2018
Санаа тавьдаг болохоо ойлгуул
2018 оны 12-р сар


Тохинууллын зарчмууд:

Санаа тавьдаг болохоо ойлгуул

Санаа тавьдаг болохоо харуулах, ялангуяа үүнийг Христийн мэндэлсний баярын үеэр харуулах олон арга зам бидэнд бий. Бид үүнийг хэлэх, мессеж илгээх, бичих, өгөх, хуваалцах, залбирах, жигнэх, дуулах, тэврэх, тоглох, тарьж ургуулах эсвэл цэвэрлэх зэргээр хийж болно. Зүгээр л оролдоод үз.

Зураг
communicating you care

Бусдад хайраа үзүүлэх нь тохинууллын хамгийн чухал хэсэг юм. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам: “Учир шалтгаан нь хайр байснаар л жинхэнэ тохинуулал нэг нэгээрээ гүйцэлддэг. … Хайр байснаар л гайхамшгууд тохиолдох ба бид “сүмдээ ирэхээ больсон” эгч, ах нараа буцаан авчрах арга замуудыг олоход үүний учир шалтгаан оршино. Ингэснээр тэд Есүс Христийн сайн мэдээний бүхий л адислалыг хүлээн авах болно”1 гэж хэлсэн.

Санаа тавьж байгаагаа бусдад мэдэгдэх нь хувийн харилцаа холбоог хөгжүүлэхийн салшгүй хэсэг юм. Гэвч хүн бүр үүнийг өөр өөр арга замаар мэдэрдэг. Тэгэхээр бид бусдыг хайрлах хайраа ойлгомжтой, баярлаж талархахуйц арга замаар хэрхэн тэдэнд зүй зохистой илэрхийлж болох вэ? Санаа тавьдаг болохоо ойлгуулах зарим аргыг өөрөө бодож олоход тань туслах цөөн хэдэн санааг доор дурдав.

Санаа тавьдгаа хэл

Заримдаа хэн нэгний талаарх мэдрэмжээ хэлэхээс өөр сайхан арга байдаггүй. Тухайлбал, хэн нэгэнд хайртай гэдгээ хэлэхээс гадна тэдний юу нь танд таалагддагийг хуваалцах эсвэл чин сэтгэлээсээ магтах зэрэг нь энд багтдаг. Энэ төрлийн урмын үгс харилцаа холбоог бэхжүүлэхэд тусална. (Ефес 4:29-ийг үзнэ үү.)

  • Тухайн хүнд түүний нэг сайн зан чанарыг ямар их биширдэг болохоо мэдэгдэх боломжийг хайж ол.

  • Тухайн хүний талаар юу гэж боддогоо зочлон очих, утсаар ярих, э-мэйл, мессеж, ил захидал илгээх зэргээр илэрхийл.

Очиж уулз

Хэн нэгэнтэй ярилцах, сонсоход цаг гаргах нь тухайн хүнийг та хэр их үнэлдгээ харуулах хүчирхэг арга зам юм. Гэрт нь болон сүмд эсвэл өөр газарт гээд хаана уулзахаас үл хамааран ярилцах хүн хэрэгтэй байгаа олон хүн байдаг. (Мозая 4:26; С ба Г 20:47-г үзнэ үү.)

  • Тухайн хүний хэрэгцээнд тааруулан, очиж уулзах хуваарь гарга. Түүний нөхцөл байдлыг чин сэтгэлээсээ сонсож, ойлгоход цаг зарцуул.

  • Газрын хол ойр, соёлын хэм хэмжээ эсвэл бусад нөхцөлөөс үүдэн гэрт нь очиж уулзахад хүндрэлтэй бол Сүмийн цуглааны дараа уулзах цаг гаргахыг бод.

Зорилготой үйлчил

Тухайн хувь хүн, гэр бүлд юу хэрэгтэй байгаад анхаар. Утга учиртай үйлчлэл үзүүлэх нь санаа тавьдаг болохыг тань харуулдаг. Энд цаг хугацаа болон сайтар бодож гаргасан хүчин чармайлтын үнэт бэлгүүдийг нэгтгэсэн байдаг юм. “Үйлчлэлийн энгийн үйлдлүүд бусдад хүчирхгээр нөлөөлж чадна” хэмээн Бингам эгч хэлсэн.2

  • Хувь хүн эсвэл тэдний гэр бүлийг хүчирхэгжүүлэх үйлчлэлийг санал болго. Жишээ нь, хүүхдүүдийг нь харж өгснөөр эцэг эхэд нь ариун сүм рүү явах боломж олгох гэх мэт.

  • Амьдрал хэт их ачаалалтай болох үед цонхыг нь угаах, нохойг нь салхилуулах, гадна талбайн ажилд нь туслах гэх мэт ачааг нь хөнгөлөх арга замыг эрж хай.

Аливааг хамт хий

Гүнзгий сэдвээр ярилцах замаар харилцаа холбоо тогтоодоггүй хүмүүс байдаг. Зарим хүний хувьд ижил төстэй сонирхолтойгоо мэдэж авч, уг зүйлээ хийхэд цагийг хамтдаа өнгөрүүлэх замаар харилцаа холбоо тогтоодог. Их Эзэн бидэнд ах, эгч нартайгаа “хамт байж мөн бэхжүүлэх” (С ба Г 20:53) хэрэгтэйг уриалсан.

