2010–2019
Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!
Аравдугаар сар 2015


Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!

Бид бүхэн “Христ уруу хандсан, энгийн байдал”-д анхаарлаа төвлөрүүлж мөн Түүний ач ивээлийг одоо байгаа газраас биднийг өргөж, хөдөлгөгч хүч байхыг зөвшөөрөх болтугай хэмээн залбирч байна.

Хайрт ах, эгч нар аа, хайрт найзууд минь ээ, өнөөдөр та бүхэнтэй хамт байгаа нь намайг маш их аз жаргалтай болгож байна. Бид өнөөдөр энд гурван суудал эзгүй байгаад харамсаж, гашуудаж байна. Бид ерөнхийлөгч Пакэр, ахлагч Пэрри, ахлагч Скотт нарыг санаж байна. Бид тэдэнд хайртай бөгөөд тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө залбирч байна.

Бид уг чуулганаар Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад тэднийг орлохоор томилогдох Их Эзэнээр дуудагдсан гурван ахыг дэмжин батлах онцгой боломжтой байх болно.

Та нарын тэдний төлөөх залбирал төлөөлөгчийн ариун нандин дуудлага, үүрэг хариуцлагаа хүлээн авахад нь тэднийг хүчирхэгжүүлэх болно.

Сайн мэдээ таны амьдралд ашиг тусаа өгч байна уу?

Саяхан би нэгэн шүлэг олж уншсан ба энэ нь намайг хэсэг зуур бодолхийлэхэд хүргэсэн юм. Энэ шүлэгт: “Хэн нэгэнд ертөнц дээр түм түмэн од байдаг гэж хэлбэл тэр чамд итгэх болно. Харин хэн нэгэнд хана будагтай байгаа гэж хэлбэл тэр баттай мэдэхийн тулд хананд хүрч үзнэ” гэж бичсэн байсан.

Бид бүгд үүнтэй бага зэрэг адилхан биш байна гэж үү? Намайг саяхан эмчилгээ хийлгэсний дараа маш туршлагатай эмч маань надад зохих ёсоор эдгэхийн тулд юу хийх хэрэгтэйг тайлбарласан юм. Гэхдээ эхлээд би өөрийнхөө тухай аль хэдийн мэддэг байсан нэгэн зүйлээ буюу би тийм ч тэвчээртэй өвчтөн байгаагүй гэдгээ дахин мэдэх хэрэгтэй байсан юм.

Эцэст нь би эдгэх явцаа түргэсгэхийн тулд өөрөө интернэтээр эрэл хайгуул хийхээр шийдлээ. Би эмчийнхээ мэдэхгүй эсвэл надаас нуугаад байж магадгүй ямар нэгэн үнэнийг олж мэднэ гэж найдаж байлаа.

Би хэсэг хугацааны дараа өөрийнхөө хийж байсан зүйлийг инээдтэй, утгагүй зүйл болохыг ойлгосон юм. Мэдээж хэрэг, аливаа зүйлийг өөрсдөө эрэлхийлэх нь муу зүйл биш. Гэхдээ би итгэж болох байсан үнэнийг үл тоомсорлож, харин оронд нь интернэтийн үнэн биш ч гэлээ итгэмээр сайхан амлалтуудад автсан байсан.

Заримдаа үнэн нь үүний агуу үнэ цэнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхөд хэт шулуун шударга, энгийн, ил тод санагдаж болно. Иймээс бид илүү эргэлзээтэй, ойлгомжгүй шийдлүүдийн араас хөөцөлдөн, өөрсдөө үнэн гэдгийг мэддэг мөн мэдэрсэн зүйлээ үл хайхардаг. Магадгүй эцэстээ бид сүүдэр даган явснаар өчүүхэн үнэ цэнэ бүхий зүйлийг олж авдаг гэдгийг мэдэж авч болно.

Бид сүнслэг үнэний хувьд өөрсдийгөө зөв зам дээр байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Үүнийг хийх нэг арга зам нь бидэнд өөрсдийн өсөлт хөгжлийг тунгаан бодож, аливаа зүйлс бидэнд хэр ашиг тусаа өгч байгааг үнэлж дүгнэхэд туслах зөв асуултуудыг өөрсдөөсөө асуух явдал юм.

“Миний амьдрал утга учиртай байна уу?”

“Би Бурханд итгэдэг үү?”

“Тэрээр намайг мэддэг, хайрладаг гэдэгт би итгэдэг үү?”

“Тэрээр залбирлыг минь сонсож, хариулдаг гэдэгт би итгэдэг үү?”

“Би үнэхээр аз жаргалтай байна уу?”

