2016
Порнографын эсрэг бидний хамгийн сайн хамгаалалт
нэгдүгээр 2016


Бидний гэр орон, гэр бүл

Порнографын эсрэг бидний хамгийн сайн хамгаалалт

Зохиогч АНУ-ын Вашингтонд амьдардаг.

Би хаана л бол хаанаас харж болох эрээ цээргүй зургаас хол байхын тулд, гэр бүлд хэрэгжүүлж болох түлхүүр зарчмыг судрын нэгэн шүлгээс олсон юм.

Намайг есөн настай хүүтэйгээ сургуульд өмсөх хувцас худалдаж авахаар явж байхад бидний энгийн яриа илүү нухацтай асуулт руу оров. “Ээж ээ, тэд яагаад тэр юмыг бүх дэлгүүрийн цонхон дээр тавих ёстой юм бол?”

“Тэр юм” гэж бараг дэлгүүр болгоны цонхон дээр байрлуулсан эрээ цээргүй зургийг хэлж байв. Хэдийгээр иймэрхүү зураг байнга байдаг байсан ч, би урьд нь тэдэнд нэг их ач холбогдол өгдөггүй байсан юм. Гэтэл том хүү маань анзаарч эхэлсэн нь миний нүдийг нээж өгөв. Дараагийн хэдэн долоо хоногт би тэдгээр зургийг зурагтаар, мөн хүнсний дэлгүүр, зоогийн газар, шуудангаар ирэх сурталчилгааны материал гээд энд тэндгүй байхыг олж харах болсон юм. Надад тэднээс хол байх ямар ч боломж байхгүй байв. Зарим зураг хэт эрээ цээргүй байсан нь намайг цочирдуулан, сэтгэл зүрхэнд минь түгшүүртэй мэдрэмж төрж эхэлсэн юм. Би гэр бүлээ порнографын урхинаас хэрхэн хамгаалах ёстой вэ?

Ерөнхий чуулган болгоноор порнографын хорт үр дагаврын талаар сэрэмжлүүлдэг бөгөөд бид түүний хохирогчидтой уулзаж байсан билээ. Бид гэрт байх бүх компьютер, мэдээллийн хэрэгсэл зэрэгт урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан ч хүүхдүүдээ хорионд оруулахгүй л бол сонирхлыг нь цааш өдөөх дүр зургуудаас бүрэн хол байлгах боломжгүй мэт санагдаж байв. Хүнсний дэлгүүр дэх хүүгийн маань гэнэн цайлган харц порнографын нөлөөнөөс гарахыг хичээх насан туршийн тэмцэл болж хувирах болов уу? Энэ асуудалтай холбоотой сэтгэлийн түгшүүр маань өсөж, үр хүүхдүүдээ хамгаалж чадахгүй, арчаагүй гэх мэдрэмж надад төрөх болж билээ.

Зураг
Oil on plaster on board depiction of Lehi's vision. Tree of life is the subject done in light pastel colors with white fruit in clusters against a dark background.

Амьдралын мод,, Казуто Уота

Гэтэл нэгэн өдөр би Мормоны Номоос уншиж байхдаа 1 Нифай 15-аас урам зориг олж авсан юм. Нифай Лемен, Лемүел хоёрыг түүнээс устай гол ямар утгатай болохыг асуусны хариуд амьдралын модны талаарх Лихайн үзэгдлийг тайлбарлаж байлаа. 27-р шүлгэн дээрх Нифайн хариулт: “Мөн би тэдэнд хандан эцгийн минь харсан тэр ус бол бузар байдал хэмээв; мөн түүний оюун өөр зүйлүүдэд хандсан байсны улмаас тэр усны бузрыг эс болгоосон буюу” (тодотгол нэмсэн). Лихайн бодол санаа амьдралын мод руу болон гэрийнхнийгээ модны жимснээс идүүлэхэд чиглэсэн байв! Тэр анхаарлаа үүнд төвлөрүүлсэн байсан болохоор тэрхүү бузар зүйлсийг олж хараагүй байна.

Энэ нь надад өгсөн хариулт байлаа! Гэр орондоо зохисгүй хэвлэл мэдээллийг оруулахгүй байх нь эхлэл байсан боловч сайн мэдээнээс хүүхдүүддээ зааж сургахдаа илүү тулж ажиллан, ухамсартай хүчин чармайлт гаргавал, тэр нь эцэстээ тэднийг маань уруу татах аливаа зүйлээс хамгийн сайн хамгаалж чадах хамгаалалт нь болох юм.

