2010–2019
Сүмийн найз нөхөд, сонирхогчдод хандаж хэлэхэд
2017 оны 4-р сар


Сүмийн найз нөхөд, сонирхогчдод хандаж хэлэхэд

Хэрэв та илчлэлт хүлээн авах төлөөсийг төлж, өөрийгөө даруусган мөн уншиж үзээд, залбирах аваас тэнгэр нээгдэн, Есүс бол Христ гэдгийг мэдэх болно.

Би 1988 оны 9-р сарын16-ны баасан гаргийн үдээс хойш, Аргентины Буэнос-Айрес хотын Висэнт Лопез тойргийн цуглааны байранд баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон юм. Тэр өдөр сайн найз Алин Спанназ минь надад баптисм хүртээсэн бөгөөд ачаа маань хөнгөрөн аз жаргал, илүү ихийг сурахсан гэсэн хүслийг би мэдэрсэн.

Зураг
Ахлагч Костагийн баптисм

Өнөөдөр би баптисм хүртэх явцдаа сурч мэдсэн зарим сургамжаасаа хуваалцахыг хүсэж байна. Эдгээр сургамж маань үүнийг сонсож буй Сүмийн гишүүн хараахан болоогүй хүмүүс болох та бүхэнд тус болно хэмээн найдаж, Сүнс миний зүрх сэтгэлд нөлөөлсөн шиг та бүхэнд ч бас нөлөөлөөсэй хэмээн би залбирч байна.

Нэгдүгээрт, номлогчидтой уулзах

Ямар нэг дааж давшгүй саад бэрхшээл, хэрэгцээ шаардлага байхгүй бөгөөд ямар ч асуух зүйлгүй хүн яагаад номлогчидтой уулзаж, тэдний хичээлийг сонсохыг хүснэ гэж? Миний хувьд бол би хайраас болоод буюу Ринэ гэдэг охинд хайртай болсон учраас л үүнийг хүссэн. Би түүнд хайртай болж, түүнтэй гэрлэхийг хүссэн юм. Тэр бусдаас өөр, миний мэдэх ихэнх залуу эмэгтэйгээс огт өөр жишигтэй нэгэн байлаа. Гэхдээ би түүнд дурлаж, түүнээс надтай гэрлэхийг хүсэхэд тэр үгүй гэж хариулав.

Зураг
Ахлагч Коста болон Коста эгч

Би ойлгохгүй байлаа. Уг нь би өөрийгөө дажгүй залуу гэж боддог байсан. Би царайлаг, 24 настай, дээд боловсролтой, сайхан ажилтай. Гэтэл тэр өөрийн зорилгыг буюу мөнхийн гэр бүлтэй болохоор ариун сүм рүү дагуулан орж чадах тийм л хүнтэй гэрлэнэ гэдгээ хэлээд, миний саналыг хүлээж авсангүй. Би түүнтэй үргэлжлүүлэн харилцаа холбоотой байхыг хүссэн тул номлогчдыг сонсохыг зөвшөөрөв. Ийм шалтгаанаар номлогчидтой уулзах нь зөв гэж үү? Миний хувьд зөв байсан.

Би анх номлогчидтой уулзахдаа тэдний ярьсан ихэнх зүйлийг ойлгоогүй бөгөөд үнэнийг хэлэхэд би тэдэнд анхаарлаа сайн хандуулаагүй байсан байж болох юм. Зүрх сэтгэл маань шинэ шашныг хүлээн авахгүй байв. Би ердөө л тэдний бурууг нотлох мөн цаг хугацаа хожиж, ямар нэгэн байдлаар Ринэг надтай гэрлэ хэмээн ятгахыг хүсэж байсан.

Өнөөдөр хүүхдүүд маань номлолд үйлчилж, зарим нь одоо ч гэсэн үйлчилж байгаа бөгөөд эдгээр залуу эрэгтэй, эмэгтэйн Есүс Христийн сургаалыг заахын тулд хийж байгаа золиослолыг би ойлгодог болсон. Одоо би надад заасан ахлагч Ричардсон, Фаррэлл, Хайланд гэх тэр гайхалтай номлогчдын үгсэд илүү их анхаарал хандуулж байхгүй яав даа гэж боддог.

Тиймээс эхний сургамж дээрээ үндэслэн Сүмийн найз нөхөд, сонирхогчдод хандаж хэлэхэд, та нар номлогчидтой уулзсан л бол тэднийг нухацтай авч үзээрэй. Тэд амьдралынхаа чухал он жилүүдийг зөвхөн таны төлөө зориулж байгаа юм шүү.

