2018
Өчигдрийнхөөс арай илүү бай
2018 оны 12-р сар


Өчигдрийнхөөс арай илүү бай

Зохиогч нь Аргентины Салтад амьдардаг.

Бид сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрах ёстой. Тэгснээр Сэржио эргээд биднийх болж чадна.

Зураг
missionary planner

Зураг чимэглэлийг Сюзань Симмонс

Номлолынх нь ерөнхийлөгчийг залгахад Сэржио номлолдоо яваад бараг нэг жил болсон байв. Тэр бидний цорын ганц хүү байсан бөгөөд бүрэн цагийн номлолд үйлчилсэн анхны хүүхэд маань байлаа. Миний эхнэр Лилиана бид хоёр хүүгээрээ мөн эгч дүү хоёртоо үзүүлсэн үлгэр жишээгээр нь бахархдаг байв.

Сэржио байгаа байдлаараа сайн номлогч болно гэдгээ бидэнд харуулдаг байсан юм. Тэр төрөлхийн удирдагч байсан ба аз жаргалтай, чин сэтгэлээсээ ханддаг, бусдыг урамшуулж чаддаг хүү байв.

Түүнд тухайн хүн Сүмийн гишүүн байх эсэх нь огт хамаагүй байсан бөгөөд тэр бүгдтэй нь найзалдаг байлаа. Хэрэв хэн нэг нь түүнийг хожмын үеийн гэгээнтэн гэдгээр нь доогловол тэр үүнийг шог хошин зүйл мэт хүлээн авч, барагтай бол гомддоггүй байв.

Сэржиог Перугийн Чиклаяа номлолд үйлчлэх дуудлагаа хүлээн авахад бид ямар их баярласан гээч. Тэр 2013 оны 11-р сарын 20-оос эхлэн номлолд үйлчилсэн. Тэр номлолдоо хайртай байлаа. Эхлээд түүнд захиа бичихэд амар байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам, түүний явуулсан захиануудыг сайтар бодох, сүнслэг өсөлтөд нь тохируулан хариулах зэрэгт илүү их цаг гаргах хэрэгтэй болов.

Бид Сэржиодоо огт санаа зовдоггүй байлаа. Бид номлолын талбар бол түүний байж болох хамгийн аюулгүй газар гэж бодож байв. Түүний номлолын ерөнхийлөгч 2014 оны 10-р сарын 7-ны өдөр бидэнтэй утсаар ярьсан юм.

Бид хэзээ ч ганцаардаж байгаагүй

Номлолын ерөнхийлөгч бидэнд Сэржиог хамтрагчтайгаа хамт сонирхогчдодоо ариун сүм болон мөнхийн гэр бүлийн тухай зааж байсныг хэлэв. Дараа нь Сэржио хаалтын залбирал хийхдээ түр зогсоод, гэнэт ухаан алдан газар унасан гэж хэллээ. Түүнд адислал хүртээж, эмнэлэг рүү яаралтай хүргэсэн байна. Эмч нар түүний тархины судас цүлхэнтэй байж байгаад хагарсан болохыг тогтоожээ. Тэд түүнийг сэргээх гэж хичээсэн ч чадсангүй.

Энэ мэдээ бидэнд уй гашуу авчрав. Лилиана бид хоёр эмгэнэн гашуудахаас гадна Перу руу явж Сэржиогийнхоо шарил, хувийн эд зүйлсийг авчрах хэрэгтэй болов. Бидэнд бүхнийг тодорхой бодоход хэцүү байсан тул биднийг гэрээсээ явсан цагаас эхлэн эргэж ирэх хүртэл Сүмээс бидэнд туслах хүн байсанд бид талархдаг. Бид бас биднийг тайвшруулж мөн уй гашуугаа даван гарахад тусалдаг Ариун Сүнсний тусламжийг хүлээн авч байлаа. Бид хэзээ ч ганцаардаж байгаагүй.

