2010–2019
Сайн мэдээний хэл
2017 оны 4-р сар


Сайн мэдээний хэл

Хүчирхэгээр заах нь гэр бүлдээ сайн мэдээг хадгалж үлдэхэд нэн чухал бөгөөд шаргуу байдал, хичээл зүтгэлийг шаардана.

Би ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсаныхаа дараа Нэгдсэн Улс дахь анхны үүрэг даалгавраа гүйцэтгэхээр гэр бүлтэйгээ Коста-Рикагаас Солт Лэйк хотод нүүж ирсэн юм. Нэгдсэн Улсад би өөр өөр үндэстэн ястны, янз бүрийн соёл иргэншилтэй гайхамшигтай хүмүүстэй уулзахаар адислагдсан. Тэдний дунд надтай адил Латин Америкийн улс орнуудад төрсөн хүмүүс их байлаа.

Латин америк хүмүүсийн нэг дэх үеийн олонх нь эх хэл болох испани хэлээрээ ярьдаг бөгөөд бусадтай ойлголцохоор сайн англи хэлтэй байсныг би анзаарсан. Нэгдсэн Улсад төрсөн эсвэл бага насандаа ирээд, сургуульд сурсан хоёр дахь үеийнхэн англиар маш сайн, харин испаниар хазгай муруй ярьдаг байв. Харин гурав дахь үеийнхний ихэнх нь өвөг дээдсийнхээ эх хэл болох испани хэлээ мартсан байлаа.1

Хэл шинжлэлийн хэлээр үүнийг “эх хэлээ гээх” гэж нэрлэдэг. Гэр бүлүүд эх хэлийг нь тэр бүр ашигладаггүй гадаад улс руу нүүх үед эх хэлээ гээх тохиолдол гарч болдог. Энэ нь зөвхөн латин америкчуудын дунд байгаа төдийгүй дэлхий даяар хаа сайгүй хүмүүс эх хэлээ өөр ямар нэгэн хэлээр орлуулан сольж байна.2 Тэр бүү хэл Мормоны Ном дахь бошиглогч амлагдсан нутаг руу явахаар зэхэж байхдаа эцгүүдийнхээ эх хэлийг гээх вий гэдэгт санаа нь зовсон байдаг. Нифай “Мөн болгоогтун, эцэг өвгөдийн хэлийг үр хүүхдүүддээ хадгалуулан үлдээхийн тулд бид энэхүү цэдгүүдийг олж авах нь Бурханы мэргэн ухаан буюу”3 хэмээн бичсэн.

Гэвч тэр өөр нэгэн төрлийн хэлийг гээхээс мөн айж байжээ. Дараагийн шүлэгт тэрээр “Мөн түүнчлэн бид энэ дэлхийн эхлэлээс бүр эдүгээ цагийг хүртэл, бүх ариун бошиглогчдын амаар тэдэнд хэлэгдсэн, Бурханы Сүнс болон хүч чадлаар тэдэнд хүргэгдсэн, тэдгээр үгсийг өвлүүлэн үлдээхийн тулд болой”4 хэмээн бичжээ.

Би эх хэлээ хадгалж үлдэх, Есүс Христийн сайн мэдээг амьдралдаа байлгах хоёр хоорондоо ижил төстэй байгааг анзаарсан.

Өнөөдөр өөрийнхөө харьцуулснаар би ямар нэгэн дэлхийн хэл биш харин гэр бүлдээ хадгалж, хэзээ ч гээхгүй байх ёстой мөнхийн хэлний талаар онцлон ярих болно. Би Есүс Христийн сайн мэдээний хэлний5 талаар ярих гэж байна. “Сайн мэдээний хэл” гэдэгт би бошиглогчдын бүх сургаал, тэдгээр сургаалд дуулгавартай байх, зөв шударга уламжлалуудыг дагахыг хамруулж байгаа билээ.

Энэ хэлийг хадгалж үлдэх гурван арга замын талаар би ярих болно.

