2010–2019
Дотроо бат зогсоод, хамаг бүхнээ зориул
2017 оны 4-р сар


Дотроо бат зогсоод, хамаг бүхнээ зориул

Бид шаардлагатай бол чиглэлээ дахин тооцоолж, агуу итгэл найдвар тээн, тэсэн ядан хүлээх болтугай. Мөн бид зоригтой байж, “хамаг бүхнээ” зориулснаар “дотроо бат зогсох” болтугай.

Хэдэн жилийн өмнө нэг өдөр зээ охин маань над руу гүйж ирээд, “Өвөө, өвөө, өнөөдрийн хөл бөмбөгийн тэмцээний гурван гоолыг гурвууланг би оруулсан” гэж баяр хөөртэй зарласан юм.

Би их л урамтай “Сара аа, маш сайн байна” хэмээн хариуллаа.

Тэгтэл ээж нь над руу нүдээ ирмэн, “Оноо нь хоёр нэг л байсан даа” гэв.

Би хэн хожсоныг нь ч асууж зүрхэлсэнгүй.

Ерөнхий чуулган бол тунгаан бодох, илчлэлт авах, заримдаа чиглэлээ өөрчлөх цаг билээ.

Хэзээ ч төөрөхгүй гэгдэх NeverLost нэртэй байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан автомашиныг түрээслүүлдэг нэгэн компани байдаг. Хэрэв та зорихыг хүссэн чиглэлдээ буруу эргэлт хийвэл чиглүүлэх дуу хоолой танд “Тэнэг гэдэг нь!” гэж хэлэхгүй. Харин “Чиглэлийг тохируулж байна. Боломжтой үедээ буцаж эргэнэ үү” гэж хэлнэ.

Езекиелээс бид,

“Гэвч хэрэв хорон муу хүн өөрийн үйлдсэн хамаг нүглээс эргэж, Миний бүх тогтоолыг сахин, шударга, үнэн зөвийг үйлдэх аваас тэр нь заавал амьдарна. Тэр үхэхгүй.

Түүний үйлдсэн хамаг хилэнц нь түүний эсрэг үл дурсагдана. Түүний үйлдсэн үнэн зөвөөс болж тэр амьдарна”1 гэсэн гайхамшигтай амлалтыг уншдаг.

Хэчнээн сайхан амлалт вэ. Гэхдээ гурав дахь амлалтыг хүлээн авахын тулд хоёр удаа хамаг бүхнээ зориулах шаардлагатай байдаг. Хамаг бүхнээс эргэ. Хамаг бүхнийг үргэлжлүүл. Тэгвэл хамаг зүйл өршөөгдөнө. Энд “хамаг бүхэн[ээ]” зориулахыг шаарддаг.

Бид Волл Стрийт сэтгүүлд өгүүлсэн нэг хүний адил байж болохгүй. Тэрээр “Хүндэт татварын албанд, Өнгөрсөн хугацааны татварын өрөнд өгөх ёстой мөнгийг маань хүлээн авна уу. Жич: Хэрэв энэ байдал сэтгэлийг минь зовоосон хэвээр байвал үлдсэнийг нь илгээх болно”2 хэмээн татварын албанд хандан, бэлэн мөнгө бүхий нэргүй захидал бичсэн байжээ.

Энэ бол бидний амьдралын хэв загвараас огт өөр юм! Бид юугаар аар саар аргацааж өнгөрч болохоо харах гэж хүлээгээд байдаггүй. Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг.3 Зүрх сэтгэлээ бүрэн зориулахыг шаарддаг. Бид баптисм хүртэх үедээ Аврагчид зүрх сэтгэлээ хагас дутуу зориулах биш, харин бүрэн дагахаа амлан, энэ амлалтын бэлгэдэл болгож усанд бүрэн гүйцэд умбуулагддаг. Биднийг бүрэн гүйцэд болон “хамаг бүхэн”-ээ зориулах амлалт өгөх үед Бурхан бидний сайн сайхны төлөө хүчээ үзүүлэн, тэнгэрийг сэгсэрдэг.4 Бид хүйтэн ч биш, халуун ч биш буюу хагас дутуу амлалт хүлээсэн үедээ тэнгэрийн сонгогдсон адислалуудын заримыг алддаг.5