Эмгэнэлт явдлын үед талархахад хэцүү ч гэсэн, би Сэржиогийн үхэлтэй Их Эзэний эрхэм их нигүүлсэл холбогдсонд талархдаг. Түүнийг нас барахад би бишопоор, Лилиана семинарын багшаар, Зимэна охин маань тойргийн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байлаа. Бид бусдад үйлчилж, тэднийг хайрлаж, завгүй байсан маань биднийг сайн мэдээнд хүчирхэгжүүлсэн юм. Хэрэв Сэржио биднийг орхих хэрэгтэй байсан юм бол биднийг итгэлдээ хүчтэй байх үед түүнийг авсанд би Тэнгэрлэг Эцэгт үргэлж талархах болно.

Би бас Сэржиог Их Эзэний үйлчлэлд мөн “бусдадаа үйлчилж” (Мозая 2:17) байхдаа энэ амьдралаас халин одсонд талархдаг. Их Эзэн “надад нас нөгчсөн тэд үхлийг үл амсана, учир нь энэ нь тэдэнд тааламжтай байх болно” (C ба Г 42:46) хэмээн тунхагласан.

Түүний Заяасан Ганц бидний төлөө үхэх үед Тэнгэрлэг Эцэгт юу мэдрэгдэж байсныг Ариун Сүнс надад цухас харуулсан. Бурханд уурлах ямар ч эрх надад байхгүй гэдгийг би ойлгож билээ. Тэнгэр дэх Эцэг минь надад ямар байгааг мэдэж байсан. Түүний хүслийг мөн Сэржио бага залуудаа нас барсан явдлыг хүлээн зөвшөөрөх боломжийг олгосон амар амгаланг би мэдэрсэн. Лилианад ч бас энэ бүхэн тохиолдож, үүнтэй адил мэдрэмжийг мэдэрсэн юм.

Тайтгаруулах үгс

Манай гэр бүл 2005 онд Сэржио, Зимэна хоёрыг жаахан байхад ариун сүмд лацдан холбуулсан. Рут үүнээс хойш удалгүй гэрээнд төрсөн юм. Сэржио номлолд явахаасаа өмнө түүнд баптисм хүртээсэн билээ.

Зураг
Sergio and Ruth

Сэржиог нас барснаас хойш гурван хоногийн дараа Рут нэгэн зүүд зүүдэлсэн. Энэ түүний есөн насны төрсөн өдрийн шөнө байв. Рут зүүдэндээ түүнтэй гар гараасаа хөтлөлцөн, бүтэн өдрийн турш хамт алхаж мөн түүнийг тайтгаруулж байсан гэв.

Рут, Зимэна хоёр Сэржиотой маш дотно байсан бөгөөд түүнийг маш ихээр санаж байлаа. Рут зүүдээ санаж, одоо ч гэсэн тайтгарлыг олж авдаг.

Нэгэн өдөр Лилиана бид хоёр Сэржиогийн эд зүйлсийг үзэж байхдаа түүний номлолын өдрийн төлөвлөгөөг олсон юм. Өдөр бүр хуудас болгон дээрээ Сэржио “Өчигдрийнхөөс арай илүү бай” гэсэн үгийг бичсэн байхыг бид анзаарав.

Тэр үг миний сэтгэлд хоногшсон. Энэ нь надад сайн мэдээний дагуу үргэлжлүүлэн амьдрах ёстой болохыг сануулдаг. Тэгснээр бид энэ амьдралын дараа гэр бүлээрээ хамтдаа байх боломжтой. Тэгснээр Сэржио эргээд биднийх болж чадна.

Хүнд хэцүү цаг үед Аврагч биднийг дэмжих болно. Энэ нь үнэн гэдгийг би Түүний амлалтууд гарцаагүй биелнэ гэдгийг мэддэгийн адил мэддэг. Тиймээс бид сайн мэдээнээс зууран барьж, Сэржиогийн үлгэр жишээг дагах болно. Бид өдөр бүр арай илүү дээр байхыг хичээх болно.