2020
Миний хянаж чадах, ирээдүйн ганц зүйл
2020 оны 7-р сар


Залуучуудад зориулав

Миний хянаж чадах, ирээдүйн ганц зүйл

Зураг
illustration of woman with eyes closed

Толгойд минь эргэлдэх бодлыг тоохгүй байхын аргагүй болж байлаа. Би 28 нас хүрсэн ч ганц бие хэвээрээ бөгөөд эх барих, төрөхийн сувилагчаар амжилттай ажиллаж байгаа ч ажил мэргэжлийн хувьд яг юу хийхийг хүсэж байгаагаа сайн мэдэхгүй байв. Миний амьдралын бүх зүйл нэг л болж өгөхгүй байгаа мэт санагдаж байлаа. Би амьдралын сонголтуудад эргэлзэж, яг аль замаар явахаа мэдэхгүй, будилж байв.

Нэгэн өдөр сэтгэлээр нэлээн уначихсан байж байтал ойрд уулзаагүй найз маань над руу залгав. Тэр надаас ямархуу байгааг минь асуухад би намайг зовоон шаналгаж байгаа тэр бүх мэдрэмжээ хэлсэн юм. Тэр сонсоод, “Аан, гэхдээ чи сүнслэг байдлаараа хэр байна?” гэж асуулаа.

Би шууд л “Тэр тухайд асуудалгүй ээ. Би амьдралдаа Бурхантай хэзээ ч ийм ойр байж үзээгүй” гэж хариулав.

Тэгэхэд тэр “Тэгвэл чи өөр зүйлсэд санаа зовох шаардлагагүй” гэлээ.

Бурханы төгс төлөвлөгөөнд итгэлтэй байх

Тэр ярианаас хойш би хоёр зүйлийг ойлгосон юм. Нэг дэх нь, би сэргээгдсэн сайн мэдээний талаар хүчтэй гэрчлэлтэйдээ болон зарлигуудын дагуу амьдарч, тэнгэртэй холбоотойгоо мэдрэх боломжтой байгаадаа үнэхээр талархдагаа ухаарсан.

Сүнслэг байдлын хувьд бие даасан байх нь надад маш чухал бөгөөд би амьдралдаа тэнгэрээс илчлэлт хэрхэн авах талаар суралцсаар байна. Өглөө бүр залбирах, судар судлах гэсэн хоёр энгийн зүйл хувийн илчлэлт хүлээн авах чадварт маань ихээхэн нөлөөлнө гэдгийг би мэдсэн юм. Би нинжин сэтгэлтэй байхыг, Сүнсийг байнгын хамтрагчаа байлгахын тулд эрүүл амьдралаар амьдрахыг, зарлигуудыг сахиж, чин сэтгэлээсээ наманчлахыг хичээх үедээ тэнгэртээ илүү холбогддог юм шиг санагддаг.

Хоёр дахь нь, найзынхаа асуултад өгсөн миний хариулт тийм ч үнэн байгаагүй. Би сүнслэг байдлаараа “асуудалгүй” гэж бодсон ч илүү их итгэлтэй байж, их санаа зовохоо больж, хянаж чадахгүй зүйлсийг маань Бурхан шийднэ гэдэгт найддаг болох хэрэгтэй байлаа.

Миний амьдралын зарим зүйл хүссэнээр маань болохгүй байсан ч би итгэлээр үйлдэж, сонгох эрхээ ашиглан сайн сонголтуудыг хийдэг болохоо Бурханд харуулах нь чухал гэдгийг мэддэг. Амьдрал миний хүссэнээр болохгүй байсан ч би өөр ямар ч нөхцөлд боломжгүй арга замуудаар сурч, өсөж хөгжих боломжтой байдгийг ойлгосон.

Би 29 насандаа өөрийн карьер болон амьдралынхаа дараагийн үе шатын талаар эргэлзэнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэхдээ, энэ бүх тодорхойгүй зүйлээс үл хамааран, би Бурханд надад зориулсан төгс төлөвлөгөө байгаа гэдэгт бүрэн итгэж байлаа. Тэрээр юу болж байгааг, надад юу хэрэгтэйг яг таг мэддэг бөгөөд намайг үргэлж анхаарч халамжилна (Матай 6:28–34-ийг үзнэ үү). Далын ахлагч Л.Тодд Баджийн заасны адил, “Ялангуяа бидний амьдралд хүчтэй хар салхи, ширүүн давалгаа болж байхад үүнийг ойлгоход амаргүй ч Бурхан Өөрийн хязгааргүй сайн сайхнаар үргэлж биднийг гэр лүү маань чиглүүлэн үлээдгийг мэдээд, бид тайтгарч болно” (“Хувиршгүй бөгөөд бат бөх итгэл найдвар,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 53).

Итгэж найдахаа нэмэгдүүлж, санаа зовохоо багасгасан

Заримдаа амьдрал үнэхээр хүнд юм шиг санагддаг ч яг бодоод үзэхээр санаа зовох хэрэггүй байдаг. Би Бурханд арай илүүтэй итгэж найдаж, хянаж чадахгүй зүйлсдээ санаа зовохоо багасгах хэрэгтэйгээ бага багаар ойлгосон юм. Миний хянаж чадах, ирээдүйн ганц зүйл бол Бурханд найдаж, өдөр бүр Түүнд илүү их ойртохыг хичээх явдал юм.

Төөрөлдсөн мэт санагдсан ч тодорхойгүй байдалд урагш алхахад маань туслах хангалттай гэрэл үргэлж байх болно. Би итгэлээ хөгжүүлж, гэрээгээ сахин, Тэнгэрлэг Эцэг Эхийн охин гэдэг жинхэнэ мөн чанараа санах тусам ахин дахин хичээх, аливаа зүйлс болох ёстой жамаараа болох болно гэдэг нь хамгийн чухал юм.