2010–2019
Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь
Аравдугаар сар 2015


Бидэнд амлагдсан адислалуудад зохистой байх нь

Эцэгийн маань гайхамшигт амласан адислалуудын талаарх бидний төсөөлөл өдөр бүр амьдралын маань анхаарлын төвд байх ёстой.

Та нар видео бичлэг дээрх энэ эгчийг хайрлахгүй байна гэж үү? Бидний дунд өөрийн гэсэн үр хүүхэд төрүүлэх боломж олдоогүй ч хүүхдүүдийг хайрлаж, зааж сургах, адислахад амьдралаа зориулдаг олон эгч бий гэдгийг бид мэднэ. Та нарын энэ бүх үйлчлэлд тань Тэнгэрлэг Эцэг болон бид нар хичнээн их баярлан, талархдаг гээч!

Бидэнд, мөн түүнчлэн Хүүхдийн болон Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн залуухан эгч нарт дөнгөж төрсөн нярай хүүхдийг тэврэн, бидэн рүү харж байгаа харцыг нь харах боломж олдож байсан байх. Шинэхэн бүрэлдэн бий болсон, цэвэр ариун, бяцхан бие рүү Тэнгэрлэг Эцэгийн илгээсэн тэр нэгэн селестиел сүнсийг хүрээлэх ариун нандин мэдрэмжийг та нар бүгд мэдэрч байсан уу? Би үүнтэй эн тэнцэхүйц сайхан, ариун нандин, сүнслэг мэдрэмжийг цөөхөн мэдэрч байсан.

Бидний бие махбод бол Тэнгэрлэг Эцэгээс бидэнд өгсөн нандин бэлэг юм. Бие махбод маань бидний хувийн ариун сүм билээ. Бид түүнийгээ цэвэр ариун байлгах юм бол Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрт сүнсэн хүүхдүүдэд зориулан бие махбодыг бий болгоход туслахуйц зохистой байх юм.

Зураг
Ерөнхийлөгч Пакэр хэлсэн үгэндээ

Та нар “жигнэмэг, үнсэлт” гэдгээр нь санаж байж магадгүй. Ерөнхийлөгч Боид K.Пакэр хамгийн сүүлчийнхээ ерөнхий чуулган дээр хэлсэн үгэндээ, “Өсөж үржин дэлхийг дүүргэх тушаал … нэн чухал байдаг бөгөөд хүмүүний аз жаргалын эх үүсвэр билээ. Энэ [бүтээх] хүчийг бид зөв шударга ашигласнаараа Тэнгэр дэх Эцэгтэйгээ ойртож, баяр баяслын бүрэн бүтэн байдлыг, тэр ч байтугай бурханлаг байдлыг мэдрэх юм. Үр удмаа үлдээх хүч нь аз жаргалын төлөвлөгөөний хавсарга хэсэг биш, харин аз жаргалынх нь түлхүүр бөгөөд энэ бол аз жаргалын төлөвлөгөө билээ” хэмээн тунхагласан байна.

Тэрээр цааш нь:

“Жинхэнэ хайр нь амьдралын эх булгаас ундрах ариун хүчийг нээж өгөх дур хүслээ гэрлэлтийн дараа хуваалцахаар хадгалахыг шаарддаг. Энэ нь бие махбодын дур хүслээ барих чадварыг алдагдуулах нөхцөл байдалд орохоос зайлсхийхийг хэлнэ. …

“… Мөнх бус амьдрал дахь бидний аз жаргал, баяр баясгалан, өргөмжлөл зэрэг нь бие махбодын энэхүү байнгын, захирангуй хүсэлд ямар хариу өгөхөөс шалтгаална”1 гэж хэлжээ.

Хайрт эгч нар минь ээ, энэ үгийг бэлдэж байхад миний сэтгэл ихэд түгшиж байсан гэдгээ хэлэх гэсэн юм. Залуу Алма дүрсэлсний адил, “зүрхнийхээ угаас, … та нар эцсийн өдөр өргөгдөн мөн түүний амралтад орж болохын тул … түүний ариун нэрийг дуудаж, мөн та нар өөрсдийн үүрч чадахаас илүүгээр уруу таталтанд автагдахгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбираасай хэмээн хүснэ би.”2

Дараа нь Алмагийн үед Христийг эсэргүүцэгч Корихор, “тэдэнд номлож, … , олон эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг дагуулан удирдав”3 хэмээн Мормон түүнчлэн гэрчилсэн байдаг.

