2010–2019
Есүс Түүнийг ширтэн харж, хайрлав.
2017 оны 4-р сар


Есүс Түүнийг ширтэн харж, хайрлав.

Танаас ямар нэгэн хүнд хэцүү ажлыг хийнэ үү хэмээн хүсэх бүрд Их Эзэн таныг ширтэн хараад, хайрлаж байгаагаар мөн Өөрийгөө дагахад урьж байгаагаар төсөөлөн бодоорой.

Хэдэн жилийн өмнө би эхнэр Жакийтайгаа хамт Вашингтоны Спокэйн номлолыг тэргүүлэхээр дуудагдсан юм. Би олон гайхамшигтай залуу номлогчтой ажиллах үүрэг хариуцлага хүлээсэндээ баярлах, айх зэрэгцэн номлолын талбарт ирэв. Тэд өөр өөр амьдралын нөхцөл байдлаас ирсэн бөгөөд тэр даруй бидний охид, хөвгүүд шиг санагдах болсон юм.

Ихэнх нь ажлаа гайхалтай сайн хийж байсан ч заримынх нь хувьд дуудлагынхаа өндөр шаардлагад хүрэхэд хэцүүхэн байв. Нэгэн номлогч “Ерөнхийлөгч өө, би зүгээр л хүмүүст дургүй” гэж хэлж байсныг би санаж байна. Мөн хэдэн номлогч номлолын хатуу чанд дүрмийг дагах хүсэлгүй байгаагаа хэлж байв. Дуулгавартай байснаас ирэх баяр баяслыг хараахан мэдрээгүй тэр хэдэн номлогчийн зүрх сэтгэлийг өөрчлөхийн тулд би юу хийж болох талаар санаа зовнин, толгойгоо гашилгаж байлаа.

Нэгэн өдөр би Вашингтон-–Айдахогийн хил дээрх тариан талбай бүхий үзэсгэлэнт толгодоор машинаар явж байхдаа Шинэ Гэрээний бичлэгийг сонсов. Мөнх амьдралыг өвлөн авахын тулд юу хийх хэрэгтэйг Аврагчаас асуухаар ирсэн баян залуугийн танил түүхийг сонсож байхдаа би одоо миний хувьд ариун нандин дурсамж болон үлдсэн гүн гүнзгий хувийн илчлэлтийг санаандгүй хүлээн авсан юм.

Есүсийг зарлигуудыг эш татахад, залуу эр тэдгээрийг бага залуугаасаа дагаж эхэлсэн гэж хэлэхийг сонссоныхоо дараа би Аврагчийн “Чамд нэг л юм дутаж байна. … өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. … Тэгээд ирж, Намайг дага”1 гэж эелдгээр залруулан хэлэхийг сонслоо. Харин би шүлгийн тэр хэсгээс өмнө таван үгийг сонссон бөгөөд тэдгээрийг хэзээ ч уншиж эсвэл сонсож байгаагүй, судруудад нэмж оруулсан мэт санагдаж билээ. Тэр үед нээгдэн, сүнслэгээр ирсэн ойлголтыг би шагшин гайхсан.

Ямар таван үг надад ийнхүү гүн гүнзгий нөлөөлсөн юм бол? Та сонсонгоо бусад сайн мэдээний түүхэнд гардаггүй, зөвхөн Маркийн сайн мэдээн дээр гардаг энэ энгийн таван үгийг таних эсэхээ шалгаарай.

“Нэгэн хүн гүйн ирж, Түүний өмнө сөгдөж—Сайн Багш аа, мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх вэ? гэж асуув.

Есүс түүнд …

Хүн бүү ал, бүү завхайр, бүү хулгайл, бүү худал гэрчил, бүү мэхэл, эцэг эхээ хүндэл гэсэн хуулиудыг чи мэднэ шүү дээ гэсэнд,

тэр Түүнд—Багш аа, энэ бүгдийг би бага залуугаасаа л сахисан гэв.

Есүс түүнийг ширтэн харж, хайрлан—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.”2

“Есүс түүнийг ширтэн харж, хайрла[в].

