2020
Бидний орон зай
2020 оны 7-р сар


Бидний орон зай

Байнга ирсэн сүнслэг өдөөлт

Зураг
woman talking with missionaries

Зураг чимэглэлийг Тоби Ньюсам

Нэг өдөр Кенийн шороо тоостой гудамжуудаар номлолын ажлаа хийж явахдаа хамтрагч бид хоёр нэгэн эмэгтэйтэй ярилцсан юм. Тэр бидний өгсөн товхимлыг аваад, биднийг эргэж ирэх хэрэггүй гэж хэлэв.

Хэдэн өдрийн дараа уг гудамжинд явж байхад түүнтэй дахин уулзах хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлт бидэнд ирэв. Би өөрөөсөө “Тэр бидэнд эргэж битгий ирээрэй гэсэн байхад бид яагаад эргэж очих хэрэгтэй юм бэ?” гэж асуусан. Гэхдээ бид өдөөлтийг дагасан юм.

Биднийг тэднийд очиход тэр гайхсан боловч бидэнтэй уулзахдаа баяртай байгаагаа хэлэв. Тэгээд бид зааж эхэлсэн ч тун удалгүй хичээл маань маргаан болж хувирав. Хамтрагч бид хоёр хичээлээ залбирлаар дуусгаад, тэндээс явж, дахиж очихгүй байхаар шийдсэн юм. Гэвч маргааш нь бидэнд эргэж оч гэсэн сүнслэг өдөөлт дахиад хүчтэй мэдрэгдэв. Би эргэж очихыг хүсээгүй бөгөөд хамтрагч маань бид Сүнсийг сонсох ёстой гэж хэллээ. Би бардам зангаа татаж, эргэж очихоор явав. Тэнд очоод, би мэл гайхсан. Тэр эмэгтэй огт өөр хүн мэт байв. Түүний дүр төрх өөрчлөгдөж, бидний хэлэх зүйлийг сонсохыг хүсэж байлаа. Дараагийн уулзалтын үеэр тэр хэзээ баптисм хүртэж болохоо биднээс асуув.

Дөрвөн долоо хоногийн дараа тэр баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсон. Тэр гишүүнээр батлуулсныхаа дараа биднийг тэвэрч, эргэн ирсэнд маань үүрд талархах болно гэж хэлэв. Бид сүнслэг өдөөлтүүдийг үргэлж сонсож, тэдгээрийн дагуу үйлдэх ёстойг би ийнхүү ойлгож авсан юм. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ сайн мэдээг хүлээн авахад үнэхээр бэлддэг бөгөөд Ариун Сүнсээр дамжуулан тэднийг олоход биднийг ашигладаг.

Лиха М., Өмнөд Африкийн Квазулу-Натал муж

Би хэзээ Сүмд нэгдэх вэ?

Зураг
woman getting baptized

Намайг тав орчим настай байхад аав маань итгэлээ алдаж, Сүмээс гарахаар шийдсэн юм. Энэ нь үнэхээр хэцүү байсан. Ялангуяа найман нас хүрэх үед их хэцүү байсан. Би баптисм хүртэх гээд үнэхээр баярлаж байхад аав үгүй гэсэн юм. Тэр намайг том болж, амлалт өгөх хүсэлтэйгээ үнэхээр сайн мэддэг болтлоо баптисм хүртэхээ азнахыг хүссэн. Тэгээд би найзууд маань баптисм хүртэж байгааг хараад өнгөрч билээ.

Хэрэв Сүм үнэн юм бол би яагаад баптисм хүртэж болохгүй гэж? хэмээн гайхаж байснаа би санадаг. Өсвөр насанд хүрээд, бүх өсвөр үеийнхэн ариун сүм рүү явахыг харахад надад бас л их хэцүү байдаг байсан бөгөөд би тийшээ явахыг их хүсдэг байлаа. Оролцох боломжгүй байсан маань хэцүү байсан ч надад тийм боломж олдоно гэдгийг би үргэлж мэддэг байв!

2019 оны 5-р сард би 16 настайдаа баптисм хүртэв. Сайн мэдээний болон гэрчлэлтэй болохын жинхэнэ баяр баяслыг мэдрэх олон туршлагаа би эргэн санасан. Энэ нь үнэхээр онцгой явдал байсан ба тэр өдөр хүртэл би олон саад тотгорыг туулж, бүх зүрх сэтгэлээрээ сайн мэдээ бол үнэн, үргэлж үнэн байсан гэдгийг мэдэж авсан юм.

Тринити С., АНУ-ын Колорадо муж

Дүрэм журам байдгийн учир шалтгаан

Зураг
classroom

Би өсвөр үеийнхний чуулганд явахдаа баяртай байсан ч тэнд гар утас хэрэглэж болохгүй, ганцаараа гадуур явж болохгүй гэх мэт их олон дүрэмтэй болохыг олж мэдсэн юм. Насанд хүрсэн хүмүүс байнга биднийг хянаж цагдаж байгаа мэт санагдсан. Гэхдээ би цагаа сайхан өнгөрүүлж, олон найзтай болж, үйлчлэлийн төсөлд оролцож, сайн мэдээний талаар сурч мэдэв.

Өсвөр үеийнхний чуулганы сүүлийн өдөр болсон гэрчлэлийн цуглаан дээр нэг удирдагч гадасны өсвөр үеийнхэнд буюу бидэнд их хайртай гэдгээ хэлж билээ.

Хэрэв та бидэнд хайртай юм бол бидэнд яагаад ийм олон хориг тавиад байгаа юм бэ? гэж би бодов. Яг тэр мөчид, тэр удирдагч миний бодлыг уншсан мэт асуултад маань хариулсан юм.

Удирдагчид биднийг зовж зүдрээх гэж биш, харин бидний аюулгүй байдлын төлөө дүрэм журам тогтоодог хэмээн түүнийг хэлэхэд би Сүнсийг мэдрэв. Тэнгэрлэг Эцэг үүнтэй адил шалтгаанаар бидэнд зарлигуудыг өгдгийг би ойлгосон. Зарлигууд биднийг зовоох гэж биш, харин Түүн рүү аюулгүй буцаж очиход туслахын тулд өгөгддөг (Сургаал ба Гэрээ 82:2–9-ийг үзнэ үү).

Ариун Сүнс надад үүнийг үнэн гэдгийг мэдэж, мэдрэхэд тусалсан.

Сээрж П., Францын Иль-дэ-Франц муж