2010–2019
Дэлхийг ялах нь
2017 оны 4-р сар


Дэлхийг ялах нь

Дэлхийг ялах гэдэг нь насан туршийн амьдралд тохиох ганцхан мөч биш, харин мөнх амьдралыг тодорхойлдог мөчүүдээс бүрдсэн насан туршийн амьдрал юм.

Олон жилийн өмнө ерөнхийлөгч Дэвид О.Маккэй Самоа руу завиар аялж байхдаа тохиолдсон нэгэн сайхан явдлын талаар ярьж билээ. Тэр хэсэг зуур дугхийгээд, “ямар нэгэн цаглашгүй гайхамшигт үзэгдэл үзэв. Алсад нэгэн үзэсгэлэнтэй цагаан хот байхыг би харав. … Модод нь амтат жимстэй … цэцэгс нь өнгө алаглан, гоёмсог байдлаар хаа сайгүй дэлбээлсэн байв. Хот руу тоогүй олон хүн дөхөж [байв]. Бүх хүн сул унжсан цагаан өмсгөл өмсчээ. … Тэр даруй миний анхаарал … удирдагчид нь төвлөрч, хэдий би түүний барааг л харж чадаж байсан ч … , түүнийг Аврагч минь байна гэж дорхноо танив! Түүний гэрэлтсэн царай алдар суут [байлаа]. Түүнийг тойрсон [тэрхүү] амар амгалан … тэнгэрлэг байв!” хэмээн ярьжээ.

Ерөнхийлөгч Маккэй үргэлжлүүлэн, “Тэр хот бол … түүний … Мөнхийн хот байсан; мөн түүнийг дагаж байсан хүмүүс нь тэнд амар амгалан, мөнхийн аз жаргалд орших хувьтай байлаа” хэмээн хэлсэн юм.

Ерөнхийлөгч Маккэй “[Тэд хэн бэ? Эдгээр нь ямар хүмүүс байна вэ?]” гэдгийг мэдэх хүсэлтэй байв.

Дараа нь юу тохиолдсоныг тэрээр

“Аврагч миний бодлыг уншаад, … [хүмүүсийн] дээгүүр үзэгдэх … хагас дугуй хэлбэрээр … алтан шараар бичигдсэн [үгс] рүү заагаад,

‘Эдгээр нь дэлхийг ялсан тэд юм.

Үнэхээр дахин төрсөн тэд юм!’ хэмээн хариулсан” 1 гэж тайлбарлажээ.

Олон жилийн туршид би “Эдгээр нь дэлхийг ялсан тэд юм” гэсэн үгсийг санаж ирсэн.

Дэлхийг ялсан хүмүүст амласан Их Эзэний адислал гайхамшигтай. Тэд “цагаан өмсгөл өмсөж … амийн номонд [бичигдэх] болно.” Их Эзэн “Эцэгийнхээ болон Түүний элч нарын өмнө [тэдний нэрийг] хүлээн зөвшөөрнө.” 2 Хүн бүр “анхны амилуулалтад хувьтай” 3 байх бөгөөд мөнх амьдралыг хүлээн авч, 4 Бурханы оршихуйгаас “цаашид тэндээс гарахгүй” 5 байх болно.

Дэлхийг ялж, эдгээр адислалыг хүлээн авах боломжтой юу? Тийм ээ. Боломжтой.

Аврагчийг хайрлах хайр

Дэлхийг ялсан хүмүүс Их Эзэн, Аврагч Есүс Христийг маань хайрлах хайраа хөгжүүлдэг.

Түүний тэнгэрлэг төрөлт, төгс амьдрал, Гетсемани болон Голгота дахь хязгааргүй Цагаатгал бидний хүн нэг бүрд амилуулалтыг баталгаатай болгосон. Тэр л ганцаараа биднийг чин сэтгэлээсээ наманчилсан үед Бурханы оршихуйд буцаж очихыг зөвшөөрч, гэм нүглээс маань цэвэршүүлж чадна. “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм.” 6

Есүс “Зоригтой байгтун, Би ертөнцийг ялсан”7 хэмээн айлдсан.

