Ерөнхий чуулган
Бүхний Дээд Бурханд Хосанна
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бүхний Дээд Бурханд Хосанна

Есүс Христ Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн болон дараагийнх нь долоо хоногт өрнөсөн үйл явдлууд нь өнөөдөр бидний амьдралдаа хэрэгжүүлж болох сургаалыг үлгэрлэн харуулдаг.

Өнөөдөр бид өмнө нь ярьж байсанчлан, энэхүү Далдуу модны ням гарагт дэлхий даяарх Христэд итгэгчидтэй хамт Есүс Христэд хүндэтгэл үзүүлэхээр нэгдэж байна. Бараг 2,000 жилийн тэртээд Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын сүүлчийн долоо хоног Далдуу модны ням гарагт эхэлсэн юм. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал долоо хоног байв.

Есүсийг Иерусалимд сүр жавхлантай орж ирэхэд, хүмүүс амлагдсан Мессиа хэмээн угтаж авснаар эхэлсэн тэр долоо хоног Түүний цовдлолт болон Амилалтаар төгссөн билээ.1 Тэнгэрлэг загварын дагуу, Түүний мөнх бус амьдрал дахь тохинуулал Түүний цагаатгагч золиосоор өндөрлөж, бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ үүрд мөнх амьдрах боломжийг олгосон.

Уг долоо хоногийн эхэнд “Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс”2-ийг харахаар үй олон хүн хотын дааман хаалганы дэргэд зогсож байсан тухай сударт өгүүлдэг. Тэд “далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.”3

Эрт дээр үеийн библийн энэ түүх надад Гана улсын Такоради руу Сүмийн томилолтоор явсан үеийг минь санагдуулдаг. Гайхалтай нь, би яг Далдуу модны ням гарагт тэнд байж таарсан юм.

Зураг
Гана улсын Такоради дахь цугларагсад

Би Ганын Такоради гадсыг хувааж, Мпинцин гадсыг зохион байгуулахаар тэнд очоод байлаа. Өдгөө Гана улс 100,000 гаруй Сүмийн гишүүнтэй.4 Өнөөдөр энд бидэнтэй хамт буй Гана улсын Аккрагийн эрхэмсэг хаан Ний Такий Тэйко Цуру II-г бид тавтай морилно уу гэж урьж байна. Энэ гэгээнтнүүдтэй уулзахдаа би тэдний Их Эзэнийг хайрлах гүн гүнзгий хайр, итгэл бишрэлийг мэдэрсэн. Би тэдэнд асар их хайртайгаа илэрхийлж, Сүмийн ерөнхийлөгч ч мөн адил тэдэнд хайртай гэдгийг хэлсэн. Мөн би Иоханы гараар бичигдсэн, Аврагчийн “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун”5 гэсэн үгсийг эш татаж ярьсан юм. Тэд чуулганыг “Би танд хайртай”6 гэсэн сэдэвтэй гэж бодоцгоосон байх.

Зураг
Ахлагч Расбанд Гана улсын Такорадид хүмүүстэй гар барьж байгаа нь

Би Сүмд цугларсан тэдгээр эрхэм ах эгч, тэдний гэр бүлийнхнийг тойруулан харахдаа, тэдний царайнаас Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэлийн гэрэл цацарч байхыг олж харсан. Би дэлхий дахиныг хамарсан Түүний Сүмийн нэгэн хэсэг байх гэсэн тэдний хүслийг мэдэрсэн. Бас найрал дуучид яг л тэнгэр элч нар шиг дуулсан юм.

Зураг
Гана улсын Такорадигийн найрал дуу
Зураг
Ахлагч Расбанд Гана улсын гишүүдтэй хамт байгаа нь

Эрт цагийн Далдуу модны ням гарагт, Иерусалимын дааман хаалганы дэргэд гартаа далдуу модны мөчир бариад, “Хосанна! Эзэний нэрээр Ирэгч … ерөөлтэй еэ”7 хэмээн хашхиралдсан Есүс Христийн шавь нар шиг тэд Түүнд хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байв.

