2020
Миний цоо шинэ хэрнээ хуучин гэр бүл
2020 оны 7-р сар


Миний цоо шинэ хэрнээ хуучин гэр бүл

Зохиогч нь одоо АНУ-ын Ютад амьдардаг.

Хэрэв та хүсвэл, сайн мэдээнд өөрчилж чадахгүй зүйл гэж огт байдаггүй.

Зураг
boy looking at family photo

Зураг чимэглэлийг Лобо

Номлогчид нэг зураг харуулаад, “Чи юу харж байна?” гэж асуув.

“Аз жаргалтай гэр бүлийг” гэж би хариулав.

“Бүх гэр бүл аз жаргалтай байдаг уу?”

Би толгой сэгсрээд, “Та нар миний гэр бүлийг харсан л байх” гэж тайлбарлав.

Би 16 настай байсан бөгөөд Бразилд бүх насаараа амьдарч байлаа. Номлогчид надад хэдэн долоо хоногийн турш зааж байсан ба манай гэрийнхний хэн нь ч тэднийг сонсохыг хүсээгүй юм. Тэр үед номлогчид манай гэрийнхнийг маргалдаж, зодолдож байхыг үе үе харсан. Манай гэр бүл, зураг дээрх инээмсэглэж буй гэр бүл хоёрт адилхан зүйл нэг ч байсангүй.

Ахлагчдын нэг нь “За яахав, чиний одоогийн гэр бүл ийм биш байж болно. Гэхдээ чи ирээдүйн гэр бүлээ өөрөөр зохиож чадна” гэж хэлэв.

Уг хичээл дуусах үед тэд бидний суралцаж буй зүйлсийн талаар залбирахыг надаас дахин хүссэн. Би хийхээр амласан зүйлээ үргэлж яг таг хийдэггүй байлаа. Номлогчдыг ирэхэд төрдөг мэдрэмжид би дуртай байсан бөгөөд надад сайн мэдээ ойлгомжтой санагддаг байв. Гэвч би хүлээн авч болох хариултаас айдаг байлаа. Хэрэв сайн мэдээ үнэн бол би их олон зүйлээ өөрчлөх хэрэгтэй болох байв.

Шинэ сонголт

Ахлагчдыг явсны дараа би аз жаргалтай гэр бүлийн талаар бодохгүй байж чадсангүй. Манайх бүр дөхөж ч очихооргүй байлаа. Би аавгүй. Мөн би ээжтэйгээ тийм ч сайхан харилцаатай биш байв. Эмээ л бидэнд санаа тавьдаг байсан ба бидний хэн нь ч номлогчдын заасан шиг тийм гэр бүл байгаагүй юм. Бидний хэн нь ч нэг нэгэндээ хайртайгаа илэрхийлж, тийм ч их цагийг хамт өнгөрүүлдэггүй байв.

Би хэзээ нэгэн өдөр сайн аав болно гэж амьдралынхаа туршид өөртөө амласаар ирсэн. Надад хэзээ ч байгаагүй тийм сайн эцэг болохыг би хүсдэг байв. Номлогчдыг надад заах үед би эцэг эхийнхээ миний насан дээр байхдаа хийж байсан яг тэр зүйлсийг хийж байгаагаа ойлгов. Би орой болтол гадуур явж, хүссэнээ хийж, яг л эсэргүү шиг амьдарч байлаа. Ямар ч бодож санах зүйлгүйгээр, би эцэг эхийнхээ түүхийг давтаж байв.

Бурханаас асуух цаг боллоо.

Эцэст нь би залбирч, хүсэн хүлээж байсан дараах хариултыг авсан юм. Сүм бол үнэн! Харин одоо сонголтоо хийх цаг ирлээ.

Шинэ би

Би баптисм хүртэхийн тулд эмээгээсээ зөвшөөрөл авах хэрэгтэй байсан ба тэр эсэргүүцэж байсан ч би цөхрөлтгүй шалсаар байв.

“Эмээ, та аль Леонардог дээр гэж бодож байна?” гэж би асуулаа. “Гадуур явж, архи ууж, тамхи татдаг, гэртээ орой ирдэг нь үү? Эсвэл одоогийн над шиг нь үү? Сайн мэдээний ачаар энэ өөрчлөлтүүд гарсан юм шүү дээ.”

Эцэст нь эмээ зөвшөөрч, би баптисм хүртэн, гишүүнээр батлуулав. Тэр мөчөөс эхлэн манай гэр бүлд сонирхолтой зүйл тохиолдож эхэлсэн бөгөөд би тэр зүйлийг хэдэн жилийн дараа л бүрэн ойлгож билээ.

Зураг
happy family

Шинэ гэр бүл

Намайг Бразилын өмнөд хэсэг рүү номлолд явахаас өмнө эмээ надтай хамт гадасны чуулганд оролцов. Дараа нь бид гэрийнхэн болон найзуудтайгаа бага хэмжээний гэрчлэлийн цуглаан хийсэн. Эмээ маань ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн нь миний гайхширлыг төрүүлэв.

“Леонардо танай сүмд нэгдсэнээс хойш манай гэр бүл жинхэнэ гэр бүл болж эхэлсэн” гэж тэр хэлээд, манай гэр бүлийн илүү ойр дотно болсон арга замуудыг нэрлэв. Бид цагийг хамтдаа өнгөрүүлдэг болсон. Бид урьд нь хэлдэггүй байсан “Би чамд хайртай” гэдэг үгийг бие биедээ хэлдэг болсон. Маргалдаж, зодолдохоо больсон. Бид жинхэнэ нөхөрлөлийг хөгжүүлсэн. Бид илүү их хоол хүнстэй болж, өөр олон зүйл дээр элбэг дэлбэгээр адислагдсан.

Би ч гэсэн эдгээр өөрчлөлтийг анзаарсан, гэхдээ энэ нь миний баптисмтай холбоотой гэдгийг би ойлгоогүй байсан юм.

“Би танай сүмийн гишүүн биш ч танай сүмийн найз шүү. Леонардогийн сонголтын ачаар гэр бүл маань адислагдсан гэдгийг би мэднэ” гэж эмээ маань ярив.

Шинэ ойлголт

Би бараг л итгэж чадахгүй нь ээ! Гэр бүл маань хэрхэн ойр дотно болж байгаа талаар эмээгээ ярих үед би хэдэн жилийн өмнө номлогчдын надад харуулсан зургийг гэнэт санав. Тэгэхэд би ирээдүйн гэр бүлээ л аз жаргалтай гэр бүл байх болно гэж бодсон.

Энэ бодол маань буруу байжээ. Одоогийн гэр бүл маань аз жаргалтай байлаа! Бид бие биенээ хайрладаг болсон.

Гэр бүлийнхний маань хэн нь ч энэ амьдралдаа Сүмд нэгдэхгүй байж магадгүй. Тэгэхгүй байсан ч Бурхан биднийг олон арга замаар аль хэдийн адисалсан. Есүс Христийн сайн мэдээ гэр бүлийн маань нөхцөл байдлаас үл хамааран бидний гэр бүл хэрхэн сайжирч болохыг бидэнд харуулдаг юм.