2010–2019
Замыг бэлтгэ
2017 оны 4-р сар


Замыг бэлтгэ

Хэдийгээр Аароны болон Мелкизедек санваар нь өөр өөр зорилго, эрх мэдэлтэй ч авралын ажилд салшгүй хамтдаа байдаг.

Би гучин настай байхдаа Францын жижиглэнгийн худалдааны нэгэн группд ажиллаж эхэлсэн юм. Нэг өдөр өөр шашин шүтлэгтэй, компанийн ерөнхийлөгч маань намайг ажлынхаа өрөөнд дуудав. Түүний асуулт намайг гайхшируулж билээ. Тэр: “Чамайг сүмийнхээ прист гэж сонслоо. Энэ үнэн үү?” гэв.

Би ч: “Тийм ээ, үнэн. Би санваартан” гэж хариулсан юм.

Тэр миний хариултад гайхан: “Гэхдээ чи шашин судлалын семинарын ангид сурч байсан уу?” гэхэд нь

би “Тэгэлгүй яахав. Би 14-18 хүртлээ бараг өдөр бүр семинарын хичээлд суудаг байсан” гэж хариулав. Ингэж хариулахад тэр сандлаасаа арай л уначихаагүй.

Түүнийг хэдэн долоо хоногийн дараа намайг ажлынхаа өрөөнд дахин дуудаад, охин компаниудынхаа нэгэнд удирдах менежерийн ажлын байрыг санал болгоход би ихэд гайхав. Би балмагдан, ийм чухал ажлыг хийхэд арай л залуу бас туршлагагүйдээ санаа зовж байгаагаа хэллээ. Тэр сайхан гэгч инээмсэглэн, “Тэр үнэний ортой ч, хамаагүй ээ. Би чамайг ямар зарчим баримталдгийг мөн сүмдээ юу сурсныг чинь мэднэ. Чи надад хэрэгтэй” гэв.

Сүмдээ сурсан зүйлийн талаарх түүний ярьсан зүйл зөв байсан юм. Үүний дараах он жилүүд хэцүү байсан бөгөөд үнэндээ бага залуугаасаа Сүмд үйлчилснээр олж авсан туршлага маань надад байгаагүйсэн бол би амжилтад хүрч чадах байсан эсэхтээ эргэлздэг.

Би жижигхэн салбарт өсөж хүмүүжих боломжоор адислагдсан. Манай гишүүдийн тоо цөөн байсан учраас өсвөр үеийнхнийг салбарын бүхий л ажилд идэвхтэй оролцуулдаг байв. Би их завгүй байж, бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэх дуртай байдаг байлаа. Би ням гарагт ариун ёслолд бэлтгэн, санваарын чуулгадаа үйлчилж, өөр янз бүрийн дуудлага хийдэг байсан. Ихэвчлэн долоо хоногийн дундуур би аавыгаа болон бусад насанд хүрсэн санваартанг дагаж, гишүүдийнд гэрийн багш хийж, өвдөж зовсон хүмүүсийг тайтгаруулан, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг байлаа. Хэн ч намайг үйлчлэхэд, тэр бүү хэл удирдахад бага байна гэж боддоггүй байсан. Энэ нь миний хувьд ердийн, байдаг л зүйл юм шиг санагддаг байв.

Өсвөр насандаа үзүүлсэн үйлчлэл маань надад гэрчлэлтэй болж, амьдралаа сайн мэдээтэй холбоход тусалсан юм. Би бусдын амьдралыг адислахад санваараа ашигладаг, сайхан, нинжин сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлсэн байсан. Мөн би тэдэнтэй адил болохыг хүсдэг байлаа. Тухайн үед би мэдээгүй ч тэдэнтэй үйлчилж байхдаа Сүмийн болон дэлхийн хувьд удирдагч байхыг сурсан юм.

