2010–2019
Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн
2017 оны 4-р сар


Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн

Та нар зааж, удирдаж мөн хайрласнаар зоригтой, нүглийг эсэргүүцэх чадвартай хүүхдүүдтэй болж, тэднийг зэмсэглэхэд туслах хувийн илчлэлтийг хүлээн авч чадна.

Жил хагасын өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “зааж, нүглийг эсэргүүцэж чадах үр удмыг өсгөх эмэгтэйчүүд хэрэгтэй”1 талаар ярьж байсан. “Нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн” гэх энэ хэллэг сүнслэг чавхдасыг маань гүн хөндсөн юм.

Бид цэвэр ариун, дуулгавартай амьдрахыг хичээж буй хүүхдүүдийг хүндэлдэг. Би дэлхий даяарх олон хүүхдээс хүч чадлыг харж байсан. Тэд төрөл бүрийн хүнд хэцүү нөхцөл байдал, орчинд сэтгэлийн хаттай, “хичээнгүй мөн гуйвшгүй”2 зогсдог. Энэ хүүхдүүд бурханлаг хувь заяагаа ойлгон, Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэрч, Түүний хүсэлд дуулгавартай байхыг эрэлхийлдэг.

Гэвч “хичээнгүй мөн гуйвшгүй” байх гэж хичээж байгаа, эмзэгхэн оюун ухаан нь шархалж буй хүүхдүүд ч бас байна.3 Тэднийг “хортны галт сум” тал бүрээс нь дайран довтолж байгаа бөгөөд тэдэнд хүч чадал, тусалж дэмжлэг хэрэгтэй байна.4 Хүүхдүүдээ Христэд авчрахын тулд гаргаж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлж, нүглийн эсрэг тулалдахад маань тэд маш том өдөөгч болдог.

Ахлагч Брүс Р.Макконкигийн бараг 43 жилийн өмнө хэлсэн үгийг эш татъя.

“Бид Сүмийн гишүүдийн хувьд том тулалдаанд оролцож байна. Бид дайнд оролцож байна. Бид Люсиферийн эсрэг тулалдахаар Христийн талд элсэн орсон. …

Асар том дайн хаа сайгүй тэлж, олон хүн хохирогч болж, зарим нь сүйрч байгаа нь цоо шинэ зүйл биш юм. …

Харин энэ дайнд төвийг сахисан байр суурь гэж байхгүй бөгөөд байх ч боломжгүй.5

Энэ дайн өнөөдөр илүү их хурдацтай явагдаж байна. Улмаар бид дайнд оролцон, үр хүүхдүүд маань дайсны хүчийг сөрөн тэргүүн эгнээнд явж байгаа. Тиймээс сүнслэг арга барилаа бэхжүүлэх хэрэгцээ шаардлага маань өсөн нэмэгдсээр байна.

Хүүхдүүдээ нүглийг эсэргүүцэх чадвартай болгон хүчирхэгжүүлэх нь эцэг эх, өвөө эмээ, гэр бүлийн гишүүн, багш, удирдагчдын үүрэг бөгөөд адислал юм. Бид бүгдээрээ тэдэнд туслах үүрэгтэй. Гэвч Их Эзэн “наманчлалын сургаал амьд Бурханы Хүү Христэд итгэх итгэл хийгээд баптисм хүртээх мөн гар тавилтаар ирдэг Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг; тэрчлэн залбирахыг, мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг хүүхдүүддээ заах ёстой”6 хэмээн эцэг эхчүүдэд онцгойлон зааварласан.

“Хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэх нь”7 гэр бүл болоод хүүхэд нэг бүрийн онцлогоос хамаардаг учраас хэцүү асуудал байж болох ч Тэнгэрлэг Эцэг бидэнд туслах нийтлэг удирдамж өгсөн. Сүнс бидэнд үр хүүхдүүддээ сүнслэг байдлын дархлаа суулгаж өгөх хамгийн үр дүнтэй арга замуудыг мэдүүлэх болно.

Эхлээд энэ үүрэг хариуцлагын ач холбогдлыг ойлгосон байх нь чухал. Бид хүүхдүүддээ тэдний хэн болохыг мөн яагаад энд байгааг ойлгоход нь туслахаасаа өмнө өөрсдийн болон тэдний тэнгэрлэг хувь заяа, зорилгыг ойлгосон байвал зохино. Тэднийг хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд гэдгийг мөн Тэр тэднээс бурханлаг зүйлс шаардаж байгааг ямар ч эргэлзээгүй мэддэг болоход нь бид туслах ёстой.