Олон жилийн өмнө би Скаутын нэгэн бүлгийг хээрийн аялалд авч явсан юм. Хөвгүүд асаасан том түүдгийнхээ дэргэд, харин би Скаутын сайн удирдагч болгон шиг ачааны машиныхаа тэвшин дээр унтав. Маргааш өглөө нь босч суугаад, хээрийн лагериа хартал Пол гэж миний нэрлэх нэгэн скаут хүү шөнө тун тухгүй унтсан царайтай харагдлаа. Би түүнээс хэр унтсаныг нь асуухад тэрээр “тийм ч сайн биш” гэв.

Намайг түүнээс учрыг лавлатал тэрээр “түүдэг унтармагц би даарсан” гэж хэллээ.

Би түүнд “Түүдэг унтрах нь мэдээжийн хэрэг. Харин аяны хөнжил чинь даарахааргүй дулаан байсангүй юү?” гэв.

Тэрээр юу ч хариулсангүй.

Тэгтэл нэг скаут хүү “тэр аяны хөнжилдөө унтаагүй” гэж чанга гэгч хариулав.

Би “Пол оо, яагаад?” гэж итгэлгүйхэн асуув.

Эхлээд тэр юу ч хэлсэнгүй. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа “Хэрэв би аяны хөнжлөө задлахгүй бол дахиж эвхэх хэрэг гарахгүй гэж бодсон юм” гэж хэлж билээ.

Үнэн байдал юу вэ гэвэл, тэр таван минут хэмнэхийг хичээсэн учраас л хэдэн цагийн турш хөлдөх шахсан байлаа. Бид “Ямар тэнэг хэрэг вэ! Хэн ч ингэхгүй дээ?” гэж бодож болох юм. Гэхдээ бид ийм зүйлийг хавьгүй илүү аюултай байдлаар байнга хийж байдаг. Үр дүнд нь бид чин сэтгэлээсээ залбирах, судлах мөн өдөр бүр сайн мэдээний дагуу жинхэнээсээ амьдрах зэрэгт цаг зарцуулаагүй үед сүнслэг аяны хөнжлөө задлахаас татгалзсанаар түүдгийг унтраах төдийгүй өөрсдөө хамгаалалтгүй болж, сүнслэг байдлын хувьд даарах болно.

Бид гэрээнүүддээ хэнэггүй хайхрамжгүй хандвал гарах үр дагаварт нь хариуцлага хүлээдэг. Их Эзэн бидэнд “өөрсдөдөө санаа тавих, мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал тавихдаа болгоомжтой байх”6-ыг зөвлөсөн. Тэрээр цааш нь “Хэрэв тэд намайг эс сонсвоос, миний цус тэднийг цэвэршүүлэх нь үгүй болой”7 хэмээн тунхаглажээ.

Яг үнэндээ, хагас дутуу байснаас “хамаг бүхнээ” зориулах нь амархан. Бид хагас дутуу эсвэл огт оролцдоггүй бол Оддын дайны хэллэгээр “хүчний саад” гардаг. Бид Бурханы хүслийн системийн тохиргооноос гарч, үүнээс улбаалан аз жаргалын мөн чанарын системийн тохиргооноос гардаг.8 Исаиа

“Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм. Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй, ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ.

Хилэнцтэд амар амгалан байхгүй гэж миний Бурхан айлдаж байна”9 хэмээн хэлжээ.

Бидний одоо хаана байгаа, өмнө нь хаана байснаас үл хамааран, “Тиймийн тул, наманчилж мөн бяцхан хүүхдийн адил надад ирэх хэнийг боловч, би түүнийг хүлээн авах болно, учир нь Бурханы хаант улс бол ийм хүмүүсийнх юм. Болгоогтун, ийм хүмүүсийн төлөө би амиа өгч, мөн үүнийгээ буцаан авсан юм”10 хэмээн айлдсан Аврагч бидэнд нөлөөлдөг нь завшаантай хэрэг юм.