Эдгээр үгийг сонсох үед надад Их Эзэн ярихаа азнаад, энэ залуу эрийг ширтэн харж байгаа тод томруун дүр зураг харагдсан юм. Ширтэн харах—гэдэг нь түүний бодгалийн гүн рүү нэвт харан, түүний сайн сайхан чадвар, чадавхыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хамгийн агуу хэрэгцээг нь олж харсан гэсэн утгатай.

Дараа нь Есүс түүнийг хайрласан гэсэн энгийн үгс орсон байдаг. Би Есүс энэ сайн залууг ихэд хайрлаж, энэрсэн бөгөөд ийнхүү хайрласан учраас мөн энэхүү хайраа тээн түүнээс илүү ихийг хийхийг шаардсан гэдгийг мэдэрсэн юм. Хэдийгээр энэ залуу байгаа бүхнээ зараад, ядууст өг гэсэн санаанд багтамгүй бэрх хүсэлтийг хүлээн авсан ч ийм хайрыг мэдрэхэд ямархуу байх бол гэж би төсөөлөн бодож билээ.

Тэр үед би зөвхөн зарим номлогчийн маань зүрх сэтгэл өөрчлөгдөх биш, миний зүрх сэтгэл ч гэсэн өөрчлөгдөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Түүнчлэн “Сэтгэлээр унасан номлолын ерөнхийлөгч асуудалтай номлогчид биеэ илүү сайн авч явахад нь хэрхэн туслах вэ?” гэсэн асуулт байнга гарч ирэхээ больсон байв. Харин үүний оронд “Би номлогчдод Бурханы хайрыг болон өөрчлөгдөх хүслийг өөрийн биеэр мэдрүүлэхийн тулд Христийнхтэй адил хайраар хэрхэн дүүргэгдэж болох вэ?” гэсэн асуулт гарах болсон. Би хэрхэн тэднийг Их Эзэн энэ залуу эрийг ширтэн харсны адил ширтэн харж, юу хийж эсвэл юу хийхгүй байгаагаар нь биш, харин үнэхээр хэн болох мөн хэн болж чадах талаас нь харж чадах вэ? Би хэрхэн Аврагчтай илүү адилхан болж болох вэ?

“Есүс түүнийг ширтэн харж, хайрла[в].”

Түүнээс хойш би дуулгавартай байх тал дээр асуудалтай залуу номлогчидтой нүүр тулан уулзахдаа, номлолд гарах хүслийнхээ дагуу үйлдсэн итгэлтэй залуу эрэгтэй, эмэгтэйг зүрх сэтгэлдээ хардаг болсон юм. Тэгснээр би өрөвч энэрэнгүй эцэг эхийн бүхий л зүрх сэтгэлээрээ3 “Ахлагч аа эсвэл эгч ээ, хэрэв би танд хайргүй байсан бол номлолд тань юу тохиолдох талаар санаа зовохгүй байх байсан. Гэвч би танд хайртай. Би танд хайртай учраас л хэн болж байгаад тань санаа зовдог. Тиймээс би таныг хэцүү байгаа зүйлсээ өөрчилж, Их Эзэний хүсэн хүлээж буй хүн нь болохыг урьж байна” гэж хэлдэг болсон.

Би номлогчидтой ярилцах бүрдээ эхлээд ахлагч, эгч бүрийг Их Эзэний мэлмийгээр харж болохын тулд хайр энэрлийн бэлэг өгөхийг гуйн залбирдаг байв.

Би бүсийн чуулган бүрийн өмнө Палмэр эгчтэй хамт номлогч бүртэй гар барин мэндчилж байхдаа түр зогсон, нүд рүү нь ширтэх буюу харцаараа ярилцдаг байсан бөгөөд Бурханы энэхүү үнэ цэнтэй охид, хөвгүүдийг хайрлах агуу их хайраар үргэлж дүүрдэг байсан.