Нэгдүгээрт: Гэр орондоо илүү хичээнгүй байж, санаа тавих нь

Их Эзэн Сургаал ба Гэрээнд Ньюел К.Витней зэрэг Сүмийн олон нэр хүндтэй гишүүнийг гэр бүлээ цэгцлэхэд урьсан байдаг. Их Эзэн “Миний үйлчлэгч, … Ньюел К.Витней, гэсгээн цээрлүүлэгдэж, мөн гэр бүлээ цэгцлэх шаардлагатай байна, мөн тэд гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж байхыг мэдэгтүн, мөн ямагт залбирагтун, эсвээс тэд байрнаасаа хөдөлгөгдөх болно”6 хэмээн хэлсэн.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ эх хэлээ заах цаг гаргахгүй байх нь эх хэлээ гээх нэг шалтгаан болдог. Зүгээр л нэг гэр орондоо эх хэлээрээ ярьж байх нь хангалтгүй. Хэрэв эцэг эхчүүд эх хэлээ хадгалж үлдэхийг хүсэж байвал заах ёстой. Эх хэлээ хадгалахын тулд ухамсартайгаар хичээл зүтгэл гаргадаг эцэг эхчүүд хадгалж үлдэж чаддаг гэдгийг судалгаа харуулжээ.7 Тэгвэл сайн мэдээний хэлийг хамгаалж үлдэхийн тулд ямар хичээл зүтгэлийг ухамсартайгаар гаргах ёстой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Гэр орондоо сайн мэдээг заахгүй, үлгэр жишээ үзүүлэхгүй байх нь”8 олон үе дамжсан Сүмийн гишүүн гэр бүлийн гинжин хэлхээг тасдах хүчирхэг хүчин зүйл гэж анхааруулжээ.

Иймээс бид хүчирхэгээр заах нь гэр бүлдээ сайн мэдээг хадгалж үлдэхэд нэн чухал бөгөөд шаргуу байдал, хичээл зүтгэлийг шаардана гэдэг дүгнэлтэд хүрч болно.

Бид өдөр бүр гэр бүлээрээ мөн хувиараа судар судлахыг дадал хэвшил болгох урилгыг олон удаа хүлээн авч байсан.9 Үүнийг хийдэг олон гэр бүл өдөр бүр илүү эв нэгдэлтэй болж, Их Эзэнтэй илүү нягт харилцаатай болон адислагддаг.

Зураг
Судар судалж буй аав, охин хоёр

Ямар үед өдөр бүр судраас судалдаг вэ? Эцэг эхчүүд судраа гартаа бариад, хайраар гэр бүлээ судлахад урих үед энэ нь хийгддэг. Өөр ямар нэгэн арга замаар судална гэдэг ярвигтай.

Зураг
Судар судалж буй гэр бүл

Эцэг, эхчүүд ээ, эдгээр агуу адислалыг бүү алдаарай. Дэндүү оройтох хүртэл битгий хүлээгээрэй!

Хоёрдугаарт, гэр орондоо хүчирхэг үлгэр жишээ үзүүлэх нь

Нэгэн хэл судлаач мэргэжилтэн эх хэлээ хадгалж үлдэхийн тулд “та нар хүүхдүүддээ эх хэлээ сонирхох хүсэл төрүүлэх хэрэгтэй10 гэж бичжээ. Бид заах, үлгэр жишээ үзүүлэх хоёуланг нь хийсэн үедээ “эх хэлээ сонирхох хүсэл төрүүлж” чаддаг.

Би залуу байхдаа амралтаараа аавынхаа үйлдвэрт ажилладаг байлаа. Цалингаа авсны дараа аав минь хамгийн түрүүнд “Чи мөнгөөрөө юу хийх гэж байна даа?” гэж асуудаг байсан юм.

Би юу гэж хариулахаа мэддэг байсан бөгөөд “Аравны нэгээ төлөөд, номлолдоо мөнгө хадгална” гэж хариулдаг байв.

Түүнтэй хамт найман жил ажиллаж, нэг асуултад нь байнга хариулсны дараа л аав минь надад аравны нэгээ төлөхийг зааж чадлаа гэж бодсон ч намайг энэ чухал зарчмыг нэгхэн долоо хоногт сурчихсан гэдгийг ухаараагүй байсан юм. Би энэ зарчмыг хэрхэн сурснаа та нартай хуваалцмаар байна.

Төв Америкт иргэний дайнтай холбоотой хэд хэдэн үйл явдал өрнөсний дараа аавын минь бизнес дампуурч, 200 бүрэн цагийн ажилчинтай байсан бол таваас цөөнгүй оёдолчинтой болж, гэрийнхээ гаражид ажилладаг болсон юм. Тэрхүү хүнд цаг үед нэгэн өдөр аав, ээж минь аравны нэгээ төлөх үү эсвэл хүүхдүүддээ хоол авч өгөх үү гэж ярилцаж байхыг нь би сонссон.

Ням гарагт би аавыгаа ямар шийдвэр гаргах бол гэж дагаж явсан бөгөөд Сүмийн цуглааны дараа түүнийг дугтуй аваад, аравны нэгээ хийж байхыг харсан. Энэ нь ердөө л миний авсан сургамжийн эхлэл байсан бөгөөд надад юу идэх болж байна вэ гэсэн асуулт байсаар байсан юм.