Бид үргэлжлүүлэн наманчилж, Их Эзэнд найдах үедээ амьдралынхаа туршлагаас төрсөн мэргэн ухаан дээрээ бяцхан хүүхдийнх мэт11 даруу байдал, итгэл найдварыг нэмж авах гэж буцаж эргэснээр хүч чадал олж авдаг. Иов “Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж, цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ”12 хэмээн тунхаглажээ. Тэннисон “Миний хүч чадал арван хүнийхтэй адил. Учир нь миний зүрх сэтгэл цэвэр юм”13 гэж бичсэн. Их Эзэн “Ариун газруудад зогсогтун та нар, мөн бүү шилжин нүүлгэгд”14 хэмээн зөвлөсөн.

Манай том хүү Жастин амьдралынхаа турш хүнд өвчинтэй тэмцэж байгаад, 19 настайдаа нас барсан юм. Тэр биднийг орхин явахаасаа өмнөхөн ариун ёслолын цуглаан дээр өөрт нь гүн сэтгэгдэл төрүүлсэн нэгэн эцэг, хүүгийн тухай түүхийг хуваалцсан юм. Эцэг, хүү хоёр тоглоомын дэлгүүр оржээ. Дэлгүүрт нь хүний хэлбэртэй хийлдэг бөмбөлөг байв. Хүү бөмбөлгийг цохиход, хийлдэг хүн цохилт болгоны дараа холбирч унаад, тэр даруй ойж дахин босож байв. Эцэг нь хүүгээсээ яагаад энэ хүн ойгоод, босож ирээд байгааг асуухад хүү хэсэг зуур бодсоноо “Мэдэхгүй. Дотроо бат зогсож байгаагийнх юм болов уу” гэж хэлжээ. Бид “хамаг бүхнээ” зориулахын тулд юу ч тохиолдсон бай “дотроо бат зогсож”15 байх хэрэгтэй.

Бид махан биеийн өргөсөө тэвчих гэж Их Эзэний өгөх болоод зайлуулах хүч чадлыг тэвчээртэй хүлээж байхдаа дотроо бат зогсож байдаг.16 Ийм өргөс нь өвчин, бие махбодын хөгжлийн бэрхшээл, сэтгэл санааны эмгэг, хайртай нэгний маань үхэл, өөр бусад олон асуудал байж болно.

Бид доош унжсан гарыг өргөж байх үедээ дотроо бат зогсож байдаг. Хилэнцтийг болон мууг сайн, сайныг муу хэмээн дуудаж, гэрэл гэгээтэй зүйлд таагүй ханддаг байдал улам газар авч байгаа17 бөгөөд зөв шударга зүйл үйлдэгчдийг зөв шударгынх нь учир буруушаадаг18 шашингүй ертөнцийн эсрэг үнэнийг хамгаалж байхдаа бид дотроо бат зогсож байдаг.

Ариун Сүнсний хүчирхэгжүүлэгч хийгээд тайвшруулагч баттай нотолгооны ачаар мөн мөнх бус ойлголтоос давсан мөнхийн талаас нь харах алс хэтийн төлөвийн19 ачаар хүнд хэцүү байсан ч дотроо бат зогсож байх боломжтой билээ. Өмнөх амьдралдаа бид мөнх бус амьдралаар амьдрах боломжийнхоо төлөө баярлан уухайлсан.20 Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөний зоригтой хамгаалагчид болох шийдвэрээ баяр хөөртэй гаргахдаа “хамаг бүхнээ” зориулсан билээ. Босоод, Түүний төлөвлөгөөг дахин хамгаалах цаг болжээ!

Миний 97 настай аав саяхан өнгөрсөн юм. Түүнээс хэр байна даа хэмээн асуух тоолонд байнга өгдөг хариулт нь “1–10 гэсэн хэмжүүрээр би бараг 25-тай байна” гэдэг байв. Тэр ч байтугай энэ эрхэм хүн зогсож, сууж чадахаа хэдийнээ больж, ярьж чадахгүй байгаа үедээ ч ийм хариулт өгдөг байсан юм. Аав маань үргэлж дотроо бат зогсдог байсан.

