2010–2019
Зарлигуудыг сахь
Аравдугаар сар 2015


Зарлигуудыг сахь

Биднийг бүтээсэн, биднийг төгс хайрладаг Бурхан хамгийн эрхэм аз жаргалыг олж авахын тулд бидний хэрхэн амьдрах хэрэгтэйг мэддэг.

Хайрт ах нар аа, та нартай дахин хамт байх нь үнэхээр сайхан байна. Бид энэ орой сонссон үгсээсээ сүнслэг удирдамж авлаа. Би ч бас хэлэх үгийг минь Ариун Сүнс удирдаасай хэмээн залбирч байна.

Энэ орой та нарт өгөх миний захиас их энгийн. Энэ бол зарлигуудыг сахь гэсэн захиас.

Бурханы зарлигууд нь биднийг хааж боох эсвэл бидний аз жаргалд саад болохын тулд өгөгдөөгүй. Харин ч үүний эсрэг зорилгоор өгөгдсөн. Биднийг бүтээсэн, биднийг төгс хайрладаг Бурхан хамгийн эрхэм аз жаргалыг олж авахын тулд бидний хэрхэн амьдрах хэрэгтэйг мэддэг. Тэр бидэнд заавар өгсөн ба бид тэдгээрийг дагавал үргэлжийн аюулд байдаг мөнх бус аяллын турш биднийг хамгаалах болно. Бид нэгэн танил дууллын: “Зарлигуудыг дагацгаая! Ийн аюулгүй, ийн амар амгалан байна”1 хэмээх үгсийг санаж байгаа.

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай учраас: Чи хөршийнхөө эсрэг бүү худал гэрчил, чи бүү хулгайл, чи бүү завхайр, чи хөршөө өөрийн адил хайрла зэрэг зарлигуудыг бидэнд өгсөн.2 Бид зарлигуудыг мэддэг. Бид зарлигуудыг сахивал амьдрал маань илүү аз жаргалтай, утга учиртай, ээдрээ багатай болно гэдгийг Тэр мэддэг. Бидний бэрхшээл, асуудлуудаа давж гарахад илүү амар болж, бид Түүний амласан адислалыг хүлээн авах болно. Хэдийгээр Тэр бидэнд хууль, зарлигуудыг өгдөг боловч тэдгээрийг хүлээн авах эсвэл эсэргүүцэх сонголтыг хийх боломжийг ч бас бидэнд олгодог. Тиймээс энэ талаар гаргах шийдвэр маань бидний хувь тавиланг тодорхойлно.

Бидний хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн оршихуйд мөнх амьдралтай болох туйлын зорилготой гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тийм учраас бид амьдралынхаа турш энэ агуу зорилго руу хөтлөх сонголтуудыг хийх нь туйлын чухал юм. Гэхдээ дайсан биднийг бүтэлгүйтүүлэхээр ажиллаж байгааг бид мэддэг. Дайсан болон түүнийг дагагчид бидний зөв шударга хүслүүдэд тээг болохоор шаргуу ажиллаж байна. Бид зорилгодоо хүрэх шийдвэр, хүчин чармайлтыг байнга гаргахгүй бол тэд бидний мөнхийн авралд заналхийлсээр байх болно. Төлөөлөгч Паулын бидэнд сэрэмжлүүлснээр: “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.”3

Бид амьдралдаа хэзээ ч уруу таталтаас ангид байдаггүй боловч залуу эрэгтэйчүүд та нар эмзэг, өртөмтгий насан дээрээ байна. Өсвөр нас бол өөртөө итгэх итгэлгүй, өөрийгөө голж, үеийнхэн дундаа байр сууриа олохыг хичээн, бусадтай адил байхыг хүсдэг үе юм. Та нар найз болохыг хүсдэг хүмүүстээ таалагдахын тулд жишгээ бууруулж, олны жишгийг дагахаар уруу татагдаж магадгүй. Хүчтэй байж, мөнхийн адислалуудаас чинь салгах ямар ч зүйлээс болгоомжил. Та нарын энд, одоо хийдэг сонголтууд мөнхийн үр дагавартай билээ.

