Ерөнхий чуулган
Дутуу ургац
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Дутуу ургац

Аврагч бидний даруухан өргөлийг хүлээн авч, Өөрийн ач ивээлээр үүнийг төгс болгоход бэлэн байдаг. Христтэй хамт байхад төгс бус хураалт гэж үгүй.

Би жаахан хүү байхдаа, өөрийн өссөн газар Монтанагийн баруун өмнөд бүс дэх улирлын эрс тэс өөрчлөлтүүдийг хайрлаж сурсан юм. Миний дуртай улирал намар буюу ургац хураалтын цаг байлаа. Манай гэр бүл олон сарын шаргуу хөдөлмөрийг маань арвин их ургацаар шагнаасай хэмээн найдаж, залбирдаг байв. Эцэг эх маань цаг агаарт мөн амьтад болон тариан талбай эрүүл байгаа эсэхэд зэрэг өөрсдийн хянаж чадахгүй бусад олон зүйлд санаа зовдог байв.

Өсөж том болох тусам би ингэх нь аргагүй юм гэдгийг улам илүү мэдэрч эхэлсэн юм. Бидний амьжиргаа ургац хураалтаас хамааралтай байлаа. Эцэг минь надад буудайн ургац хураахад ашигладаг тоног төхөөрөмжийн талаар заасан. Би түүнийг талбайд машин техникээ оруулан, үр тариаг бага багаар хадахыг мөн комбайны ар тал руу харангаа нөөцлүүрт аль болох их тариа орж, сүрэлтэй хамт гарч буй тарианы хаягдал бага байгаа эсэхийг шалгаж буйг нь ажигладаг байлаа. Тэр энэ үйлдлээ нэлээн хэдэн удаа давтаж, тухай бүрд нь машинаа тохируулдаг байв. Би хажууд нь гүйж очин, юу хийж буйгаа мэдэж байгаа мэт дүр эсгэн түүнтэй хамт сүрлүүдийг самнадаг байлаа.

Түүнийг машинд тохиргоо хийж дууссаны дараа, би газарт сүрэлтэй хамт хаягдсан тарианы үрийг зовнисон байдалтай түүнд үзүүлэв. “Машин чадлаараа л ажиллаж байгаа. Ийм байхад хангалттай” гэж түүний хэлснийг би хэзээ ч мартахгүй. Түүний тайлбарт тийм ч сэтгэл хангалуун биш байсан би энэ ургац хураалтын дутуу дулимаг байдлыг тунгаан бодов.

Хэсэг хугацааны дараа, цаг агаар оройдоо хүйтэрдэг болох үед би нүүдлийн хун, галуу, нугас шувууд мянга мянгаараа талбайд буун, өмнөдийг зорих урт удаан аялалдаа бэлтгэн хооллож буйг харлаа. Тэд дутуу дулимаг ургац хураалтаас үлдсэн үр тариаг идэж байв. Бурхан үүнийг төгс болгосон байв. Мөн нэг ч үр хий дэмий хаягдсангүй.

Төгс төгөлдөрт хэт автах нь бидний амьдралд хийгээд Сүмийн соёлд элбэг тохиолддог уруу таталт юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, бодит бус хүлээлт болон ихэнхдээ өөрөө өөрсдийгөө шүүх шүүмжлэл нь бид хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Зарим хүн Аврагчийн “Тиймд … та нар мөн төгс бай”1 гэсэн урилгыг буруугаар ойлгох нь ч бий.

Төгс төгөлдөр байх үзэл, Христээр төгс байх хоёр өөр зүйл гэдгийг санаарай.2 Төгс төгөлдөр байх үзэл нь байж боломгүй, өөрийгөө хохироосон буюу бусадтай харьцуулсан жишгийг шаарддаг. Энэ нь буруутай, түгшүүртэй мэдрэмжийг төрүүлж, биднийг бусдаас холдож, өөрийгөө тусгаарлахад хүргэдэг.

