2014
Мексик: Тэмцлээс хүч чадалд хүрсэн нь
2014 оны нэгдүгээр сар


Газар бүрийн анхдагчид

Мексик Тэмцлээс хүч чадалд хүрсэн нь

Мексик дэх хожмын үеийн гэгээнтнүүд эх орондоо гэрэлт сайхан ирээдүйг авчрахаар итгэлийнхээ өвийг цогцлон байгуулж байна.

1945 оны 11-р сарын 6-нд Мексикийн хожмын үеийн гэгээнтнүүдийн анхны бүлэг төрөлх хэлээрээ ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахаар Аризонагийн Мэса ариун сүмд хүрч ирэхэд тэдний залбирал хариулагджээ. Тэр үед Монтэрри салбарын ерөнхийлөгч байсан Хосэ Грациа “Бид өөрсдийнхөө болон өвөг дээдсийнхээ төлөө агуу ажлыг хийхээр ирээд байна. … Магадгүй бидний зарим нь золиослол хийсэн байх, гэхдээ энэ золиослол дэмий хоосон зүйл биш юм. Бид тийнхүү золиослол хийсэндээ баяртай байна” гэж ярилаа.1

Ерөнхийлөгч Грациа болон ариун сүмд орохоор ирсэн хүмүүс сэргээгдсэн сайн мэдээний төлөө мөн ийнхүү золиослол хийсэн Мексикийн эхэн үеийн анхдагчдын зам мөрийг дагасан ажээ.

Суурийг тавьсан нь

Өндөр уулс, элсэн цөл, халуун орны ширэнгэн ой, ер бусын үзэсгэлэнт далайн эргээр хүрээлэгдсэн эртний Мексик бол гоёмсог ариун сүм болон сайхан хотууд барьж байгуулсан хүмүүсийн эх орон юм. Хэдэн зууны туршид мексикчүүд итгэл болон залбирлын хүчирхэг суурийг бий болгосон нь хүнд нөхцөл байдлаа даван туулахад нь тэдэнд тусалсан ажээ.

Гэгээнтнүүд Ютад сүм байгуулж байсан үед мексикчүүд нийгмийнхээ бүтцийг, түүний дотор сүмийг төрөөс тусгаарласан шинэ үндсэн хуулиа боловсруулахаар ажиллаж байв. Мексикт сайн мэдээний захиасыг 1876 онд анхны номлогчид авчирсан ажээ. Тэд Мормоны Номоос түүвэрлэж авсан хэсгүүдийг авч явдаг байсан ба Мексикийн нөлөө бүхий удирдагчдад шуудангаар явуулдаг байжээ. Удалгүй хүмүүс баптисм хүртэж эхлэв.

1881 оны 4-р сарын 6-нд болсон сүмийн тусгай чуулганы үеэр салбарын ерөнхийлөгч Силвиано Артэга мөн орон нутгийн нэлээд хэдэн удирдагч болон төлөөлөгч Мозэс Тэтчэр (1842–1909) нар Попокэтэпэтл галт уулын бэл дээр гарчээ. Тэгэхэд ахлагч Тэтчэр сайн мэдээг номлохоор тус орныг онцгойлон адисалсан ажээ.

Чуулган дээр ерөнхийлөгч Артэга залбирав. Ахлагч Тэтчэр энэ тухай “Улс үндэстэн болон ард түмэн нь чөлөөлөгдсөний төлөө түүний үрчлээт хацрыг даган, нулимс урсаж байлаа. … Хүн ийнхүү сэтгэл зүрхнийхээ угаас залбирч байхыг би хэзээ ч сонсоогүй. Хэдийгээр энэ нь миний ойлгохгүй хэл байсан ч түүний гуйсан бүхнийг би Сүнсээр ойлгосон мэт санагдсан”2 гэжээ.