Хоёрдугаарт, Сүмд явах

Би анх удаа Сүмийн цуглаанд оролцохдоо учир нь ойлгогдохгүй олон үг сонссон. Бийхайв гэж хэнийг хэлээд байгаа юм бол? Аароны санваар гэж юу юм бэ? Халамжийн нийгэмлэг гэж бас юуг хэлээд байгаа юм бол?

Хэрэв та Сүмийн цуглаанд анх удаа оролцож байгаа бөгөөд ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байгаа бол бүү санаа зов! Би ч бас учраа олохгүй байсан. Гэхдээ би өөрт төрсөн сэтгэгдэл, амар амгалан, баяр хөөр зэрэг шинэ мэдрэмжүүдийг одоо ч гэсэн санадаг. Би тухайн үед мэдээгүй ч Ариун Сүнс миний чихэнд болон зүрх сэтгэлд “Энэ бол зөв” хэмээн шивнэж байсан юм.

Тэгэхээр би энэ сургамжаа нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, хэрвээ та ойлгохгүй байгаа бол бүү санаа зов, төрсөн мэдрэмжүүдээ сана, тэдгээр нь Бурханаас ирдэг юм.

Гуравдугаарт, Мормоны Номыг унших

Би номлогчидтой хэд хэдэн удаа уулзсан ч нэг л өсөж хөгжихгүй байв. Надад сайн мэдээ үнэн гэсэн нотолгоог хүлээн аваагүй мэт санагдаж байсан юм.

Нэгэн өдөр Ринэ надаас: “Чи Мормоны Номноос уншиж байгаа юу?” гэж асуулаа.

Би “Үгүй” гэж хариулав. Номлогчдыг сонсож байгаа маань хангалттай биш гэж үү?

Ринэгийн нүдэнд нулимс цийлэгнэн, Мормоны Номыг үнэн болохыг мэднэ гэдгээ надад батлан хэлээд, хэрвээ намайг уг номыг үнэн гэдгийг мэдэхийг хүсвэл үүнийг мэдэж болох цорын ганц арга зам бол энэ номыг уншаад, дараа нь энэ тухай асуух юм гэдгийг тайлбарлаж өгч билээ.

Уншаад, зүрх сэтгэлдээ тунгаан бодож, Мормоны Ном болон энэ Сүм үнэн эсэхийг “Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, … Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуу” (Моронай 10:4).

Ингээд гурав дахь сургамжийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл, хэрвээ та нараас эдгээр зүйлийг буюу Мормоны Номыг хүлээн авч, уншиж үзээд, үнэн эсэхийг Бурханаас асуу хэмээн хүсвэл зүгээр л хийгээрэй!

Эцэст нь, наманчлах

Би хамгийн сүүлд наманчлалын талаарх туршлагаасаа хуваалцмаар байна. Би номлогчдын бүх хичээлийг авч дууссаныхаа дараа, амьдрал дахь ямар нэгэн зүйлээ өөрчлөх хэрэгтэй гэдэгт нэг л итгэж өгөхгүй байлаа. Нэгэн өдөр залуухан, испаниар муухан ярьдаг ч өөртөө итгэлтэй ахлагч Катлэр надад хандан “Хуакин, Алма 42-ыг хамтдаа уншицгаая, харин бид таны нэрийг орлуулан уншина” гэж хэлэв.

Надад энэ нь утгагүй санагдсан ч би ахлагч Катлэрын хэлснээр хийж, 1-р шүлгийг: “Мөн эдүгээ, [Хуакин] хүү минь, чиний санааг зовоож буй зарим нэг илүү зүйл байгааг би ухаарч байна, чиний ойлгохгүй байгаа тэр нь” гэж уншлаа. Тийм ээ! Мормоны Ном надад хандан ярьж байв.

Мөн бид 2-р шүлэгт: “Эдүгээ болгоогтун, [Хуакин] хүү минь, би энэ зүйлийг чамд тайлбарлах болно” гэснийг уншсан бөгөөд тэнд Адамын уналтыг тайлбарласан байлаа.

Дараа нь, 4-р шүлэгт: “Мөн тийн [Хуакинд] наманчлах цаг олгогдсоныг бид харав” гэж уншицгаав.