Зураг
Ганагийн гишүүд далдуу модны мөчрөөр даллаж байгаа нь

Ойролцоох сүмийн итгэгчид хүртэл Далдуу модны ням гаргийг хүндэтгэж байлаа. Би индэр дээрээс үг хэлж байхдаа, цонхоор тэднийг яг л энэ зураг дээрх шиг далдуу модны мөчрөөр даллан, гудамжаар баяр хөөртэй алхахыг харсан. Тэр өдөр бид бүгдээрээ хаадын Хааныг шүтэн биширч байсан тэрхүү дүр зургийг би хэзээ ч мартахгүй.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд Далдуу модны ням гаргийг “үнэхээр ариун болгохын тулд Иерусалимд Есүсийг орж ирэхэд хүндэтгэн даллаж байсан далдуу модыг бус, харин Түүний гарын алгыг дурсан санах” хэрэгтэй гэж зөвлөсөн. Дараа нь тэрээр “‘Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн’ хэмээх Аврагчийн амлалтыг тунхагласан”8 Исаиагаас эш татсан байдаг.

Их Эзэн мөнх бус амьдрал хэцүү гэдгийг өөрийн биеэр мэдэж авсан. Түүний шарх бидэнд Тэр биднийг зовж шаналахад халамжлахын тулд “бүгдээс доош бууж ирсэн,”9 үлгэр жишээ болохын тулд “зам дээрээ зогссон,”10 Түүний зам дээр “Бурхан [бидэнтэй] үүрд мөн мөнхөд хамт байх болно”11 гэдгийг сануулдаг.

Далдуу модны ням гараг бол зүгээр нэг үйл явдал, огноо, цаг хугацаа, газар бүхий түүхийн нэг хуудас байгаагүй. Есүс Христ Иерусалимд сүр жавхлантай орж ирсэн болон дараагийнх нь долоо хоногт өрнөсөн үйл явдлууд нь өнөөдөр бидний амьдралдаа хэрэгжүүлж болох сургаалыг үлгэрлэн харуулдаг.

Иерусалим дахь сүүлчийн тохинууллаараа заасан Түүний мөнхийн сургаалаас заримыг нь авч үзэцгээе.

Нэгдүгээрт: Бошиглол. Тухайлбал: Хуучин Гэрээний бошиглогч Зехариа Есүс Христийг сүр жавхлантай Иерусалимд орж ирэх тухай бошиглож, Түүнийг илжиг унана гэж хүртэл дүрсэлсэн байдаг.12 Есүс хотод орохоор бэлтгэж байхдаа Өөрийн Амилалтыг ийн зөгнөжээ.

“Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багш нарын гарт Хүний Хүү тушаагдах бөгөөд тэд Түүнийг алахаар яллан,

харийнхны гарт тушааж, доромжлуулж, ташуурдуулж, цовдлуулна. Гурав дахь өдрөө Тэр амилах болно гэлээ.”13

Хоёрдугаарт: Ариун Сүнстэй нөхөрлөх нь. Иосеф Смит “Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч ‘Есүс бол Эзэн’ гэж мэдэж чадахгүй”14 хэмээн заасан. Аврагч шавь нартаа15 Сүүлчийн зоогийн үеэр16 дээд давхрын өрөөнд17 “Би та нарыг өнчрүүлж орхихгүй”18 гэж амлажээ. Тэднийг удирдан чиглүүлэх Ариун Сүнсний бүрэн төгс бэлэгтэй байх учраас тэд сайн мэдээний үнэнийг түгээхээр урагш явахдаа ганцаардахгүй юм. Тэр “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна”19 гэж амласан билээ. Ариун Сүнсний бэлгээр бид үүнтэй адил баталгааг буюу “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж”20 мөн “Ариун Сүнсний хүчээр [бид] бүх зүйлийн үнэнийг мэдэ[х]21 боломжийг хүлээн авдаг.