Энэ үеэр тус бүсэд Мексикийн нэлээд хэдэн салбар зохион байгуулагдав. Хидалго мужийн настай бэлэвсэн эмэгтэй Дэсидэриа Янэз Парли П.Праттын A Voice of Warning (Сэрэмжлүүлгийн дуу хоолой) товхимлын тухай зүүдэлсэн ажээ. Тэрээр испани хэлээр дөнгөж орчуулагдаад байсан тэрхүү товхимлыг олж авахаар хүүгээ Мехико хот руу явуулжээ. Янэз эгч 1880 онд сүмд нэгдэж, Мексик дэх сүмд элссэн анхны эмэгтэй болсон юм.3

Тэр үеэс хойш одоог хүртэл Мексик дэх сүмийн олон гишүүд хувьсгал, хавчлага, ядуу зүдүү байдал болон тусгаарлалтын олон арван жилийн туршид итгэлтэй хэвээр байна.4

Итгэлтэй анхдагчдын үлгэр жишээ

1907 онд зохион байгуулагдсан Сан Пэдро Мартир салбараас энэхүү итгэлтэй байдлын нэг жишээг харж болно. Шинээр баптисм хүртэж, салбарыг тэргүүлэхээр дуудагдсан Агустин Харогийн барьсан Мехико хотын өмнөд хэсэгт байрлах нэгэн байранд анхны гишүүд цугладаг байв. Мексикийн хувьсгалын хүнд жилүүдэд дор хаяж нэг сая мексик хүн амь үрэгдэж, муж нь тулааны талбар болсон үед олон гэгээнтнүүд толгой хоргодох газар хайн, Сан Пэдро руу дүрвэжээ. Сан Пэдро дахь Халамжийн Нийгэмлэгийн эгч нар дүрвэгчдэд өрөвч сэтгэлийн ихээхэн үйлчлэлийг үзүүлсэн юм.5

Гишүүд нь түүнчлэн бүхнээ зориулсан Рэй Л.Пратт зэрэг удирдагчдаар адислагдсан юм. Тэрээр 1907 онд Мексикийн номлолын ерөнхийлөгчөөр дуудагдсан бөгөөд 1931 онд нас бартлаа уг дуудлагадаа үйлчилжээ. Тэр Мексикийн түүх, соёлд болон хүмүүст нь хайртай байсан бөгөөд сүмийн суурийг тэнд бэхжүүлэх үйлсэд тэдэнтэй хамтран ажиллахдаа хайр болон итгэл, хүндэтгэлийг нь хүлээсэн ажээ. 1926 онд Мексикийн засгийн газар гадаадын хүмүүс Мексик дэх сүмүүдийг тэргүүлэхийг хориглосон хууль гаргахад сүмийн мексик үндэстэн удирдагчдыг бий болгон, сургахад ерөнхийлөгч Праттын хичээл зүтгэл онцгой ач холбогдолтой байлаа.6 Энэ үед хэсэг гишүүд Гуравдугаар конвенци хэмээн нэрлэгдсэн байгууллагыг үүсгэн байгуулж, өөрсдийн удирдагчдыг дуудан, цуглааны байрууд барьж эхэлжээ.

Суурин дээр барьсан нь

Арвэлл Л.Пийрс 1942 онд Мексикийн номлолын ерөнхийлөгчөөр дуудагдав. Чихуахуад өсч, Мексикт номлолд үйлчилсэн туршлага дээрээ тулгуурлан ерөнхийлөгч Пийрс гишүүдэд зааж, тэднийг хүчирхэгжүүлэн, эв нэгдлийг бэхжүүлэхэд нь туслахдаа хайр болон ойлголтоор тэдэнд хүрч байлаа. Тэр бас Гуравдугаар конвенцийн гишүүдтэй тэдний асуудлуудыг шийдвэрлэх талаар хамтран ажилладаг байв.