  • Алхах, тоглоомын үдшийг төлөвлөх эсвэл хамт дасгал хийх тогтсон цаг гарга.

  • Орон нутгийн юм уу Сүмийн төсөл дээр хамтдаа үйлчил.

Бэлэг өг

Заримдаа бусадтай харилцах цаг эсвэл боломж хязгаарлагдмал байдаг. Олон оронд бэлэг өгөхийг санаа тавьж байгаа, бусдыг ойлгож байгаагийн илэрхийлэл гэж үздэг. Тэр ч бүү хэл, гэнэтийн, энгийн бэлэг ч гэсэн илүү сайн харилцаа тогтоох гэсэн таны сонирхлыг харуулдаг. (Сургаалт үгс 21:14-ийг үзнэ үү.)

  • Тэдэнд дуртай амттанг нь авчирч өг.

  • Тэдэнд тус болно гэж бодсон эшлэл, судар эсвэл өөр захиасыг хуваалц.

Хайрын хөдөлмөр

Та өөрийн тохинуулдаг эсвэл сүнслэг өдөөлт эрэлхийлж буй хүмүүсээ сайн таньж мэддэг болсноор тэдний хүн нэг бүрийг хайрлаж, санаа тавьдаг болохоо хэрхэн ойлгуулахаа илүү тодорхой мэддэг болно.

АНУ-ын Орегон мужийн Кимбэрли Сэйболд сүнслэг өдөөлт эрэлхийлж, хайраа үзүүлэхийн тулд бэлэг өгөх талаар нэгэн түүх хуваалцсан.

“Сэтгэлээр унах зүйл амьдралд тохиолдоход би босож, хулууны талх хийдэг. Ихэнхдээ найман ширхэг талх барьдаг. Талх барьж байхдаа хэнд талх хэрэгтэйг мэдэхээр дотроо залбирдаг ба энэ нь миний онцгой орц юм. Хулууны халуун талх минь эргэн тойрныхоо хөршүүдийн гэр орон болон амьдралд орох миний урилга болсноор би тэднийг илүү сайн мэддэг болсон.

Зуны нэгэн дулаахан өдөр би замын хажуу талд жижиг савтай бөөрөлзгөнө зарж буй гэр бүлийг хараад, дэргэд нь очиж машинаа зогсоов. Надад бөөрөлзгөнө хэрэггүй байсан ч лангууны ард байсан бага насны туранхай хүү намайг хараад, дараагийн үйлчлүүлэгчээ гэж бодон баярлав. Би жоохон бөөрөлзгөнө худалдан авсан ч надад бас түүнд өгөх бэлэг байлаа. Би тэр хүүд хоёр талх өгөв. Тэр аав руугаа зөвшөөрөл авахаар хараад, ‘Аав аа хар даа. Бид өнөөдөр идэх юмтай боллоо’ гэж хэлэв. Энгийн аргаар хайраа үзүүлэх энэ боломжиндоо би ихэд талархаж билээ.”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Эрэгтэй, эмэгтэй хүн бүр мөн манай залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн томууд нь … нэг нэгнээ халамжлахаар чин сэтгэлээсээ баттай шийдэж, Христийн цэвэр хайраар ийн үйлдэх урам аваасай хэмээн бид залбирч байна. … Бид Бурхан Эцэгтээ залбиралд хариулах, тайтгаруулах, нулимс хатаах, тамирдсан өвдөгнүүдийг хүчирхэгжүүлэх агуу том даалгавраа гүйцэтгэхэд нь тусламжийн гараа сунган, усан үзмийн талбайн Их Эзэнтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөх болтугай”3 хэмээн гуйсан.

Есүс Христ санаа тавьдаг

Есүс Христ Лазарыг үхэгсдээс босгохынхоо өмнө, “Есүс уйлав.

Тэгтэл иудейчүүд—Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа” (Иoхан 11:35–36).

“Та нарыг өрөвдөх сэтгэл надад байна” гэж Христ нифайчуудад хэлээд, өвдсөн, зовсон, доголон, хараагүй хүмүүсийг дуудаж авчран, “тэднийг эдгээсэн” (3 Нифай 17:7–9-ийг үзнэ үү).

Аврагч бусдад санаа тавьснаар бидэнд үлгэр жишээ үзүүлсэн. Тэр бидэнд:

“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

Удаах нь Чи хөршөө өөрийн адил хайрла гэсэнтэй адил юм” (Maтай 22:37–39) хэмээн заажээ.

Таны анхаарал халамж хэнд хэрэгтэй байна вэ? Та санаа тавьдгаа тэдэнд хэрхэн харуулж болох вэ?

Эшлэлүүд

  1. Жийн Б.Бингам, “Аврагчийн адил тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132.

  2. Жийн Б.Бингам, “Аврагчийн адил тохинуулах нь,” 130.

  3. Жэффри Р.Холланд, “Тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128.