2010–2019
Түүний өдөр бүр хөтлөх мутар
2017 оны 4-р сар


Түүний өдөр бүр хөтлөх мутар

Тэнгэр дэх Эцэг маань бидэнд юу хэрэгтэй байгааг хэнээс ч илүү сайн мэддэг.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ удирдах хамгийн хайртай арга хэрэгслүүдийн нэг бол зөв шударга эмээ, өвөө нар билээ. Миний аавын ээж яг ийм хүн байсан юм. Нэг удаа аав маань надад сахилгажуулах арга хэмжээ авах үед би юу болсныг сайн санаж чадахааргүй тийм бага байлаа. Эмээ намайг хүмүүжүүлэх гэсэн энэ оролдлогыг ажиглаж байгаад, “Монтэ, чи түүнийг дэндүү хатуу аргаар хүмүүжүүлж байна” гэж хэлжээ.

Аав хариуд нь “Ээж ээ, би өөрийнхөө хүүхдүүдийг хүссэн аргаараа хүмүүжүүлэх болно” гэсэн юм.

Тэгэхэд ухаалаг эмээ маань “Би ч гэсэн тэгэх болно” гэж зөөлөн дуугарчээ.

Тэр өдөр аав маань ээжийнхээ хэлсэн энэ ухаалаг удирдамжийг сонссон гэдэгт би лавтай итгэдэг.

Удирдамж гэхээр бидний мэддэг, дуртай “Би Бурханы хүүхэд” гэдэг дууллын үг санаанд тань орж магадгүй. Дууллын дахилтад “Надад замаа олоход туслан, хөтлөн удирдаач”1 гэсэн үгс байдаг.

Саяхныг болтол би энэ дууллын дахилт эцэг эхчүүдэд өгсөн тэнгэрлэг заавар гэж ойлгодог байлаа. Би дууллын үгсийг тунгаан бодоод, үгс нь хавьгүй илүү утга учиртай удирдамж агуулдаг юм байна гэдгийг ухаарсан юм. Бид хувь хувьдаа Тэнгэрлэг Эцэгээс биднийг удирдан, хөтлөн, бидний дэргэд хамт алхахыг гуйж хүсдэг.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүдийнхээ хэрэгцээг хэнээс ч илүү сайн мэддэг. Өөрт нь эргэн очих зам дээрээ гарахад бидэнд туслахын тулд гайхамшигтай материаллаг болон сүнслэг эх сурвалжуудаар хангах нь бидний алхам бүрд туслах Түүний ажил, алдар суу юм”2 хэмээн тайлбарласан.

Тэнгэр дэх Эцэг маань та бидэнд юу хэрэгтэй байгааг хэнээс ч илүү сайн мэддэг гэсэн үгсийг анхааран сонс доо. Үр дүнд нь Тэрээр бидний хүн нэг бүрд тохирсон хувийн тусламжийн багцыг бий болгожээ. Багц нь олон хэсгээс бүрдэнэ. Багцад Түүний Хүү, Цагаатгал, Ариун Сүнс, зарлиг, судар, залбирал, бошиглогч, төлөөлөгч, эцэг эх, эмээ өвөө, Сүмийн орон нутгийн удирдагчид, мөн нэг л өдөр Түүнтэй хамт амьдрахаар буцахад маань туслах бусад хүн орно.

Одоо биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг намайг болон гэр бүлийг маань удирдан, хөтөлж, хажууд минь хамт алхдаг гэдгийг ухааруулсан тэрхүү тусламжийн багцын нэгээхэн хэсгийн тухай ярихыг зөвшөөрнө үү. Би та нарын хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэг таныг удирдан, хөтөлж, хажууд тань хамт алхаж байдаг гэдгийг ухаараасай мөн тийнхүү ухаарч ойлгосноор үнэхээр цор ганцаар биш гэдгээ мэдээд, цааш итгэлтэй үргэлжлүүлээсэй хэмээн залбирч байна.

Тэнгэрлэг Эцэгийн зарлигууд тэрхүү тусламжийн багцын гол хэсэг юм. Алма “Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй”3 хэмээн тунхагласан. Хайрлах сэтгэлийн үүднээс хүмүүжүүлэхгүйгээр зохисгүй байдлыг тэвчих нь хуурамч энэрэл бөгөөд ёс бус байдал аз жаргал байж болох нийтлэг ойлголтыг өөгшүүлж байдаг. Леменчүүдийн Самуел энэ ойлголтыг “Мөн та нар алдсыг үйлдэж аз жаргалыг эрэлхийлсэн нь бидний агуу их Мөнхийн Тэргүүнд байх зөв шударга чанарын эсрэг юм”4 хэмээн ойлгомжтой илэрхийлсэн.

