Ерөнхий чуулган
“Миний баясал шиг ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ”
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


“Миний баясал шиг ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ”

Өдөр бүр наманчилж, Есүс Христэд ирэх нь бидний төсөөлж чадахаас ч илүү баяр баясгаланг авчирдаг арга зам юм.

Аврагч мөнх бус тохинууллынхаа үеэр Бурханы бүх хүүхдэд, ялангуяа зовж шаналсан мөн Түүнд итгэхээ больсон хүмүүст агуу их хайраар ханддаг байв. Фарисайчууд Есүсийг нүгэлтнүүдтэй нөхөрлөж, тэдэнтэй хамт хооллодог гэж шүүмжилсний хариуд Тэрээр бидний мэдэх гурван сургаалт зүйрлэлийг заажээ.1 Эдгээр сургаалт зүйрлэл бүрд Тэрээр төөрсөн хүмүүсийг хайж олохын чухлыг мөн тэднийг буцаж ирэхэд мэдэрдэг баяр баясгаланг онцолсон. Тэрээр алдагдсан хонины сургаалт зүйрлэлдээ “гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно”2 хэмээн айлджээ.

Өнөөдөр миний хүсэл бол баяр баясгалан, наманчлал хоёрын холбоо хамаарлыг хүчирхэгжүүлэх явдал юм. Ялангуяа наманчлах үед ирдэг баяр баясгалан, Христэд ирж, Түүний цагаатгагч золиослолыг амьдралдаа хэрэгжүүлэхэд бусдыг урихаас ирдэг баяр хөөрт мэдрэмжийн талаар ярихыг хүсэж байна.

Бид баясгалантай байж болохын тул байх бөлгөө

Сударт баяр баясгалан гэдэг үг нь сэтгэл хангалуун түрхэн зуур өнгөрөх хэдэн хормоос, бүр аз жаргалын мэдрэмжээс хавьгүй илүү гүн гүнзгий утгатай байдаг. Энэ жишээн дээрх баяр баясгалан гэдэг нь Бурханы оршихуйд амьдрахаар буцаж очиход бидэнд бүрэн өгөгдөх бурханлаг мөн чанар юм.3 Энэ нь дэлхийн ямар ч таашаал, тайтгарлаас илүү гүн гүнзгий хийгээд өргөн дэмжих, тэвчих, амьдралыг өөрчлөх чадвартай.

Бид баяр баясгалантай байхаар бүтээгдсэн. Энэ бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бидэнд төлөвлөгдсөн хувь тавилан юм. Тэрээр баяр баясгалангаа бидэнтэй хуваалцахыг хүсдэг. Бидний хүн нэг бүрд зориулсан Бурханы төлөвлөгөө бол бид “баясгалантай байж болохын тул”4 гэдгийг бошиглогч Лихай заасан. Бид унасан дэлхийд амьдардаг учраас байнгын эсвэл үүрдийн баяр баясгалан нь ихэнхдээ боломжгүй юм шиг санагддаг. Гэсэн ч дараагийн шүлэгт нь Лихай үргэлжлүүлэн тайлбарлахдаа: “[биднийг] уналтаас гэтэлгэ[хийн] тулд, Мессиа … [ирсэн]”5 гэжээ. Аврагч Есүс Христээр дамжин ирэх гэтэлгэл нь баяр баясгаланг боломжтой болгодог.

Сайн мэдээний захиас нь найдварын болон “үлэмж баярлуулах сайхан мэдээ”6-ний захиас бөгөөд бүх хүн энэ амьдралд амар амгалан, баяр баясгаланг мэдэрч, ирэх амьдралд баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авах арга зам юм.7

Бидний ярьдаг баяр баясгалан бол итгэлтэй хүмүүст зориулсан бэлэг мөн хэдий ч үнэ цэнээр ирдэг. Баяр баясгаланг хялбар эсвэл хямд аргаар олж авах боломжгүй. Харин үүнийг “[Есүс] Христийн үнэт цусаар худалдаж авсан юм.”8 Хэрэв бид бурханлаг жинхэнэ баяр хөөрийн үнэ цэнийг үнэхээр ойлгосон бол түүнийг авахын тулд дэлхийн ямар ч эд хөрөнгөө золиослохдоо эсвэл амьдралдаа шаардлагатай өөрчлөлтийг хийхдээ эргэлзэхгүй байх байсан.

