2010–2019
Мормоны Номын хүч
2017 оны 4-р сар


Мормоны Номын хүч

Бид бүгдээрээ Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бодож байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хайрт ах эгч нар минь, бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэгэн агуу чуулганаар дахин уулзаж байна. Би та бүхэнтэй хамгийн халуун дотноор мэндчилж байна. Өнөөдрийн захиасаа хэлэхийн өмнө би баригдахаар төлөвлөсөн таван шинэ ариун сүмийг зарлахыг хүсэж байна. Үүнд: Бразилийн Бразилиа, Филиппиний Грээтэр Манилла, Кэнигийн Найроби, Айдахогийн Покатолла, Ютагийн Саратога Спрингс ариун сүмүүд орсон болно.

Энэ өглөө би Мормоны Номын хүчийн талаар мөн Сүмийн гишүүдийн хувьд үүний сургаалуудыг судалж, тунгаан, амьдралдаа хэрэгжүүлэх чухал хэрэгцээний талаар та бүхэнд ярих болно. Мормоны Номын гуйвшгүй, бат бөх гэрчлэлтэй байхын ач холбогдлыг онцлоод баршгүй.

Бид асар их бэрхшээлтэй, ёс бус цаг үед амьдарч байна. Өнөөдрийн дэлхийд хаа сайгүй байгаа нүгэл хилэнцээс биднийг юу хамгаалах вэ? Бидний Аврагч Есүс Христийн болон Түүний сайн мэдээний тухай хүчирхэг гэрчлэл биднийг аюулгүй газар руу удирдах болно гэдгийг би тунхаглаж байна. Хэрэв та нар өдөр бүр Мормоны Номыг уншдаггүй бол уншаарай. Хэрэв та нар залбирч, үнэнийг мэдэх чин хүслээр унших юм бол Ариун Сүнс үүний үнэнийг илчлэх болно. Энэ нь үнэн гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна. Хэрэв энэ нь үнэн бол Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийг харсан бошиглогч байсан нь үнэн болж таарна.

Мормоны Ном үнэн учраас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэлхий дээрх Их Эзэний Сүм мөн төдийгүй Бурханы ариун санваар Түүний хүүхдүүдийн ашиг тус, адислалын төлөө сэргээгдсэн юм.

Хэрэв танд эдгээр зүйлийн талаар баттай гэрчлэл байхгүй бол гэрчлэлтэй болохын тулд шаардагдах бүх зүйлийг хий. Өнөөгийн ороо бусгаа цагт та өөрийн гэсэн гэрчлэлтэй болох нь нэн чухал. Учир нь бусдын гэрчлэл таныг тийм ч хол авч явахгүй. Гэрчлэлтэй болсон цагтаа Бурханы зарлигуудад дуулгавартай байж, өдөр бүр залбиран, судар судалж, гэрчлэлээ амьд, ач холбогдолтой байлгах хэрэгтэй.

Их Эзэний ажлыг хамтдаа урагшлуулж буй хайрт хамтрагчид минь, бидний хүн нэг бүр Мормоны Номыг өдөр бүр залбиран судалж, тунгаан бодож байгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингэснээр бид Сүнсний дуу хоолойг сонсон, уруу таталтыг эсэргүүцэж, эргэлзээ, айдсыг ялж, амьдралдаа Тэнгэрийн тусламжийг хүлээн авах болно. Үүнийг би бүх зүрх сэтгэлээрээ гэрчилж байна, Есүс Христийн нэрээр, амен.