2010–2019
“Амар амгалангаа Би та нарт үлдээнэ”
2017 оны 4-р сар


“Амар амгалангаа Би та нарт үлдээнэ”

Их Эзэн шавь нараа орхиж явахдаа тэдэнд амар амгаланг амласан. Тэр энэ амлалтыг бидэнд ч мөн адил өгсөн.

Хайрт ах, эгч нар аа, бид энэ үдэш Бурханы Сүнсээр адислагдсан билээ. Хүчирхэг удирдагч эгч нарын сүнслэг захиас, дуу хөгжим бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хайрт Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн ариун гэрээгээ сахих хүслийг өсгөн нэмэгдүүллээ. Түүнчлэн бидний Их Эзэн Есүс Христийг хайрлах хайр, Түүний цагаатгагч золиослолын гайхамшигт бэлэгт талархах сэтгэл ч гэсэн өсөн нэмэгдэхийг мэдэрлээ.

Өнөө орой би та бүхэнд нэгэн энгийн захиасыг хүргэх гэсэн юм. Өнөөдөр бид бүгдээрээ амар амгаланг мэдэрлээ. Бид бүгдээрээ ийм амар амгаланг өөрсдөө, гэр бүлээ мөн эргэн тойрондоо байгаа хүмүүсээ мэдрээсэй гэж хүсдэг. Их Эзэн шавь нараа орхиж явахдаа тэдэнд амар амгаланг амласан. Тэр энэ амлалтыг бидэнд ч мөн адил өгсөн. Гэвч Тэрээр амар амгаланг дэлхийн арга замаар бус Өөрийнхөө арга замаар өгнө гэж хэлсэн юм. Тэрээр амар амгаланг өгөх арга замаа тайлбарласан байдаг.

“Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно.

Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иохан 14:26–27).

Мозаягийн хөвгүүдэд леменчүүд рүү номлолд явахад нь энэхүү амар амгалангийн бэлэг хэрэгтэй байлаа. Хийх гэж буй ажил нь ямар агуу болохыг мэдрэн, түгших үедээ тэд Бурханд ажлаа дахин даатган залбирсан. Мөн “Их Эзэн өөрийн Сүнсээр тэдэнд зочилж, мөн тэдэнд: Тайтгарагтун хэмээв. Мөн тэд тайтгарцгаав” (Алма 17:10; мөн Алма 26:27-г үзнэ үү).

Та нар зарим үед эргэлзээ тээнэгэлзээтэй тулгарч, удахгүй хүнд сорилт бэрхшээлтэй нүүр тулахаар зэхэх үед энэ амар амгаланг хүсэх байх. Мозаягийн хөвгүүд Их Эзэний Моронайд заасан зүйлийг мэдэж авсан билээ. Энэ нь бид бүхний баримтлах зарчим юм. “Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. Тэд даруу байж болохын тулд би хүмүүст сул доройг өгдөг; мөн миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрвээ тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” гэжээ (Ифер 12:27).

Моронай “эдгээр үгсийг сонсоод, тайтгаруулагд[сан]” (Ифер 12:29) гэж хэлсэн. Эдгээр нь бидэнд ч бас тайтгарлыг өгнө. Өөрийн сул талыг олж хардаггүй хүмүүс өсөж хөгждөггүй. Таныг даруу байж, Аврагчид хандахад тусалдаг учраас сул талаа мэдэх нь адислал юм. Сүнс таныг тайтгаруулаад зогсохгүй Цагаатгалаар таны мөн чанарыг дамжуулан өөрчилдөг хүчин зүйл юм. Тийн сул дорой зүйлүүд хүчирхэг болдог.

Сатан итгэлийг тань сорих бөгөөд энэ нь Есүс Христийн бүх шавьд тохиолддог зүйл. Эдгээр дайралтын эсрэг таныг хамгаалах зүйл бол Ариун Сүнсийг хамтрагчаа болгох явдал юм. Тэр таны бодгальд амар амгаланг шивнэж, итгэлээр урагшлах урам зориг өгнө. Түүнчлэн Есүс Христийн гэрэл, хайрыг мэдэрч байсан цаг үеийн дурсамжийг тань эргүүлэн авчирна.

