2021
Бурханы бидэнд зориулан бүтээсэн дэлхийн илүү сайн даамал болох нь
2021 оны 3-р сар


Залуучуудад зориулав

Бурханы бидэнд зориулан бүтээсэн дэлхийн илүү сайн даамал болох нь

2013 оны 4-р сарын 12-нд Солт Лэйк Сити дэх Ютагийн Их Сургууль дээр болсон Стэгнэр төвийн жил тутмын 18 дахь симпозиум (18th annual Stegner Center Symposium) дээр хэлсэн үгээс эш татав.

Бид энэ дэлхийг болон үүн дээрх бүх зүйлийг хэдий чинээ сайн арчилна, төдий чинээ зүрх сэтгэл, сүнсийг маань тэтгэж, өдөөж, хүчирхэгжүүлж, сэргээж, баярлуулах болно.

Зураг
a man standing at the bottom of a Sequoia tree

Би ууланд авирч, цанаар гулган, далайд завиар аялж эсвэл сафари руу явах ч юм уу байгальд байх сонирхолтой. Хүүхэд байхдаа би ойд очиж, сүндэрлэсэн шилмүүст модод Бүтээгчийн талаар яруухан атлаа чимээгүйхэн гэрчлэхийг мэдрэх дуртай байв. Би нас биед хүрээд, хэрэв бид өөрсдийн хэн болох, амьдралын зорилго, дэлхийг бүтээсэн зорилго зэргийг ойлгож, эдгээрийг мартахгүй санах аваас энэ дэлхийг болон үүн дээрх бүх зүйлийг илүү их эрхэмлэн дээдлэх болно гэдгийг сурахаар мөн итгэлээр суралцсан юм.

Дэлхийг бүтээсэн Бурханы зорилго

Их Эзэн Өөрийн эртний болон орчин үеийн бошиглогчдоороо дамжуулан энэ үзэсгэлэнт дэлхий дээр амьдрах бэлгийг ойлгож, талархахад бидэнд туслахыг хичээсээр ирсэн. Хуучин Гэрээн дээр Давид Бурханы сүр жавхлант бүтээлүүдийн талаар эргэцүүлэн бодож, ийм гайхамшгуудын дунд Бурхан юунд хүмүүсийг анхаардаг талаар тун гайхширсан байдаг (Дуулал 8:4-ийг үзнэ үү). Давид хүн төрөлхтнийг онцгой, “тэнгэр элчүүдээс арай доохно” (Дуулал 8:5) юм байна гэсэн дүгнэлтэд хүрдэг.

Мосе ч бас тоолшгүй олон дэлхийг үзэгдлээр хараад,1 “Эдүгээ, энэхүү шалтгааны учир хүмүүн юу ч биш, миний хэзээ ч төсөөлж байгаагүй тийм зүйл гэдгийг би мэдлээ” (Мосе 1:10) хэмээн тунхагласан.

Бурханы бүтээлүүдийн сүр жавхлангийн өмнө мөхөс болохоо мэдэрсэн Мосе нэгэн агуу үнэнийг ойлгоогүй. Тиймээс Их Эзэн түүнд Өөрийн хязгааргүй их бүтээлийг үзүүлж, Тэр Өөрөө буюу Бурхан “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрахын” (Мосе 1:39) тулд эдгээрийг бүтээснээ онцгойлон тунхаглажээ. Энэ дэлхий, үнэндээ бүх бүтээл бол бидэнд үхэшгүй байдал, мөнх амьдралыг олж авахад туслах зорилготой.

Дэлхийн зорилгын талаар Их Эзэн ахин хэлэхдээ, “Дээр нь тэд [биднийг хэлж байгаа юм] оршин сууж болох дэлхийг бид хийх болно; мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” (Абрахам 3:24–25-ыг мөн 26-р шүлгийг үзнэ үү) хэмээсэн. Энэ дэлхий дээрх амьдрал ёс суртахууны сонгох эрхтэй хамт бидэнд Бурханы өгдөг бүхнийг эрэлхийлж, хэзээ нэгэн өдөр хүлээн авах сонголт хийх боломж олгодог.2

Дэлхийг бүтээж дуусахад энэ нь Өөрийнх нь хүүхдүүдэд буюу бидэнд зориулсан төлөвлөгөөнд нийцэж байгааг харсан учраас Бурхан таашаасан.3 Бурханы охид, хөвгүүд болон тэдний үүсгэх гэр бүлүүд энэ дэлхий дээрх урилгагүй зочид байдаггүй, харин зорилгынх нь төвд байдаг.4