Ерөнхийлөгч Пийрсийн нэг зорилго нь ариун сүмд явахад нь гишүүдэд туслах явдал байв.7 1943 онд ариун сүмийн адислалуудыг улам олон гишүүдэд хүртээмжтэй болгох талаар их хүч чармайлт гаргажээ. Тэр үед Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүн байсан ахлагч Жозеф Фийлдинг Смит (1876–1972) Нэгдсэн Улсын Аризона дахь сүмийн орон нутгийн удирдагчидтай уулзсаныхаа дараа “ариун сүмийн хуралдаанд англи хэл ноёрхох шалтгааныг би олж харахгүй байна” гэж хэлжээ.8 Далын ахлагч Антойн Р.Айвинс, Эдуардо Балдэрас нар сүмийн орчуулгын албанаас ариун сүмийн ёслолуудыг испани хэлээр орчуулж өгөхийг хүсчээ. Энэхүү орчуулга нь бусад газруудад баригдах ариун сүмүүдэд чухал шатыг тавьсан юм.9

Аризонагийн Мэса ариун сүм дэх ариун сүмийн ёслол испани хэл дээр явагдах боломжтой болсны сацуу сүмийн ерөнхийлөгч Жорж Альбэрт Смит (1870–1951) Мексикийн гэгээнтнүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд туслахын тулд 1946 онд Мексикт айлчилснаар өмнөх үеийнхний зөвхөн л төсөөлж байсан тийм арга замаар10 сүм өсөж эхэлсэн юм. Улс орон даяар шинэ номлолууд болон гадаснууд байгуулагдаж, сүмийн ивээн тэтгэдэг сургуулиуд боловсролд дэмжлэг үзүүлсэн ажээ.

Сүм 1964 онд Эл Сэнтро Эсколар Бэнэмэрито дэ Лас Америкас (El Centro Escolar Benemérito de las Américas) сургуулийг онцгойлон адисалсан ба уг сургууль 2013 онд номлогчийг бэлтгэх төв болох хүртлээ гишүүдийн боловсрол, нийгмийн үйлчлэл, сүнслэг байдал болон удирдлагын хэрэгцээнд үйлчлэл үзүүлдэг байлаа.11 Энэ сургуулийг төгссөн Лорена Гомэз-Альвэраз эгч “Бэнэмэрито сургууль надад авьяасаа нээн хөгжүүлж, амьдралыг минь адисалсан сайн мэдээний суурь мэдлэг эзэмшихэд тусалсан юм. Одоо энэ сургууль сайн мэдээг дэлгэрүүлэхэд номлогчдод тусалж, хүмүүсийн амьдралыг өөр замаар адисалсаар байх болно” гэжээ.12

Өсөлтийн эрин үе

1972 онд Мехико хотод болсон бүсийн чуулган сүмийн өсөлтөд бас нэгэн чухал үе байв. Гишүүд ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973), түүний зөвлөхүүд мөн хэд хэдэн төлөөлөгч болон бусад удирдагчдын хэлэх үгийг сонсох гэж алс холоос ирж байлаа. Табэрнэклийн найрал дуу тоглосон нь сүнслэг баярт улам хөг нэмэв. Чуулганд оролцогчид “манай эх оронд болсон энэ чуулган бидний төсөөлж байснаас бүр илүү сайхан боллоо!” хэмээн дуу алдсан ажээ.13

1970-аад он бол Мексик дэх сүмийн өсөлтийн сэтгэл догдлом үе байлаа. 1970 онд Мексик бараг 70 000 гишүүнтэй болсон бол уг оны эцсээр гишүүдийн тоо бараг 250 000-д хүрчээ. Тус бүсийн чуулганаас хойш гурван жилийн дараа ахлагч Ховард В.Хантэр (1907–1995) тэр үеийн гурван гадсыг долоо хоногийн дотор 15 гадас болгон хувааж, Мексикийн олон залуу гишүүдийг удирдагчдаар нь дуудсан юм.14

Энэ үеэр номлолын ажил ч бас өргөжин тэлсэн билээ. Мексик номлол 1879 онд албан ёсоор нээгдсэн бөгөөд анх 1956 онд хуваагдсан бол одоо Мексик улс 34 номлолтой болоод байна.15 Мехико хотын хойд номлолд 1980-аад оны үед үйлчилж байсан Жоргэ Замора ах сүмийн өсөлтийн гэрч болсон хүн юм. Гишүүд нь сүм рүүгээ бүтэн цаг явж, хүрдэг байсан нэг газар түүний номлолд байсныг тэрээр дурддаг бөгөөд одоо тэнд гадас байгуулагджээ. “Ямар улс орон, ямар соёл заншилтай гэдгээс үл хамааран сүм байгуулахаар Их Эзэний ажилладаг арга зам надад гайхалтай санагддаг” гэж тэр хэлсэн.

