2014
Тэвчээртэйгээр даван туулах нь
2014 оны нэгдүгээр сар


Тэвчээртэй даван туулах нь

2012 оны 10-р сарын 30-нд Хавай дахь БЯИС дээр болсон онцгой цугларалт дээрх “That’s Life (Энэ бол амьдрал)” хэлсэн үгээс авав. Англи хэл дээрх бүрэн эхийг devotional.byuh.edu/archive-аас үзнэ үү.

Бид үргэлж итгэлтэй байх болно гэж Их Эзэнд амласнаар л Тэрээр бидний сорилт бэрхшээлүүдийг зайлуулчих байх хэмээн хүсэн хүлээх ёсгүй. Харин бид үүний оронд тэвчээртэй даван туулах ёстой, тэгвэл бид адислагдах болно.

Авралын төлөвлөгөө бол гайхамшигтай төлөвлөгөө бөгөөд итгэл найдвар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд маань саад болдог сорилт бэрхшээлүүдийг даван туулах нь энэ төлөвлөгөөний нэг хэсэг юм. Дэлхий дээр амьдрах үед бид бүгдэд хүнд сорилтууд тохиолддог. Зарим нь жижиг, зарим нь том сорилт байдаг.

Хөл хөдөлгөөн ихтэй зам дээр шатахуун дуусвал энэ нь жижиг сорилт байж болох юм. Хайртай нэгнээ алдах, ослоор бэртэж гэмтэх эсвэл гэр бүлд ямар нэг эмгэнэлт явдал тохиолдох зэрэг нь том буюу хүнд сорилт болно. Бид зарим сорилтыг Бурханы эсвэл төрийн хуулиудад дуулгаваргүй байснаар өөр дээрээ авчирдаг. Зарим сорилт нь бидэнд ямар ч шалтгаангүйгээр ирдэг. Бидний ихэнхэд амьдралын “азгүй явдал” хэмээн нэрлэгддэг зүйлс тохиолдож байсан гэж би боддог. Ямар нэгэн тоглоом тоглож үзсэн хэнд ч гэсэн азгүйтэл тохиолддогийг бараг бүх хүмүүс мэднэ. Тийм азгүйтэл тоглоомын нэг л хэсэг байдаг. Азгүйтлийн хэмжээг эсвэл хэр олон удаа давтагдахыг урьдчилан таах аргагүй юм.

Азгүйтэл бол амьдралын нэг хэсэг гэдгийг сайн тоглогч мэддэг бөгөөд итгэл ба зоригтойгоор үргэлжлүүлэн амьдрахыг хичээдэг. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрах хүсэлдээ үнэнч хэвээр байхын тулд саад бэрхшээлүүд дээр ажиллах аргыг олж, амьдралд чухам юу хамгийн чухал вэ гэдгийг нээж олох ёстой.

Зогсолтгүй сэлээд бай

Цорын ганц охин Линзигээ бага байхад бид хоёр хамтдаа кино үзэх дуртай байж билээ. Бидний үзэх дуртай бөгөөд олон дахин хамт үзсэн хүүхэлдэйн кино бол Нэмогийн эрэлд байсан юм. Уг кинонд Нэмо усан доогуур шумбагчид баригдаж, шүдний эмчийн ажлын өрөөний загасны аквариумд орчихдог. Түүний аав Марлин Нэмог олохоор шийджээ. Марлин аялалынхаа үеэр Дори гэгч загастай танилцав. Тэд Нэмог хайх үедээ саад бэрхшээлтэй удаа дараа тулгарч байв. Саад бэрхшээл нь том ч бай, жижиг ч бай ялгаагүй, Дори Марлинд “Зогсолтгүй сэлээд бай” гэж захидаг байлаа.