Дараа нь Тэрээр “Дэлхийг та нар дийлэх ёстой хэмээн би хүсдэг”8 гэж нэмж хэлжээ.

Дэлхийг ялах гэдэг нь насан туршийн амьдралд тохиох ганцхан мөч биш, харин мөнх амьдралыг тодорхойлдог мөчүүдээс бүрдсэн насан туршийн амьдрал юм.

Энэ нь хүүхэд залбирч суран, “Би Есүс шиг байхыг хичээнэ”9 хэмээн бишрэл хүндэтгэлтэй дуулах үед эхэлж болно. Энэ нь хүн Шинэ Гэрээнээс Аврагчийн амьдралыг судалж, Мормоны Номоос Аврагчийн Цагаатгалын хүчийг тунгаан бодох үед үргэлжилдэг.

Залбирах, наманчлах, Аврагчийг дагах, Түүний ач ивээлийг хүлээн авах зэрэг нь бидний яагаад энд байгаа, хэн болох ёстой зэргийг илүү сайн ойлгоход хүргэнэ.

Алма үүнийг “Тэдний зүрх сэтгэлд ч хүчит өөрчлөлт бий болгогдож, мөн тэд өөрсдийгөө даруусган мөн үнэн болоод амьд Бурханд найдлагаа {тавьж] … эцсийг хүртэл итгэлтэй [хэвээр үлдсэн]”10 хэмээн дүрслэн хэлжээ.

Дэлхийг ялсан хүмүүс Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө үүрэг хүлээнэ гэдгээ мэддэг. Чин сэтгэлээсээ өөрчлөгдөх, гэм нүглээ наманчлах зэрэг нь чөдөр тушаа байхаа больж, харин “… нүглүүд нь час улаан мэт боловч цас шиг цагаан [болох]” 11 чөлөөлөлт болдог.

Бурханы өмнө хүлээсэн үүрэг

Эцэг эхийнхээ эзгүйд гэртээ үдэшлэг зохион дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, эцэг эх нь маргааш ирэхэд гарах үр дагаврыг бодохоос татгалздаг хүүхэд шиг дэлхийнхэнд Бурханы өмнө үүрэг хүлээсэн гэдгээ харах хэцүү байдаг. 

Дэлхийнхэн эгэл хүнийг захирахаас илүүтэй түүний хүслийг биелүүлэх сонирхолтой байдаг.

Дэлхийг ялах гэдэг нь дэлхийг хамарсан довтолгоо биш, харин хувийн чанартай, хүн бүр өөрийн дотоод дахь дайсантай хийх гардан тулаан юм.

Дэлхийг ялах гэдэг нь “Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла”12 гэсэн Бурханы хамгийн агуу зарлигийг улам бүр эрхэмлэнэ гэсэн үг юм.

Христийн шашинтан зохиолч К.С.Льюис үүнийг “‘Надад бүхнээ өг. Би чамаас цаг зав, мөнгө, үйлчлэл тэгтлээ шаардахгүй. Надад чи л хэрэгтэй’ гэж Христ айлдсан”13 хэмээн дүрслэн хэлсэн.

Дэлхийг ялах гэдэг нь баптисмын болон ариун сүмийн гэрээ, мөнхийн ханьдаа үнэнч байх тангараг зэрэг Бурханд амласан амлалтандаа хүрнэ гэсэн үг. Дэлхийг ялах нь өршөөл гуйн, “Түүний Сүнсийг [өөрсөдтэйгөө] үргэлж хамт байлгаж болохын тулд” “Түүнийг дурсан санаж, зарлигуудыг нь дагах”14 амлалт өгөөд, долоо хоног бүр ариун ёслолын ширээ рүү даруухнаар очиход биднийг хөтөлдөг.