Үүнийг Мормоны Ном дахь хүчирхэг хэдий ч даруухан нэг хаан ойлгосон байдаг. “Энэ ёс бусын сүнсийг цээжнээсээ үндсээр нь сугалуулан, мөн Бурханаар төрж болохын тулд, мөн түүний Сүнсийг хүлээн авч, баяслаар дүүргэгдэж болохын тулд … би юу хийх билээ? Болгоогтун, тэр хэлэв, би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би өөрийн эзэмшдэг бүгдийг өгөх болно, тийм ээ, би хаант улсаа орхих болно”9 гэж тэр хэлэв.

Хааны асуултад номлогч Аарон, “Хэрэв та энэ зүйлийг хүсвэл, … Бурханы өмнө доош бөхийж … [мөн] бүх нүглүүдээ наманчил”10 гэж хариулжээ. Наманчлал нь баяр баясгалан руу хөтлөх зам.11 Учир нь наманчлал Аврагч Есүс Христ рүү хөтөлдөг зам юм.12

Баяр баясгалан чин сэтгэлийн наманчлалаар ирдэг

Зарим хүн наманчлалыг баяр баясгалан руу хөтлөх зам гэдэгт итгэдэггүй байж болох юм. Наманчлал нь заримдаа зовлонтой, хэцүү байж болно. Үүнд бидний зарим бодол, үйлдэл, тэр ч байтугай бидний итгэл үнэмшил хүртэл буруу байсныг хүлээн зөвшөөрөх шаардлага гардаг. Наманчлал заримдаа таагүй санагдмаар өөрчлөлт хийхийг ч шаардах нь бий. Гэхдээ баяр баясгалан, тайтгарал нь ондоо зүйл юм. Нүгэл, үүний дотор бардам байдал бидний баяр баясгаланг хязгаарладаг.

Дууллын зохиогчийн хэлснээр “Шөнөд уйлаан байж болох ч, Өглөөд баярын уухай ирдэг”.13 Бид нүглээ наманчлах үедээ үүний дараа ирэх агуу баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Шөнө хэдий урт санагдав ч өглөө ирдэг. Аврагчийн Цагаатгал биднийг нүгэл, шаналлаас чөлөөлөх үед бидний мэдэрдэг амгалан байдал, гэрэлт баяр баясгалан хэчнээн хурц гээч.

Ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ

Мормоны Ном дахь Алмагийн туршлагыг бодоод үзээрэй. Тэрээр гэм нүглийнхээ улмаас “мөнхийн зовлонд тамлагдаж”, бодгаль нь “тарчлагдсан” юм. Гэвч тэрбээр Аврагчаас нигүүлслийг гуймагц “өвчнөө цаашид санаж чадсангүй.”14

Тэр хэлэхдээ “Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, … миний баясал шиг ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ”15 гэжээ.

Наманчлаад, Есүс Христэд ирдэг хүмүүс ийм төрлийн баяр баясгаланг авах боломжтой.16 Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон:

“Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг. …

Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!”17 хэмээн заасан.

Наманчлал нь зүрх сэтгэлийг Ариун Сүнсний нөлөөг хүлээн авахад бэлтгэдэг учраас баяр баясгаланг авчирдаг. Ариун Сүнсээр дүүрнэ гэдэг нь баяр баясгалантай гэсэн үг бөгөөд баяр баясгалантай гэдэг нь Ариун Сүнсээр дүүрэн байна гэсэн үг.18 Өөрсдийн амьдралд Сүнсийг авчрахаар өдөр бүр хичээхэд бидний баяр баясгалан нэмэгддэг. Бошиглогч Мормон “Гэсэн хэдий ч сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, … тэд ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат болж байв”19 хэмээн заасан. Их Эзэн “… оюуныг чинь гэгээрүүлж, сүнсийг чинь баяраар дүүргэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно”20 хэмээн Өөрийг нь дагахыг хичээдэг бүх хүнд амласан.