Гуравдугаарт: Шавь байх. Жинхэнэ шавь байна гэдэг нь цуцашгүй тууштай, мөнхийн хуулиудад дуулгавартай байж, хамгийн эхлээд Бурханыг хайрлах явдал юм. Ямар ч эргэлзээгүй. Далдуу модны мөчрөөр хүндэтгэл үзүүлсэн олон хүн Түүнийг Мессиа хэмээн өргөмжилжээ. Тэр үнэхээр Мессиа байсан. Тэд Түүнд мөн Түүний гайхамшгууд болон сургаалуудад татагдсан. Гэвч олонхынх нь хувьд тэрхүү сайшаал магтаал удаан үргэлжлээгүй. Урьд нь “Хосанна”22 хэмээн хашхирч байсан зарим нь удалгүй нүүр буруулж, “Түүнийг цовдол”23 хэмээн орилж байв.

Дөрөвдүгээрт: Есүс Христийн Цагаатгал.24 Далдуу модны ням гаргийн дараах сүүлчийн өдрүүдээ Тэрээр Гетсеманид зовж шаналснаар эхлүүлсэн бөгөөд доромжлуулан шүүгдэж, загалмай дээр тарчлан зовж, өөр нэгний булшинд оршуулагдсанаар төгсгөл болгосноор гайхамшигт Цагаатгалаа гүйцэлдүүлсэн юм. Гэвч энэ бүхэн үүгээр дуусаагүй. Тэнгэрлэг Эцэгийнхээ бүх хүүхдийн Гэтэлгэгч хэмээх сүр хүчит дуудлагаараа Тэр гурван өдрийн дараа булшнаас гарч ирэн, бошиглосныхоо дагуу амилсан25 билээ.

Бид Есүс Христийн зүйрлэшгүй Цагаатгалд талархсаар байгаа юу? Яг одоо бид түүний цэвэршүүлэгч хүчийг мэдэрч байна уу? Тийм учраас л бидний авралыг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч Есүс Христ бид бүгдийг аврахаар Иерусалим руу явсан. Алмагийн ном дахь “хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу”26 гэсэн үгс дотно санагдаж байна уу? Тэрхүү Далдуу модны ням гарагт Такорадигийн найрал дуучид “гэтэлгэх хайрын дууг” дуулсан гэдгийг би үнэхээр хэлж чадна.

Есүс Христ мөнх бус амьдралынхаа сүүлчийн шийдвэрлэх долоо хоногт арван охины тухай сургаалт зүйрлэл27ийг ярьсан. Үүгээрээ Тэр гартаа далдуу модны мөчир барьсан хүмүүс дээр бус, өөрсдөдөө сайн мэдээний гэрэлтэй, Түүнийг хүлээж авахаар бэлтгэсэн хүмүүс дээр буцаж ирнэ гэж заажээ. Тэрбээр гэрэлтэн асаж буй дэнлүү, галыг ноцоох нөөц тосны дүрслэлийг ашиглан; Түүний замаар явж, Түүний үнэнүүдийг хүлээн авч, Түүний гэрлийг хуваалцах хүсэлтэй хүмүүсийн тухай ярьсан.

Та нар энэ түүхийг мэднэ. Арван охиноор Сүмийн гишүүдийг, сүйт залуугаар Есүс Христийг төлөөлүүлдэг.

Арван охин дэнлүүгээ аваад, “сүйт залууг угтахаар гарсан.”28 Тэдний тав нь ухаалаг бөгөөд дэнлүүгээ нөөц тосны хамт бэлдсэн бол, тав нь мунхаг агаад тосоо нөөцлөөгүйн улмаас дэнлүү нь унтарчээ. “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа”29 хэмээн зарлахад “мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан”30 таван ухаалаг охин “[өөрсдийн] хаан хийгээд [өөрсдийн] хууль тогтоогч”31-ийг хүлээн авахад бэлэн байсан ба “түүний алдар суу тэдний дээр бай[в].32 Харин нөгөө тав нь тос хайн, сандран гүйлдэв. Гэвч нэгэнт оройтсон байлаа. Хурим тэдэнгүйгээр эхлэв. Тэднийг хаалга тогшиж, оруулахыг гуйхад Их Эзэн “Би та нарыг танихгүй”33 гэж хариулжээ.