Өнөө оройн цуглаанд Аароны санваартан олон залуу энд хүрэлцэн ирж, зарим нь үүнийг үзэж бас сонсож суугаа. Энд суугаа та нарын ихэнх нь магадгүй өөрийнхөө аав, өвөө, ахын хажууд эсвэл санваарын удирдагчид болох насанд хүрсэн Мелкизедек санваартнуудын хажууд суусан байгааг би харж байна. Тэд та нарт хайртай бөгөөд энэ үдэш та нартай байхын тулд л энд хүрэлцэн ирсэн.

Үе үеийнхэнд зориулсан энэ цуглаан нь Бурханы хоёр санваарын хоорондох эв нэгдэл, ах дүүгийн холбооны гайхамшигт алсын харааг харуулдаг. Хэдийгээр Аароны болон Мелкизедек санваар нь өөр өөр зорилго, эрх мэдэлтэй ч авралын ажилд салшгүй хамтдаа байдаг. Эдгээр нь мөр зэрэгцэн хамт байдаг бөгөөд бие биендээ маш их хэрэгтэй.

Хоёр санваарын хоорондох ойр дотно харилцааны төгс загварыг Есүс, Иохан Баптист хоёрын харилцаанаас олж харж болно. Хүмүүс Иохан Баптистыг Есүсгүйгээр төсөөлж чадах болов уу? Иоханы бэлтгэл ажилгүйгээр Аврагчийн номлол ямар байх байсан бол?

Иохан Баптист “Их Эзэний замыг бэлтгэх,”1 Түүнд усан баптисм хүртээх, Түүнийг хүлээж авахад хүмүүсийг бэлтгэх гэх зэрэг урьд хожид хэзээ ч өгөгдөж байгаагүй нэр төртэй үүрэг хүлээн авсан юм. Бага санваарт томилогдсон энэ “зөвт шударга, ариун хүн,”2 үүрэгт ажил, эрх мэдлийнхээ хүрээг мөн тэдгээр нь ямар чухал болохыг аль алиныг нь сайн мэдэж байсан.

Хүмүүс бөөнөөрөө цугларч, Иоханыг сонсож, түүгээр баптисм хүртээлгэж байв. Тэд түүнийг Бурханаас дуудагдсан эрх мэдлийнх нь хувьд хүндлэн биширдэг байсан. Гэхдээ Есүсийг гарч ирэхэд Иохан өөрөөсөө агуу Нэгэнд зай тавьж өгөн, “… Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь та нарын үл таних Нэгэн зогсож байна. Миний араас Ирэгч нь Тэр бөгөөд Түүний шаахайн сурыг ч тайлах нь надад зохисгүй”3 гэж тунхагласан юм.

Харин Эцэгийн Төрсөн Ганц, Христ болох Есүс Иоханаас илүү дээд санваартай байсан ч Иоханы эрх мэдлийг даруухнаар хүлээн зөвшөөрсөн. Түүний талаар Аврагч: “Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй”4 хэмээн хэлсэн билээ.

Хэрэв хоёр санваар атгагчдын харилцаа Есүс болон Иохан Баптист хоёрын тогтоосон загварын дагуу байсан бол манай санваарын чуулгуудад юу болох байсныг төсөөлөөд үз дээ. Аароны санваарын залуу ах нар аа, та бүхний үүрэг бол Иоханыхтай адил Мелкизедек санваарын агуу үйл хэрэгт зориулан “замыг бэлтгэх”5 явдал болно. Энэ ажлыг та нар олон арга замаар хийж байгаа. Та нар баптисм болон ариун ёслолыг гүйцэтгэдэг. Мөн “сайн мэдээг номлож, “гишүүн бүрийн гэрээр айлчлан,”6 “сүмийг ямагт харж ханда[н],7 хүмүүсийг Их Эзэнд бэлдэхэд тусалдаг. Та нар бас мацгийн өргөл цуглуулан, ядуус болон тусламж хэрэгтэй хүмүүст тусламж үзүүлж, Сүмийн цуглааны байр болон бусад эд хөрөнгийг арчилж хамгаалахад оролцдог. Таны гүйцэтгэдэг үүрэг чухал, шаардлагатай бөгөөд ариун нандин юм.

