх даралт гэнэт үгүй болох зэрэг үйл явц нь түүнийг анхны огцом амьсгаа авахад хүргэдэг. Түүний жижиг уушги анх удаа агаараар дүүрч, эрхтнүүд нь ажиллаж эхлэн, хүүхэд амьсгалж эхэлдэг. Хүйг боох үед эх, хүүхдийг холбогч амьдралын зам эгнэгт таслагдаж, дэлхий дээрх хүүхдийн амьдрал эхэлдэг.

Иов “Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөд Төгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ”1 хэмээн хэлсэн байдаг.

Бид “алдар суугийн үүлсийг”2 дагуулан энэ дэлхийд ирдэг. Бидний хүн нэг бүр “Тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг охин, хүү нь” бөгөөд “хүн бүр бурханлиг шинж чанар, хувь тавилантай юм.”3 Тэнгэрлэг Эцэг Өөрийн бурханлаг чанараасаа бидэнд харамгүй өгдөг. Бурханлаг чанар нь зөвхөн эцэг эх нь л мэдэрч чадах тийм хайраар бэлэг болон Түүнээс ирдэг.

Бид өөрсдөдөө байгаа бурханлаг чанараас үрийг олж мэдэн, арчилж тордохоор энэ дэлхийд ирсэн.

Бид яах гэж энд ирснээ мэддэг

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Элэйн Каннон “Эмэгтэй хүний амьдралд хоёр чухал өдөр байдгийн нэг нь түүний төрсөн өдөр, нөгөө нь яагаад төрснөө мэдэх өдөр юм”4 гэжээ.

Бид яах гэж энд ирснээ мэддэг. Бид энэ дэлхий дээр Түүний хаант улсыг байгуулж, Түүний Хүү Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслахаар ирсэн. Бид Түүнд эргэн очихын тулд амьсгаа авах тоолондоо Түүнийг дагахаар хичээдэг. Бидний хүн нэг бүрийн доторх бурханлаг чанар нь Эцэгтээ болон Түүний Хүүд ойртон очих бидний хүчин чармайлтаар сайжирч, өсөн нэмэгдэж байдаг.

Бидний бурханлаг чанар хувийн амжилт, нийгэмд эзлэх байр суурь, гүйсэн марафоны тоо эсвэл алдар нэр, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэгтэй маань огт хамаагүй. Бидний бурханлаг чанар Бурханаас ирдэг. Энэ нь биднийг төрөхөөс өмнө бий болсон байсан бөгөөд мөнхөд үргэлжлэх болно.

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай

Бид Тэнгэр дэх Эцэгийнхээ хайрыг мэдэрч, үүнийг бусдад түгээснээр өөрсдийн бурханлаг чанарыг таньж мэддэг. Бидэнд үүнийг арчилж, тордон цэцэглүүлэх мөн ургахад туслах сонгох эрх бий. Бидэнд бурханлаг мөн чанарын хуваалцагч болох5 “үнэтэй амлалтууд” өгөгдсөн хэмээн Петр хэлсэн байдаг. Бид Бурханы охидын хувьд хэн болохоо ойлгосноор эдгээр үнэтэй амлалтыг мэдэрч эхэлдэг.

Бид зөвхөн өөрсдөдөө бус харин бусдад анхаарлаа хандуулах нь Түүний охид гэдгээ ойлгоход маань тусалдаг. Бид нэг л мэдэхэд Түүнд хандан залбирч, Түүний үгсийг уншиж, Түүний хүслийг үйлдэх хүсэлтэй болдог. Бид эргэн тойрныхоо хүмүүсээс эсвэл Фэйсбүк, Инстаграмын найзуудаасаа бус, харин Түүнээс өөрсдийнхөө талаарх баталгааг хүлээн авах боломжтой болдог.

Танд өөрсдөдөө байгаа бурханлаг чанарт эргэлзэж байсан үе байгаа бол өвдөг сөгдөн залбирч, “Би үнэхээр Таны охин мөн үү, Та надад хайртай юу?” хэмээн Тэнгэрлэг Эцэгээс асуугаарай. Ахлагч М.Рассэлл Баллард “Сүнсний юүлэх хамгийн гайхалтай захиасуудын нэг нь Их Эзэн таныг хэрхэн мэдэрдэг явдал юм”6 гэжээ.