Хэдэн жилийн дараа Линзи маань Чилийн Сантьяго дахь номлолд үйлчилсэн юм. Номлол мэдээж, хүнд байлаа. Урам хугарах явдал ч олон байв. Би долоо хоног бүрийн сүүлчээр түүнд илгээдэг имэйлдээ “Зогсолтгүй сэлээд бай. Хайртай шүү, аав нь” гэж бичдэг байв.

Мөн Линзи хоёр дахь жирэмслэлтийнхээ үеэр хэвлийдээ тээсэн хүүхэд нь зүрхэндээ цоорхойтой бөгөөд төрөлхийн оюуны хомсдлын шинж тэмдэгтэй болохыг мэдсэн юм. Ийм хүнд үед нь би түүнд илгээсэн имэйлүүдээ “Зогсолтгүй сэлээд бай” гэсэн үгээр төгсгөдөг байлаа.

Бидний хүн нэг бүрийн амьдралд саад бэрхшээлүүд тохиолддог ч тэдгээрийг даван туулж, зорилгодоо хүрэхээр зогсолтгүй сэлэх ёстой.

Миний дуртай судруудын нэг бол Сургаал ба Гэрээний 121-р хэсэг юм. Энэ бол бошиглогч Иосеф Смит гүн гуниг цөхрөлд эхэлсэн ч селестиел алдар суугийн оргилд хүрсэн судрын гайхамшигтай хэсэг билээ. Сургаал ба Гэрээний 122, 123-р хэсгүүд бол сүмд хандан бичсэн Иосефын захидал байдаг. Бид эдгээр агуу илчлэлтүүдийг илүү сайн ойлгохын тулд эдгээрийг тухайн үеийн нөхцөлд нь авч үзэх ёстой.

Иосеф цөөн хэдэн дагалдагчийнхаа хамт 1838 оны 12-р сараас 1839 оны 4-р сар хүртэл Миссурийн Либэрти шоронд хоригдож байсан билээ. Шорон халаалтгүй байсан ба дөнгөж амь зогоох төдий хоол өгдөг байлаа. Тэд заваан шалтай, хүн босоогоороо зогсох боломжгүй намхан таазтай, газар доорх гянданд хоригдож байв. Энэ үед гэгээнтнүүд мөн гэр орноосоо хөөгдөж байлаа. Энэхүү үймээн самууны үед мужийн захирагч Лилбурн В.Боггс гэгээнтнүүдийг хүйс тэмтрэн, устгах шившигт тушаал гаргасан юм.

Иосеф “Ай Бурхан минь, та хаана байна вэ, мөн таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?” хэмээн асуусан билээ (С ба Г 121:1). Энэ бол Бурхан Эцэг, Есүс Христ, Моронай, Иохан Баптист, Петр, Иаков, Иохан болон бусад тэнгэрлэг элчүүд зочлон ирсэн тэр Иосеф Смит юм. Иосеф эхний шүлгүүдэд тавьсан асуултуудынхаа дараа гуниг цөхрөлөө илэрхийлж,

“Уур тань бидний дайснуудын эсрэг дүрэлзэг; мөн зүрх сэтгэлийнхээ догшин хилэнд бидний эсрэг үйлдсэн буруугийн төлөө өс хонзонг маань илдээрээ аваач.

“Ай, бидний Бурхан Та зовсон гэгээнтнүүдээ санаач; мөн таны үйлчлэгчид нэрэнд тань үүрд баясах болно” (5–6-р шүлгүүд) гэжээ.

Их Эзэн Иосефын зүрх сэтгэлийн үгсийн хариуд “Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно” (7-р шүлэг) гэсэн билээ.

Тэгээд Тэрбээр Иосефт “Мөн тэгээд, хэрэв чи үүнийг дажгүй давбал Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно” (8-р шүлэг) хэмээн гайхалтай нэгэн зарчмыг заасан юм.