Эргэн санах нь Сүнсний танд өгч чадах хамгийн нандин бэлгүүдийн нэг байж мэднэ. Түүний хэлснээр,“[Их Эзэн] та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” (Иохан 14:26). Уг дурсамж нь залбирлын хариулт, санваарын ёслол, гэрчлэлийн баталгаа эсвэл Бурханы удирдах мутрыг өөрийн амьдралд харсан цаг мөч байж болно. Ирээдүйд танд хүч чадал хэрэгтэй тэр үед Сүнс энэ цуглааны үеэр төрж буй мэдрэмжийг тань сануулж магадгүй. Тийм байх болтугай хэмээн би залбирч байна.

Олон жилийн өмнө Австрийн Иннсбрукт төмөр саравчинд болсон ариун ёслолын цуглааны талаарх нэгэн дурсамжийг Сүнс надад үргэлж сануулдаг. Төмөр саравч нь төмөр замын доор байв. Дөнгөж арав гаруйхан хүн модон сандал дээр сууж байсан. Ихэнх нь залуу болон ахимаг насны эмэгтэйчүүд байв. Энэ цөөн тооны цугларагчдын дунд ариун ёслол түгээх үед талархлын нулимс дуслахыг би олж харсан. Би Аврагчийн тэдгээр гэгээнтнийг гэсэн хайрыг мэдэрсэн бөгөөд тэд ч бас мэдэрсэн. Гэхдээ миний хамгийн тод санаж буй гайхамшиг бол төмөр саравчийг дүүргэх гэрэл мөн гэрлийг дагалдан ирэх амар амгалангийн мэдрэмж байлаа. Орой болсон, цонхгүй байсан ч гэлээ өрөө үд дундын нарны гэрэл туссан мэт гэрэлтэй байв.

Тэр үдэш Ариун Сүнсний гэрэл тод, үлэмж их байсан юм. Харин гэрлийг оруулсан цонхнууд нь Их Эзэний өмнө гэм нүглээсээ өршөөгдөхийг хүсэн, Түүнийг үргэлж дурсан санах гэрээгээ хийхээр ирсэн гэгээнтнүүдийн даруухан зүрх сэтгэл байлаа. Тэр үед надад Христийг дурсан санахад хэцүү байгаагүй бөгөөд тэрхүү ариун нандин туршлагын талаарх дурсамж үүнээс хойших олон жилийн туршид Түүнийг болон Түүний цагаатгалыг дурсан санахад хялбар болгож өгсөн юм. Тэр өдөр Сүнс бидэнтэй үргэлж хамт байн, гэрэл, амар тайвны мэдрэмжийг өгнө гэсэн ариун ёслолын залбирлын амлалт биелж, гэрэл, амар амгаланг авчирсан билээ.

Надад амар амгалан хэрэгтэй үед Их Эзэн над дээр олон арга замаар Тайвшруулагчтай хамт ирж байсанд би талархаж явдаг. Гэхдээ Тэнгэр дэх Эцэг маань бидний тав тухтай байдлаас илүүтэй дээш чиглэсэн өсөлт хөгжилд санаа тавьдаг. Сударт Ариун Сүнсийг “Тайвшруулагч”-аас гадна өөр олон байдлаар тайлбарласан байдаг. Жишээлбэл: “Мөн эдүгээ, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, сайныг үйлдэхэд … хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун” (С ба Г 11:12) гэсэн байна. Ихэвчлэн Түүний танаар хийлгүүлэх гэсэн сайн үйл өөр хэн нэгэнд Бурханы тайтгарлыг хүлээн авахад нь туслахтай холбоотой байдаг.