Бид бол Түүнийх. “Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг”7 хэмээн Паул хэлсэн. Ихэнхдээ бид хамгийн анх “Би Бурханы хүүхэд”8 гэдэг Хүүхдийн хэсгийн дууг сурдаг. Тэгвэл одоо “Би Бурханы хүүхэд тул” хэмээх дуртай хэсгээ аваад, “Тиймээс юу хийх вэ?” гэсэн хэсгийг нэмэх цаг болсон. Бид “Би Бурханы хүүхдийн амьдралаар амьдрахын тулд юу хийх вэ?” “Би өөрт байгаа бурханлаг чанарыг хэрхэн хөгжүүлж чадах вэ?” гэх мэтээр асууж болох юм.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Бурхан та нарыг төсөөлж чадахаас чинь ч илүү агуу ирээдүйд бэлтгэх гэж энэ дэлхий рүү илгээсэн билээ”9 хэмээн хэлсэн. Тэрхүү ирээдүй нь өдрөөс өдөрт таныг байгаагаасаа илүүг хийж эхлэх үед бодитоор ирдэг. Энэ нь таныг бүтээлтийн зорилгоо биелүүлэхээр амьдарч эхлэх үед ирдэг. Энэ нь Их Эзэнийг таны амьдралд урьдаг бөгөөд та нар Түүний хүслийг өөрсдийн хүсэл болгож эхэлдэг.

Бид бурханлаг чанарынхаа ачаар суралцдаг

Бурханлаг чанар нь эдгээр мөнхийн үнэнийг өөрсдөө олж мэдэх хүслийг бидэнд төрүүлдэг.

Эми хэмээх нэгэн залуу эмэгтэй надад захидал бичихдээ “Ийм цаг үед өсвөр насны хүүхэд байх хэцүү байдаг. Зам илүү нарийсч байна. Сатан үнэхээр хичээж байна. Бүх зүйл нэг бол зөв, эсвэл буруу байдаг. Зөв, буруугийн хоорондох зүйл гэж байхгүй” хэмээн сургамжтай нэгэн зүйлийг надад заасан юм.

Тэрээр цааш үргэлжлүүлэн: “Сайн найзтай болох нь заримдаа хэцүү байдаг. Та өөрийг тань хэзээ ч орхихгүй хамгийн сайн найзтай гэж бодож байтал, энэ нь ямар нэг шалтгаанаар өөрчлөгдөж болно. Чухам иймээс л найзуудтай холбоотой асуудал буруугаар эргэх үед би миний хамтрагч байж чадах гэр бүл, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй, мөн Ариун Сүнстэй хамт байдагтаа баяртай байдаг” хэмээн хэлсэн юм.

Эми цааш нь, “Нэг орой надад үнэхээр хэцүү байсан учраас юу хийхээ мэдэхгүй байгаагаа эгчдээ хэлсэн юм” гэлээ.

Тэр орой эгч нь ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгнээс эш татан түүнд зурвас бичихдээ: “Бүү бууж өг. ... Бүү зогс. Үргэлжлүүлэн алх. Үргэлжлүүлэн хичээ. Тусламж мөн аз жаргал хүлээж байгаа. ... Эцэстээ бүх зүйл сайхан болно. Бурханд итгэ, сайн зүйлс ирэх болно гэдэгт итгэ”10 гэжээ.

Эми: “Би үүнийг уншиж байснаа, Бурхан үнэхээр намайг хайрладаг эсэхийг болон Түүний хайрыг мэдрэхийг хүсэж, залбирч байснаа санаж байна” хэмээн тайлбарласан юм.

“Би асуунгуутаа Түүнийг байгаа гэдэгт итгэсэн бөгөөд надад хамгийн гайхалтай аз жаргалтай, дулаахан мэдрэмж төрсөн. Үүнийг үгээр тайлбарлах ч аргагүй юм. Тэр байдгийг, Тэр намайг хайрладгийг би мэдсэн” гэж тэр хэлэв.

Та Түүний хүүхэд учраас Тэр таны хэн болж чадахыг мэддэг. Тэрээр таны юунаас айдаг, юу мөрөөддөгийг мэддэг. Тэрээр таны чадавхад маш их баясдаг. Тэрээр таныг залбирч, Өөрт нь ирээсэй хэмээн хүлээж байдаг. Та Түүний хүүхэд учраас Тэр зөвхөн танд хэрэгтэй төдийгүй, та ч бас Түүнд хэрэгтэй. Энэ хуралдаанд яг одоо таны эргэн тойронд сууж байгаа хүмүүст та хэрэгтэй. Та дэлхийд хэрэгтэй бөгөөд таны бурханлаг чанар Түүний бүх хүүхдэд Түүний итгэлтэй шавь байх боломжийг танд олгодог. Бид нэгэнт өөрсдөдөө байгаа бурханлаг чанарыг олж харж эхэлсэн л бол үүнийг бас бусдаас олж харж чадна.