Хоёрдугаарт, наманчлалын сургаалыг ойлгох нь нүглийг эсэргүүцэх чадвартай болоход нэн чухал. Нүглийг эсэргүүцэх чадвартай байна гэдэг нь нүгэлгүй байна гэсэн үг биш ч үргэлж наманчилж, сонор сэрэмжтэй мөн зоригтой байна гэсэн үг юм. Нүглийг эсэргүүцэх чадвар нь нүглийг дахин дахин эсэргүүцсэнээр ирдэг адислал ч байж магадгүй. Иаковын хэлснээр: “Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна.”8

Залуу дайчид “зориг[оороо] … үлэмж баатарлаг байв; гэвч болгоогтун, энэ нь бүгд бус — … тэд итгэж даалгасан ямар ч зүйлд цаг ямагт үнэнч эрс байлаа. Тийм ээ, … тэд Бурханы зарлигуудыг дагахыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв.”9 Эдгээр залуу эр Христийнхтэй адил ариун журмыг дайсныхаа эсрэг хэрэглэх зэмсэг болгон дайнд явсан билээ. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Зоригтой байх дуудлага бидний хүн нэг бүрд байнга ирдэг. Бидний амьдралын бүхий л өдрүүдэд зориг хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь зөвхөн чухал үйл явдлуудад төдийгүй биднийг шийдвэр гаргахад эсвэл эргэн тойрон дахь нөхцөл байдалдаа хариу үзүүлэхэд ч мөн шаардлагатай байдаг” хэмээн бидэнд сануулсан юм.10

Хүүхдүүд маань өдөр бүр шавь байх загварыг өөртөө хэвшүүлснээр сүнслэг хуяг дуулга өмсдөг. Бид өдөр бүр шавь байх гэсэн ойлголтыг ухаарч ойлгох үр хүүхдүүдийнхээ чадварыг дутуу үнэлдэг байж магадгүй. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бидэнд “эртнээс эхэлж, тууштай байхыг11 зөвлөсөн билээ. Тиймээс судрууд, Итгэлийн тунхаг, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол, Хүүхдийн хэсгийн болон Сүмийн дуулал, бидний хувийн гэрчлэл гэх мэт тэднийг Аврагч руу хөтөлдөг сайн мэдээний үндсэн сургаал, зарчмуудыг бага байхаас нь эхлэн хайраар ойлгуулах нь хүүхдүүдээ нүглийг эсэргүүцэх чадвартай болгоход туслах гурав дахь гол хүчин зүйл юм.

Залбирах, судраас судлах, гэр бүлийн үдэш хийх, Хүндэтгэлийн өдрийн шүтлэг бишрэлийг тогтмол хийх зэргийг дадал хэвшил болгох нь бүрэн бүтэн, дотроо зөрчилгүй, ёс суртахууны өндөр жишигтэй, өөрөөр хэлбэл, сүнслэг байдлаараа үнэнч шударга байхад хүргэдэг. Үнэнч шударга байдал чухал байхаа больсон өнөө үед хүүхдүүд маань жинхэнэ үнэнч шударга байдал гэж юу болох мөн энэ нь яагаад чухал болохыг, ялангуяа бид тэднийг баптисмын болон ариун сүмийн нандин гэрээнүүдийг хийж, сахихад бэлтгэж байх үед ойлгож авах эрхтэй. Миний сайн мэдээг номло гарын авлагад “Амлалтаа биелүүлэх нь хүмүүсийг [ялангуяа залуучуудыг] ариун нандин гэрээнүүд хийж мөн дагахад бэлтгэдэг”12 хэмээн заасан байдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд: “Бид гэрээг сахих тухай ярихдаа мөнх бус байдал дахь зорилгынхоо чухал хэсгийн талаар ярьж байгаа хэрэг юм”13 хэмээн заажээ. Тэнгэрлэг Эцэгтэйгээ гэрээнд орж, үүнийг сахих нь ер бусын хүч агуулдаг. Дайсан үүнийг мэддэг учраас гэрээнд орох гэсэн ойлголтыг гуйвуулдаг.14 Хүүхдүүддээ ариун нандин гэрээнүүдийг ойлгож, хийж, сахихад туслах нь нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхнийг бий болгох өөр нэгэн чухал арга зам юм.

Бид хүүхдүүдээ гэрээний замд орж, өсөж хөгжих үед ариун гэрээнүүдийг хийж, сахихад нь хэрхэн бэлтгэж чадах вэ? Хүүхдүүдээ бага балчир байхад энгийн амлалтаа биелүүлдэг байхыг тэдэнд зааснаар хожим нь амьдралдаа ариун нандин гэрээнүүдээ сахихад бэлтгэх болно.

Би нэгэн энгийн жишээ хуваалцмаар байна. Аав нь гэр бүлийн үдшийнхээ үеэр “Манай гэр бүл нэг нэгэнтэйгээ хэр таарамжтай байдаг вэ?” гэж асуужээ. 5 настай Лиззи ах Кэвин нь түүнийг үргэлж шоглож, гомдоож байдгийг хэлжээ. Кэвин ч Лиззигийн зөв гэдгийг дуртай дургүй хүлээн зөвшөөрөв. Кэвиний ээж түүнээс дүү охинтойгоо илүү таарамжтай байхын тулд юу хийж болох талаар асуужээ. Кэвин хэсэг бодсоны эцэст нэг өдрийн турш Лиззиг огт шоглохгүй гэж амлав.

