2014
Мама Сифай ариун сүм рүү аялсан нь
2014 оны нэгдүгээр сар


Мама Сифай ариун сүм рүү аялсан нь

АНУ, Юта, Бэтти Вэнтүра

1940-өөд оны үед намайг Мексикийн номлолын оффист байхад Мехико хотоос зүүн өмнө зүгт 70 км-т оршдог, Попокэтэпэтл идэвхтэй галт уулын бэлд байдаг Озумба хэмээх жижигхэн хотоос нэг эгч хүрч ирэв. Бид бүгд түүнийг таньдаг байв. Нэрийг нь Мама Сифай гэнэ.

Тэр шавар болон сүрлээр хийсэн жижигхэн тоосгон байшиндаа бүрэн цагийн номлогчдод зориулан өрөө гаргасан бөгөөд тэд тэнд амьдардаг байжээ. 1 метр 50 см ч хүрэхгүй өндөртэй Мама Сифай Озумбагийн эргэн тойрон дахь жижигхэн хотуудын зах дээр жимс зарж, амь зуудаг байв. Хот бүрийн захын ажилладаг өдөр өөр байсан учраас тэр өдөр бүр өөр зах дээр жимс зарахаар явдаг байлаа.

Мама Сифай тэр өдөр гурилын том шуудай барьсаар номлолын оффис дээр хүрч ирэв. Шуудай нь олон жилийн туршид түүний хадгалсан хагас песогийн мөнгөн зоос тостоноор дүүрэн байлаа. Зарим зоос нь 1884-1911 онуудад Мексикийг удирдаж байсан Порфирио Диазын үеийнх байв. Мама Сифай шуудайтай мөнгөө Озумбагаас номлолын гэрт автобусаар авчирсан ажээ. Тэр хувийн хишгээ хүртэхээр Солт Лэйкийн ариун сүм рүү явахын тулд олон жилийн турш мөнгө хадгалсан юм гэж ерөнхийлөгч Арвэлл Л.Пийрсэд хэлжээ.

Түүнд ариун сүм явахыг нь зөвшөөрч, нэг номлогч чемоданаа түүнд зээлдүүлэхэд бид түүнийг галт тэргэнд суулгаж өгч билээ. Ерөнхийлөгч Пийрс Техасын Эл Пасод байдаг хэн нэгэн рүү утасдаж, Нэгдсэн Улсын хил дээр Мама Сифайг тосч, Солт Лэйк рүү явдаг автобусанд суулгаж өгөхийг хүсчээ. Солт Лэйк хот дахь испани хэлээр ярьдаг салбарын гишүүд түүнийг автобусны буудал дээр тосч, байранд оруулан, ариун сүм дээр түүнд тусалжээ.

Мама Сифай хэдэн долоо хоногийн дараа Мехико хотод эргэн ирж, тэндээсээ Озумба дахь гэртээ иржээ. Тэр урт аян замаа эсэн мэнд туулан, гэртээ ирээд зах дээр жимс зарах ажилдаа дахин орсон гэнэ.

Мама Сифай англиар ярьдаггүй байсан учраас Эл Пасогоос Солт Лэйк хот хүртэл автобусаар хэд хоног явах үедээ яаж хоолоо авч идэж байсныг нь бид асуулаа. Тэр нэг хүнээр “алимтай бялуу” гэж англиар яаж хэлдгийг заалгаж аваад зорчигчдоо хооллохоор автобусыг зогсох бүрд алимтай бялуу захиалдаг байсан гэнэ.

Тэр англиар ердөө энэ хоёр үгийг л мэддэг учраас улсын ихэнх нутгийг дайрсан энэ аялалынхаа ирж, очих хоёр талд зөвхөн алимтай бялуу л идэж явжээ. Гэвч Мама Сифай үүндээ огт сэтгэл дундуур байсангүй. Харин ч тэр ариун сүмийн туршлагаасаа царай нь гэрэлтэн, баяртайгаар эргэж иржээ.