2016
Урагш тэмүүлэх нь
нэгдүгээр 2016


Урагш тэмүүлэх нь

Та нар хаашаа явж, хаана очихыг хүсэж байгаагаа бодож байсан уу? 2016 оны Мючелийн сэдэв нь 2 Нифай 31:20 бөгөөд энэ нь таны амьдралын зүг чигийн талаар долоон зөвлөгөө өгдөг. Үүнээс та нар хичээл зүтгэлийн тань хариуд өгөгдөх тэнгэрээс зарлигласан чиглэл, үйлдэл, хандлага, мэдлэг болон амлагдсан шагналын талаар олж мэдэж болно. Энэ шүлэг дэх чухал үгсийг авч үзэцгээе.

Урагш тэмүүлэх гэдэг нь та нар аливаа сөрөг хүчний эсрэг бодит хүчин чармайлт гаргах шаардлагатай гэсэн утгыг агуулж байгаа болно. Бид Бурханы зарлигуудын эсрэг зогсох ертөнцөөр хүрээлэгдэж байгаа учраас сайн мэдээний дагуу амьдрахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Та нар Христэд тууштай итгэдэг үү? Та нар Түүнд хувиршгүй үнэнч байдаг уу?

Хэрэв та нар “Түүний дотор байж” (Иохан 15:4-ийн үзнэ үү), Түүний сургаалыг дагавал үнэхээр тууштай байж чадсан гэсэн үг бөгөөд та нарт адислалууд ирэх нь гарцаагүй.

Та нар Бурханы хайрыг ойлгон, мэдэрч чадах юм бол найдвар болон Бурхан ба бүх хүмүүнийг хайрлах хайр тань нэмэгдэх юм. Та нар Христийн үгнээс зооглох буюу Христийн үгийг хувийнхаа амьдралд талархалтай мөн зорилготой хэрэгжүүлж чадвал энэ ойлголт өсөн нэмэгдэнэ.

Эцэст нь та нар тэвчих ёстой! Энэ нь та нарт уйтгартай, хэзээ ч дуусашгүй мэт сонсогдож байна уу? Үнэн хэрэгтээ тэвчих гэдэг нь хийж байгаа сайн зүйлээ үргэлжлүүлэн хийх буюу урагш тэмүүлэхэд үргэлж хүчин чармайлт гаргах гэсэн үг юм. Та нар сайн мэдээний зам дээр тууштай байж чадах юм бол тэвчиж байна гэсэн үг.

Ийм хүчин чармайлт гаргах хэрэгтэй юу? ТИЙМ! Бидний хайрт Тэнгэр дэх Эцэг одоогоор бидний төсөөлж ч чадахгүй тийм жинхэнэ, мөнхөд үргэлжлэх аз жаргал, баяр баяслыг хаанаас олж болохыг мэдэх учраас Тэр биднийг Түүн рүү эргэн ирж, Түүнтэй хамт мөнх амьдраасай хэмээн хүсдэг билээ. Тиймээс Тэр 2 Нифай 31:20-д Түүн рүү эргэн очиход юу хэрэгтэй болохыг нэгд нэгэнгүй тодорхой, онцлон хэлж өгсөн юм. Бид энэ бүхнийг Түүний тусламжтай хийж чадна. Тэр бидэнд зарлигласан зүйлээ хийх арга замыг үргэлж бэлдэж өгдөг билээ.