Бид 1 Коринт дээрээс “Ертөнцөд олон янзын хэл байдаг”4 хэмээн уншдаг. Бидний эргэн тойронд ятгасан, уруу татсан, гутаан доромжилсон, заль мэхтэй, эргэлзээ төрүүлэм дуу хоолойнууд байдаг. Эдгээр нь чанга дуу хоолойнууд гэдгийг би нэмж хэлмээр байна. Би та нарт эдгээр дуу хоолойн дууг багасгаж оронд нь та нарыг аюулгүй газар руу хөтлөх намуухан, зөөлөн дуу хоолойн нөлөөнд орохыг анхааруулж байна. Та нарыг баптисм хүртсэний дараа эрх мэдэлтэй хүн толгой дээр чинь гар тавин, Сүмийн гишүүнээр баталж, “Ариун Сүнсийг хүлээн авна уу”5 гэж хэлснийг санаарай. Үнэнийг гэрчилдэг энэ онцгой дуу хоолойнд зүрх сэтгэлээ, бүр оюунаа нээгээрэй. Бошиглогч Исаиагийн амласан “Энэ бол зам. Үүгээр алхагтун гэсэн үгийг та нарын чих сонсоно.”6 Бид өөрсдийг маань аюулаас хамгаалах энэхүү тайтгаруулагч, удирдан чиглүүлэгч дуу хоолойг сонсохоор хөглөгдсөн байх болтугай.

Зарлигуудыг үл ойшоох нь өнөө үеийн аймшигтай тахал гэж миний бодож байгаа зүйлсийг авчирсан. Эдгээр тахлын зарим нь дур зоргоороо аашлах, порнограф, мансууруулах бодис, ёс бус байдал, үр хөндөлт зэрэг юм. Сударт, дайсан бол “эдгээр зүйлүүдийн үндэс суурь юм”7 хэмээн бидэнд өгүүлдэг. Тэр бол “хүмүүнийг мэхлэн мөн харалган болгох … худал хуурмагийн эцэг”8 гэдгийг бид мэднэ.

Энэ амьдралд болон мөнх амьдралд олж авах аз жаргалыг чинь үгүй хийх ямар ч зүйлээс зайлсхийхийг би та нараас гуйж байна. Хэрэв та нар боломж олгох юм бол чөтгөр заль мэх, худал хуурмагаар дамжуулан та нарыг устгалд хөтлөх аюултай зам руу оруулах болно. Зогсох аргагүйгээ ойлгож ч амжаагүй байтал та тэр аюултай зам дээр гарчихсан байх болно. Та нар чөтгөрийн захиасуудыг сонссон. Тэр: Ганцхан удаа хийхэд зүгээр, хүн бүр л үүнийг хийдэг, хоцрогдсон үзэлтэй байх хэрэггүй, цаг үе өөр болсон, энэ нь хэнийг ч хохироохгүй, энэ бол чиний л амьдрал гэх мэт зальт үгсийг хэлдэг. Дайсан биднийг мэддэг ба бидний хувьд эсэргүүцэхэд хэцүү байх уруу таталтуудыг ч бас мэддэг. Бид ийм хууран мэхлэлт, уруу таталтад автахгүйн тулд үргэлж сэргэг, болгоомжтой байх нь юунаас ч илүү чухал байна.

Биднийг тойрон хүрээлдэг, улам өсөн нэмэгдэж буй хортой, мөн үнэнийг мушгин гуйвуулж, сайн сайхан бүхнийг гутаан, эдгээрийг хүний мэргэн ухаанаар солихыг оролддог нөлөөнд автахааргүй итгэлтэй, үнэнч байх үед биднээс агуу эр зориг шаардагдах болно. Хэрэв зарлигууд нь хүнээр бичигдсэн байсан бол тэдгээрийг дур хүсэл эсвэл хууль тогтоомж эсвэл өөр аргаар өөрчлөх нь хүний эрх байх байсан. Гэвч зарлигууд нь Бурханаар өгөгдсөн. Бид сонгох эрхээ ашиглан тэдгээрийг ойшоохгүй байж болно. Гэхдээ бид зарлигуудад дуулгаваргүй байж, үүнийг зөрчих үед ирдэг үр дагавруудыг өөрчилж чаддаггүйн адил зарлигуудыг өөрчилж чадахгүй.

Бид энэ амьдралдаа жинхэнэ аз жаргалыг Бурханы зарлигуудыг сахиж, Түүний хуулиудад дуулгавартай байснаар олж авна гэдгийг ухаарах болтугай. Би Исаиа 32-р бүлгийн 17-р шүлэгт гардаг үгсэд дуртай: “Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм.” Ийм амар амгалан ба ийм баталгаа зөвхөн зөв шударга байдлаар дамжин ирдэг.