Бусдад наманчлахад нь туслахын баяр баясгалан

Биднийг чин сэтгэлээсээ наманчлах үед ирдэг баяр баясгаланг мэдэрсний дараа түүнийгээ бусадтай хуваалцах хүсэл цаанаасаа төрдөг. Бусадтай хуваалцахад бидний баяр баясгалан нэмэгддэг. Яг ийм зүйл Алмад тохиолджээ.

“Энэ нь, зарим бодгалиудыг наманчлалд авчрахад Бурханы мутар дахь зэмсэг байж болох нь миний бахархал; мөн энэ нь миний баясал.

Мөн болгоогтун, ах дүүсийн маань олон нь үнэхээр гэмшихийг, мөн Их Эзэн Бурхандаа ирэхийг харахад, бодгаль минь баяслаар дүүрнэм; тэгээд Их Эзэн миний төлөө юу хийснийг санадаг би, … тийм ээ, тэгээд миний зүг сунгасан түүний нигүүлсэнгүй мутрыг санадаг болой би”21 гэж тэрээр хэлжээ.

Бусдад наманчлахад нь туслах нь Аврагчид талархах бидний талархлын илэрхийлэл бөгөөд энэ нь агуу баяр баясгалангийн эх үүсвэр байдаг. Их Эзэн ийн амласан:

“Мөн, хэрэв та нар … мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!

“Мөн эдүгээ … надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”22

Наманчилдаг сүнсэнд түүний баяр хөөр хичнээн агуу их билээ

Биднийг амьдралдаа Аврагчийн цагаатгагч золиосын адислалыг хүлээн авах болгонд Түүний мэдэрдэг баяр баясгаланг төсөөлөн бодох нь надад тустай байдаг.23 Паулын иудейчүүдэд бичсэн захидал дээрх энэ даруухан захиасыг ерөнхийлөгч Нэлсон эш татсан24: “Амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж … Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө … загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.”25 Бид Аврагчийн Гетсемани болон Калвари дахь зовлон, шаналлын талаар их ярьдаг ч Түүний бидний төлөө амиа өргөхдөө хүсэн хүлээж байсан агуу баяр баясгалангийн талаар ярих нь ховор байдаг. Өөртэй нь хамт Бурханы оршихуйд буцаж очихын баяр баясгаланг бидэнд мэдрүүлэхийн тулд Тэр бидний төлөө зовж, шаналсан.

Аврагч эртний Америк хүмүүст заасныхаа дараа,

“Мөн эдүгээ, болгоогтун, та нарын … учир баясал минь агуу байна, бүр дүүртлээ; тийм ээ, мөн түүнчлэн бүх ариун тэнгэр элчүүд … бүр Эцэг ч баясна. …

Мөн [та нарын] улмаас би баяслын дүүрнийг амсах бөлгөө”26 хэмээн агуу их хайраа тэдэнд илэрхийлсэн.

Христ рүү ирж, Түүний баяр баясгаланг хүлээн ав

Ах, эгч нар аа, үгийнхээ төгсгөлд би дотроо нандигнаж явдаг хувийн гэрчлэлээсээ хуваалцъя. Есүс Христ бол дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Бидний хүн нэг бүрийг Тэр хайрладаг гэдгийг би мэднэ. Түүний “ажил мөн [Түүний] алдар суу”27 болох Түүний цорын ганц зорилго бол Түүн дотор баяр баясгаланг бүрэн дүүрэн хүлээн авахад бидэнд туслах явдал юм. Өдөр бүр наманчилж, Есүс Христэд ирэх нь бидний төсөөлж чадахаас ч илүү баяр баясгаланг авчирдаг арга зам гэдгийг би гэрчилж байна.28 Энэ бол дэлхий дээр байгаа бидний зорилго юм. Тийм ч учраас Бурхан аз жаргалын агуу төлөвлөгөөг бидэнд зориулж бэлдсэн. Есүс Христ бол үнэхээр “зам, үнэн, амь”29 бөгөөд “мөн хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах тэнгэрийн дор өгөгдсөн” цорын ганц “нэр юм.”30 Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.