Даваа гаргийн өглөө хэдэн хүн манай хаалгыг тогшлоо. Хаалгаа нээтэл тэд аавыг минь асуув. Түүнийг дуудахад тэр ирж, зочид маш хурдан хийж гүйцэтгэх ёстой оёдлын захиалга ирснийг хэллээ. Захиалга яаралтай учраас урьдчилаад төлбөрөө хийх боломжтой гэж хэлэв. Тэр өдөр би аравны нэгээ төлөх зарчмыг болон үүнтэй хамт ирдэг адислалуудыг ойлгосон юм.

Шинэ Гэрээнд Их Эзэн үлгэр жишээ үзүүлэх талаар ярьдаг. Есүс тэдэнд хандан “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү Өөрөөсөө юуг ч хийж чадахгүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг” гэжээ.11

Зураг
Ариун сүм рүү явж байгаа нь

Хүүхдүүддээ ариун сүмд гэрлэн, мацаг барьж, Хүндэтгэлийн өдрийг ариун байлгахын ач холбогдлын тухай зүгээр нэг ярих нь хангалтгүй. Биднийг чадах чинээгээрээ ойр ойрхон ариун сүмд орох цаг гаргаж байгааг тэд харах ёстой. Ойр ойрхон мацаг барин12, Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах итгэл үнэмшлийг маань тэд харах ёстой. Хэрэв өсвөр үеийнхэн маань хоёр хоолны турш мацаг барьж чадахгүй, судруудыг өдөр бүр судалж чадахгүй, ням гарагт томоохон спортын тэмцээний үеэр зурагтаа унтрааж чадахгүй байгаа бол порнограф гэх мэт өнөөдрийн ярвигтай дэлхийн хүчирхэг уруу таталтуудыг эсэргүүцэх сүнслэг сахилга баттай байж чадах болов уу?

Гуравдугаарт: Уламжлал

Өөр бусад хэл, соёл уламжлал эх хэлтэй холилдож хутгалдах нь эх хэлээ гээх өөр нэгэн шалтгаан билээ.13

Сэргээгдсэн Сүмийн эхэн үед Их Эзэн Сүмийн олон нэр хүндтэй гишүүнийг гэр бүлээ цэгцлэхэд урьсан байдаг. Тэрээр гэр орноос гэрэл, үнэнийг үлдэн хөөж болзошгүй хоёр зүйлийг дурдан, урилгаа эхлүүлдэг. “Тэрхүү ёс бус нэгэн ирж, дуулгаваргүй байдлаар дамжуулан мөн эцгүүдийнх нь уламжлалын улмаас гэрэл ба үнэнийг хүмүүний үрсээс холдуулан аваачдаг бөлгөө.”14

Гэр бүлийн хувьд бид Хүндэтгэлийн өдрийг ариун байлгахад эсвэл гэр орондоо өдөр бүр судар судалж, залбирахад саад болох аливаа уламжлалаас зайлсхийх хэрэгтэй. Бид порнографын болон бусад бүх хилэнцэт нөлөөний эсрэг гэрийнхээ цахим хаалгыг хаах хэрэгтэй. Бид өнөө үеийн дэлхийн уламжлалуудтай тэмцэхийн тулд хүүхдүүддээ бурханлаг мөн чанар, амьдралын зорилгынх нь талаар мөн Есүс Христийн тэнгэрлэг номлолын талаар заахдаа судруудыг болон орчин үеийн бошиглогчдын дуу хоолойг ашиглах хэрэгтэй.

Дүгнэлт

Бид “эх хэлээ гээсэн”15 хэд хэдэн жишээг судруудаас хардаг. Жишээлбэл:

“Эдүгээ улиран тохиох дор хаан Бенжамины үгсийг ойлгож чадахгүй нь өсвөр үеийнхнээс олон байв, учир нь түүнийг өөрийн хүмүүст ярьж байх тэр цагт тэд бяцхан хүүхдүүд байжээ; мөн тэд эцэг өвгөдийнхөө уламжлалд итгэсэн нь үгүй.

Мөн эдүгээ итгэлгүйнхээ учир тэд Бурханы үгийг ойлгож чадсангүй, мөн тэдний зүрх сэтгэл хатуурсан байв.”16

Өсвөр үеийнхний хувьд сайн мэдээ нь үл мэдэх хэл болсон байв. Эх хэлээ хадгалж үлдэхийн ач холбогдлын талаар зарим үед хүмүүс санал зөрөлдөн мэтгэлцдэг ч авралын төлөвлөгөөний тухайд бол, гэр орон дахь сайн мэдээний хэлийг гээхийн мөнхийн үр дагаврын талаар маргалдан мэтгэлцэх зүйл байхгүй.