Христээр төгс болох гэдэг нь огт өөр үйл явц юм. Энэ нь Ариун Сүнсний хайранд удирдуулагдан, Аврагчтай илүү адил болох үйл явц юм. Жишгүүдийг өрөвч нинжин сэтгэлтэй, бүхнийг мэдэгч Тэнгэрлэг Эцэг тогтоосон бөгөөд бидний хүлээн авахыг урьсан гэрээнүүдэд тодорхой тусгасан байдаг. Энэ нь бидний гэм буруутай, хангалтгүй гэсэн мэдрэмжийн дарамтыг хөнгөлж, Бурханы мэлмийд бид хэн бэ гэдгийг үргэлж онцолж өгдөг. Энэхүү үйл явц нь биднийг улам илүү сайжрахад түлхэц болж өгдөг ч Түүнийг итгэлтэйгээр дагахад илэрдэг хүчин чармайлт болох Бурханд үнэнч байх байдлаараа бид хэмжигддэг. Бид Аврагчийн Өөр дээр нь ирэх урилгыг хүлээн авснаар, өөрсдийнхөө хамгийн сайнаар хийх нь хангалттайг мөн хайрт Аврагчийн маань ач ивээл төсөөлшгүй арга замуудаар ялгааг нь нөхдөгийг ухаардаг.

Энэхүү зарчмыг бид Аврагч таван мянган хүнийг хооллодог түүхээс харж болно.

“Өөр дээр нь үй олон ирж буйг Есүс нүдээ өргөж хараад, Филипт —Тэдний идэх талхыг бид хаанаас худалдаж авах вэ? гэлээ …

Филип Түүнд —Хүн бүр жаахан авлаа ч гэсэн хоёр зуун денарын талх тэдэнд хүрэлцэхгүй шүү дээ гэв.

Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей, Есүст

— Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ?”3 гэжээ.

Та нар Аврагчийг энэхүү жаахан хүүгийн талаар ямар мэдрэмжтэй байсан бол гэж бодож байв уу? Хэдийгээр түүнд байгаа нь, тулгараад байсан асуудлыг шийдэхэд дэндүү бага байсан ч хүүхдийн цэвэр итгэлээр байгаагаа өгсөн.

“Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ.

Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв.”4

Аврагч түүний даруухан өргөлийг төгс болгосон юм.

Энэ явдлын дараахан, Есүс шавь нараа завь руу илгээв. Тэд удалгүй шөнө дунд шуургатай тэнгист буйгаа мэдлээ. Тэд сүнс мэт зүйл усан дээгүүр өөрсдийг нь чиглэн алхаж явааг хараад ихэд айж эхлэв.

“Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв.

Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд

Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав.

Харин Петр салхи хараад айн живж эхлэв. Тэгээд, Эзэн, намайг авраач гэж орилоход нь,

Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ.”5

Ах, эгч нар аа, тэдний яриа үүгээр дуусаагүй байж мэднэ. Петр нэвт норж, өөрийгөө мунхаг мэт мэдэрсэн байх. Түүнийг Аврагчийн гараас хөтлөн, завь руу буцах замд Аврагч түүнд “Петр минь бүү ай, бүү санаа зов. Хэрэв чи өөрийгөө би чамайг хардаг шиг харж чаддаг бол эргэлзээ чинь замхарч, итгэл чинь өсөх байсан. Эрхэм Петр минь, би чамд хайртай, чи завинаас гарсан шүү дээ. Чиний үйлдэл таалалд минь нийцсэн ба хэдий чи гуйвсан ч чамайг гүнээс өргөж авахаар би үргэлж байх болно, чиний өргөл төгс болох болно” гэж хэлсэн болов уу.

Ахлагч Дийтр Ф.Угдорф:

Аврагч Есүс Христ Өөрийг нь та нарын хүч чадал гэдгийг ойлгож, мэдэрч, мэдээсэй хэмээн та нараас хүсдэг гэж би боддог. Түүний тусламжтайгаар та нарын гүйцэлдүүлж болох зүйлсэд хязгаар гэж үгүй. Та нарын чадавх хэмжээлшгүй. Тэрээр та нараас өөрсдийгөө Түүний мэлмийгээр харахыг хүсдэг. Энэ нь дэлхий та нарыг хардгаас тэс өөр юм.

“Тэрээр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд хүч нэмдэг.”6

Төгс төгөлдөр биш ч хамгийн сайнаараа өргөсөн өргөлийг Аврагч төгс болгож чадна гэдгийг бид үргэлж санах ёстой. Бидний хичээл зүтгэл хэчнээн ач холбогдолгүй мэт санагдсан ч бид Аврагчийн хүчийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Энгийн найрсаг үг, богино хэдий ч чин сэтгэлийн тохинууллын айлчлал, хайраар заасан Хүүхдийн хэсгийн хичээл зэрэг нь Аврагчийн тусламжтайгаар тав тухтай болгож, зүрх сэтгэлийг зөөлрүүлж, мөнх амьдралыг өөрчилж чадна. Бидний эв хавгүй оролдлогууд гайхамшиг руу хөтөлж, бид үүгээр дамжуулан төгс ургац хураалтад гар бие оролцох боломжтой болдог.