Аавыг 90-тэй байхад нь бид нисэх буудал дээр очоод, тэргэнцэр авч өгөх хэрэгтэй эсэхийг асуухад тэрээр “Хэрэггүй ээ, Гари. Намайг хөгшрөхөөр харин хэрэгтэй болж магадгүй” гэж билээ. Тэгээд “Би алхаад ядарлаа гэхэд гүйж чадна шүү дээ” хэмээн нэмж хэлсэн юм. Хэрэв бид одоо алхаж буй байдалдаа “хамаг бүхнээ” зориулж чадахгүй бол гүйх хэрэгтэй болж ч магадгүй бөгөөд чиглэлээ дахин тооцоолох шаардлагатай болж мэднэ. Бид буцаж эргэх хэрэгтэй болж ч магадгүй. Бид илүү нягт нямбай судлах, илүү чин сэтгэлээсээ залбирах эсвэл үнэхээр ач холбогдолтой тэрхүү зүйлсээсээ зууран барьж болохын тулд зарим зүйлд санаа зовохгүй зүгээр л орхих хэрэгтэй болох байх. Мөнх амьдралаас зуурч болохын тулд дэлхийн зүйлсийг орхих хэрэгтэй байж ч магад. Аав минь энэ зүйлийг ойлгосон байжээ.

Зураг
Ахлагч Сабины аав тэнгисийн цэргийн флотод байхдаа

Аавыг маань Дэлхийн II дайны үеэр тэнгисийн цэргийн флотод алба хааж байхад агуу бөгөөд нүсэр барилгууд21түүний баримталдаг зарчмуудыг элэглэн шоолж байсан ч тийнхүү шоолдоггүй Дэйл Маддокс, Дон Дэвидсон гэдэг хоёр усан цэрэг байжээ. Тэд “Сабин аа, чи яагаад бусдаас өөр байдаг юм бэ? Чи өндөр ёс суртахуунтай, архи уудаггүй, тамхи татдаггүй, хараал хэлдэггүй ч амар амгалан, аз жаргалтай харагдах юм” гэж хэлжээ.

Аавын маань тухай тэдний эерэг бодол мормончуудын талаар тэдэнд заасан зүйлтэй нь нийцэхгүй байсан бөгөөд аав маань тэдэнд зааж, хоёуланд баптисм хүртээх боломжтой байсан юм. Дэйлийн эцэг эх нь маш их уурлан, Сүмд нэгдэх юм бол хайрт Мэри Оливоо алдана гэж сүрдүүлсэн боловч тэр нь Дэйлийн хүсэлтээр номлогчидтой уулзаж, баптисм хүртсэн аж.

Дайн дуусах үеэр ерөнхийлөгч Хибэр Ж.Грант номлогчдыг, тэр дундаа гэрлэсэн хэд хэдэн эрэгтэйг дууджээ. 1946 онд, Дэйл эхнэр Мэри Оливтойгоо хоёр анхны хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байсан ч Дэйлийг номлолд үйлчлэх хэрэгтэй гэж шийдсэн байна. Тэд гурван хүү, зургаан охин нийт есөн хүүхэдтэй болсон. Есөн хүүхэд нь бүгдээрээ гурван удаа номлолд үйлчилсэн Дэйл, Мэри Оливыг дагаж номлолд үйлчилжээ. Хэдэн арван ач, зээ, гуч нь мөн номлолд үйлчилсэн. Жон, Матай гэдэг хоёр хүү нь мөн Матайн хүргэн Райн нар одоогоор Табэрнэклийн найрал дуунд үйлчилж байна. Одоо Маддоксийн гэр бүлийн гишүүдийн тоо 144-т хүрсэн бөгөөд тэд “хамаг бүхнээ” зориулахын гайхалтай үлгэр дууриалал юм.

Зураг
Табернеклийн найрал дуучид болох Маддоксын гэр бүлийн гишүүд

Бид аавынхаа бичиг цаасыг янзалж байхдаа Дон Дэвидсоны таван охины нэг болох Жэннифэр Ричардсын захидлыг олсон. Тэрээр “Таны шударга зан бидний амьдралыг өөрчилсөн. Сүм байгаагүй бол амьдрал маань ямархуу байх байсныг төсөөлөхөд ч хэцүү. Аав маань сайн мэдээнд хайртай байж, эцсээ хүртэл түүний дагуу амьдрахыг хичээсээр өөд болсон”22 гэж бичсэн байв.

