2020
Сүмийн үйл ажиллагаагаар дамжуулан тохинуулах нь
2020 оны 7-р сар


Тохинууллын зарчмууд

Сүмийн үйл ажиллагаагаар дамжуулан тохинуулах нь

Зураг
women preparing food

ҮЙЛЧЛЭЛИЙН ТӨСЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЛАУРИН АДИМАР ФОЧИТТО, МӨХӨӨЛДӨС БОЛОН ЦАХИЛГААН ГИНЖИН ХӨРӨӨНИЙ ГЭРЭЛ ЗУРГИЙГ GETTY IMAGES АВАВ

Тойргийн гишүүд, хөрш, найз нөхдөдөө тохинуулах нэг арга зам бол Сүмийн үйл ажиллагаагаар дамжуулан тохинуулах явдал юм. Тохинуулдаг хүмүүсийнхээ хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн үйл ажиллагаа төлөвлөх эсвэл тэднийг бусдад үйлчлэх боломж, үйл ажиллагаанд мөн тойрог, гадас, гадас хоорондын үйл ажиллагаанд оролцохыг урих нь эв нэгдлийг нэмэгдүүлж, гишүүдийг хүчирхэгжүүлэх утга учир бүхий, хөгжилтэй арга замаар хангадаг.

Түүнчлэн Сүмийн үйл ажиллагаанууд тохинуулах олон боломжийг бий болгодог. Тухайлбал, бусдыг адисалж, нийгэмд эерэг харилцаа үүсгэдэг үйлчлэлийн төслүүдэд оролцох боломжийг Сүмийн үйл ажиллагаанууд олгодог. Мөн Сүмийн үйл ажиллагаанууд Сүмийн идэвх султай гишүүд болон өөр бишрэл шүтлэгтэй эсвэл ямар нэгэн сүмд явдаггүй найз нөхдөдөө хүрч туслах боломжтой болгодог.

Сүмийн үйл ажиллагаануудад олон хүнийг хамруулах нь Их Эзэнд тойрог салбар, айл хөрш, орон нутгийнхнаа адислах боломжийг өгдөг.

Зураг
people shaking hands

Эерэг харилцаа үүсгэх

Өвөл болох гэж байлаа. Дэвид Диксон гэр бүлийнхнээ хэрхэн дулаан байлгахаа мэдэхгүй байв.

Дэвид эхнэр, хоёр охиныхоо хамт АНУ-ын Аризона мужийн хөдөө орон нутгийн улаан хад хавцал, шарилж, мөнх ногоон ургамлаар хүрээлэгдсэн өндөрлөг цөл хээр газарт байрладаг Фридониа хотод саяхан нүүн иржээ.

Диксоныхны түрээсэлсэн байшингийн дулааны гол эх үүсвэр нь модоор галладаг зуух байв. Фридониагийн өвөл их цас мөстэй болдог учраас Дэвид түлэх мод бэлтгэх нь чухал болохыг тун удалгүй олж мэджээ.

“Надад түлээний мод, цахилгаан гинжин хөрөө байгаагүй бөгөөд хөрөөг хэрхэн ажиллуулахыг ч би мэдэхгүй байв!” гэж Дэвид хэлээд, “Би юу хийхээ ч мэдэхгүй байлаа” гэв.

Тойргийн зарим гишүүн Дэвидээс гэр бүлд нь өвлийг өнтэй давах хэмжээний түлээ байгаа эсэхийг асуужээ. “Тэдэнд манайхыг түлэх модгүй гэдгийг мэдэхэд тийм их хугацаа шаардагдаагүй. Ахлагчдын чуулгынхан мод бэлтгэхэд маань туслахыг удалгүй санал болгов. Би маш их талархаж, тэдний саналыг хүлээн авсан” гэж Дэвид хэлэв.

Дэвид удалгүй энэ түлээний мод бэлтгэх аялал бол тойргийн сайтар төлөвлөн, зохион байгуулж, идэвхтэй оролцдог байнгын үйл ажиллагаануудын нэг болохыг олж мэджээ. Нэгэн бямба гаргийн өглөө, Дэвид ахлагчдын чуулга болон тойргийн бусад гишүүнтэй хамт цуваа ачааны тэрэг, чиргүүлүүдтэй уул руу явлаа.

“Нэгхэн өдрийн дотор багаж хэрэгсэл болон мэдлэг чадварынхаа ачаар тойргийн гишүүд манай гэр бүлд хоёр өвөл хэрэглэх хэмжээний түлээний мод бэлтгэж өгсөн юм. Хамгийн чухал нь, надад мод бэлтгэх талаар мэдвэл зохих бүх зүйлийг маань зааж өгсөн. Би Фридониагаас нүүх үедээ цахилгаан гинжин хөрөөг ажиллуулж мэддэг болсон, тойргийн мод бэлтгэх үйл ажиллагаанд тоолж ч үл барам олон удаа оролцож, тусалсан байж билээ” хэмээн Дэвид ярьжээ.

Тойргийн иймэрхүү үйл ажиллагаанууд Сүмийн гишүүдийн дунд төдийгүй мөн тухайн орон нутаг дахь хүн бүртэй харилцах эерэг харилцааг бий болгодог.