Их Эзэн Өөрийн мэргэн ухаанаар та нарыг хамтад нь Сүмийнхээ байгууллага болон ангид авчирсан. Тэр үүнийг сайн үйл хийх хүчийг тань өсгөн нэмэгдүүлэхийн тулд хийсэн юм. Та эдгээр байгууллагад Түүний өмнөөс бусдад үйлчлэх тодорхой үүрэг хүлээсэн билээ. Жишээлбэл: хэрвээ та залуу эмэгтэй бол бишоп эсвэл Залуу эмэгтэйчүүдийн удирдагч тань бидний заримдаа “идэвх султай” гэж нэрлэдэг Лаурэлд туслахыг танаас хүссэн байж болно. Та түүнийг бишоп эсвэл Залуу эмэгтэйчүүдийн удирдагчаасаа илүү сайн мэддэг байж магадгүй. Тэр гэр, сургууль эсвэл аль алинд нь асуудалтай байж болно. Удирдлага тань яагаад танаас түүнд туслахыг хүсэх болсныг та мэдэхгүй ч Их Эзэн мэдэх бөгөөд Тэрээр өөрийн Сүнсний өдөөлтөөр дамжуулан ажлаа удирдан явуулдаг билээ.

Гаргасан хичээл зүтгэлийн тань үр дүнд таны болон танаар авруулахаар явуулсан залуу эмэгтэйн зүрх сэтгэлд гайхамшигт өөрчлөлт явагдах бөгөөд үүнд Ариун Сүнсний нөхөрлөл хэрэгтэй. Сүнс танд идэвх султай Лаурэлийг Их Эзэний мэлмийгээр харахад тусална. Их Эзэн түүний мөн таны зүрх сэтгэлийг мэдэхээс гадна зүрх сэтгэл өөрчлөгдөх боломжтой гэдгийг ч мөн адил мэднэ. Түүнчлэн даруу байдал, өршөөл, хайраар өдөөхийн тулд Тэр хоёуланд тань Өөрийн Сүнсээр зочилно.

Уг Сүнс хоньчинд хонио сүрэгтээ эргэн ир хэмээн урихад шаардагдах үгсийг хэлж, үйлдэл хийн, тэвчээр гаргах урам зоригийг танд өгдөг. Түүнээс гадна Тэр алдагдсан хонийг хайрлаж, угтан авахад бэлдэн, эргэж ирэхэд нь гэртээ ирсэн мэт мэдрэмжийг Лаурэлийн анги дахь сүргийнхээ зүрх сэтгэлд төрүүлж чадна.

Бурханы хэсэг охидын хувьд сайныг үйлдэх хүч тань та нарын дунд байх нэгдмэл байдал, хайраас ихээхэн хамааралтай. Энэ нь Ариун Сүнсээр дамжин ирдэг өөр нэгэн амар амгалангийн бэлэг юм.

Алма үүнийг ойлгодог байсан. Тиймээс ч тэр өөрийн хүмүүст хандан “тэдний өөр хооронд зөрчилдөөн байх ёсгүй, харин нэг итгэл мөн нэг баптисмтай байж, зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн тэд нэг нүдээр урагш харах ёстой” (Мозая 18:21) хэмээн гуйсан байдаг.

Нэгдмэл байх нь анги танхим, гэр орондоо Сүнстэй байхад нэн чухал билээ. Мэдээж хэрэг ийм хайраар дүүрэн эв нэгдэлтэй байдлыг хадгалах хэцүү гэдгийг та миний адил туршлагаасаа мэднэ. Бидэнд нүдээ нээж, зүрх сэтгэлээ зөөллөхөд Ариун Сүнсний нөхөрлөл шаардлагатай.

Долоо билүү найман настай хүү маань нэгэн удаа орон дээр ор эвдлэх шахам үсчиж байсныг би санадаг. Би бухимдан, тэр даруй асуудлыг шийдвэрлэхээр босож билээ. Би хүүгээ жижигхэн мөрнөөс нь барьж аваад, нүднийхээ түвшинд хүртэл өргөсөн.