Бидний Хүндэтгэлийн өдрийг хайрлах хайр цуглааны байрны хаалгыг хааж орхисноор төгсдөггүй, харин амрах, суралцах, залбирах, бидний анхаарал халамж хэрэгтэй байгаа гэр бүл, бусад хүнд хүрч очиж туслах үзэсгэлэнтэй нэгэн өдрийн нээлт болдог. Сүмийн цуглаан дууслаа гээд тайвшран, урт амьсгаа авч, хөлбөмбөгийн тэмцээн эхлэхээс өмнө телевизороо асаах гэж ухаан мэдрэлээ алдан гүйхийн оронд бидний бодол Аврагч дээр, Түүний ариун өдөрт төвлөрөх хэрэгтэй.

Дэлхийнхнийг сэтгэл татам, толгой эргүүлэм дуу хоолой байнга уруу татаж байдаг.15

Дэлхийг ялах гэдэг нь сэрэмжлүүлж, тайвшруулан, гэгээрүүлж, “ертөнцийн өгдгөөс өөр”16 амар амгаланг авчирдаг нэгэн дуу хоолойд итгэнэ гэсэн үг юм.

Амин хувиа үл хичээх нь

Дэлхийг ялах гэдэг нь хоёр дахь тушаалыг санаад, өөрсдийгөө умартан, бусдын төлөө явах гэсэн утгатай.17 “Та нарын дундах хамгийн агуу нь зарц болог.”18 Эхнэр, нөхрийн маань аз жаргал бидний өөрсдийн зугаа цэнгэлээс илүү чухал. Хүүхдүүддээ Бурханыг хайрлаж, зарлигуудыг нь дагах хүсэлтэй болоход туслах нь нэн тэргүүнд тавих зүйл юм. Бид аравны нэг болон мацгийн өргөл өгөх, тусламж хэрэгтэй хүмүүст хэрэгтэй зүйлээр нь туслах зэргээр материаллаг адислалаа өөрсдийн хүслээр хуваалцдаг. Биднийг сүнслэг антеннаа тэнгэр өөд харуулах үед Их Эзэн биднийг тусалж чадах хүмүүс рүү маань чиглүүлдэг.

Дэлхийнхэн зөвхөн өөрсдийгөө бодож, “Намайг хөрштэй минь харьцуулаад хар даа! Надад юу байгааг хар! Намайг ямар чухал хүн бэ гэдгийг хар!” хэмээн бахархалтай нь аргагүй тунхаглаж байдаг.

Дэлхийнхэн амархан цухалдаж, сонирхол нь буурч, бусдаас юм нэхэж мөн олны шүтэн биширдэг нэгэн болоход дурладаг бол дэлхийг ялах нь даруу байдал, энэрэнгүй сэтгэл, тэвчээр, өөрөөсөө өөр хүмүүст өрөвч байдлаар хандах хандлагыг авчирдаг.

Бошиглогчдын үгсээс аюулгүй байдлыг олох нь

Дэлхийг ялах гэдэг нь бидний зарим итгэл үнэмшил үргэлж дэлхийнхний доог тохуу болно гэсэн үг. Аврагч

“Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн.

Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан”19 хэмээн айлджээ.

Өнөө өглөө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг” гэж хэлсэн.20

Христийн шавь итгэлийнх нь талаарх пост 1000 лайк эсвэл ядаж цөөн хэдэн нөхөрсөг эможи авсангүй гэж түгшдэггүй.

Дэлхийг ялах нь бид онлайн холбоогоо ямархуу байгаад бага санаа зовж, Бурхантай холбогдох тэнгэрлэг холбоондоо илүү санаа тавьдаг байна гэсэн үг.

Их Эзэн биднийг Түүний амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг анхааран сонсохын хэрээр аюулгүй байдлаар хангаж байдаг.