Ариун сүмүүд тархсан орон

Мексикийн гишүүд ариун сүмийн авралын ёслолуудад дуртай бөгөөд ариун сүмд шүтэн бишрэхийн тулд цаг зав, мөнгөө золиослоход ямагт бэлэн байдаг. Ахлагч Тэтчэр сайн мэдээг номлохоор тус орныг онцгойлон адисалснаас хойш 100 гаруйхан жилийн дараа Мехико хотод ариун сүм баригдав. 1983 онд болсон нээлттэй хаалганы үйл ажиллагаагаар мянга мянган хүмүүс ирж, ариун сүмийг үзэн, илүү их мэдээлэл хүсч байсан нь Мексик дэх сүмийг олон түмэнд таниулахад тусалсан юм. 30 жилийн дотор улс орон даяар дахиад 11 ариун сүм онцгойлон адислагдсан бөгөөд одоо дахин нэг ариун сүм баригдаж байна.

Изабэл Лэдэзма эгч Тампикод өссөн бөгөөд эцэг эх нь Аризоны Мэса ариун сүмд лацдан холбогдсоныг санадаг ажээ. Тэрээр: “Аризона руу явахад хоёр өдөр шаардлагатайгаас гадна өртөг зардал маш өндөр байв. Харин Мексикийн Мехико хотын ариун сүм онцгойлон адислагдсанаар бид машинаар ердөө 12 цаг явдаг болсон. Одоо Тампикод ариун сүмтэй болсон учир бид тэнд байнга орж болно” гэжээ.

2007—2010 онуудад Мексикийн Оаксака ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Лимхай Онтивэрос “Сайн мэдээний тухай гүнзгий, бат бөх гэрчлэлтэй хүмүүс ариун сүмийг хоргодох гэрэлт цамхаг гэж үздэг бөгөөд тэд хол зай, санхүүгийн бэрхшээлийг үл харгалзан тийшээ очих арга замыг олдог” гэж ярив.

Лэдэзма эгч “Манай хотуудад Сүнс хэрэгтэй байгаа ба ариун сүмтэй болсон нь үүнд тусалж байна. Бидэнд асуудал тулгарсан болон уйтгар гунигтай байгаа үед ариун сүм дэргэд байгаа болохоор бид тэндээс амар амгаланг олдог” хэмээн нэмж хэлсэн юм.

Бэрхшээлийг даван туулж байгаа нь

Мексикийн гишүүдэд нийтлэг сорилт, уруу таталтууд тулгардаг ч тэд өөрсдийгөө болон гэгээнтэн нөхдөө хайрт Эцэгийн хүүхдүүд гэдгийг мэддэг учраас эдийн засаг, нийгмийн байдал нь тэдний хувьд бие биедээ хэрхэн хандахад нөлөөлөх гол хүчин зүйл биш ажээ.

Мэндэзийн гэр бүл өмнөд Мексикийн Оаксака хотын ойролцоох уулын нэгэн жижигхэн хотод амьдардаг. Тэд “Цаг хугацаа, санхүү болон алс холын зай зэрэг сорилт бэрхшээлүүд байдаг ч Аврагч биднээс хийхийг хүсдэг зүйлсийг хийх хүсэлтэй байх нь аливаа саад бэрхшээлийг даван туулах чин хүсэл эрмэлзлийг бидэнд төрүүлдэг” гэцгээлээ.

15 настай Гонзало Мэндэз “Та аюултай газарт амьдардаг бол уруу таталтууд үнэхээр хэцүү байж болно, гэвч бид залбирлын тусламжтайгаар дэлхийн уруу таталтуудад автагдахгүй байж, илүү сайхан амьдралын замыг гэрчлэгчид болж чадна” гэж хэлэв.