Тэнгэрлэг Эцэг зөв шударга байдал бол аз жаргал гэдгийг бошиглогчдоороо дамжуулан байнга сануулж байдаг. Жишээлбэл, Хаан Бенжамин Тэнгэрлэг Эцэг бол “та нарт өөрийнхөө зарлигласныг хийхийг та нараас шаарддаг; хэрэв та нар үүнийг хийвэл оронд нь, тэрээр та нарыг тэр даруй адисалдаг; мөн тиймийн тул тэрбээр та нарт төлсөн байдаг”5 хэмээн заасан. Өөр нэгэн дуулалд

Зарлигуудыг сахь; Зарлигуудыг сахь!

Үүнд аюулгүй байдал буй; үүнд амар амгалан буй.

Тэр биднийг адисална6 гэсэн адил төстэй сануулгыг өгсөн байдаг.

Би 14 нас хүрэх гэж байхдаа эдгээр адислалын заримынх нь талаар ойлгож мэдсэн юм. Би эцэг эхийнхээ нэг л өөр байгаа байдлыг анзаарч билээ. Тэгээд би ажиглаж мэдсэнээсээ үүдээд, “Бид номлолд явах гэж байгаа юм уу?” гэж асуусан. Ээжийн минь царайн дахь гайхаж цочирдсон байдал миний эргэлзээ сэжгийг баталж орхив. Дараа нь гэр бүлийн зөвлөлөөр эгч ах дүүс бид эцэг эхийгээ нэгэн номлолыг тэргүүлэхээр дуудагдсан байсныг мэдсэн юм.

Бид Вёоминг мужид үзэсгэлэнтэй сайхан ферм дээр амьдардаг байв. Миний өнцгөөс харахад, амьдрал төгс байлаа. Би хичээлээсээ гэртээ ирж, гэрийн ажлаа хийж дуусаад ан агнан, загас барих эсвэл нохойтойгоо хамт хорвоотой танилцахаар явдаг байлаа.

Номлолд дуудагдсаныг мэдсэнийхээ дараахан би Блю гэдэг нохойноосоо салах хэрэгтэй болох нь гэдгээ ухаарав. Блюгээ яах вэ гэж асуухдаа би аавынхаа эсрэг байр суурьтай байлаа. Бурханы хүсэж байгаа зүйл шударга биш гэдгийг би онцлохыг хүсэж байсан юм. Би түүний юу гэж хариулсныг хэзээ ч мартахгүй. Түүний “Би сайн мэдэхгүй л байна. Бид нохойгоо авч явж чадахгүй л болов уу. Тийм учраас чи Тэнгэрлэг Эцэгээс асуусан нь дээр” гэж хэлсэн нь миний хүлээж байсан хариулт биш байлаа.

Би Мормоны Номыг уншиж эхлэв. Нохойгоо өөр хүнд өгөх хэрэгтэй эсэхээ мэдэхийн тулд чин сэтгэлээсээ залбирав. Надад хариулт тэр дороо ирээгүй ч “Эцэг эхдээ битгий дарамт бол. Дарамт болж болохгүй. Би эцэг эхийг чинь дуудсан” гэсэн нэгэн онцгой бодол миний оюун санаанд орж ирж байлаа.

Би Тэнгэрлэг Эцэгийн юу шаардаж байсныг мэдсэн ч нохойгоо хүнд өгнө гэж бодохоор шаналахгүй байж чадаагүй юм. Гэхдээ тэрхүү багахан золиослолоор дамжуулан зүрх сэтгэл минь зөөлөрч, Тэнгэрлэг Эцэгийн хүслийг эрэлхийлснээр тайвширсан билээ.

Би Тэнгэрлэг Эцэгтээ адислалуудынхаа төлөө мөн судар, залбирал, Ариун Сүнсээр болон хүүхдүүдийнхээ сайн мэдээний багш байх үүргээ биелүүлсэн энэ дэлхийн зөв зохистой эцгээрээ дамжуулан олсон аз жаргалынхаа төлөө талархдаг. Тэд надад замаа олоход, ялангуяа аливаа хэцүү зүйлийг хийх хэрэгтэй болох үед тусалж, хөтлөн, удирдаж, миний дэргэд алхдаг байсан.

