2010–2019
Соригдож, уруу татагдсан ч тусламж хүлээн авсан
Аравдугаар сар 2015


Соригдож, уруу татагдсан ч тусламж хүлээн авсан

Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд зовлон бэрхшээл, уруу таталтын үед нэг нэгэндээ тусалж чадна гэдгийг би мэднэ.

Бид амьдралынхаа турш соригдож, уруу татагдаж байдаг. Бидэнд сонгох эрхээ ашиглан бие биедээ туслах боломж ч бас байдаг. Эдгээр үнэн нь бидний Тэнгэрлэг Эцэгийн гайхамшигтай, төгс төгөлдөр төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Ерөнхийлөгч Жон Тэйлор: “Бошиглогч Иосеф нэг үйл явдлын үеэр Арванхоёрт хандаж хэлэхдээ: ‘Та бидэнд бүх төрлийн хүнд сорилт тулгарах болно. Абрахамд болон Бурханы бусад хүнд тохиолдсон шиг тийм сорилтоор (тэр ийн хэлэв) Бурхан та нарыг сорино. Тэрээр та нарыг хараандаа байлгаж, зүрх сэтгэлийн чинь хүсэл бодлыг сорих болно’ хэмээн ярихыг би сонссон”1 хэмээн заажээ.

Биднийг хариуцлага хүлээх насанд хүрэх үед сорилт, уруу таталт улам ихэсдэг. Заримдаа тэдгээр нь хүнд ачаа дарамт болдог ч тэдгээрийг амжилттай даван туулах үед бид хүчирхэгжиж, өсөж хөгждөг.

Аз болоход, бид эдгээр ачааг ганцаараа үүрэх хэрэггүй юм. Алма “Та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв”2 хэмээн заасан билээ. Эдгээр үг нь бид бие биедээ туслах үүрэг хариуцлагатай гэдгийг илтгэдэг бөгөөд энэхүү үүрэг хариуцлага нь Сүмийн дуудлага, ажил үүрэг, нөхөрлөл эсвэл эцэг эх, эхнэр нөхөр, гэр бүлийн гишүүний хувьд хүлээсэн бидний бурханлаг үүрэг хариуцлагаас ирж болно. Эсвэл зүгээр л Бурханы гэр бүлийн нэг хэсэг байснаараа энэхүү үүргийг хүлээж болох юм.

Бид бие биедээ тусалснаар ачаагаа хөнгөлж болох дөрвөн жишээг би үзүүлье.

1. Аврагч “Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв”3 хэмээн хэлсэн. Үүний нэгэн жишээ бол боломжтой бол ариун сүмд тогтмол орж байхыг биднээс хүсдэг явдал юм. Ариун сүмд орох нь ялангуяа хол зам туулах шаардлагатай хүмүүсийн хувьд цаг зав, хөрөнгө мөнгөө золиослохыг шаарддаг. Гэсэн хэдий ч энэхүү золиослолыг эхний бээрийн нэг хэсэг гэж үзэж болно.

Бид “Ол, ав, заа”4 гэдэг үгсийг ойлгож эхлэн, ариун сүмийн ёслолд зориулан өвөг дээдсийнхээ нэрийг хайж, бэлтгэснээр, мөн индексжүүлэх ажилд тусалж, ариун сүмд үйлчлэн, бусдад ариун сүмийн утга учир бүхий туршлагатай болоход нь туслах арга замуудыг эрж хайснаараа хоёр дахь бээр газраа алхаж эхэлдэг.

Намайг Бүсийн далд үйлчилж байх үед миний хариуцаж байсан зохицуулах зөвлөлийн гадаснуудын нэг нь маш олуулаа ариун сүмийн аялалд явсан юм. Гишүүдийн очсон ариун сүм маш жижигхэн байсан бөгөөд ачаалал нь хэтэрсэн олон хүнтэй байсны улмаас 12 цагийн турш хол зам туулж ирсэн зарим гишүүн харамсалтай нь ариун сүмд орж чадаагүй юм.

Би тэрхүү аяллаас хойш хэд хоногийн дараа уг гадсанд айлчилж очин, тэр өдөр ариун сүмд орж чадаагүй зарим гишүүнтэй уулзах хүсэлтэй байгаагаа гадасны ерөнхийлөгчид хэлэв. Миний уулзсан ах нарын нэг нь: “Ахлагч аа, санаа зовох хэрэггүй ээ. Би Их Эзэний өргөөнд очсон. Би цэцэрлэгийн сандал дээр сууж, ёслолуудын талаар тунгаан бодсон. Тэгээд надад ариун сүмд орох боломж гарахад, эхнэртэйгээ лацдан холбогдохоор анх удаа ариун сүмд ирсэн ахыг би өөрийнхөө оронд оруулсан юм. Ингэснээр тэд ёслолын хоёр хэсэгт суух боломжтой болсон. Их Эзэн намайг мэддэг. Тэр намайг адисалсан. Бид зүгээр ээ” гэж хэлж билээ.

2. Инээмсэглэ. Энэхүү жижиг үйлдэл нь хүнд ачаа үүрсэн хүмүүст тус болж болно. Би өнгөрсөн дөрөвдүгээр сарын Ерөнхий чуулган дээр ерөнхий эрх мэдэлтнээр дөнгөж дуудагдаад байсан таван ахын нэгийн хувьд индэр дээр суусан. Бид туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн эгч нарын одоо сууж байгаа суудалд сууж байсан юм. Би шинэ дуудлагаасаа болоод ихэд сандарч, мэгдэж байлаа.