Ихэвчлэн бид байгаагаасаа илүү урагшлах шаардлагатай нөхцөл байдалд ордог. Бидэнд тухайн даалгаврыг биелүүлж чадахгүй мэт санагдаж болох юм. Мөн өөрсөдтэйгөө хамт үйлчилж буй хүмүүсийг хараад, хэзээ ч тэдэн шиг болж чадахгүй мэт мэдэрч ч магадгүй. Ах эгч нар аа, хэрэв та нар тийнхүү мэдэрч байгаа бол надтай хамт үйлчилдэг миний ард сууж байгаа ер бусын гайхамшигт ах, эгч нарыг хараарай.

Би та нарын зовлонг ойлгож байна.

Миний сурч мэдсэнээр, төгс байх үзэл нь Христээр төгс болохоос ялгаатай шиг, өөрийгөө бусадтай харьцуулах нь бусдыг үлгэрлэн дагахаас өөр юм. Бид бусадтай өөрсдийгөө харьцуулснаар хоёр үр дүнг бий болгодог. Нэг бол өөрсдийгөө бусдаас илүү гэж харан тэднийг шүүж, шүүмжлэх эсвэл өөрийгөө дорд үзэн сэтгэлээ чилээж, өөрийгөө шүүмжлэн урам хугарах юм. Бусадтай өөрийгөө харьцуулах нь үр бүтээлгүй, урамгүй байдалд хүргэж, сэтгэл гутрал руу хөтөлдөг. Үнэндээ эдгээр харьцуулалт нь сүнслэг байдлын хувьд хор хөнөөлтэйгөөс гадна бидэнд хэрэгтэй сүнслэг тусламжийг хүлээн авахад саад болдог. Эсрэгээрээ, бидний хүндэлдэг Христийн адил зан чанарыг үзүүлдэг хүмүүсээс үлгэр дуурайл авах нь бидэнд сургамж, урам зориг өгч, Есүс Христийн илүү сайн шавь болоход тусалдаг.

Аврагч бидэнд Эцэгийг үлгэрлэн дуурайхын жишээг өгсөн. “Би та нартай хамт ийм удаан байхад чи Намайг таньж мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан нь Эцэгийг харсан. Гэтэл ‘Бидэнд Эцэгээ харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ?”7 хэмээн Тэрээр Өөрийн шавь Филипт зааварласан.

Мөн “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Надад итгэдэг нь Миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу ажлуудыг ч хийх болно”8 гэж зааварласан.

Бидний хичээл зүтгэл хэчнээн ач холбогдолгүй мэт санагдавч, хэрэв бид чин сэтгэлээсээ байх аваас Аврагч биднийг Өөрийнх нь ажлыг гүйцэлдүүлэхэд ашиглах болно. Хэрэв бид зүгээр л чадах бүхнээ хийж, үлдсэнийг нь Түүнд даатган итгэх аваас бидний эргэн тойронд байдаг гайхамшгуудын нэг хэсэг болж чадна.

Ахлагч Дэйл Г.Рэнланд “Та төгс байх шаардлагагүй бөгөөд бидэнд та хэрэгтэй, учир нь хүсэлтэй хүн бүр ямар нэгэн зүйл хийж чадна”9 гэсэн юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд “Их Эзэн хичээл зүтгэлд дуртай”10 гэж заасан билээ.

Аврагч бидний даруухан өргөлийг хүлээн авч, Өөрийн ач ивээлээр үүнийг төгс болгоход бэлэн байдаг. Христтэй хамт байхад төгс бус хураалт гэж үгүй. Түүний ач ивээл бидний тулд байдаг бөгөөд биднийг ёроолгүй гүн рүү унахаас аварч, төгс бус чармайлтыг төгс болгоно гэдэгт итгэх зоригтой байх ёстой.

Тариачны сургаалт зүйрлэлд Аврагч сайн хөрсөнд суулгасан үрийг тайлбарладаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болдог. Энэ бүгд Түүний төгс ургац хураалтын нэг хэсэг билээ.11

“Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, … мөн хэрэв та нар бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно”12 хэмээн бошиглогч Моронай бид бүгдийг урьсан.

Ах, эгч нар аа, би Христийг Бидний хамгийн даруу өргөлийг ч төгс болгох хүчтэй гэдгийг гэрчилж байна. Өөрсдийнхөө хамгийн сайнаар үйлдэж, чадах бүх өргөлөө итгэлээр авчран, Түүний хөлд тавьцгаая. Төгс ургац хураалтын Эзэн, Есүс Христийн нэрээр амен.