“Миний хичээл зүтгэл намайг амьдралын минь хамгийн том зорилго, утга учир руу хөтөлж байна уу?”

Эдгээр гүн гүнзгий утга учиртай асуулт нь дэлхий даяарх олон хувь хүн, гэр бүлийг үнэнийг хайхад хөтөлсөн. Ихэнхдээ энэхүү эрэл хайгуул нь тэднийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон сэргээгдсэн сайн мэдээ рүү хөтөлсөн байдаг.

Бид Сүмийн гишүүдийн хувьд дараах асуултыг өөрсдөөсөө зарим үед асууж байх нь тустай байх болов уу гэж би найдаж байна: “Сүмээс олж авсан миний туршлага надад ач тусаа өгч байна уу? Энэ нь намайг Христэд илүү ойртуулж байна уу? Энэ нь намайг болон гэр бүлийг маань судруудад амласан амар амгалан, баяр баясгалангаар адисалж байна уу?”

Алма Зарамхемла дахь сүмийн гишүүдээс эдгээртэй төстэй асуултыг асуусан байдаг: “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү? … [Мөн] та нар одоо тийн мэдэрч чадна уу?”1

Маш олон гишүүн Сүмийн гишүүдийн хувьд олж авсан тэдний туршлага тэдэнд үнэхээр ач тусаа өгч байгаа гэж баяртай хэлэх болно. Тэд өлсгөлөн гачигдал, баян чинээлэг эсвэл жаргалтай, жаргалгүй аль ч үед Их Эзэнд өгсөн амлалт, Сүм дэх үйлчлэлийнхээ ачаар амьдралдаа агуу утга учир, амар амгалан, баяр баяслыг олдог гэдгээ гэрчлэх болно. Би өдөр бүр баяр баяслаар дүүрэн, амьдрал нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ачаар агуу ихээр адислагдсан гэдгийг үг, үйлдлээрээ харуулдаг Сүмийн гишүүдтэй уулздаг.

Гэвч Сүмд гишүүн байх нь тэдний хүсэж найдсан зүйлээс өөр байсан гэж мэдэрсэн сэтгэл ханамжгүй зарим хүнийг би бас мэддэг.

Энэ явдал намайг гунихруулдаг. Учир нь би сайн мэдээ хүний сүнсийг хэрхэн хүчирхэгжүүлж, шинэчилдгийг мөн энэ нь хэрхэн зүрх сэтгэлийг найдвараар, оюун ухааныг гэрлээр дүүргэдгийг мэддэг юм.

Гэхдээ сайн мэдээ яагаад зарим хүнд бусад хүнээс илүү их ашиг тус өгөөд байна вэ? Сүмээс олж авсан туршлага нь тэдний бодгалийг гэтэлгэх хайрын дуугаар2 дүүргэдэг мөн ямар нэгэн зүйл хангалтгүй дутуу байна гэж мэдэрдэг хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?

Намайг эдгээр асуултыг тунгаан бодох үед маш олон янзын бодол төрсөн юм. Би өнөөдөр тэдгээрээс хоёрыг нь хуваалцмаар байна.

Энгийн хялбар болгох

Нэгдүгээрт: бид шавь байхын тулд хэт их тойруу, будилаантай замаар яваад байгаа юм биш биз?

Энэхүү гайхамшигт сайн мэдээ нь хүүхэд ч ойлгохоор энгийн боловч үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд насан туршдаа бүр мөнхөд судалж, нээж олохоор гүн гүнзгий, хэцүү байдаг.

Гэвч заримдаа бид Бурханы үнэний үзэсгэлэнт сараана цэцгийг авч, үүнийгээ хүмүүний бүтээсэн сайхан санаа, хөтөлбөр, хүсэл тэмүүллээр хучсаар байдаг. Эдгээр нь нэг бүрчлэн тодорхой цаг, нөхцөл байдалд тустай мөн тохиромжтой байж болох ч нэг нь нөгөөгийнхөө дээр гарах үед тэдгээр нь нэгэнтээ ихэд хайрласан гайхамшигтай цэцгээ харахгүй байх аюулд хүргэхээр тийм хүнд, том уулыг бий болгож чаддаг.

Иймээс бид удирдагчдын хувьд Сүм болон сайн мэдээний цэвэр ариун мөн энгийн тодорхой байдлыг чанд хадгалж, сүмийн гишүүдийнхээ дээр шаардлагагүй ачааг тавихаас зайлсхийх ёстой.