Бид аажим аажмаар, шүлэг шүлгээр нь, сүүлийн гурван шүлэг хүртэл үргэлжлүүлэн уншлаа. Гэнэт би хүчирхэг нөлөөнд автагдав. Уг ном надтай шууд ярьж, улмаар би “Мөн эдүгээ, [Хуакин] хүү минь, чамайг эдгээр зүйл дахин бүү зовоогоосой, мөн зөвхөн … наманчлалд авчрах зовлонгоор нүглүүд чинь чамайг зовоогоосой хэмээн би хүснэ” (29-р шүлэг) гэж уншихдаа уйлж эхэлсэн юм.

Одоо бодоход, би ямар ч төлбөр төлөлгүй илчлэлт хүлээн авахыг санаархаж байжээ. Тэр өдрийг хүртэл би Бурхантай чин сэтгэлээсээ ярьж байгаагүй бөгөөд харагдахгүй байгаа хүнтэй ярина гэдэг нь утгагүй зүйл мэт санагддаг байсан юм. Би өөрийгөө даруусгаж, дэлхийн оюун ухаанд минь тэнэг сонсогдож байсан ч хий хэмээн хүссэн тэр зүйлийг хийх л хэрэгтэй байлаа.

Би тэр өдөр зүрх сэтгэлээ Сүнсэнд нээн, наманчлахыг эрмэлзэж, баптисм хүртэхийг хүссэн юм. Тэр цаг мөчөөс өмнө, би наманчлалыг зөвхөн нүгэл болон гэм буруутай холбоотой сөрөг зүйл гэж боддог байсан бол гэнэт үүнийг өсөлт хөгжил, аз жаргалд хүргэх замыг цэвэрлэж өгдөг эерэг зүйл хэмээн өөр талаас нь харах болсон билээ.

Өнөөдөр ахлагч Катлэр энд байгаа бөгөөд би түүнд мэлмийг минь нээж өгсөнд талархмаар байна. Тэр үеэс хойш би амьдралдаа гаргасан шийдвэр бүрдээ өөрийгөө даруусган, өршөөл гуйн залбирч байсан төдийгүй Есүс Христийн миний төлөө хийсэн Цагаатгал амьдралын маань нэгээхэн хэсэг болоход тэр мөч нөлөөлсөөр ирсэн.

Сүүлийн сургамжийг нэг өгүүлбэрээр хэлбэл: Наманчлал гэж юу болохыг мэдрэх юм бол өөрчлөгдөх хүсэл эрмэлзлээс өөр юу ч таныг Их Эзэн Есүс Христтэй ойр авчрахгүй.

Эрхэм сонирхогч, Сүмийн найз нөхөд өө, хэрвээ та өнөөдөр үүнийг сонсож байгаа бол хамгийн агуу баяр хөөрт хүрэхэд тун ойр байна гэсэн үг. Та нар ойрхон байна!

Би зүрх сэтгэлийнхээ бүх хүч чадлаар, бодгалийнхаа гүнээс та бүхнийг явж, баптисм хүртэнэ үү гэж урьж байна. Энэ бол таны хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг юм. Энэ нь таны төдийгүй үр хүүхэд, ач зээгийн тань амьдралыг өөрчилнө.

Зураг
Ахлагч Коста, Коста эгч хоёрын хуримын өдөр

Их Эзэн надад гэр бүлийг минь өгч адисалсан. Би Ринэтэйгээ гэрлэж, бид дөрвөн сайхан хүүхэдтэй болсон. Би баптисм хүртсэн учраас хуучин цагийн бошиглогч Лихайн адилаар тэднийгээ Бурханы хайраас буюу тэрхүү амьдралын модны жимснээс хүртэхэд урьж (1 Нифай 8:15 ба 11:25-ыг үзнэ үү) мөн Христэд ирэхэд нь тусалж чадна.

Тиймээс миний туршлагыг анхааралдаа авч үзэн, (1) номлогчдод ач холбогдол өгч, (2) сүм рүү явж, сүнслэг мэдрэмжээ санан, (3) Мормоны Номыг уншиж, үнэн эсэхийг нь Их Эзэнээс асуу, тэгээд (4) наманчилж, баптисм хүртээрэй.

Хэрэв та илчлэлт хүлээн авах төлөөсийг төлж, өөрийгөө даруусган мөн уншиж үзээд, залбирах аваас тэнгэр нээгдэн, миний мэдэж авсанчлан Есүс бол Христ, миний болоод таны Аврагч гэдгийг мэдэх болно гэж би гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.