Биднийг хуралдааны дундуур дундын дуу дуулж байхад би хэн нэгэн хүний над руу харж байгааг мэдрэв. Би дотроо “Энэ барилга дотор 20000 гаруй хүн байгаа. Тэдний ихэнх нь наашаа хараад сууж байхад хэн нэг нь намайг харж байгаа нь мэдээж шүү дээ” гэж бодож байлаа.

Тэгээд үргэлжлүүлэн дуулж байхдаа би дахиад л хэн нэгэн намайг ажиглаж байгааг мэдрэв. Би Арванхоёр төлөөлөгчийн сууж байсан эгнээ рүү хараад, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон суудлаасаа эргэн, бидэн рүү харж байгааг олж харсан. Түүнтэй харц тулгарахад тэрээр над руу тун сайхан инээмсэглэж билээ. Тэрхүү инээмсэглэл миний сандарч түгшсэн зүрх сэтгэлийг тайвшруулсан юм.

Есүс Христ амилсныхаа дараа бусад хонин сүрэгтээ зочилсон. Тэрээр арванхоёр дагалдагчийг дуудан томилж, тэд уг эрх мэдлээр хүмүүст үйлчилсэн юм. Их Эзэн Есүс Христ Өөрийн биеэр тэдний дунд зогсож, тэднээс өвдөг сөгдөн, залбирахыг хүссэн. Шинээр дуудагдан, томилогдсон арванхоёр дагалдагч дуудлагаасаа болоод мэгдэн сандарч байсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ сударт “Мөнхүү улиран тохиох дор тэд түүнд хандан залбирах үед Есүс тэднийг адислав; мөн түүний дүр тэдний дээр инээмсэглэж, мөн түүний дүр төрхийн гэрэл тэдний дээр гийгүүлж байлаа”5 гэсэн байдаг. Өнгөрсөн Ерөнхий чуулганы үеэр энэ инээмсэглэл миний ачааг тэр даруй, ер бусын аргаар хөнгөлсөн юм.

3. Бусдад нинжин сэтгэлээр ханд. Хэрэв та санваартан бол Бурханы хүүхдүүдийн тусын тулд санваарын хүчээ ашиглан, тэдэнд адислал өгч байгаарай. Зовж зүдэрч, шаналж байгаа хүмүүсийг тайвшруулж, тайтгаруулах үгс хэлж бай.

4. Бурханы төлөвлөгөөн дэх булангийн чулуу бол Их Эзэн Есүс Христийн Цагаатгал юм. Бид ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн адил “Гэтэлгэгчийн дэлхийд ирсэн арга замаар дамжуулан Эцэг, Хүү хоёрын үзүүлсэн тэрхүү агуу хийгээд гайхамшигт хайрын талаар”6 долоо хоногт дор хаяж нэг удаа бясалган бодож байх хэрэгтэй. Бусдыг сүмд ирж, ариун ёслолоос зохистой хүртэхэд урих нь Тэнгэрлэг Эцэгийн илүү олон хүүхдийг Цагаатгалын талаар тунгаан бодоход туслах болно. Хэрэв бид зохисгүй байгаа бол наманчилж болно. Хамгийн Дээд Нэгэний Хүү бүх зүйлийн доор бууж ирж, бидний гомдол, гэм нүгэл, алдаа зөрчил, өвчин шаналал, зовлон зүдгүүр, ганцаардлыг Өөр дээрээ авсныг санаарай. Судар Аврагч “Тэнгэрт дээш гарсан тэрээр мөн түүнээс гадна бүх зүйлийн доор бууж ирснээр тэрбээр бүх зүйлийг ухамсарласан билээ”7 хэмээн заадаг.

Бидний хувь хувьдаа үүрч байгаа зовлон зүдгүүр нь өвчин эмгэг, удаан хугацааны ганцаардал, уруу таталтын шаналал, эсвэл хортны шалгууруудын аль нь ч байсан хамаагүй, тэнд Сайн Хоньчин байгаа. Тэрээр биднийг нэрээр маань дуудан, “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая”8 хэмээн хэлдэг.

Энэхүү дөрвөн санаагаа товч дүгнэвэл:

Нэгдүгээрт, хоёр бээр явагтун.

Хоёрдугаарт, инээмсэглэ. Таны инээмсэглэл бусдад тус болох болно.

Гуравдугаарт, нинжин сэтгэлээр ханд.

Дөрөвдүгээрт, бусдыг сүмд урь.

Би Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцъя. Есүс бол Христ, амьд Бурханы Хүү бөгөөд Тэр амьд. Тэрээр бүхий л хүчин чадал, сүр хүчээрээ Эцэгийнхээ төлөвлөгөөг дэмждэг гэдгийг би мэднэ. Би ерөнхийлөгч Томас С.Монсон бол амьд бошиглогч гэдгийг мэднэ. Тэрээр дэлхий дээр Бурханы ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах бүх түлхүүрийг эзэмшдэг. Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд зовлон бэрхшээл, уруу таталтын үед нэг нэгэндээ тусалж чадна гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.