Хэрэв Тэр бидэнд “Би та нарыг танихгүй!” гэж хэлсэн бол ямар санагдах байсан бэ?

Бидэнд арван охины адил дэнлүү байгаа ч тос бий юү? Ертөнцийн дарамтад зай завсаргүй нухлуулсаар зарим хүн хангалттай бэлдэж амжилгүй, дусал тостой явж байх вий гэж би эмээж байна. Тос нь амьд бошиглогчдод, ялангуяа ерөнхийлөгч Нэлсон болон түүний зөвлөхүүдэд мөн арван хоёр төлөөлөгчийн үгс болон бошиглолд итгэж, үйлдсэнээр ирдэг. Ариун Сүнсийг сонсож, мэдэрч, тэрхүү бурханлаг удирдамжийн дагуу үйлдэх үед маань тос бидний сэтгэлийг дүүргэдэг. Бидний сонголт Их Эзэнийг төдийгүй Түүний хайрладаг зүйлсийг хайрладаг гэдгийг маань харуулах үед бидний зүрх сэтгэлд тос урсан орж ирдэг. Тос нь наманчилснаар, Есүс Христийн Цагаатгалаас ирдэг эдгэрэлтийг эрэлхийлснээр ирдэг.

Хэрэв та нар зарим хүний нэрлэснээр “хүслийн жагсаалт”-аа дүүргэхийг хүсдэг бол үүнийгээ Түүний амьдрал, сургаалын илэрхийлэл болсон Есүс Христийн амийн ус34 хэлбэртэй тосоор дүүргэ. Алс хол газар очиж үзэн, гайхалтай үйл явдалд оролцох нь таны зүрх сэтгэлийг бүрэн дүүргэж, цатгадаггүй бол Есүс Христийн заасан сургаалын дагуу амьдарснаар та нар дээрх мэдрэмжийг авч чадна. Би хэд хэдэн жишээг өмнө нь дурдсан. Бошиглолыг болон бошиглогчдын сургаалыг хүлээн авах, Ариун Сүнсний өдөөлтийн дагуу үйлдэх, жинхэнэ шавь болж, Их Эзэний Цагаатгалаас эдгээх хүчийг эрэлхийлэх. Ийм маягийн хүслийн жагсаалт таныг очихыг хүссэн газарт тань буюу Тэнгэр дэх Эцэгт тань буцаан аваачих болно.

Би үүнийг итгэлтэй ах эгч нартайгаа хуваалцсан учир Такоради дахь Далдуу модны ням гараг миний хувьд маш онцгой үйл явдал байсан юм. Дэлхий даяарх өөр тив, арлууд дээр ч мөн тийм байсан. Яг та нартай адил би бүхий л зүрх сэтгэл, бодгалиараа “Бүхний Дээд Бурханд Хосанна”35 хэмээн хашхирахыг хүсэж байна.

Хэдийгээр бид өнөөдөр Иерусалимын дааман хаалганы дэргэд гартаа далдуу модны мөчир барин зогсоогүй ч “сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан өмсгөлтэй, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ”36 хэмээн Илчлэл номд бошиглосон цаг үе ирэх болно.

Та нарыг зөв шударга амьдрахын төлөө тууштай хичээж, гартаа далдуу модны мөчир барин бид бүхний Агуу Гэтэлгэгч Бурханы Хүүг тунхаглах хүмүүсийн дунд зогсох болтугай хэмээн би Их Эзэний төлөөлөгчийн хувиар адислалаа та нарт үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Сайн мэдээний дөрвөн ном болох Матай 21–28, Марк 11–16, Лук 19-24, Иохан 12–21 нь аврал, өргөмжлөлийн адислалуудыг Бурханы бүх хүүхдэд хүртээхийн тулд тэнгэрлэг загвараар өрнөсөн Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын сүүлчийн өдрүүдийг дүрсэлдэг. Зарим үед төлөөлөгчдийн бичвэр Аврагчийн сургаал, үйлсийн талаарх мэдээллээр бус харин юуг багтааснаараа ялгаатай байв.