Эгч нар аа, Сатан бидний энэ цаг үед Корихорынхтой адил сурталчилгааг маш амжилттай хэрэгжүүлж байна. Т үүнд ямар ямар хэрэгсэл байдаг вэ? Тэдгээр нь дур тачаалыг хөдөлгөх дурлалын тухай ном зохиол, цувралт кино, порнограф, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан гэрлэсэн эмэгтэйчүүд хуучин найз залуустайгаа холбогдох зэрэг болно. Эгч нар аа, бид болгоомжтой байх ёстой! Бид Сатаны галт сумаар тоглочихоод, шаталгүй үлдэх нь үгүй. Биднийг Ариун Сүнсний байнгын нөхөрлөлд тэнцэхүйц болгодог нь ариун журмаас өөр ямар зүйл байдгийг би мэдэхгүй.

Өнөөгийн дэлхийд ихэнх хүн интернэтээс агшин зуурын зугаа цэнгэл, мэдлэгийг олж авахаар эрэлхийлж байна. Хэрэв бид үүний оронд итгэл, тэвчээрээ хэрэгжүүлэн, бүх үнэний эх үүсвэр болох Тэнгэрлэг Эцэг рүүгээ асууж, хандвал хэмжээлшгүй ихээр адислагдах болно. Өдөр бүр судрыг судалж суралцсан мөн чин сэтгэлээсээ гуйн залбирснаараа бид маш олон хариулт, баталгааг авч чадна, гэтэл интернэт дээр ямар ч тиймэрхүү амлалтууд байдаггүй. Бошиглогч Иаков, “өөрөөр хэлбэл Сүнс хуурах нь үгүй, мөн үнэнийг хэлдэг. Иймийн тул, энэ нь үнэхээр тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь ярьдаг”4 хэмээн гэрчилсэн билээ.

Бид Тэнгэрлэг Эцэгийн тавьсан жишгээс доогуурх аливаа зүйлийг үзэж, уншиж, мэдрэх юм бол уг зүйлс нь биднийг сул дорой болгоно. Хэдэн настай байхаасаа үл хамааран, хэрэв бидний үзэж, сонсдог эсвэл хийдэг зүйл Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр тусгагдсан Их Эзэний жишигт хүрэхгүй байвал түүнийг унтраа гаргаж хая, устга эсвэл хаалгыг нь чанга хаа.

Зураг
Аврагч Гетсеманид

Бидний хэн нь ч төгс биш. Ерөнхийлөгч Пакэр гэхдээ биднийг нүгэл үйлдэх үед,

“‘Болгоогтун, нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг нь цаашид санах нь үгүй’ (С ба Г 58:42) … хэмээх амлалт байдаг. …

“… Бид бүгдийг нэг бүрчлэн засварлаж чадах Цагаатгал ямар ч сорви үлдээдэггүй. Хэрэв бид үнэн сэтгэлээсээ наманчилбал, бидний юу хийсэн, хаана байсан, ямар нэгэн зүйл хэрхэн тохиолдсон зэргээс үл хамааран, Тэрээр биднийг цагаатгах болно хэмээн амласан. Тэрээр биднийг гэтэлгэхэд тэрхүү асуудал шийдвэрлэгддэг. Өөрсдийгөө гэм буруутай хэмээн мэдэрсэн, … түүнээс хэрхэн зугтахаа сайн мэдэхгүй маш олон хүн тийчлэн тэлчилж байдаг. Бид Христийн Цагаатгалыг хүлээн авснаараа тэдгээрээс зугтаж чаддаг бөгөөд толгойны өвчин болж байсан бүхий л зүйл гоо үзэсгэлэн, хайр, мөнх оршихуй руу эргэж чадна”5 хэмээн бидэнд сануулсан байна.

Наманчлалаас гадна бидэнд өөр ямар арга хэрэгсэл цэвэр, ариун журамтай хэвээр үлдэхэд маань туслах вэ? Манай Хүүхдийн ангийхан болон залуу эмэгтэйчүүд “Судрын хүч”6 нэртэй дууг мэддэг, дуулдаг. Бид энэ дууны үгийг “Залбирлын хүч”, “Ариун сүмийн хүч”, “Гэрээний хүч”, “Бошиглогчийн хүч”, “Ариун журмын хүч” болгон өргөжүүлэн дуулж болох уу?