Энэ захиасын утга шууд шулуун бөгөөд тод томруун юм. Бид үргэлж итгэлтэй байх болно гэж Их Эзэнд амласнаар л Тэрээр бидний сорилт бэрхшээлүүдийг зайлуулчих байх хэмээн хүсэн хүлээх ёсгүй. Үүний оронд бид тэвчээртэйгээр даван туулах ёстой, тэгвэл бид адислагдах болно. Энэ бол бид бүгдийн хувьд амьдралын гайхамшигтай сургамж юм.

Их Эзэн 10-р шүлэгт Иосефт хандан, “Чи Иов шиг хараахан биш байгаа шүү дээ, тэд Иовт үйлдсэн шиг найз нар чинь чиний эсрэг тэмцээгүй, мөн чамд зөрчлийг тохсонгүй” гэжээ. Иов хэчнээн их зовсон ч “Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?” хэмээн хэлснийг бид мэднэ (С ба Г 122:8).

122-р хэсэг бол 121-р хэсгийн нэмэлт юм. Би энэ хэсгийг хэрэв гэсэн нөхцөлтэй хэсэг гэж нэрлэдэг. Хэрэв гэдэг үг энд 15 удаа давтагддаг. Жишээ нь, 5-р шүлэгт “Хэрэв чи гай зовлон дундуур туулахаар дуудагдсан аваас; хэрэв чи хуурамч ах дүүсийн дунд зовлон зүдгүүрүүдэд байгаа аваас; хэрэв чи дээрэмчдийн дунд зовлон зүдгүүрүүдэд байгаа аваас; хэрэв чи газраар эсвээс далайгаар зовлон зүдгүүрүүдэд байгаа аваас” (С ба Г 122:5; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэжээ.

Хэрэв бид дээрх сорилтуудыг өнөөгийн дэлхийд бидэнд тулгардаг сорилтуудаар орлуулбал хэрэв манай гэр бүлд үхэл хагацал тохиолдсон бол, хэрэв миний найз залуу эсвэл найз охин маань намайг хаясан бол, хэрэв надад санхүүгийн хүндрэл тохиолдсон бол, хэрэв би илүү ухаалаг байсан бол гэх зэрэг сорилтуудад суралцаж чадна.

Их Эзэн эдгээр олон хэрэв-ийн дараа “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно гэдгийг чи мэдэгтүн, хүү минь” (7-р шүлэг) гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, амьдралд тохиолддог сорилтууд эцсийн дүндээ бидэнд тустай хийгээд тун чухал зүйл байдаг.

“Тиймийн тул, эрхэм хайрт ах дүүс минь, өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид бат итгэлтэйгээр бат зогсож, Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно” (С ба Г 123:17) хэмээн бошиглогч бичжээ.

Амьдрал саад бэрхшээлээр дүүрэн бөгөөд зарим нь дааж давшгүй мэт санагдаж болно. Бид тэдгээр саад бэрхшээлүүдийг итгэлтэй мөн зоригтой даван туулах ёстой.Ингэснээр бид эцэст нь Бурханд эргэн очиж, Түүнтэй үүрд хамт амьдрах болно.

Аврагчийн үлгэр жишээ

Бидэнд байдаг тэсвэр тэвчээрийн хамгийн агуу үлгэр жишээ бол Аврагчийн амьдрал юм. Цагаатгал нь бүх зүйлээс доогуурт бууж ирэн, бидний төлөө төгс амьдралаа золиослохыг Түүнээс шаардсан билээ. Тэрбээр бүх зүйлээс доогуурт бууж ирэн, хүмүүний амьдралын бүхий л зовлон зүдгүүр болон нүглүүдийн төлөө зовж, шаналснаа “бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн” (С ба Г 19:18) юм хэмээн дүрсэлжээ.

Есүс өөрөөс нь юу шаардагдаж байсныг мэдэж байсан бөгөөд энэ тухайгаа нэн хүмүүний байдлаар “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Maтай 26:39) хэмээн хүссэн юм. Гэсэн ч Тэр Эцэгийнхээ хүслийг биелүүлж, бүх зүйлийг хүлцэн тэвчихэд бэлэн байлаа.