  2. Матай 21:10–11-ийг үзнэ үү.

  3. Иохан 12:13

  4. Нарийвчлан гаргасан статистикийн бүртгэлээр Гана улс 102592 гишүүнтэй.

  5. Иохан 15:12

  6. Намайг гишүүдтэй ярилцах бүрд тэд надад “Ахлагч Расбанд аа, бидний хайрт төлөөлөгч өө, би танд хайртай” гэж хэлдэг байв. Тэд Сүнс болон Бурханы хайраар дүүрсэн байсан учир хайрыг хуваалцахдаа гаргууд байлаа.

  7. Maтай 21:9

  8. See Russell M. Nelson, “The Peace and Hope of Easter” (video), Apr. 2021, ChurchofJesusChrist.org/media; Isaiah 49:16.

  9. Сургаал ба Гэрээ 122:8 1838 оны 12-р сард бошиглогч Иосеф цөөн хэдэн Сүмийн удирдагчийн хамт Либерти шоронд шударга бусаар хоригджээ. Тэдний нөхцөл байдал аймшигтай байсан. Хүнд хэцүү нөхцөл байдалд хэдэн сар байсны эцэст тэрээр 1839 оны 3-р сард гишүүдэд хандан захидал бичсэн ба үүндээ Их Эзэнээс түүний нөхцөл байдлыг болон “зовсон гэгээнтнүүдээ” өрөвдөхийг гуйсан залбирлыг багтаажээ. Их Эзэн залбиралд нь хариулсан талаар тэр хуваалцсан ба энэ тухай Сургаал ба Гэрээ 121–23-т цэдэглэсэн юм.

  10. Сургаал ба Гэрээ 122:9 Либерти шоронд хоригдож байсан Иосеф Смитэд Их Эзэний өгсөн урам зориг нь зовлон бэрхшээл, сорилт бол биднийг хүчирхэгжүүлж, тэвчээрт сургаж, өөрсдийгөө хөгжүүлэхэд тусалж чадна гэсэн сүнслэг ойлголт, тайвшралыг авчирсан. Их Эзэн түүнд “зам дээрээ зогс” хэмээн зааварчилсан ба уг зам нь шударга бус хандлагыг бүх зүйлийн доор бууж ирсэн [Бурханы] Хүүгийн тэвчин явсан тэр зам байв. “Чи түүнээс илүү агуу гэж үү?” (Сургаал ба Гэрээ 122:8)

  11. Сургаал ба Гэрээ 122:9 Бурхан “чамтай хамт байх болно гэсэн амлалт нь Их Эзэнд итгэх итгэл, найдвартаа бат зогсдог хүмүүсийн хувьд лавтай амлалт юм.

  12. Зехариа 9:9-ийг үзнэ үү.

  13. Матай 20:18–19 Жэймс Э.Талмэйж Jesus the Christ номдоо: “Арван хоёр Түүний үгийн утгыг ойлгож чадаагүй нь сонирхолтой баримт юм. … Тэдний хувьд хайрт Багшийнх нь хэлсэн үг хэтэрхий авцалдаагүй, ямар ч уялдаагүй, тайлагдашгүй зөрчилдөөнтэй санагдсан байх. Тэд Түүнийг Христ, амьд Бурханы Хүү гэдгийг мэдэж байсан. Гэтэл яаж ийм Нэгэн яллагдаж, алагдсан байх вэ?” гэж бичжээ (Jesus the Christ, -3).