Маргааш орой нь бүгд гэр бүлийн залбирал хийхээр цугларахад аав нь Кэвинээс хэр байсныг асуужээ. Кэвин “Аав аа, би амласандаа хүрсэн” гэв. Лиззи ч баяртайяа хүлээн зөвшөөрч, гэр бүл нь Кэвинд баяр хүргэжээ.

Тэгээд ээж нь, нэг өдөр амласнаа биелүүлж чадсан юм чинь яагаад хоёр өдөр биелүүлж болохгүй гэж? хэмээн санал тавьсан байна. Кэвин ч дахин хичээхээр шийдэв. Хоёр өдөр өнгөрөхөд тэр амласнаа биелүүлж, Лиззи ч илүү талархалтай байв! Аав нь түүнээс амлалтандаа яаж ийм сайн хүрч чадсаныг нь асуухад тэр “Би хийнэ гэж хэлсэн учраас л амласнаа биелүүлсэн” гэж хэлжээ.

Жижигхэн боловч амжилттай биелүүлсэн амлалтууд үнэнч шударга байдал руу хөтөлдөг. Амлалтаа үргэлж биелүүлэх дадлага хийх нь хүүхдүүдэд баптисмын болон Ариун Сүнсний бэлгийн анхныхаа гэрээг хүлээн авах сүнслэг бэлтгэл ажил болдог бөгөөд ингэснээр тэд Бурханд үйлчилж, Түүний зарлигуудыг дагах гэрээнд ордог.15 Амлалт болон гэрээнүүд нь салшгүй хүчин зүйлүүд юм.

Бид Даниел 15-аас Небухаднезар хааны хөрөгт мөргөхөөс татгалзсан Шадрах, Мешах, Абед-него нарын талаар сурдаг. Хаан тэдэнд сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно хэмээн анхааруулсан. Тэд татгалзаж,

“Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.

Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй”17 гэж хэлсэн.

“Хэдийгээр тэгэхгүй байсан ч.” Энэ дөрвөн үгийг болон эдгээр нь гэрээгээ сахихтай хэрхэн холбогдож байгааг бодож үзнэ үү. Энэ гурван залуу өөрсдийг нь аварч чадна гэсэн тул дуулгавартай байсан юм биш. Тэднийг авраагүй байсан ч, тэд хэлсэн учраас Их Эзэнд амласан амлалтаа биелүүлэх л байсан. Гэрээгээ сахих нь бидний нөхцөл байдлаас үргэлж хамааралгүй байсаар ирсэн. Энэ гурван залуу, яг л залуу дайчдын адил хүүхдүүдэд маань нүглийг эсэргүүцэх чадвартай байхын гайхалтай үлгэр жишээг харуулдаг.

Бид эдгээр үлгэр жишээг гэр орон, гэр бүлдээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Бид хүүхдүүддээ амжилтын амтыг “шат шатаар, дүрэм дүрмээр”18 бага багаар мэдрэхэд тусалдаг. Тэд амлалтаа биелүүлснээр амьдралдаа Сүнсийг мэдрэх болно. Ахлагч Жозеф Б.Вөртлин “үнэнч шударга байдлын эцсийн шагнал бол Ариун Сүнсний байнгын нөхөрлөл юм”19 хэмээн заасан. Тийнхүү хүүхдүүдийн маань “итгэлтэй байдал Бурханы оршихуйд хүчтэй болох болно.”20 Үнэнч шударга байдлын ундаргаас хүчирхэг, нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэн төрөх болно.

Ах эгч нар аа, та нар өдөр тутмын шашны зан үйл хийж байгаагаа болон өгсөн амлалт, хийсэн гэрээгээ сахиж байгаагаа бяцхан үрсдээ харуулж болохуйц ойр байлга. “Хүүхдүүд бол агуу даган дуурайгчид юм, тиймээс тэдэнд даган дуурайх агуу зүйлсийг өг.”21 Бид үнэхээр амлалтаас амлалт, гэрээнээс гэрээний хооронд нүглийг эсэргүүцэх чадвартай үеийнхэнд зааж, тэднийг өсгөн хүмүүжүүлэхэд Их Эзэнд тусалж байна.

Би Есүс Христ энэ Сүмийг удирддаг гэдгийг гэрчилж байна. Та нар Аврагчийн арга барилаар зааж, удирдаж мөн хайрласнаар зоригтой, нүглийг эсэргүүцэх чадвартай хүүхдүүдтэй болж, тэднийг зэмсэглэхэд туслах хувийн илчлэлтийг хүлээн авч чадна. Үр хүүхдүүд маань “Та намайг нүглийг хараад чичрэх нэгэн болгоно уу?”22 хэмээх Нифайн үгийг цуурайтуулаасай хэмээн би залбирч байна. Аврагч хийнэ гэсэн учраас дэлхийн нүглийг цагаатгасан23 мөн хийнэ гэсэн учраас мөнх бус бидний ойлгож чадахаас ч илүү биднийг хайрладаг24 гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.