Өмнө дурдсан тусламжийн багцаас гадна бидний хүн нэг бүр удирдан залах санваарын удирдагчаар адислагдсан.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Бишопууд сүнслэг өдөөлт хүлээн авдаг. Бидний хүн нэг бүр удирдагчдаасаа зөвлөгөө хүлээн авах эсвэл татгалзах эрхтэй ч бишопынхоо индэр дээрээс эсвэл ганцаарчлан өгсөн зөвлөгөөг хэзээ ч үл тоомсорлож болохгүй”7 хэмээн хэлсэн.

Эдгээр ах Их Эзэнийг төлөөлөхийн төлөө хичээн зүтгэж байдаг. Сатаныг хөгшин, залуу бидний хэнд нь ч гэсэн бүх зүйл өнгөрсөн гэж бодуулахаар хичээх үед бишопууд биднийг удирдахад бэлэн байдаг. Би бишопуудтай ярилцаж байхдаа дуулгаваргүй байгаа буруугаа хүлээн зөвшөөрөх эсвэл гэм зэмгүй байж аймшигт гэм нүглээс болон зовох хоёрт нийтлэг тал байгааг олж мэдсэн юм. Бишопууд хувь хүн бүрийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хайрыг болон гэртээ очих замаа олоход нь хэн нэгний хажууд алхах хүсэлтэй байдгаа илэрхийлэхийг хүсдэг.

Тэнгэрлэг Эцэгийн хамгийн агуу тусламжийн багцыг “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн”8 хэмээх судрын үгсэд дүрслэн бичжээ.

Есүс Христ хийх ёстой зүйлийг маань бидэнд заахын тулд даган дуурайвал зохих төгс жишээг өгч, замыг заадаг. Тэрээр мутраа дэлгэн, ирээд Намайг дага хэмээн гуйдаг.9 Бид бүгд л бүтэлгүйтдэг. Биднийг бүтэлгүйтэх үед Тэрээр “Учрыг болгоогтун, хэрэв тэд наманчлах аваас, тэд зовохгүй байж болохын тулд Бурхан, бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ”10 хэмээн сануулдаг.

Ямар гайхамшигтай бэлэг вэ! Наманчлал бол шийтгэл биш, харин онцгой эрх юм. Энэ онцгой эрх биднийг удирдан, залдаг. Судрууд дээр наманчлалаас өөр юуг ч зааж болохгүй гэж тунхагладаг нь гайхах зүйл биш.11

Тэнгэрлэг Эцэгт олон арга хэрэгсэл байдаг ч Тэр хэн нэгнийг Өөртөө туслуулахад ашигладаг. Тэрээр өдөр бүр биднийг тусламж хэрэгтэй байгаа нэгнээ удирдах, хөтлөх, хажууд нь хамт алхах боломжоор хангаж байдаг юм. Бид Аврагчийн жишээг дагах ёстой. Бид бас Тэнгэрлэг Эцэгийн ажилд оролцох ёстой.

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бид өсвөр үеийнхэн маань өөрсдийг нь Тэнгэрлэг Эцэгийн өмнөөс удирдан залж, хамт алхдаг эцэг эх, удирдагчид байгаа учраас адислагдсан байдаг гэдгийг мэднэ. Биднийг Тэнгэрлэг Эцэгийн багц тусламжийн нэгээхэн хэсэг болоход туслах гурван зарчим12 байдаг. Үүнд:

Нэгдүгээрт, өсвөр үеийнхэнтэй хамт бай. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бидний хийж чадах хамгийн чухал зарим зүйл байдаг. Сургаалын дагуу амьдрах үлгэр жишээ нь үгийг ашиглан сургаалыг заахаас илүү хүчтэй нөлөө үзүүлдэг”13 хэмээн онцлон хэлсэн. Өсвөр үеийнхнийг удирдахад тэдэнтэй хамт байх шаардлагатай. Цаг заваа зориулах нь үг, үлгэр жишээгээрээ заах боломж олгодог хайрын илрэл юм.