  14. Иосеф Смит 1842 оны 4-р сарын 28-нд Наувугийн Халамжийн нийгэмлэгийн эмэгтэйчүүдэд зориулан энэ мэдэгдлийг гаргасан Deseret News, Sept. 19, 1855, 218. Тэрээр 1 Коринт номын 12-р бүлгийн 3-р шүлэг “Ариун Сүнсээр бус бол хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй” гэснийг тодруулан, “Ариун Сүнсээр бус бол хэн ч “Есүс бол Эзэн” гэж мэдэж чадахгүй” хэмээн засварлажээ. (See The First Fifty Years of Relief Society: Key Documents in Latter-day Saint Women’s History (2016), 2.2, churchhistorianspress.org.)

  15. Есүс Христ Өөрийн шавь нартай Сүүлчийн зоог барьсан (Марк 14:12–18-ыг үзнэ үү). Петр, Андрей, Иаков, Иохан, Матай, Филип, Томас, Бартоломай, Иаков (Алфайн хүү), Искариотын Иудас, Иуда (Иаковын дүү), Симон нар бол Арван хоёр юм (Лук 6:13–16-г үзнэ үү).

  16. Аврагч шавь нартайгаа Сүүлчийн оройн зоог барих үедээ ариун ёслолыг үндэслэсэн (Матай 26:26–29; Марк 14:22–25; Лук 22:19–20-ийг үзнэ үү).

  17. Өдөр эсвэл шөнө “дээд давхрын өрөөнд” Есүсийн зохион байгуулсан ариун ёслолын тодорхой хугацаа Матай, Марк, Лук, Иохан нарын дунд зөрүүтэй бичигдсэн тул үнэндээ маргаантай байдаг. Матай, Марк, Лук нар Сүүлчийн зоогийг “исгээгүй талхны баярын эхний өдөр” буюу Алгасал баярын зоог (Матай 26:17; Марк 14:12; Лук 22:1, 7)-ийн үеэр болсон гэж үздэг. Гэсэн хэдий ч Иохан Есүсийг Алгасал баярын зоогийн өмнө баривчлагдсан гэж үздэг (Иохан 18:28-ыг үзнэ үү) ба түүнийхээр бол Сүүлчийн зоог нь Алгасал баярын зоогоос нэг өдрийн өмнө болсон гэсэн үг юм. Сүмийн сургалтын материалууд болон хожмын үеийн гэгээнтэн судлаачид Есүс загалмайд цовдлогдохынхоо өмнөх орой дээд давхрын өрөөнд шавь нартайгаа Сүүлчийн зоог барьсан гэдэгтэй бараг санал нэгдэж байгаа. Григорийн хуанлийн дагуу, ариун долоо хоногийг тэмдэглэдэг Христэд итгэгчид пүрэв гаргийг Сүүлчийн зоогийн өдөр, баасан гаргийг Цовдлолтын өдөр, ням гаргийг Амилалтын өдөр гэж үздэг.

  18. Иохан 14:18

  19. Иохан 14:27

  20. Сургаал ба Гэрээ 20:77

  21. Моронай 10:5

  22. Библийн толь бичигт “хосанна” гэдэг нь “одоо аврах” гэсэн утгыг агуулдаг. Энэ үгийг Дуулал 118:25-аас авсан. “Энэ дууллын дахилт нь Табэрнаклын баяраар далдуу модны мөчрүүдийг даллах заншилтай холбоотой ба Их Эзэнийг Иерусалимд сүр жавхлантай орж ирэхэд олон түмэн энэ үгийг хэлсэн” (Bible Dictionary, “Hosanna”). Maтай 21:9, 15; Марк 11:9–10, Иохан 12:13-ыг үзнэ үү.