Түүнчлэн, ариун сүмийн гарментаа зохистой өмсөхтэй холбоотой агуу их адислал, хамгаалалтын амлалтууд байдаг. Би хувьдаа өөрийгөө Тэнгэрлэг Эцэгийнхээ надад өгсөн язгууртны өмсгөлийн бэлэг тэмдэг болсон хувцсыг өмсөж байна гэж боддог. Эгч нар аа, бид гарментаа зохистой өмсөхийг эрэлхийлбэл Эцэг маань уг хувцсыг Түүнийг хайрлах бидний хайр, сүсэг бишрэлийн маань билэг тэмдэг болгон хүлээн авах болно гэдгийг би гэрчилж байна. Энэ нь Түүнтэй хийсэн бидний гэрээнүүдийн билэг тэмдэг бөгөөд Тэрээр, “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй”7 хэмээн амласан билээ.

Саяхан би донтолтын улмаас мөн үнэнч биш нөхрүүдээсээ болж хоёр удаа салж байсан нэгэн хуучны найзтайгаа ярилцсан юм. Тэр гурван хүүхдийнхээ хамт их зовлонг үзсэн байв. Тэр найз маань, “Би зөв шударга амьдрахаар ихэд хичээсэн. Надад яагаад ийм олон сорилт бэрхшээл учирдаг юм бэ? Би ямар зүйлийг буруу хийсэн юм бэ? Тэнгэрлэг Эцэг намайг юу хийгээсэй гэж хүсч байна вэ? Би залбирч мөн судруудаа уншиж, хүүхдүүддээ туслан, ариун сүм рүү ойр ойрхон явдаг” хэмээн хэлж билээ.

Тэр эгчийг сонсож суухдаа “Чи хийх ёстой зүйлээ хийж байна! Чи Тэнгэрлэг Эцэгийн чамаас хийгээсэй гэж хүсэж байгаа бүх зүйлийг хийж байна шүү дээ!” гэж дуу алдмаар санагдаж байсан.

Мэдээж олон хүн, тэр тусмаа амьдралдаа дааж давшгүй олон асуудалтай тулгарч байгаа үед нь Эцэгийн өгсөн амлалтууд тэдэнд “хэт хол” мэт санагддаг гэдгээ илэрхийлж байсан. Гэхдээ энэ цаг үе бол бүх адислалаа хүлээн авах биш харин, “энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе”8 хэмээн Амюлек заасан байдаг. Энэ нь бүх адислалаа хүлээн авах цаг биш юм. Ерөнхийлөгч Пакэр, “хоёрдахь үзэгдэлд ‘тэгээд тэд амар сайхандаа жаргажээ’ гэсэн үгийг хэзээ ч бичдэггүй. Энэ мөрийг гуравдахь үзэгдэл буюу нууц тайлагдан, бүх зүйл байх байрандаа эргэн орсны дараа бичдэг”9 хэмээн тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Эцэгийн маань гайхамшигт амласан адислалуудын талаарх бидний төсөөлөл өдөр бүр “түүний үзүүлсэн эрхэм их нигүүлслийн”10 талаар олж мэдсэн зүйлс маань өдөр тутмын амьдралын маань анхаарлын төвд байх ёстой.

Эгч нар аа, яагаад бид ийм их сорилттой тулгардаг учир шалтгааныг би мэдэхгүй ч авах шагнал нь агуу, мөнхийн хийгээд үүрдийн, төсөөлөхийн аргагүй гайхалтай учраас бид нигүүлсэнгүй хайрт Эцэгтээ энэ бүхний төлөө ийм өчүүхэн зүйлс шаардагдсан гэж үү хэмээн дуу алдах байх гэж би хувьдаа боддог. Хэрэв бид өдөр бүр Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн биднийг хайрлах хайр хэчнээн гүн болохыг санаж, хүлээн зөвшөөрөх юм бол Тэдний дэргэд буцаж очихын тулд ямар ч зүйлийг хийхэд бэлэн байх юм. Хайрт эгч нар аа, хэрэв энэ амьдралдаа туулах зовлон зүдгүүр маань эцсийн эцэст Тэдэнтэй хамт Бурханы хаант улсад мөнх амьдрал, алдар суугаас хүртэх эрхийг олгох тэр зүйл нь юм бол энд бидний юуг үзэж туулсан нь тийм чухал байна гэж үү?

Бидний бие махбод Тэнгэрлэг Эцэгийн өгсөн нандин бэлэг гэдгийг, мөн өдөр бүр бид амьдралаа Аврагчийнхаа цагаатгах золиослолоор дамжуулан цэвэр, ариун байлган, Эцэгийнхээ амалсан шагналын талаарх төсөөллөө анхаарлынхаа төвд байлгаж чадвал бид нэгэн өдөр “Эцэгт минь байгаа бүхнийг”{11 хүлээн авна. Есүс Христийн ариун нэрээр, амен.