Хувь хүн бүр дотроо бат зогссоноос гарах сайн нөлөөг хэмжих хэцүү. Аав минь бас тэр хоёр усан цэрэг ч гэсэн агуу бөгөөд нүсэр барилгаас хуруугаараа занган элэглэж байсан хүмүүсийг сонсохоос татгалзсан.23 Тэд Бүтээгчийг дагах нь олон түмнийг дагахаас хавьгүй дээр гэдгийг мэдэж байжээ.

Төлөөлөгч Паул “зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ”24 хэмээн Тимотод хэлж байхдаа энэ үеийн тухай дүрслэн хэлж байсан байх. Өнөөдөр дэлхий дээр “дэмий яриа” их байна. Энэ бол тэрхүү “агуу хийгээд нүсэр барилга”-д байдаг хүмүүсийн яриа юм.25 Энэ нь ёс бусыг зөвтгөхийн тулд логик үндэслэл хэлбэрээр гарч ирж эсвэл хүмүүсийг замаа алдан, хурдлахад илэрдэг. Заримдаа “хамаг бүхнээ” зориулахын тулд юуг ч хийгээгүй төдийгүй бошиглогчийг эсэргүүцэн, эгэл хүний мөн чанараа дагахыг илүүд үздэг хүмүүст ийм зүйл илэрдэг.

Харин итгэлтэй хүмүүсийн хувьд төгсгөл нь ямар болохыг мэддэг нь талархууштай. Биднийг “хамаг бүхнээ” зориулах үед “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг”26 гэсэн хүн бүрд хамаатай баталгаа бидэнд байдаг. Ахлагч Нийл А.Максвэллийн хэлснээр “Бүү ай, харин зөв амьдар”.27

Манай хадам аав Бригам Янгийн Их Сургуульд багшилж, БЯИС-ийн хөл бөмбөгийн багт хайртай байсан ч тэдний тэмцээний үр дүнд дэндүү санаа зовдог байсан тул тэмцээнийг нь үзэж чаддаггүй байв. Тэгтэл нэгэн гайхамшигтай явдал болсон юм. Дүрс бичлэгийн тоглуулагч гарч ирсэн нь түүнд тэмцээнүүдийг бичлэг хийж хадгалах боломж олгожээ. Хэрэв БЯИС-ийн баг хожвол тэр төгсгөлийг нь төгс бөгөөд туйлын их найдвар тээн үздэг байлаа. Тэднийг шударга бусаар торгуулж, гэмтэл бэртэл авсан байсан ч эсвэл тоглолтын сүүлийн хэсэгт хожигдож эхэлсэн ч хожно гэж мэддэг байсан учраас санаа зовдоггүй байлаа. Та нар түүнийг “найдварын төгс гэрэлтэй” байсан гэж хэлэх байх.28

Бид ч мөн адил юм. Бидэнд итгэлтэй байхын хэрээр бүх зүйл сайн сайхнаар төгсөнө гэсэн нэгэн ижил тодорхой байдал байдаг. Их Эзэний амлалтууд тодорхой юм. Энэ нь энэхүү мөнх бус амьдралын их сургуульд бүх юм хялбар эсвэл ямар ч уйлах зүйл гарахгүй гэсэн үг биш. Гэхдээ Паул “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж бичсэн.29

Ах, эгч нар аа, хэн ч маргааш нүгэл үйлдээгүй. Бид шаардлагатай бол чиглэлээ дахин тооцоолж, агуу итгэл найдвар тээн, тэсэн ядан хүлээх болтугай. Мөн бид зоригтой байж, “хамаг бүхнээ” зориулснаар “дотроо бат зогсох” болтугай. Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төлөвлөгөөг болон Түүний Хүү, бидний Аврагчийн зорилгыг хамгаалахаар цэвэр ариун, эрэлхэг зоригтой байх болтугай. Эцэг амьд, Есүс бол Христ гэдгийг мөн аз жаргалын агуу төлөвлөгөөний бодит байдлын талаар би гэрчилж байна. Их Эзэний хамгийн сонгомол адислалууд та нарт байх болтугай гэж залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.