  23. Maрк 15:14; Лук 23:21

  24. Бидний Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний гол хэсэг нь Түүний бүх хүүхдэд үхэшгүй байдлыг төдийгүй энэхүү адислалыг хүлээн авахуйц зохистой хүмүүст зориулсан өргөмжлөлийг боломжтой болгогч хязгааргүй Цагаатгал байсан юм. Мөн Их Эзэн хэлэв: Хэнийг илгээх вэ би? Есүс Христ урагш алхаж, “Би энд байна. Намайг явуулаач” (Абрахам 3:27) гэж хариулжээ. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Есүс Христийн] даалгавар бол Цагаатгал байсан. Цагаатгалыг зөвхөн Тэр л гүйцэтгэж чадах байв. Тэр мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас амиа сайн дураараа өгөөд, буцааж авч чадах цорын ганц нэгэн байсан юм (Иохан 10:14–18-ыг үзнэ үү). Түүний Цагаатгалын гайхамшигтай үр дагаврууд хэмжээлшгүй бөгөөд үүрд мөнхийн юм. Тэрбээр үхлийн зовлонг зайлуулж, үүнээс үүдэлтэй уй гашууг түр зуурын болгосон билээ.(1 Коринт 15:54–55-ыг үзнэ үү). Цагаатгалд гүйцэтгэх түүний үүрэг Бүтээлт болон Уналтаас ч өмнө тодорхой байсан. Энэ нь бүх хүн төрөлхтний амилалт, үхэшгүй байдлыг авчраад зогсохгүй, Түүний тогтоосон нөхцөлүүдийн дагуу нүглүүдээсээ уучлагдах боломжийг бидэнд олгосон юм. Тиймээс Түүний Цагаатгал Түүнтэй болон гэр бүлийнхэнтэйгээ үүрд нэгдэх замыг нээсэн” гэж заажээ (Teachings of Russell M. Nelson [2018], 2013, 20).

  25. Амилалт нь бие махбод болон сүнс үхэшгүй мөнх байдалд дахин нэгдэж, салшгүй болохыг, мөнх бус байдлын эсвэл үхлийн өвчинд харьяалагдахаа болихыг хэлнэ (Алма 11:45; 40:23-ыг үзнэ үү).

  26. Алма 5:26; мөн Алма 5:14-ийг үзнэ үү.

  27. Арван охины тухай сургаалт зүйрлэлийг Матай 25:1–12; Сургаал ба Гэрээ 45:56–59-өөс уншиж болно. Матай 25 орчмын бүлгүүдэд Есүс энэ сургаалт зүйрлэлийг Иерусалимд орж ирснийхээ дараа (Матай 21-р бүлэг), баривчлагдахынхаа буюу Сүүлчийн зоогийн өмнө (Матай 26) ярьсан гэж үздэг. Тэрхүү сүүлийн долоо хоногт өгөгдсөн арван охины тухай сургаалт зүйрлэл дээр нэмээд инжрийн модны сургаалт зүйрлэл (Матай 21:17–21; 24:32–33-ыг үзнэ үү), хоёр хүүгийн тухай сургаалт зүйрлэл (Матай 21:28–32-ыг үзнэ үү), олиггүй түрээслэгчдийн тухай сургаалт зүйрлэл (Матай 21:33–46-г үзнэ үү)-ийг ярьсан.

  28. Maтай 25:1

  29. Maтай 25:6

  30. Сургаал ба Гэрээ 45:57

  31. Сургаал ба Гэрээ 45:59

  32. Сургаал ба Гэрээ 45:59

  33. Maтай 25:12 Уулан дээрх номлолынхоо үеэр Их Эзэн “олон гайхамшгийг үйлд[сэн]” гэж өөрсдийгөө үзсэн хүмүүст таван мунхаг охины адил “Би та нарыг танихгүй”(Матай 7:22–23-ыг үзнэ үү) гэж хэлсэн.

  34. Мөнх бус амьдралд ус амин чухал байдгийн адил мөнх амьдралд Есүс Христ болон Түүний сургаал (амийн ус) амин чухал (Судруудын удирдамж, “Амьд ус,” ChurchofJesusChrist.org мөн Исаиа 12:3; Иеремиа 2:13; Иохан 4:6–15; 7:37; 1 Нифай 11:25; Сургаал ба Гэрээ 10:66; 63:23)-ыг үзнэ үү).

  35. 3 Нифай 4:32

  36. Илчлэл 7:9