Бидний ямар хүмүүс болох нь бүгдийг өөрчилдөг

Өнөөдөр миний эзэмшиж байгаа компанийг аав минь 60-аад жилийн өмнө үндэслэн байгуулсан юм. Аав минь 1980 онд өөд болохдоо 30 настай залуу намайг компанийн удирдагч болгон үлдээсэн билээ.

Эхний жилүүдэд хөл дээрээ бат бөх зогсож чадаагүй бизнесийнхээ ирээдүйд нөлөөлөх шийдвэрүүд гаргахыг нөхцөл байдал надаас шаарддаг байлаа. Би аавынхаа нэгэн адил шаргуу ажиллаж, хийх зүйлээ мэдэхийг хичээн, их цаг хугацааг залбиралд зориулдаг байв. Тэр бүх шийдвэрүүдэд би тайвшруулагч нөлөөг эсвээс аль нэг арга замын тухай удирдамжийг огт мэдэрдэггүй байлаа. Би хамгийн сайн гэж бодсон зүйлээ л хийж, үүнийгээ тууштай үргэлжлүүлдэг байсан юм. Гэвч би өөрийн үйлдлүүдэд ямар ч баталгаа хүлээн авдаггүй байсандаа урам хугардаг байв.

Нэг шөнө би аавыгаа зүүдлэв. Би аавыгаа хийх ёстой зүйлээ мэдэхэд минь надад тусалдаггүй байсных нь төлөө зэмлэж байх юм. Аав миний нөхцөл байдлыг сайн мэдэж байсан ч тэрээр байгаа газраа завгүй байсан бөгөөд хуучин бизнес нь түүнд тийм ч чухал биш гэж хэллээ. “Крис, бид бизнесийн талаар үнэхээр санаа зовох хэрэггүй.” “Бидний хамгийн их санаа тавих ёстой зүйл бол чи бизнесийнхээ үр дүнд ямар хүн болох нь л юм шүү дээ” гэж аав хэлэв.

Энэ бол миний хувьд хэзээ ч мартахааргүй чухал сургамж байлаа. Амьдралдаа бидний хүлээн авдаг зүйлс ялихгүй байлаа ч гэсэн, бид амьдралд ямар хүмүүс болох нь л бүхнийг өөрчилдөг юм.

Бид заримдаа мөнх бус байдлын өмнөх амьдралд Аврагчтай хамт Эцэгээс бидэнд соёрхсон ёс суртахууны сонгох эрхийн төлөвлөгөөг хамгаалан, тулалдсанаа мартдаг. Бид тэр тулалдаанд ялсан шүү дээ! Люсифер болон түүний дагалдагчид тэнгэрээс хөөгдсөн. Харин бид энэ дэлхийд амьдрах боломжийг хүлээн авсан ба үүний төлөө бид тулалдсан билээ. Эцэгийн төлөвлөгөөнд Цагаатгал багтдаг.Бидний хийх зүйл бол тулгарсан сорилт, бэрхшээлүүдийг тэвчээртэйгээр даван туулах явдал юм. Ингэсэн тохиолдолд Цагаатгал бидний амьдралд утга учраа олж, “үхэшгүй байдал ба мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) Их Эзэний ажил болон алдар сууг бид биелүүлж чадна.

Есүс бол Христ гэдгийг би гэрчилж байна. Тэр бол дэлхийн Аврагч. Тэр бол энх амгалангийн Ханхүү бөгөөд Эцэгийн өмнө бидний өмгөөлөгч билээ. Тэнгэрлэг Эцэг биднийг нэрээр нь мэддэг бөгөөд бидний төгс бишийг үл харгалзан биднийг хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Хэрэв бид итгэлтэй байж, эцсээ хүртэл тэвчвэл Тэрбээр бидэнд зориулж, байр бэлтгэх болно гэдгийг би гэрчилж байна.

Photodisc/Thinkstock-ийн зургууд