Ирээдүйг харахуй

Сайн мэдээ Мексикт хүрээд удаж байгаа ч сүм дөнгөж хөгжиж байгаа бүс нутгууд байсаар байна. Оаксака хотын дэргэдэх нэгэн жижигхэн хотод 15 настай Жэйм Круз болон түүний гэрийнхнээс өөр сүмийн нэг ч гишүүн байдаггүй ажээ. Тэр найз Гонзалогийнхаа хамт долоо хоногийн турш гэрээр судлах семинарт суралцдаг байна. Тэд бямба гараг бүр тойргийнхоо бусад өсвөр насныхантай хамт семинарын хичээлд суухын тулд хамгийн ойрхон цуглааны байр хүртэл автобусаар хоёр цаг явдаг ажээ. Жэйм семинараас сурсан зүйлээ сургууль дээрээ ангийнхантайгаа хуваалцаж, тэдний асуултуудад хариулдаг гэнэ. Жэймийн дүү Алэкс сүмдээ дикон бөгөөд найз нарынхаа дунд удирдагч ажээ. Алэкс тэднээс хараал хэлэхгүй байх, зохисгүй хувцас өмсөхгүй байхыг хүсэхэд найз нар нь түүний үгийг сонсдог гэж хэллээ. Санваар атгах нь нэр төр болон үүрэг хариуцлага гэдгийг Жэйм, Алэкс хоёр мэддэг ажээ. “Бусдад үйлчилж, сайн мэдээг номлох замаар Бурханы нэрийг алдаршуулахын тулд санваарыг залуу эрэгтэйчүүдэд олгодгийг би мэднэ” гэж Жэйм хэлэв.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн саяхан Мексикт айлчлах үеэрээ Канкун хотын гурван гадасны өсвөр үеийнхэнтэй уулзжээ. Өсвөр үеийнхэнтэй хамт байсан үеийнхээ тухай тэрээр: “Тэдний нүдэнд гэрэл, нүүрэнд нь найдвар болон хүсэл мөрөөдөл байгааг бид олж харсан. Мексикийн ирээдүй ямар сайхан байх болоо? хэмээн би удтал бодож билээ” гэж ярьжээ.16

Эшлэлүүд

  1. Хэнри A.Смит, “200 Lamanites Gather in History-Making Conference, Temple Sessions,” Church News, 1945 оны 11-р сарын 10, 8-р хуудас.

  2. Moзэс Тэтчэр, Moses Thatcher Journal, 1866–1868, 54-р хуудас.

  3. Британи A.Чэпмэн ба Бага Ричард Э.Төрли , Women of Faith in the Latter Days, боть1, 1775–1820, 461–470-р хуудсууд.

  4. Oорсон Скотт Кард, “It’s a Young Church in … Mexico,” Ensign, 1977 оны 2-р сар, 17–24-р хуудсуудыг үзнэ үү.

  5. Көрк Хэнриксэн, “Mexican Mormon Pioneers (Мексикийн Мормон анхдагчид),” Мексикийн Мехико хотын ариун сүмийн зочдын төвд 2010 онд гаргасан үзэсгэлэн.

  6. Гэрри Р.Флэйк, “Mormons in Mexico: The First 96 Years,” Ensign,1972 оны 9-р сар, 20–21-р хуудсуудыг үзнэ үү.

  7. Ф. ЛаМонд Тюллис, “A Shepherd to Mexico’s Saints: Arwell L.Pierce and the Third Convention,” BYU Studies боть37, 1 (1997): 127–151-р хуудсууд.

  8. Эдуардо Балдэрас, “Northward to Mesa,” Ensign, 1972 оны 9-р сар, 30-р хуудсыг үзнэ үү.

  9. Эдуардо Балдэрас, “Northward to Mesa,” 30–31-р хуудсуудыг үзнэ үү.

  10. “The Church Moves On,” Improvement Era, July 1946 оны 7-р сар, 446; Жон Д.Гилэс, “Father Lehi’s Children,” Improvement Era, 1946 оны 9-р сар, 556-р хуудсыг үзнэ үү.