Зураг
Ерөнхийлөгч Монсон үг хэлж байгаа нь

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Дэлхий … амьдрахад бэрх газар байж болно. [Бид ариун сүмд очихдоо] … тохиолдсон хүнд сорилт болон уруу таталт бүрийг даван туулах хүч чадалтай байх болно. … Бид шинэчлэгдэн, хүчирхэгжих болно”21 хэмээн хэлсэн.

Уруу таталт, сатаарал, гажуудал ихсэж байгаа энэ үед дэлхийнхэн өмнөх сүнслэг туршлага нь тэнэг мэхлэлт байсан хэмээн итгэлтэй хүмүүсийг хуурах оролдлого хийдэг.

Дэлхийг ялах гэдэг нь сэтгэлээр унасан үедээ ч Аврагчийн хайр, гэрлийг мэдэрсэн үеэ санана гэсэн үг. Ийм нэгэн туршлагынхаа талаар ахлагч Нийл А.Максвэлл “Би адислагдаж байсан. Мөн Бурхан адислагдсан гэдгээ мэддэгийг минь мэдэж байсан гэдгийг би мэдсэн”22 хэмээн тайлбарлажээ. Хэдийгээр бидэнд хэсэг хугацаанд мартагдсан мэт санагдаж болох ч бид мартдаггүй.

Дэлхийг ялах гэдэг нь мөнх бус амьдралын шударга бус байдал болоод хүнд хэцүүгээс хамгаалуулж, тусгаарлагдсан амьдралаар амьдарна гэсэн үг биш юм. Харин энэ нь итгэлийн илүү уужим үзэл бодлын үүдийг нээж өгдөг бөгөөд Аврагчид болон Түүний амлалтад илүү ойртуулдаг.

Энэ амьдралд төгс төгөлдөр байдал гүйцэлдэхгүй ч дэлхийг ялснаар нэг л өдөр бид “[Гэтэлгэгчийнхээ] өмнө зогсох болно, тэгээд түүний царайг тааламжтайгаар харж,”23 “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай” 24 хэмээн хэлэх Түүний дуу хоолойг сонсоно.

Ахлагч Брүс Д. Портэрын үлгэр жишээ

Өнгөрсөн жилийн 12-р сарын 28-нд бидний эрхэм анд, хайрт ерөнхий эрх мэдэлтэн, ахлагч Брүс Д.Портэр энэ мөнх бус аянаа дуусгасан. Тэрээр 64 насыг насалсан.

Би анх Брүстэй Бригам Янгийн Их Сургуулийн оюутан байхдаа танилцсан юм. Тэрээр хамгийн шилдэг бөгөөд ухаантай оюутнуудын нэг байсан. Харвардын Их Сургуульд Оросын улс төр, түүх судлалаар докторын зэрэг хамгаалсны дараа Брүсийн сэтгэлгээ, зохиол бүтээл нь түүнийг замаас нь гажуудуулж болох алдар хүндийг авчирсан ч дэлхийн эд баялаг, алдар нэр түүний үзэл бодлыг хэзээ ч манантуулаагүй юм.25 Тэрээр өөрийн Аврагч Есүс Христ, мөнхийн хань Сюзан, хүүхдүүд, ач зээ нартаа үнэнч байсан.

Зураг
Залуу ахлагч Портэр гэр бүлтэйгээ хамт

Брүс бөөрний эмгэгтэй төрсөн юм. Тэрээр мэс засалд орсон ч бөөр нь муудсаар байлаа.

1995 онд Брүсийг ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсаны дараахан бид гэр бүлийн хамт Германы Франкфуртад үйлчилсэн. Түүний ажил Оросод мөн Зүүн Европт төвлөрч байв.

1997 онд ахлагч Портэрын бөөрний үйл ажиллагаа, эрүүл мэнд нь муудаж эхлэхэд амьдрал нь эрс өөрчлөгджээ. Портэрынхон Солт Лэйк рүү буцаж ирэв.