Бид бүгд гишүүдийн хувьд нэг нэгнээ хүчирхэгжүүлж, Бурханы хаант улсыг барих хамгийн чухал зүйлст өөрсдийн хүч хөдөлмөр, цаг хугацааг зориулахын тулд тууштай хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Гайхамшигтай хичээл бэлтгэж, заадгаараа нэртэй нэгэн Халамжийн нийгэмлэгийн зааварлагч эгч байжээ. Тэр нэгэн удаа түүний заах хичээлийн сэдвийг төгс харуулах нэгэн гоёмсог хээтэй бүтээлэг хийхээр шийдсэн байв. Гэтэл түүнд сургуулиас нь авах ёстой хүүхдүүд, нүүж байгаа хөрш, халуурч өвдсөн нөхөр, ганцаардсан найз зэрэг туслах ёстой хүн, хийх ёстой зүйл их байлаа. Хичээл заах өдөр ойртсон ч бүтээлэг бэлэн болоогүй л байв. Эцэст нь хичээл заахын өмнөх шөнө тэр бараг л унталгүйгээр шөнөжингөө бүтээлгээ оёжээ.

Дараагийн өдөр нь тэр маш их ядарч, өөрийнхөө бодол санааг ч цэгцэлж чадахгүй байсан ч зоригтой зогсоод, хичээлээ заажээ.

Бүтээлэг үнэхээр сайхан болсон байлаа. Нэхээс нь гоёмсог, өнгө нь тод, загвар нь үзэсгэлэнтэй мөн нарийн ажиллагаа орсон байлаа. Бүтээлгийн голд хичээлийн гол сэдвийг дүрсэлсэн “Энгийн хялбар болго” гэсэн гуравхан үг байлаа:

Ах, эгч нар аа, сайн мэдээний дагуу амьдрах нь түвэгтэй, хэцүү байх шаардлагагүй.

Сайн мэдээ нь үнэхээр энгийн бөгөөд түүнийг дараах байдлаар тайлбарлаж болох юм:

  • Бурханы үгийг чин сэтгэлээсээ сонсох нь биднийг Бурханд итгэж, Түүний амлалтуудад найдахад хөтөлдөг.3

  • Бид Бурханд итгэхийн хэрээр бидний зүрх сэтгэл Түүнийг болон нэг нэгнээ хайрлах хайраар дүүргэгддэг.

  • Бид Бурханыг хайрладаг учраас Түүнийг даган, өөрсдийн үйлдлийг Түүний үгийн дагуу болгохыг хүсдэг.

  • Бид Бурханыг хайрладаг учраас Түүнд үйлчилж, бусдын амьдралыг адислан, ядуус хийгээд гачигдагсдад туслахыг хүсдэг.

  • Бид энэхүү шавийн замаар алхахын хэрээр Бурханы үгсээс суралцах илүү их хүсэлтэй болдог.

Үүнийг хийхийн хэрээр алхам бүр дараагийн алхам руу хөтөлж, биднийг илүү агуу итгэл, найдвар, энэрлээр дүүргэдэг.

Энэ нь үнэхээр гайхалтай энгийн бөгөөд гайхамшигтай байдлаар бидний амьдралд тус болдог.

Ах, эгч нар аа, хэрэв та нар сайн мэдээ та нарын амьдралд тийм ч тус болохгүй байна даа гэж бодож байвал би та бүхнийг нэг алхам ухраад, амьдралаа үнэлж цэгнэн, алхамаа илүү энгийн хялбар болгоход урьж байна. Үндсэн сургаал, зарчмуудад болон сайн мэдээг амьдралаа хэрэгжүүлэхэд анхаар. Бурхан бүрэн дүүрэн шавийн замаар аялахад тань таныг удирдаж, адислах ба сайн мэдээ танд ашиг тусаа илүү ихээр өгөх болно гэдгийг би амлаж байна.

Байгаа газраасаа эхэл

Миний хоёрдахь зөвлөгөө бол байгаа газраасаа эхлэх явдал юм.

Заримдаа бид илүү сүнслэг, хүндэтгэл хүлээсэн, ухаалаг, эрүүл, баян, нөхөрсөг, чадвартай байж чадахгүй байгаа учраас сэтгэлээр унадаг. Мэдээж хэрэг, өсч дэвшихийг хүсэх нь буруу зүйл биш юм. Бидний сул дорой чанар бидэнд даруухан байж, “сул дорой зүйлүүдийг хүчирхэг болгож”4 өгдөг Христ рүү эргэхэд туслах ёстой. Харин эсрэгээр Сатан бидний сул дорой чанаруудыг хичээхээ болиход хүргэхэд ашигладаг.

Энэ амьдралд надад тусалдаг нэгэн чухал үнэн байдаг: бид Бурханы биднийг болоосой гэж хүсч байгаа хүн болж эхлэхийн тулд юугаараа ч “илүү” байх шаардлагагүй.