Насанд хүрсэн ах нар аа, та нар эцэг, бишоп, Залуу эрэгтэйчүүдийн зөвлөх эсвэл энгийн Мелкизедек санваартан аль нь байхаас үл хамааран доод санваартан ах нартаа хандаж, тэднийг хамтарч ажиллахад урих замаар Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна. Үнэндээ, энэ урилга Их Эзэнээс Өөрөөс нь ирж байгаа хэрэг. Тэрээр: “Тиймийн тул, доод санваарт томилогддог тэднийг өөрсөдтэйгөө хамт авч яв, мөн тэднийг өөрсдийнхөө өмнө уулзалтыг товлуулахаар мөн замыг бэлтгэхээр, мөн та нар өөрсдөө хийх боломжгүй товлогдсон уулзалтуудыг хийлгүүлэхээр илгээгтүн”8 хэмээн хэлсэн.

Та залуу ах нарыг “замыг бэлтгэхэд” урьж байгаа нь тэдэнд атгаж буй ариун эрх мэдлээ таньж мэдэн, хүндлэхэд нь тусалж байгаа хэрэг юм. Ингэснээр та тэдэнд дээд санваарыг хүлээн авч, ашиглах тэр өдөрт бэлтгэхдээ өөрсдийн арга замаар бэлтгэхэд нь тусалж байгаа хэрэг юм.

Би та бүхэнтэй дуу цөөтэй, ухаалаг, сэргэлэн залуу прист Алексийн тухай түүхийг хуваалцах гэсэн юм. Нэг ням гараг бишоп нь Алексийг ангидаа ихэд гунигтай ганцаараа сууж байхыг олж харжээ. Залуу эрэгтэй аав нь Сүмийн гишүүн биш тул түүнгүйгээр сүмд ирэх ямар хэцүү болохыг тайлбарлав. Дараа нь тэр Сүмийг орхих нь зүйтэй байх гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн хэлсэн юм.

Бишоп тэр хүүд санаа зовж, тэр даруй тойргийн зөвлөлөө Алекст туслуулахаар болгов. Тэр Алексийг идэвхтэй байлгаж, сайн мэдээний талаар чин сэтгэлийн гэрчлэлтэй болоход нь туслан, “сайн хүмүүсээр хүрээлүүлж, чухал ажил хийлгэх” нэгэн энгийн төлөвлөгөө гаргажээ.

Санваартан ах нар, тойргийн бүх гишүүн Алексийг маш хурдан хүрээлэн авч түүнд хайртай гэдгээ илэрхийлж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Итгэл даасан, хайраар дүүрэн дээд пристүүдийн бүлгийн удирдагчийг түүний гэрийн багшийн хамтрагч болгов. Бишопын зөвлөлийн гишүүд түүнийг анхааралдаа авч, дотны нөхрөө болгожээ.

Бишоп “Бид Алексийг завгүй байлгасан. Тэр хурим болон оршуулгуудад үйлчилж, надад булш онцгойлон адислахад тусалж, хэд хэдэн шинэ гишүүнд баптисм хүртээж, залуу эрэгтэйчүүдийг Аароны санваарт томилж, өсвөр үеийнхэнд хичээл заан мөн номлогчидтой хамт хичээл зааж, чуулган болоход байрны хаалгыг нээж, чуулганы дараа байрыг цоожилдог байсан. Тэр бас төслийн үйлчлэлд оролцож, надтай хамт асрах газарт байдаг өндөр настай гишүүдийг эргэж очин, ариун ёслолын цуглаанд үг хэлж, эмнэлэгт болон гэртээ байгаа өвчтөнүүдэд ариун ёслол түгээдэг байсан ба бишопынхоо хувьд бүрэн найдаж болох хуруу дарам цөөн хүний нэг болсон билээ.