Би Маркийн 10-р бүлгээс олж авсан гүн гүнзгий туршлагаасаа амьдралыг өөрчлөхүйц олон сургамжийг авсан юм. Бидний хүн нэг бүрд туслах дөрвөн сургамжийг би хуваалцмаар байна. Тэдгээр нь:

  1. Бид бусдыг өөрсдийн нүдээр биш, харин Их Эзэний мэлмийгээр харж сурах үед тэднийг хайрлах хайр болон тэдэнд туслах хүсэл маань өсөн нэмэгддэг. Бид бусдын өөрсдөөсөө олж харахгүй байгаа чадавхыг олж харах болно. Түүнчлэн бид Христтэй адил хайрладаг учраас хэлэх гэсэн үгээ бусдад зоригтой хэлэхээс эмээхгүй. Учир нь “Төгс хайр нь айдсыг хөөн зайлуулдаг”4 Мөн бид хайрлахад хамгийн хэцүү байдаг хүмүүсийг хамгийн их хайрлах хэрэгтэй байдаг гэдгийг санаж байх юм бол хэзээ ч бууж өгөхгүй байх болно.

  2. Сэтгэлээр унан, уурласан тохиолдолд бусдад зааж, сургаж чадахгүй бөгөөд хайрлаагүй үед зүрх сэтгэл өөрчлөгдөхгүй. Бид эцэг эх, багш сургагч, удирдагчийн хувьд аль нэгэн үүргээ биелүүлэхдээ шүүмжилж зэмлэхийн оронд итгэж найдах юм бол үнэхээр зааж сургаж чадна. Бидний гэр орон үр хүүхдүүдийн маань хувьд хүйтэн хөндий орчин биш, аюулгүй тайван газар нь байх ёстой.

  3. Үр хүүхэд, найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүн тань таны хүсэн хүлээж байсан түвшинд хүрч чадаагүй бол хэзээ ч хайрлахаа больж болохгүй. Тэр баян залууд гунигтайгаар явж одсоных нь дараа юу тохиолдсоныг бид мэдэхгүй ч амар хялбар замыг сонгосон ч гэсэн Есүс түүнийг төгс хайрласаар байсан гэдэгт би итгэлтэй байна. Хожим нь тэр арвин их эд баялаг нь үнэ цэнгүй болохыг ойлгоод, Их Эзэн өөрийг нь ширтэн харж, хайрлан, Өөрийгөө дагахад урьж байсныг эргэн санаж, үүнийхээ дагуу үйлдсэн байж ч магадгүй юм.

  4. Их Эзэн бидэнд хайртай болохоор ихийг шаарддаг. Хэрэв бид даруу байвал Их Эзэний наманчлах, золиослох мөн биднийг хайрлах төгс хайрынх нь нотолгоо болгон үйлчлэх урилга хүлээн авна. Эцсийн эцэст наманчлах урилга нь өршөөл, амар амгалангийн гайхамшигт бэлгийг хүлээн авах урилга билээ. Тиймээс “Эзэний сахилгажуулалтыг хөнгөн үзэж болохгүй. Тэр чамайг зэмлэх үед сэтгэлээр бүү уна. Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм.”5

Хайрт, ах, эгч нар аа, одоо та нараас ямар нэгэн хүнд хэцүү ажил хийнэ үү хэмээн хүсэх үед муу зуршил, донтолтоо хаян, дэлхийн зүйлсийг ардаа орхиж, Хүндэтгэлийн өдөр дуртай зүйлээ хийхгүй байх золиослол гарган, гомдоосон нэгнийг уучилж, Их Эзэн таныг ширтэн харж, хайрлаж байгаагаар мөн Өөрийгөө дага хэмээн урьж байгаагаар төсөөлөн бодоорой. Мөн та нарт хайртай болохоор илүү ихийг хийхэд урьсанд нь талархаарай.

Би бидний Аврагч, Есүс Христийг гэрчилж байна. Тэр бидний хүн нэг бүрийг тэврэн аваад, ширтэн харж, төгс хайраараа хүрээлэх тэр өдрийг би хүсэн хүлээдэг. Есүс Христийн ариун нэрээр, амен.