Судраас олсон энэ туршлагаасаа улбаалаад нөхөр бид хоёр хүүхдүүддээ зааж сургахдаа урьд өмнөхөөс хоёр дахин их хичээл зүтгэл гаргах болж, ингэснээр бид харцаа дэлхийн бузар зүйлсэд биш, харин Бурханы хайранд хандуулах болсон юм. Бидэнд дараах гурван зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн*:

1. Хувиараа судраас суралцах цагаа нэмэгдүүлэн, эргэн тойронд байх “чимээ шуугианыг” намсгах. Лихайтай адил Сүнсний нөлөөллийг мэдэрч, гэр бүлээ сайн мэдээнд бататган холбоход анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бидний оюун ухаан өөдрөг зүйлсээр дүүрэн байх ёстой. Нөхөр бид хоёр гэр бүлийнхээ гишүүн бүрийн сүнслэг хэрэгцээний талаар мөн уг хэрэгцээг нь хэрхэн хангах, Сүнс өсөж хөгжих гэр оронг хэрхэн бий болгох талаар тогтмол цаг гарган ярилцахыг хичээдэг.

2. Гэр бүлээрээ судраас суралцах үйл ажиллагааг илүү утга учиртай болгох. Өдөр бүр зөвхөн гэр бүлийнхнээ цуглуулан судраас уншихад нэлээд их хүчин чармайлт гаргах шаардлага гардаг ч, бид судраас уншиж байхдаа хоорондоо илүү их яриа хөөрөө өрнүүлэхийг хичээж байгаа. Хүүхдүүд маань насны хувьд нэлээн ялгаатай учраас бага насны хүүхдүүдтэйгээ үдээс хойш, харин том хүүхдүүдтэйгээ дүү нарыг нь унтаж байх хооронд, саад болох зүйл бага, илүү их яриа хөөрөө өрнүүлэх боломжтой үеэр буюу өглөө эрт уншдаг. Өдөр бүр судраас уншиж байхдаа уншиж буй судартайгаа ямар нэгэн байдлаар холбоотой өнөө үеийн үйл явдлуудын талаар ярилцдаг болохоо бид олж мэдсэн.

Ихэнх өглөө төлөвлөснөөр болдоггүй ч, тэр ч бүү хэл зарим үед бүх хүүхдээ цуглуулах нь хэцүү байдаг ч, хичээл зүтгэл гаргасны хүчинд хүүхдүүд маань үнэхээр биднийг сонсож, ярилцлагад оролцож байгааг олж харах болсон юм.

3. Номлолын ажил хийх. Биднийг гэрчлэлээ хуваалцаж байхад Сүнс бидний хэлж буй зүйл үнэн болохыг гэрчилж, гэрчлэл маань өсөж байдаг. Бид номлолын ажлыг гэр бүлийн үйл хэрэг болгохоор хичээж байгаа. Бид сайн мэдээнээс хуваалцах талаар ярилцан, найз нөхдөө гэр орондоо байнга урьж авчирдаг. Түүнчлэн боломж гарах болгонд сайн мэдээний талаар яриа өрнүүлэх зорилгоор номлогч, сонирхогчдыг гэртээ аваачдаг. Бид гэр орондоо Сүмийн шинэ гишүүд, сонирхогчидтой хамт гайхалтай сайхан туршлага хуримтлуулсан бөгөөд гэрчлэлийнхээ талаар эргэцүүлэн бодож, номлогчдын гэрчлэлийг сонсох нь хүүхдүүдэд маань гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.

Би Мормоны Ном болон судрын ганцхан шүлэг гайхамшигт арга замаар надад урам зориг, гэр бүлд маань тодорхой удирдамж өгсөнд маш их талархаж байдаг. Үнэхээр судрууд нь айдас ба арга мухардсан мэт мэдрэмжийг хүч хийгээд амар тайван байдлаар сольж чаддаг.

  • Бусад гэр бүл хүүхдүүддээ заах хичээлийн сэдвийг хэвлэл мэдээлэл, бидний бие махбод, бэлгийн харьцааны тухай зөв ойлголт зэрэг өөр зүйл дээр төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм.