2016
Чи энэ нь үнэн гэдгийг мэднэ!
нэгдүгээр 2016


Чи энэ нь үнэн гэдгийг мэднэ!

Хэнри (Ханк) Браун, АНУ, Юта

Зураг
Illustration depicting a man holding up a copy of the Book of Mormon and showing it to another man.

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Нэгэн өдөр намайг АНУ-ын Калифорний Оакландын их дэлгүүрт ажиллаж байхад найз маань ирж, намайг оройн хоолонд урьсан юм. Тэр надад бидэнтэй хамт хоёр мормон номлогч хоол иднэ гэж хэллээ.

Оройн хоолоо идэж дууссаны дараа номлогчид жижиг самбар гаргаж ирэн, надаас асууж эхэллээ. Миний дургүй хүрч эхлэв. Би зүгээр л тэдний юу хэлэхийг сонсоод, гарч явахыг хүсэж байв.

Ярилцлагын дараа Ютагаас ирсэн залуу номлогч сандлаа урагшлуулан сууж, миний нүд рүү эгцлэн харж, Мормоны Номыг надад өгөөд, гэрчлэлээ хуваалцав. Тэр Сүм үнэн гэдгийг мэддэгээ мөн номыг уншсанаар намайг ч мөн адил мэдэх болно гэж хэллээ. Дараа нь тэр Моронай 10:4-өөс эш татан, чин сэтгэл, үнэн хүсэлтэйгээр Бурханаас асуух юм бол Тэр энэ ном үнэн гэдгийг Ариун Сүнсний хүчээр мэдүүлэх болно гэж хэлсэн юм.

Дараагийн долоо хоногт би хэд хэдэн бүлэг уншиж, бид найзын маань гэрт дахин уулзав. Гурав дахь уулзалтын дараа Ютагаас ирсэн номлогч номлолоо дуусган, гэртээ харьсан юм.

Би номоо үргэлжлүүлэн уншиж, орой болгон үнэн эсэхийг нь мэдэхээр залбирдаг байв. Нэг орой залбирсны дараа орондоо ороод, хэдэн бүлэг нэмж уншив. Гэнэт нэгэн дуу хоолой надад энгийн хэдэн үг хэлэхийг би сонслоо. “Чи энэ нь үнэн гэдгийг мэднэ шүү дээ!”

Би өмнө нь Сүнс надтай ярьж байхыг сонсож байгаагүй. Гэхдээ Бурхан намайг хэн болохыг мөн Тэр намайг хайрладаг болохыг мэддэг байв. Миний сэтгэл ихэд хөдөлсөн учраас би нулимсаа барьж дийлэхгүй байв. Би Есүс Христийн үнэн Сүмд нэгдэх хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Үүнээс гадна Ютагаас ирсэн залуу номлогч яагаад Сүм үнэн гэдгийг мэднэ гэж хэлж чадсан болохыг би ойлгосон юм.

Би Сүмд нэгдэж, дараа нь Калифорний Оакландын ариун сүмд нэгэн сайхан бүсгүйтэй гэрлэсэн билээ. Бид найман хүүхэдтэй болж, Юта руу нүүж очихын өмнө Калифорнид 33 жил амьдарсан.

Хэдэн жилийн өмнө манай бага охин номлолд гарахаар бэлтгэж байхдаа хичээл заасан залуу номлогчтойгоо холбоо барих гэж үзсэн үү гэж надаас асуув.

“Би түүний талаар энэ олон жилийн турш бодож байсан ч түүнтэй хэрхэн холбогдохоо мэдэхгүй байсан” гэж би хариуллаа.

10 минутын дотор охин маань эргэн ирж, “Май, энэ түүний утасны дугаар” гэж хэлэв.

Дараа нь би түүнтэй холбогдон, удаан гэгч ярилцсан юм. Тэр миний э-мэйл хаягийг авч, “өөрийнхөө амьдралын талаар бичнэ” гэв. Дараа өдөр нь тэр сүүлийн 40 гаруй жил Сүмийн гишүүн байгаагүй мөн урмыг чинь хугалаагүй байх гэж найдаж байна гэж э-мэйл дээрээ бичсэн байлаа.

“Юу гэж миний урам хугарах билээ дээ?” Би түүнд тэр даруй “Чи миний амьдралыг өөрчилсөн шүү дээ” гэж хариу э-мэйл бичив.

Бид дахин хэд хэдэн удаа э-мэйлээр харилцан, уулзахаар боллоо. Удалгүй би машинаа унан, түүний урьснаар гэрт нь очиход тэр надтай эхнэрээ танилцууллаа. Өнгөрсөн цаг үеэ дурсан ярих хооронд би түүнээс Мормоны Ном байгаа эсэхийг асуув. Тэр дээшээ гараад, нэг ном барьсаар бууж ирэв. Би номыг түүний гараас аван, нүд рүү нь эгцлэн харж байгаад, номыг түүнд эргүүлэн өгч, “Энэ ном үнэн гэдгийг би мэднэ! Хэрэв та Моронай 10:4-ийг уншин, номын талаар залбирвал, та ч мөн адил үүний үнэний талаар гэрчлэлтэй болно” гэж хэлэв.

Дараагийн хэдэн сарын турш тэр уншин, залбирч, нүглээ наманчилсан юм. Тун удалгүй 18 настай хүү нь түүнд дахин баптисм хүртээж, би түүнийг гишүүнээр баталж адисалсан юм.

Охин маань тэр зүйлийг надаас асуухаар сүнсээр өдөөгдсөн гэдгийг мөн Тэнгэрлэг Эцэг бид хоёрыг 45 жилийн дараа дахин уулзуулахаар бэлтгэсэн гэдгийг би мэднэ. Би Мормоны Номын хүчийг олж мэдсэн. Түүнээс гадна би Сүмээс холдсон нэгнийг хэзээ ч орхиж болохгүй гэдгийг олж мэдсэн билээ.