Зураг
Хүүтэйгээ хамт залбирч буй ээж

Бид Бурханы хүүхдийн хувьд төгс хэлийг сурахаар мэрийж буй төгс бус хүмүүс билээ.17 Эх хүн бяцхан хүүхдээ хараад өрөвдөн хайрладаг шиг Тэнгэрлэг Эцэг ч мөн бидний төгс бус байдал, алдаа дутагдалд тэвчээртэй ханддаг. Тэрээр бидний хамгийн сул дорой ч гэсэн чин сэтгэлийн залбирлыг уран яруу шүлэг мэт үнэлж, ойлгодог бөгөөд сайн мэдээний анхны үгсийг дуудаж буй авиаг маань сонсоод баярлан, бидэнд төгс хайраар заадаг.

Зураг
Гэр бүлээрээ залбирч байгаа нь

Хэрвээ бид өөрсдийн гэр бүл дэх сайн мэдээний хэлийг гээвэл энэ амьдралын ямар ч чухал амжилт ололт ач холбогдолтой байж чадахгүй.18 Тэнгэрлэг Эцэг биднийг харилцааны өндөр түвшинд ярьж чаддаг болтол үргэлж эх хэл маань байсан Түүний хэлийг эзэмшихээр гаргаж буй хичээл зүтгэлийг адислах болно гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Among Hispanics, by the third generation “the level of English monolingualism is … 72 percent” (Richard Alba, “Bilingualism Persists, but English Still Dominates,” Migration Policy Institute, Feb. 1, 2005, migrationpolicy.org/article/bilingualism-persists-english-still-dominates).

  2. “Гурав дахь үеийнхний дунд зөвхөн англи хэлээр ярих хандлагатай байна” (Alba, “Bilingualism Persists, but English Still Dominates”).

  3. 1 Нифай 3:19; тодотгол нэмэгдсэн.

  4. 1 Нифай 3:20; тодотгол нэмэгдсэн.

  5. Хэлийг “тодорхой улс орон нийгмийн харилцаандаа ашигладаг систем” (Oxford Living Dictionaries, “language,” oxforddictionaries.com) гэж тодорхойлж болно.

  6. Сургаал ба Гэрээ 93:50; тодотгол нэмэгдсэн.

  7. “[Эх хэлээ хадгалж үлдэх] боломжтой ч хичээл зүтгэл, төлөвлөгөө шаарддаг” (“Heritage Languages: Fighting a Losing Battle?”onraisingbilingualchildren.com/2013/03/25/heritage-languages-fighting-a-losing-battle). “Жишээлбэл, Өрнөд дэх германчууд үе удмаараа эх хэлээ амжилттай хадгалж үлдсээр байна” (Alba, “Bilingualism Persists, but English Still Dominates”).

  8. Дэвид А.Бэднар, “Multigenerational Families,” in General Conference Leadership Meetings, 2015 оны 4-р сар, broadcasts.lds.org.

  9. Орчин үеийн нэгэн жишээ бол Тэргүүн Зөвлөлөөс ирсэн заавар юм: “Бид эцэг эх, хүүхдүүдэд гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах, заавар зөвлөгөө, гэр бүлийн үр бүтээлтэй үйл ажиллагаануудад хамгийн их ач холбогдол өгөхийг зөвлөж байна” (Тэргүүн Зөвлөлийн захидал, 1999 оны 2-р сарын 11).

  10. “Хүүхдүүд чинь эх хэлийг нь төлөөлж буй хүмүүсийг ойлгож, тэдэнтэй харилцан, өөрсдийгөө тэдний нэг хэсэг гэж мэддэг байхын тулд тэдэнд эх хэлээ сонирхох хүсэл төрүүлэх хэрэгтэй” (Крисфийлд, “Heritage Languages: Fighting a Losing Battle?”); тодотгол нэмэгдсэн.

  11. Иохан 5:19.

  12. “Мацгийн өдөр гэдэг нь дараалсан хоёр хоол идэж, уухгүйгээр 24 цаг байж, мацаг ба гэрчлэлийн цуглаанд оролцон, тусламж хэрэгтэй хүмүүст анхаарал халамж тавихад туслахын тулд өгөөмөр мацгийн өргөл өгөхийг хэлдэг” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 21.1.17).

  13. Омнай 1:17-г үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээ 93:39; тодотгол нэмэгдсэн.

  15. Энэ үгэнд “эх хэлээ гээх” гэдэг нь сайн мэдээ хэрхэн гээгдэж болох талаар хэлж байгаа юм ( Шүүгчид 2:10; Омнай 1:17; 3 Нифай 1:30-ийг үзнэ үү).

  16. Мозая 26:1, 3; тодотгол нэмэгдсэн.

  17. Матай 5:48; 3 Нифай 12:48-ыг үзнэ үү.

  18. Матай 16:24—26-г үзнэ үү.