Хоёрдугаарт, өсвөр үеийнхнийг жинхэнэ ёсоор удирдахын тулд бид тэднийг тэнгэртэй холбох ёстой. Хүн ганцаараа зогсох шаардлагатай үе үргэлж ирдэг. Зөвхөн Тэнгэрлэг Эцэг бүхий л цаг үед, бүх газарт удирдахаар байж чадна. Манай өсвөр үеийнхэн Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг хэрхэн эрэлхийлэхээ мэддэг байх ёстой.

Гуравдугаарт, бид өсвөр үеийнхэнд удирдах боломж олгох ёстой. Мөлхөө хүүхдээ алхдаг болоход нь дэмжихээр гараас нь атгадаг үр хүүхдэдээ хайртай эцэг эхийн нэгэн адил бид өсвөр үеийнхнийг өсөж хөгжихөд нь туслахын тулд чөлөөтэй байлгах хэрэгтэй. Өсвөр үеийнхэнд удирдах боломж олгохын тулд тэвчээр, хайр шаардагдана. Үүнийг хийхэд өөрсдөө хийснээс ч илүү хэцүү байдаг бөгөөд илүү их цаг хугацаа ордог. Тэд замдаа бүдэрч магадгүй ч бид хажууд нь алхах болно.

Ах, эгч нар аа, удирдамжийн адислал алс тэртээд эсвэл огт байхгүй мэт санагдах үе амьдралд маань байх болно. Сэтгэлийн зовиуртай ийм үед зориулан ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Гэрээнүүдээ эрхэмлэн, дуулгавартай дага. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй. Хэрэгцээний тань дагуу Бурхан хариулах болно. Тэр та нарыг ажиллахад тань, бас суралцахад тань дэмжин тулах болно. Тэр “Өөрийнхөө цагт” урагш гараа сунган, “Би энд байна” хэмээн хэлэх болно”14 гэж амласан.

Ийм үе надад тохиолдоход хүнд хэцүү нөхцөл байдлаас гарах шийдлийг олох гэж би байнгын чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн зөвлөгөөг жил гаруй эрэлхийлсэн юм. Би Тэнгэрлэг Эцэгийг чин сэтгэлийн бүх залбиралд хариулдаг гэдгийг оюун ухаандаа мэдэж байсан. Гэхдээ л би ариун сүмд “Тэнгэрлэг Эцэг минь, Та үнэхээр анхаарч байгаа гэж үү?” гэсэн асуулттай очихуйц цөхөрсөн байдалд орж байв.

Намайг Ютагийн Логан ариун сүмийн хүлээлгийн өрөөний ард сууж байтал ариун сүмийн ерөнхийлөгч, миний дотны найз Ваан Ж.Фийтэрстөүн өрөөнд орж ирж, гайхлыг минь төрүүлж билээ. Тэрээр цугларагсдын өмнө зогсоод, бидэнтэй мэндчилэв. Тэрээр намайг ариун сүмийн ажилтнуудын дунд байхыг анзаараад, ярихаа больж, нүд рүү минь харан, “Браф ах аа, өнөөдөр таныг ариун сүмд байгааг харахад сайхан байна” гэж хэлж билээ.

Би тэр энгийн мөчид мэдэрсэн мэдрэмжээ хэзээ ч мартахгүй. Тэр мөчид Тэнгэрлэг Эцэг мутраа урагш дэлгээд, “Би энд байна” хэмээн хэлэх мэт болсон юм.

Тэнгэрлэг Эцэг үнэхээр хүүхэд бүрийн залбирлыг анхааран сонсож, хариулдаг.15 Би Түүний хүүхдүүдийн нэгний хувьд, залбирлын минь хариу Бурханы цагт ирсэн гэдгийг мэднэ. Энэ туршлагаар, бид бол Бурханы хүүхдүүд бөгөөд одоо Түүний оршихуйг мэдэрч, Түүнтэй нэгэн өдөр хамт амьдрахаар буцаж болохын тулд Тэрээр биднийг энд илгээсэн гэдгийг хэзээ хэзээнээс илүү ойлгосон.

Би Тэнгэрлэг Эцэг биднийг удирдаж, хөтлөн, зааж, бидний дэргэд хамт алхдаг гэдгийг гэрчилж байна. Бид Түүний Хүүг даган, Түүний үйлчлэгч, төлөөлөгч, бошиглогчдын үгсийг анхааралтай сонсох аваас мөнх амьдралд очих замаа олох болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.