Бид сайн даамал байх ёстой

Энэ дэлхий дээрх амьдрал бол адислал, үүрэг хариуцлага хоёрын аль аль нь юм. Их Эзэн “Учир нь, болгоогтун, хээрийн амьтад мөн огторгуйн жигүүртнүүд, мөн газраас гардаг зүйл нь хоол хүнс хийгээд хувцас хунарын тулд хүмүүний хэрэгцээнд мөн түүнд элбэг дэлбэгээр байж болохын тулд томилогдсон бөлгөө” (Сургаал ба Гэрээ 49:19) хэмээн тунхаглажээ. Гэхдээ, дэлхий болон үүн дээрх бүх зүйл “[Түүний] гарын бүтээл” (Сургаал ба Гэрээ 29:25) учраас эдгээр нь бүгд Түүнийх билээ.5 Энэ дэлхийн түр зуурын оршин суугчдын хувьд бид эзэмшигчид нь биш харин даамлууд нь юм. Тиймээс бид эзэмшигч нь болох Бурханы өмнө, Түүний бүтээлийг хэрхэн ашигласныхаа төлөө хариуцлага хүлээнэ. “Учир нь Их Эзэн, бибээр хүн болгоныг амьд бүтээлүүдийнхээ тул миний хийж мөн бэлтгэсэн дэлхийн адислалуудын дээрх даамал адил хариуцлага хүлээдэг болгох ёстой ажгуу” (Сургаал ба Гэрээ 104:13).

Зураг
meadow grass and flowers in girl’s hand

Бид энэ дэлхийг хэрхэн арчлах, эд баялгийг нь хэрхэн ашиглах мөн хуваалцах, бидэнд өгсөн бүх зүйлд хэрхэн хандах зэрэг нь бүгдээрээ мөнх бус амьдралын сорилт юм. Бид Их Эзэний бидэнд өгсөн зүйлсийг талархалтайгаар ашиглаж, амьд зүйлс, нөөц баялгийг дэмий хоосон үрэхээс зайлсхийж, ядуусыг харж халамжлахад дэлхийн эд баялгийг ашиглах ёстой.6 Их Эзэн бүх амьдралд, ялангуяа Өөрийн бүх хүүхдэд ихэд санаа тавьдаг бөгөөд Түүний бүтээсэн эд баялгийг хэрхэн ашиглахыг (эсвэл ашиглахгүй байхыг) сонгосны маань төлөө хариуцлага хүлээлгэнэ.

Хэрэв бид Өөрийг нь дагаж, дэлхийн нөөц баялгийг талархсан, хүндэлсэн байдлаар ухаалгаар ашиглавал Их Эзэн “дэлхийн бүрэн байдал [биднийх] бөлгөө, хээрийн амьтад хийгээд агаарын жигүүртнүүд. … Мөн эдгээр бүх зүйлийг хүмүүнд өгсөн нь Бурханыг баярлуулдаг; энэхүү зорилгын учир эдгээр нь ухаалгаар, хэт илүү бишээр, хүч түрэмгийллээр бус ашиглагддаг байхаар хийгдсэн бөлгөө” (Сургаал ба Гэрээ 59:16, 20) хэмээн амласан.

Бид эдгээр нөөц баялгийг ухаалгаар мөн талархаж, бусдад буюу одоо, өнгөрсөн, ирээдүйн үеийнхэнд Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд өгөхийг хүсэж байгаа адислалуудыг хүлээн авахад нь туслах зорилгоор ашиглах ёстой.

Өөрсдийн хэрэгцээнээс цаашхыг харах

Харамсалтай нь, өнөөдөр бид хүмүүс Бурханаас татгалзахыг сонгож болдог, Түүний бүтээлийг хайр гамгүй хэрэглэдэг дэлхий ертөнцөд амьдарч байна. Ийн хандахад Бурхан ба Түүний бүтээлүүд зовж шаналдаг.