Бурхан таныг байгаа газраас тань шүүрэн авч, тантай ажиллаж эхлэх болно. Танд зөвхөн Их Эзэнд итгэж, найдах зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл хэрэгтэй.

Гидеон өөрийгөө ядуу тариачин, эцгийнхээ гэрт хамгийн бага нь гэж боддог байсан. Харин Бурхан түүнийг эр зоригтой хүчирхэг баатар гэж харж байлаа.5

Самуел Саулыг хаан болгохоор сонгох үед Саул түүнийг болиулахаар ятгахыг оролддог. Саул Израилийн хамгийн бага овгуудын нэгэнд нь төрж өссөн юм. Тэр хэрхэн хаан болох билээ?6 Гэвч Бурхан түүнийг “шилэгдсэн, сайхан залуу”7 гэж харсан байдаг.

Бүр агуу бошиглогч Мосе хүртэл бүр нэг дор гайхаж балмагдан, бууж өгөн, үхмээр санагдах хүртэл сэтгэлээр унасан юм.8 Гэхдээ Бурхан хэзээ ч Мосег бууж өгөхийг зөвшөөрөөгүй.

Хайрт ах, эгч нар аа, хэрэв бид өөрсдийгөө зөвхөн мөнх бус нүдээр харах юм бол хангалттай сайн харж чадахгүй. Харин Тэнгэрлэг Эцэг биднийг яг бодитоор хардаг. Тэр биднийг Өөрийнх нь охид, хөвгүүд мөн мөнхийн чадавх, тэнгэрлэг хувь заяатай үүрдийн гэрлийн биес гэдгээр нь хардаг.9

Аврагчийн золиослол Бурханд эргэж очих хүн бүрд зориулан авралын хаалгыг нээсэн. “[Түүний] өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст [Түүний] ач ивээл хангалттай.”10 Түүний ач ивээл нь Бурханы авралын хаант улсууд руу орох боломжийг олгодог боломж олгогч хүч юм. Түүний ач ивээлийн ачаар бид амилуулагдаж, алдар суугийн хаант улсад аврагдах болно.

Бүр алдар суугийн хаант улсын хамгийн доодох нь болох телестиел хаант улс “бүх ойлголтоос давж гарсан”11 байдаг ба үй олон хүн уг авралыг хүлээн авах болно.12

Аврагчийн ач ивээл бидний төлөө илүү их зүйлийг хийж чадна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид нэгэн зүйлийг агуу ихээр эрэлхийлдэг. Энэ бол селестиел хаант улс дахь өргөмжлөл юм. Энэ нь Тэнгэр дэх Эцэгийн оршихуй дахь мөнх амьдрал юм. Энэ нь Бурханы хамгийн агуу бэлэг юм.13 Бид селестиел хаант улсад “түүний бүрэн байдлыг, мөн түүний алдар сууг”14 хүлээн авдаг. Үнэндээ Эцэгт байгаа бүхэн бидэнд өгөгдөх болно.15

Өргөмжлөл бол бидний зорилго; шавь байх нь бидний аялал юм.

Та багахан итгэлийг хөгжүүлж, Их Эзэн Есүс Христийн амгалан дөлгөөн дагалдагч болох аяллаа эхлүүлэх үед таны зүрх сэтгэл өөрчлөгдөх болно.16 Таны бүх л бие гэрлээр дүүргэгдэх болно.17

Бурхан таныг боломжтой гэж бодож байснаас чинь илүү агуу нэгэн болоход туслах болно. Мөн та сайн мэдээ таны амьдралд ашиг тусаа өгч байгааг мэдэх болно.

Сайн мэдээ ашиг тусаа өгдөг!

Ах, эгч нар аа, хайрт найзууд аа, бид бүхэн “Христ уруу хандсан, энгийн байдал”-д18 анхаарлаа төвлөрүүлж мөн Түүний ач ивээлийг одоо байгаа газраас Эцэгийн оршихуй дахь алдар суут хувь заяа хүртэлх аяллын туршид маань биднийг өргөж, хөдөлгөгч хүч байхыг зөвшөөрөх болтугай хэмээн залбирч байна.

Бид үүнийг хийснээрээ хэн нэгнийг биднээс “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь танд хэрхэн ач тусаа өгч байна вэ?” гэж асуух үед бахдалтайгаар, агуу баяр баясалтайгаар “Үнэхээр гайхамшигтай ач тусаа өгч байна. Асуусанд баярлалаа. Та илүү ихийг мэдэхийг хүсч байна уу?” гэж хэлж чадна.

Энэ бол миний найдвар, залбирал мөн гэрчлэл, Есүс Христийн нэрээр, амен.