Бид бурханлаг чанарынхаа ачаар үйлчилдэг

Бурханлаг чанар нь бусдад үйлчлэх хүслийг бидэнд төрүүлдэг.

Зураг
Этиопын өлсгөлөнд нэрвэгдсэн эх, хүүхэд хоёр

Саяхан Хүмүүнлэгийн үйлчлэлийн алба, ХҮГ Энэрлийн байгууллагын захирал Шэрон Юбанк ахлагч Глэнн Л.Пэйсийн хуваалцсан нэгэн туршлагыг ярьсан юм. 1980-аад оны дундуур Этиопт их хэмжээний газар нутгийг хамарсан ган гачиг, аймшигт өлсгөлөн болж байв. Тусламж үзүүлэхийн тулд, очих авах боломжтой хүмүүст зориулан хоол хүнс, усны нөөц бүхий хооллох өртөөнүүдийг байгуулсан байв. Өлсгөлөнд нэрвэгдсэн нэгэн настай хүн хооллох өртөөнд очихын тулд маш хол зам туулан алхжээ. Тэр нэг тосгоноор дайрч өнгөрөхдөө бяцхан хүүхдийн уйлахыг сонсоод, нас барсан ээжийнхээ хажууд сууж байсан хүүхдийг олсон байна. Тэр хүүхдийг аваад, хооллох өртөө хүртэл 40 км зам туулжээ. Тэрээр тэнд очоод хамгийн түрүүнд “Би өлсөж байна” эсвэл “Надад туслаач” гэж хэлсэнгүй. Харин “Энэ бяцхан хүүгийн төлөө юу хийж болох вэ”11

Бидний доторх бурханлаг чанар бусдад хүрч ажиллах сэдэл төрүүлж, үйлдэл хийхэд биднийг өдөөдөг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үүнийг хийх хүчийг олоход бидэнд тусалж чадна. Их Эзэн биднээс “Энэ охины төлөө мөн энэ ахын, энэ аавын төлөө эсвэл энэ найзын төлөө юу хийж болох вэ?” хэмээн асуух байсан болов уу?

Сүнсний шивнээгээр дамжуулан, огцом амьсгаа авсны дараа эргэлзэгчийн бурханлаг чанар дахин амьсгаа аван амар амгаланг олдог.

Бошиглогчийг ярихад түүний үгс бидний бурханлаг чанарт хүрч, тэдгээрийг дагах хүч чадлыг бидэнд өгдөг.

Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь бидний доторх бурханлаг чанарыг итгэл найдвараар дүүргэж, бид бидний Аврагч Есүс Христийг дурсан санадаг.

Та нар өөрсдөдөө байгаа бурханлаг чанарын хэр хэмжээг олж мэдэхээр эрэлхийлэх үед өөрсдийн үнэтэй бэлгийг цаашид эрхэмлэн дээдэлж эхлэх болно гэдгийг би амлаж байна. “[Бидэнд] амьсгал өгсөн ... Бурханд сэргээгдэх”12 газар руу буюу Түүн рүү эргэн очих тэрхүү замаар алхан, Түүний охид болохдоо өөрсдийгөө үүгээр удирдуул. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Исаиа 33:4

  2. Виллиам Вордсвортын бүрэн хэмжээний яруу найргийн цомог, Ode: Intimations of Immortality from Recollections of Early Childhood (1924), 359.

  3. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  4. Элэйн Каннон, “‘Let Me Soar,’ Women Counseled,” Church News, 1981 оны 10-р сарын 17, 3.

  5. 2 Петр 1:4.

  6. М.Рассэлл Баллард, ”Women of Righteousness,” Лиахона, 2002 оны 12-р сар, 42.

  7. Ром 8:16.

  8. “Би Бурханы Хүүхэд”, Сүмийн дууны ном 58-ыг үзнэ үү.

  9. Дийтр Ф.Угдорф, “Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 140.

  10. Жэффри Р.Холланд, “An High Priest of Good Things to Come,” Лиахона, 2000 оны 1-р сар, 45.

  11. Глэнн Л.Пэйс, “Infinite Needs and Finite Resources,” Tambuli, 1995 оны 3-р сар, 18–19.

  12. 2  Нифай 9:26.