Зураг
Алекс бишоптойгоо хамт

Алекс бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Түүний Их Эзэнд итгэх итгэл өсөн нэмэгдэж, өөртөө болон атгаж буй санваарынхаа хүчинд итгэдэг болов. Бишоп төгсгөлд нь “Алекс бишоп байх үеийн маань хамгийн том адислал байсан бөгөөд байсаар ч байх болно. Түүнтэй хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг байсан. Санваарын үйлчлэлээрээ дамжуулан номлолын талбарт түүнээс илүү сайн бэлтгэгдэн гарсан ямар ч залуу байхгүй гэдэгт би чин сэтгэлээсээ итгэдэг”9 хэмээн хэлсэн юм.

Хүндэт бишопууд аа, таныг тойргийн бишопоор томилогдон, онцгойлон адислагдах үед Аароны санваарын болон пристийн чуулгын ерөнхийлөгчөөр үйлчлэх ариун нандин дуудлагыг хамтад нь өгсөн. Та нарыг хүнд ачаа үүрч явааг би мэдэж байгаа ч та бүхэн энэ залуу эрэгтэйчүүдийн өмнө хүлээсэн үүргээ нэн тэргүүнд тавих ёстой. Та нар энэ үүргээ умартан эсвэл энэ үүрэг хариуцлагыг бусдад даалган өгч болохгүй.

Би та бүхнийг тойргийнхоо Аароны санваартай залуу эрэгтэй бүрийн талаар бодож үзэхийг урьж байна. Тэдний хэн нь ч орхигдож, өөрсдийгөө хэрэггүй гэж бодох ёсгүй. Танайд таны болон бусад санваартны тусламж дэмжлэг хэрэгтэй залуу эрэгтэй байна уу? Түүнийг өөрсөдтэйгөө мөр зэрэгцэн үйлчлэхэд урь. Залуу эрэгтэйчүүд санваараа эрхэмлэн дээдэлснээр итгэл, сайн мэдээг хайрлах хайр нь өсөн нэмэгдэх боломжтой байхад бид ихэвчлэн тэднийг зугаацуулж, тэдэнд үзэгчийн үүрэг хүлээлгэх гэдэг. Тэд авралын ажилд идэвхтэй оролцсоноор тэнгэртэй холбогдож, бурханлаг чадавхаа мэдрэх болно.

Аароны санваар нь насны хязгаарлалттай бүлэг юм уу заах, үйл ажиллагаа явуулах хөтөлбөр эсвэл бүр Сүмийн залуу эрэгтэйчүүдийг тодорхойлох нэр томьёо төдий зүйл биш юм. Энэ нь санваарыг атгадаг залуу эрэгтэйчүүд, тэдний үйлчилдэг хүмүүсийн аль алиных нь бодгалийг аврах агуу ажилд оролцох хүч чадал хийгээд эрх мэдэл болно. Бүгдээрээ Аароны санваарыг байвал зохих байранд нь буюу Сүмийн бүх залуу эрэгтэйн үйлчлэх, бэлтгэгдэх, хийж бүтээх тэр газар нь байрлуулъя.

Мелкизедек санваартан хайрт ах нар аа, би та бүхнийг Бурханы хоёр санваарыг нэгтгэгч амин чухал холбоосыг бэхжүүлэхэд урьж байна. Аароны санваартан өсвөр үеийнхэндээ та нарын өмнөх замыг бэлтгэх эрх мэдлийг өг. Тэдэнд “Надад чи хэрэгтэй байна” гэж итгэлтэй хэл. Харин Аароны санваартан залуу эрэгтэйчүүд та нарт хандан хэлэхэд, ах нартайгаа үйлчилж байхдаа Их Эзэний: “Адислагдсан болой чи, учир нь чи агуу зүйлүүдийг хийх болно. Болгоогтун чи миний өмнө, мөн ирэх ёстой тэрхүү Елиагийн өмнө замыг бэлтгэх бүр Иоханы адилаар урагш илгээгдсэн бөлгөө”10 гэх дуу хоолойг сонсоосой хэмээн би залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.