“Би нэг Сүмийн гишүүн биш эмэгтэйг санаж байна. Тэр шинээр нүүж ирсэн ба дулаан байхын тулд бүр гэрийнхээ модон хавтанг түлэхээс өөр аргагүй байдалд орсон байсан юм. Бид түүний нөхцөл байдлын талаар олж мэдэн, өвлийг өнтэй давах хангалттай хэмжээний түлээтэй болоход тусалсан юм. Тэр хэлэх үггүй болтлоо үнэхээр их баярлаж билээ” гэж Дэвид ярив.

Фридониа дахь тохинуулах хичээл зүтгэл нь хүн бүрд аюулгүй байж, өвлийг өнтэй давахад тусалсан.

Бусдад хүрч ажиллах

Румынд номлолд үйлчилж байхдаа Мэг Ёост хамтрагчийнхаа хамтаар сүмд ирэлгүй удаж байгаа нэгэн гэр бүлийнд тогтмол очдог байв. “Станикагийнхан Румыны Сүмийн хамгийн анхны гишүүдийн нэг бөгөөд бид тэдэнд хайртай” гэж Мэг ярьжээ.

Салбарын үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулах цаг болоход удирдагчид тухайн салбарт “Анхдагчдын үдэш” хийхээр шийдэв. Уг үдэш Америкийн Нэгдсэн Улсыг хөндлөн гулд туулж Солт Лэйк Валлид ирсэн эрэлхэг анхдагчдаас гадна Румыны Сүмийн анхдагчдад хүндэтгэл үзүүлэх боломжтой байлаа.

“Энэ нь зарим гишүүний хувьд өөрсдийнхөө хөрвөлтийн талаар болон Сүм хэрхэн Румынд хөгжиж байгаа талаар гэрчлэлээ хуваалцах сайхан боломж гэж бид бодож байв” гээд, Мэг “Тэр даруй бид Станикагийнхныг оролцох ёстой гэж үзэн, тэднийг оролцохыг урихад тэд их баярласан!

Үйл ажиллагаа эхлэх цаг болчихоод байхад Станикагийнхан ирээгүй байлаа.

Бид тэднийг ирэхгүй байх вий гэж санаа зовниж байв. Яг тэр мөчид тэд хаалгаар орж ирсэн юм. Станикагийнхан сайн мэдээ болон Сүмийн талаар гайхалтай гэрчлэл хуваалцав. Тэд уулзалгүй удсан гишүүдтэй уулзаж ярих боломжтой байсан” гэж хэлэв.

Салбарын гишүүд Станикагийнхныг баяртайгаар, найрсаг хүлээн авсан. Дараагийн ням гарагт Мэг Станика эгчийг сүмд хараад их баярлажээ.

“Хэдэн сарын дараа уг салбарт очиход тэр ирсэн хэвээр байсан!” гэж Мэг хэлээд, “Гэрчлэлээ хуваалцаж, оролцож, мөн салбарт хэрэгтэй байгаагаа мэдэрсэн нь түүнд үнэхээр тусалсан гэж би боддог” гэв.

Зураг
women talking

Сүмийн үйл ажиллагаагаар дамжуулан тохинуулах дөрвөн санаа

  • Хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагааг төлөвлө. Олон өөр хэрэгцээ шаардлагыг хангах сайхан арга бол үйл ажиллагаа юм. Үйл ажиллагааг хувь хүний эсвэл бүлгийн тодорхой хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төлөвлөж болно. Оролцох хүмүүс бие биенээ илүү сайн мэдэж авах, сайн мэдээний талаар илүү ихийг сурч мэдэх, Сүнсийг мэдрэх гэх мэт ямар нэгэн хэрэгцээг хангах ёстой.

  • Хүн бүрийг урь. Үйл ажиллагааг төлөвлөхдөө уг үйл ажиллагаанд оролцсоноос ашиг тус хүртэх хүмүүсийг урихад онцгой хүчин чармайлт гарга. Шинэ болон идэвх султай гишүүд, өсвөр үеийнхэн, ганц бие залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бусад шашны хүмүүст анхаарлаа хандуулаарай. Тэднийг урихдаа тэдний сайн сайхны төлөө гэсэн хандлагатай байж, тэднийг ирээсэй гэж ямар их хүсэж байгаагаа илэрхийл.

  • Оролцоог дэмж. Таны урьсан хүмүүс уг үйл ажиллагаанд оролцох боломжтой байвал үйл ажиллагаа тэдэнд илүү их ашиг тустай байх болно. Оролцоог дэмжих нэг арга зам бол өөрсдийн авьяас билэг, ур чадварыг үйл ажиллагааны үеэр харуулах боломжийг тухайн хүмүүст олгох явдал юм.

  • Хүн бүрийг найрсаг хүлээн ав. Найзууд тань үйл ажиллагаанд оролцож байвал тэднийг тав тухтай байлгахын тулд чадах бүхнээ хий. Түүнчлэн танихгүй хүмүүсийг харвал тэдэнд ч бас нөхөрсөг, найрсаг ханд!