Тэгэхэд Сүнс оюун санаанд минь ярьсан юм. Уг дуу хоолой намуун зөөлөн байсан ч, зүрх сэтгэлд минь нэвтрэн орж: “Чи сайн хүнийг өргөөд зогсож байна” гэж хэлж билээ. Би түүнийг орон дээр зөөлөн буцааж буулгаад, уучлалт гуйсан юм.

Одоо хүү маань тэртээх 40 жилийн өмнө Ариун Сүнсний надад харуулсан тийм сайн хүн болж чадсан. Их Эзэн над руу Ариун Сүнсийг илгээн, надад Бурханы хүүхдийг Өөрийнхөө мэлмийгээр харуулах боломж олгон, тааламжгүй мэдрэмжээс маань холдуулсанд би мөнхөд талархаж явдаг.

Бид нэг нэгнээ өөрөөр харж, бүр өөрөөр боддог болоход маань туслах боломжийг Ариун Сүнсэнд олгосон үед л гэр бүлдээ болон Сүмдээ байлгахыг эрмэлздэг нэгдмэл байдал үүснэ. Сүнс Христийн цэвэр хайраар хардаг. Энэрлийг дүрслэхдээ Мормоны ашигласан үгсийг сонсоцгооё. Үүнийг мэдэрч байсан үеэ бодоорой. Тэр:

“Мөн энэрэл бол удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй, мөн атаархаж жөтөөрхөх нь үгүй, мөн онгирч хөөрдөггүй, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй, мөн алдаст баясах нь үгүй, харин үнэнд баясдаг, бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг.

“Иймийн тул, хайрт ах дүүс минь [би эгч гээд нэммээр байна], хэрэв та нарт энэрэл үгүй бол, та нар хэн ч биш, учир нь энэрэл хэзээ ч дуусдаггүй; иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү энэрлээс зууран барь, учир нь бүх зүйл дуусах ёстой---

Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу; мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.

Иймийн тул, хайрт ах [эгч] дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; та нар Бурханы хөвгүүд [охид] болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Моронай 7:45–48) хэмээн хэлсэн.

Энэ нь Өөрийн үнэт охид болох та нарт зориулсан Тэнгэр дэх Эцэгийн зорилго юм. Энэ зорилго танд алс хол байгаа мэт санагдаж болох ч Түүний хувьд та ойрхон байдаг. Тиймээс Тэрээр тайтгаруулан, урам зориг өгч, цааш үргэлжлүүлэхэд тань сүнсээр өдөөхийн тулд танд Өөрийн Сүнсээр ирдэг.

Эцэг таныг мэддэг, таны хэрэгцээг мөн нэрийг тань ч мэддэг. Тэрээр та нарыг хайрладаг мөн залбирлуудыг тань сонсдог гэдэг баттай гэрчлэлээ үлдээе. Түүний Хайрт Хүү таныг Өөр дээрээ ирэхэд урьж байна. Тэд Өөрсдийнх нь төлөө бусдад үйлчлэх хичээл зүтгэлд тань туслуулахаар Ариун Сүнсийг илгээсэн юм.

Есүс Христийн Цагаатгалын ачаар Ариун Сүнсний байнгын нөхөрлөл таны сүнсэнд цэвэршүүлэгч, ариусгагч нөлөөтэй байх болно. Тийн Аврагчийн шавь нартаа үлдээхээр амласан амар амгаланг та бүхэн мэдэрнэ. Тэрхүү амар амгалантай хамт найдварын гэрэл мөн амьд бошиглогчдодоо илчлэлт өгснөөр дэлхий ертөнц дээрх хаант улсаа удирддаг Эцэг, Түүний Хайрт Хүүгийн гэрэл, хайрын мэдрэмж ирнэ. Би энэ бүхнийг Их Эзэн Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.