Бид нүглийг өчүүхэн хэмжээгээр ч хүлээн зөвшөөрч болохгүй. Бид Бурханы зарлигуудыг “бага зэрэг” зөрчиж болно гэж өөрсдөдөө итгүүлж болохгүй. Учир нь нүгэл биднийг төмөр гараараа зууран авдаг бөгөөд үүнээс өөрсдийгөө чөлөөлөх нь маш хэцүү байдаг. Мансууруулах болон согтууруулах бодис, порнограф, ёс бус байдлаас үүдэлтэй донтолт нь бодитой зүйл бөгөөд асар их тэмцэж, ямар нэг тусламж авахгүйгээр мултрах бараг боломжгүй юм.

Хэрэв та нарын зарим нь аян замдаа бүдрэн, алдаа гаргасан бол эргэж ирэх зам байгаа гэдгийг би батлан хэлж байна. Энэ үйл явцыг наманчлал гэж нэрлэдэг. Энэ зам хэцүү ч гэлээ, та нарын мөнхийн аврал үүнээс шалтгаалах болно. Үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэж үү? Би та бүхнээс бүрэн наманчлахад шаардагдах алхмуудыг хийх шийдвэрийг яг энд, одоо гаргахыг гуйж байна. Та нар үүнийг хэдий чинээ хурдан хийнэ, Исаиагийн ярьсан амар амгалан, нам тайван байдал, баталгааг төдий чинээ хурдан авах болно.

Хэсэг хугацааны өмнө би, нөхөртэйгөө хамт аюулгүй байдлын замаас хазайн, зарлигуудыг зөрчиж, ингэх үедээ гэр бүлээ устгах шахсан нэг эмэгтэйн гэрчлэлийг сонссон. Тэд эцэстээ донтолтын битүү манан дундуур, амьдрал нь хэчнээн аз жаргалгүй болсныг, мөн хайртай хүмүүсээ хэр их зовоож байснаа ойлгоод өөрчлөгдөж эхэлжээ. Наманчлалын үйл явц урт удаан, заримдаа маш хэцүү санагддаг байсан ч санваарын удирдагчид, гэр бүл, үнэнч найзуудынхаа тусламжтай тэд эргэж ирсэн байна.

Энэ эгчийн наманчлалын эдгээгч хүчний талаарх гэрчлэлээс би та нартай хуваалцъя: “Алдагдсан хонь, [нүглийн] боол болсон байсан хүн бидний одоо мэдэрч байгаа амар амгалан, аз жаргалыг хэрхэн олж авдаг вэ? Энэ нь яаж тохиодог вэ? Хариулт нь …төгс сайн мэдээ, төгс Хүү болон Түүний миний төлөө хийсэн золиослолын учраас тэр юм. … Бидний амьдралд байсан харанхуй нь одоо гэрлээр солигдсон. Цөхрөл, зовлон шаналал маань баяр баясгалан, найдвараар солигдсон. Бид Есүс Христийн цагаатгалаар боломжтой болсон наманчлалаар л ирдэг өөрчлөлтийн ачаар хязгааргүй их адислагдсан.”

Танд болон надад энэ адислагдсан бэлгийг өгөхийн тулд Аврагч маань амиа өгсөн. Наманчлахад хүнд хэцүү ч гэлээ, амлалт нь үнэн юм. Их Эзэн наманчилдаг хүмүүст хандан:

“Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно.”9

“Би [тэдгээрийг] дахин санахгүй”10 хэмээн хэлжээ.

Бид амьдралынхаа турш судруудаас судалж, залбирч, Есүс Христийн сайн мэдээний үнэнүүдийг тунгаан бодох замаар бат бөх гэрчлэлээ хадгалах хэрэгтэй. Сайн мэдээ, Аврагч, Тэнгэрлэг Эцэгийн тухай гэрчлэл маань бат бөх үндэстэй болсон үед бидний хийдэг бүх зүйлд нөлөөлөх болно.

Бид бүгдээрээ Тэнгэр дэх Эцэгийн хайртай хөвгүүд бөгөөд тодорхой зорилгоор энэ цаг үед дэлхий рүү илгээгдэж, бусдад үйлчилж мөн Бурханы ажлыг дэлхий дээр хийж болохын тулд Бурханы санваарыг хүлээн авсан гэдгийг би гэрчилж байна. Бид энэхүү санваарыг атгахын тулд зохистой амьдрахаар зарлигдуулсан.

Ах нар аа, бид зарлигуудыг дагах болтугай! Хэрэв бид үүнийг хийвэл гайхалтай, алдар суут шагналууд биднийг хүлээж байгаа. Энэ нь бидний адислал байх болтугай гэж би бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.