Брүс Далд үйлчилж байсан 22 жилийн хугацаандаа олон удаа эмнэлэгт хэвтэж, 10 удаа хагалгаанд орсон. Эмч нар Сюзанд шөнийг давж чадахгүй гэж хоёр ч удаа хэлж байсан ч тэр амьдарсан.

Брүс ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилсэн 12 гаруй жилийн туршид цусаа цэвэршүүлэхээр диалезийн аппаратад ордог байжээ. Тэр диалезын аппаратад ихэвчлэн долоо хоногийн таван орой дөрвөн цагаар орж байсан бөгөөд өдөртөө дуудлагадаа үйлчилж, амралтын өдрөөр чуулганд үг хэлэх даалгавраа хүлээн авдаг байсан. Брүс хэд хэдэн удаа санваарын адислал хүлээн авсны дараа эрүүл мэнд нь сайжраагүйд барьц алдаж байсан ч хэнд итгэдгээ мэддэг байсан юм. 26

2010 онд Брүст хүү Дэвидийнх нь бөөрийг шилжүүлэн суулгав. Тэр үед түүний бие шинэ бөөрийг хүлээн авсан юм. Эрүүл мэнд нь эргээд сайжирч, Сюзан тэр хоёр Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр хайртай Орос орондоо буцаж очих боломжтой болсон нь гайхамшиг байлаа.

Зураг
Ахлагч Портэр, Портэр эгч хоёр Орост

Солт Лэйкийн эмнэлэгт халдвартайгаа удаан хугацаагаар тэмцсэний эцэст өнгөрсөн жилийн 12-р сарын 26-нд тэрээр эмч нарыг өрөөнөөсөө гарахыг хүсжээ. Брүс “эмч нар амь насыг минь аврах юу ч хийж чадахгүй гэдгийг би Сүнсээр дамжуулан мэдэж авсан. Би Тэнгэрлэг Эцэг намайг гэр рүүгээ аваачна гэдгийг мэдэж байна. Би маш тайван амгалан байна”27 гэж Сюзанд хэлсэн гэдэг.

12-р сарын 28-нд Брүс эмнэлгээс гарч, гэртээ ирэв. Гэр бүлийнхнээрээ хүрээлүүлсэн тэрээр хэдхэн цагийн дараа тэнгэрлэг гэртээ амар амгалан буцсан юм.

Зураг
Ахлагч Брүс Д.Портэрын хөрөг зураг

Олон жилийн өмнө Брүс Портэр дараах үгсийг хүүхдүүддээ бичиж байжээ.

“Есүс Христийн бодит байдал, хайрын талаарх миний гэрчлэл амьдралын минь луужин болсоор ирсэн. … Энэ бол Тэр амьд бөгөөд тусламж хэрэгтэй үед миний Гэтэлгэгч, миний Найз байсан гэдэг цэвэр бөгөөд дүрэлзэн шатах гэрчлэл юм.”28

“Бидний уриалга бол … [Аврагчийг] мэдэж, Түүнд итгэх итгэлээр дамжуулан энэ дэлхийн саад бэрхшээл, уруу таталтыг даван гарах явдал юм.”29

“Түүнд найдан, итгэлтэй, үнэнч байцгаая.”30

Брүс Даглас Портэр дэлхийг ялсан.

Бид бүхэн дэлхийг ялахаар хүчин чармайлт гаргахдаа бага зэрэг л илүү хичээж, багахан хальтрах, унах зэрэгт тэвчээртэй байж, ноцтой зөрчлийг хүлцэлгүй, хурдаа эрчтэй түргэсгэн, бусдад өгөөмөр хандан туслах болтугай. Та нарыг Аврагчид илүү бүрэн найдах үед энэ амьдралд агуу амар амгалан, мөнхийн хувь тавиланд тань илүү их баталгаа өгөх адислалыг би Есүс Христийн нэрээр амлаж байна, амен.