  11. Иосеф Вокер, “Missionary surge prompts LDS Church to open new MTC in Mexico,” Deseret News, 30, 2013 оны 1-р сарын 30, www.deseretnews.com-ыг үзнэ үү.

  12. Энэхүү эшлэл болон Мексик дэх сүмийн одоогийн гишүүдийн дараах эшлэлүүдийг 2013 оны 2-р сарын 7-нд зохиогчтой хийсэн ярилцлагаас авчээ.

  13. Жэй M.Тодд, “The Remarkable Mexico City Area Conference,” Ensign, 1972 оны 11-р сар, 88-р хуудас.

  14. Элинор Нөвэлс, Ховард В.Хантэр (1994), 202-р хуудсыг үзнэ үү.

  15. Дoн Л.Сөөрл, “One Million in Mexico,” Ensign, 2004 оны 7-р сар, 34-р хуудас; Кристин Mайнэр, “The Church in Oaxaca, Mexico,” Ensign, 2001 оны 4-р сар, 78-р хуудсыг үзнэ үү.

  16. 2012 оны 4-р сард дуу бичлэгийн албанд хийсэн ярилцлагаас.

  17. Рэй Л.Пратт, The Young Woman’s Journal, боть25, дугаар 9 (1914), 539-р хуудас.

  18. 2013 оны 4-р сарын 5-нд зохиогчтой хийсэн ярилцлагаас.

  19. “Agricol Lozano Herrera: Mexican Mormon Church Leader,” http://mittromneymormon.net/meet-some-mormons-2/meet-some-mormons-2/agricol-lozano-herrera-mexican-mormon-church-leader-ийг үзнэ үү.

Мексик дэх сүмийн өсөлт

1901 он: 3 000

1945 он: 5 099

1954 он: 9 210

1965 он: 44 473

1975 он: 141 768

1985 он: 304 915

1995 он: 727 410

2005 он: 1 043 718

2013 он: 1 331 946*

*2013 оны 6-р сарын байдлаар

Ерөнхийлөгч Жорж Альбэрт Смит Мексикт айлчлан, Гуравдугаар конвенцэд хандаж, гишүүдийг нэгтгэхэд тусалжээ.

Анхны гишүүд сайн мэдээний төлөө агуу золиослолууд хийдэг байлаа.

Мексикийн гишүүд нийгмийн үйлчлэлийн төслүүдэд оролцдог.Эдгээр гишүүд 2007 онд мод тарихад тусалжээ.

Оаксака дахь семинарын суралцагчид хамт байхдаа их дуртай.

Гэрэл зураг чимэглэлийг Израйл Гүтиррэз; оруулга, дээрээс: гэрэл зургийг Крэйг Даймонд; гэрэл зургийг © Getty Images; гэрэл зургийг Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв; гэрэл зургийг Сэлли Жонсон Өүдкөрк; гэрэл зураг чимэглэлийг Вэлдэн К.Андэрсэн

Тэмдэглэснээс бусад гэрэл зургуудыг Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; Бүхээгтэй тэргүүд, Гэри Л.Капп; Бэнито Хуарэзын хөшөөний гэрэл зургийг Сэлли Жонсон Өүдкөрк

Тэмдэглэснээс бусад гэрэл зургуудыг Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; Хосе Мораз Сэндовэлийн авсан үйлчлэлийн төслийн гэрэл зураг; хуулбар хийж болохгүй; ваарны гэрэл зургийг iStockphoto/Thinkstock

Зүүн талд: гэрэл зураг чимэглэлийг Вэлдэн К.Андэрсэн, Крэйг Даймонд, Израйл Гүтиэррэз нар; Мексикийн сүмийн түүхэн дэх чухал онууд: гэрэл зургийг Сүмийн түүхийн номын сангийн зөвшөөрлөөр нийтлэв; © IRI-ийн гэрэл зургууд; дээд талд: iStockphoto/Thinkstock-ийн график зураг; доод ТАЛД: DAPHNE JUNCO MENDEZ-ЭЭС АВСАН ГЭРЭЛ ЗУРАГ