Бурхан Өөрийн хүүхдүүдийн буруу сонголт, амин хувиа хичээсэн байдлаас болж уйлсан хэмээн Енох цэдэглэжээ.7 Хожмын өдрүүдэд “гал түймэр, мөн догшин шуурга, мөн хөшиглөх утаа … [мөн] дэлхийн гадаргуу дээр агуу бохирдол” байх болно, бас ийм нөхцөл байдлын зэрэгцээ “бүх төрлийн жигшүүрт хэргүүд байх болно; Үүнийг хий, эсвээс түүнийг хий, мөн … энэ нь хамаагүй хэмээн хэлэх нь олон байх” (Mормон 8:29, 31) болно хэмээн Моронай бошиглосон. Хүмүүн энэ дэлхийг сүнслэг, материаллаг байдлын хувьд бохирдуулахад Бурханаас гадна байгаль орчин зовж зүдэрдэг.8

Хамгийн чухал нь Их Эзэний сэргээгдсэн Сүм, сайн мэдээ зэргээр дамжуулан хүртэх боломжтой болсон адислал, хүч нь хүмүүн өөрийн хүчээр чадахгүй байдлаар бодгалийг тэлэн, өөрчилж, Бурханыг болон Түүний бүтээлүүдийг хайрлах хайрыг өдөөж, бусдын сайн сайхныг болон хойч үеийнхээ хэрэгцээг бодоход туслах чадавхтай.

Байгаль орчин биднийг Бурханд ойртуулдаг

Дэлхийг болон бүх амьд зүйлийг зөвхөн хэрэглэж, хамгаалахаас гадна заримыг нь хадгалан үлдээх хэрэгтэй! Онгон байгаль болон “дэлхийгээс …ирдэг бүх зүйл, хүмүүний тусын тулд … нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах … сүнсэнд эрч хүч өгөхийн тулд болой” (Сургаал ба Гэрээ 59:18–19).

Байгаль цэвэр онгон байдлаараа биднийг Бурханд ойртуулж, материалист үзэл бодлын дуу чимээ, сатаарлаас бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг цэвэршүүлж, илүү дээд өргөмжлөгдсөн түвшинд аваачиж, Бурханаа илүү сайн таньж мэдэхэд тусалдаг. “Дэлхий далавчнууд дээрээ эргэлдэж, мөн нар гэрлээ өдрөөр өгдөг, мөн сар гэрлээ шөнөөр өгдөг, мөн одод … тэрчлэн гэрлээ өгдөг авай. Эдгээрийн хамгийн доод алиныг нь ч харсан аль ч хүмүүн сүр жавхлан хийгээд сүр хүчиндээ хөдлөн яваа Бурханыг харсан бөлгөө” (Сургаал ба Гэрээ 88:45, 47).

Би сүр жавхлант боржин хад чулуу, өндөр уулын орой дээр гарах одоо ч дуртай. Хэдий анир чимээгүй ч тэдгээр нь Бурханы хүч чадал, сүр жавхлангийн талаар болон Түүний гоо үзэсгэлэнг харах чадварын тухай өгүүлдэг. Алмагийн гэрчилснээр, “Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, … Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг” (Алма 30:44).

Би мөнхийн цаг хугацаа, орон зайг оюун ухаандаа ойлгохыг хичээн, харанхуй шөнөөр оддыг ширтэх дуртай. Энэхүү нам гүм цаг мөчид сансар огторгуй хэмжээлшгүй уудам хэдий ч дэлхий ертөнцийн Их Эзэний өчүүхэн цэг адил намайг болон бидний хүн нэг бүрийг мэддэг гэсэн мэдлэг миний гайхлыг төрүүлдэг. Бүтээлүүд нь Бүтээгчийг гэрчилдэг бөгөөд хэрвээ бид хүний хөлд талхилагдаагүй эдгээр онцгой газрыг хадгалан хамгаалж чадвал тэдгээр нь Бурханыг маань яруу тодоор гүн гүнзгий гэрчилж, бидэнд урам зориг өгөх болно.

Энэ дэлхийг болон үүн дээрх бүх зүйлийг хэдий чинээ сайн арчилна, төдий чинээ зүрх сэтгэл, сүнсийг маань тэтгэж, өдөөн, хүчирхэгжүүлж, сэргээн, баярлуулах бөгөөд селестиел оршихуйд буюу алдар суут байдалд шилжсэн өнөөдрийн зогсож буй энэ дэлхийд гэр бүлтэйгээ Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахад биднийг бэлтгэх болно.9

Бид өөрсдийн одоогийн болон ирээдүйн гэр болох дэлхийгээ талархан арчлан хамгаалах болтугай.